2006 оны долдугаар сарын 6-нд "Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх тэмцэх тухай” хууль батлагдсан. Хуульд заасны дагуу мөн оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр Монголбанкны бүтцэд "Санхүүгийн мэдээллийн алба” гэсэн шинэ алба байгуулагдсан. Тус алба нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндсэн зорилготой.
Банк, санхүүгийн байгууллага, бэлэн мөнгөөр гүйлгээ хийдэг санхүүгийн бус байгууллага, санхүүгийн байгууллагад мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг хувь хүмүүсээс мэдээлэл авч, тэрхүү мэдээлэлд дүн шинжилгээ хийж, дүн шинжилгээний үндсэн дээр мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эсвэл гэмт хэргийн орлого байх магадлалтай, сэжигтэй гэж үзсэн гүйлгээг хууль сахиулах байгууллага руу шилжүүлдэг. Энэхүү чиг үүргийг гүйцэтгэдэг албаны даргатай ярилцлаа.
Гадагшаа болон дотогшоо урсгалтай авлигаас олсон хууль бус хөрөнгө нь Монгол Улсын эдийн засаг, үндэсний аюулгүй байдалд ямар хор хохиролтой вэ?
Гэмт хэргийн орлого бол дараагийн гэмт хэргээ санхүүжүүлэх гол зорилготой байдаг. Нэгэнт энэ үйл явц нь байнгын үргэлжлэх учраас авлигаас олсон орлогоо хэн ч халдаж чадахгүй газар байршуулдаг. Эдийн засгийн үр ашигтай, шударга үйл ажиллагаанд зарцуулагдахгүй гэсэн үг.
Хэн нэгэн тэр хөрөнгөө эрх мэдэл, нөлөөгөө тогтоох зорилгоор хадгалдаг бохир мөнгө. Нөгөө талаас энэ мөнгө хүүгийн болон ханшийн алдагдал хүлээх гэх мэт өндөр зардал гаргахад бэлэн байдаг. Энэ мэт утгаараа шударга өрсөлдөөнийг шууд хаадаг. Тэр хөрөнгө мөнгөөр ямар нэгэн тендерийг шууд авна, хэн нэгний бизнес рүү дайрна.
Гаднаас орж ирж буй бохир мөнгө нь манай улсад зөвхөн нөлөөгөө тогтоох зорилготой гэдгийг ойлгох хэрэгтэй. Их хэмжээний мөнгө орж ирэх нь богино хугацаандаа төлбөрийн тэнцлийн балансад эерэг өөрчлөлт мэт харагдана, урт хугацаандаа Монгол Улсын эдийн засагт хор хохиролтой муу мөнгө гэсэн үг.
Авлига бол мөнгө угаах суурь гэмт хэргийн нэг. Авлигаас олсон хөрөнгөө ихэвчлэн ямар хэлбэрт шилжүүлж байна?
Авлига бол том асуудал. Авлигаас олсон мөнгө хөрөнгийг яаж угаадаг уу, ямар ямар хэлбэрт шилжүүлдэг талаар олон улсын байгууллагууд судалдаг. Гэхдээ Монголд ч тэр, дэлхийн бусад оронд ч тэр авлига нийтлэг шинжтэй.
Эдгээр нийтлэг хэв шинж буюу типологийг судалдаг Ази Номхон далайн бүлгийн Типологийн ажлын хэсгийг манай улс даргалж байна. Тэгэхээр бид энэ талын мэдээлэлтэй маш ойрхон гэсэн үг.
"...Авлигаас олсон орлогоо гадаадын банк руу шилжүүлчихээд, буцаагаад оруулж ирж болно. Гадагшаа шилжүүлэхдээ оффшор банкууд руу явуулах, хуурамч буюу халхавч банк байгуулах зэргээр эцсийн үйлчлүүлэгч нь тодорхойгүй байдал үүсгэж болно..."
Авлигаас олсон орлогыг өөр хэлбэрт шилжүүлэхдээ мэргэжлийн мөнгө угаагч нарыг ашиглах тохиолдол байж болно. Зарим тохиолдолд тэр мөнгөө дотооддоо авч үлдээд, хаа нэгтээ байршуулах нь ч бий. Авлигын мөнгийг цэвэршүүлэх процесс олон арга хэлбэртэй явагддаг.
Энэ мэт гадагшаа чиглэсэн мөнгийг буцааж авчирсан тохиолдол байдаг болов уу?
Санхүүгийн мэдээллийн алба хураах үйл ажиллагаанд оролцдог хууль сахиулах байгууллага биш учраас энэ талын мэдээлэл өгөх боломжгүй. Бид тэр мөнгө хаана байгааг илрүүлэхэд л тусалж чадна.
Дэлхийн 155 оронг эгнээндээ нэгтгэсэн "Санхүүгийн мэдээллийн албадын холбоо” олон улсын байгууллагын гишүүн орны хувьд дэлхийн аль ч улс руу хандаад манай хөрөнгө хаана, хэний нэр дээр шилжсэнийг лавлах боломжтой.
Бүх зүйл нууцын түвшинд явагдана.
Танай албанд олдоход хүндрэлтэй, хаалттай мэдээлэл гэж бий юу?
Шинжилгээ хийнэ гэдэг амаргүй. Маш нууцын түвшний мэдээлэл гэж бий. Байж болох хангалттай мэдээлэлд тулгуурлан сэжигтэй гүйлгээний төсөөлөл, үндэслэлийг гаргадаг. Хүний амь нас, нийгмийн аюулгүй байдалтай холбоотойгоор терроризмийг санхүүжүүлж байж болзошгүй тохиолдлын мэдээллийг магадлалын жигнүүр нь сул байсан ч цаг алдалгүй өгөх үүрэгтэй.
Гэмт хэргийг хурдан илрүүлье гэж бодвол банкнаас ирүүлсэн бүх сэжигтэй гүйлгээг цагдаад өгч болно. Гэхдээ тэр бүх мэдээллийг өгвөл банкны нууцлал, санхүүгийн тогтвортой байдал алдагдана.
"...Манай алба нь нэг талаас банк санхүүгийн байгууллагын нууцлал, тогтвортой байдлыг хамгаалах, нөгөө талаас хууль сахиулах байгууллагад туслагчийн үүрэг гүйцэтгэдэг..."
Мөнгө угаах гэмт хэрэг аль салбар, хүрээнд илүү явагддаг бол?
Төсөөллийн шинжтэй. Гэмт хэргийн гаралтыг аваад үзэхэд хулгай хамгийн их. Хулгайн хөрөнгө хэний гар дээр очиж байгаагаас үл хамаараад мөнгө угаах нэг хэлбэр болдог.Өртөх эрсдэлтэй салбар, хүрээ хязгаарлагдахгүй. Тиймээс нийгэм, эдийн засгийн салбар бүрт үйл ажиллагаа явуулдаг байгууллага, хувь хүн энэ гэмт хэрэгт өртөхгүйн тулд хамгаалалтын механизмтай байх ёстой.
Эхний ээлжинд хэнтэй харьцаж байгаагаа мэдэх, бүртгэх, бүртгэлийн мэдээллээ хадгалж байх ёстой. Олон харилцагчтай тохиолдолд тэднийг хооронд нь ялгаж, ангилах ёстой.
Манай арилжааны банкууд "Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай” хуулийг өндөр түвшинд биелүүлэн, ажиллаж байна. Банк бус санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагаа жигдэрч, бэхжиж байгаа учраас учир дутагдалтай хэд хэдэн зүйл байгаа ч бидэнтэй сайтар хамтран ажилладаг.
Энэ бүх процесс нууц явдаг. Санхүүгийн мэдээллийн албанаас гаргадаг мэдээлэлд тоо харагдахаас биш сэжигтэй гүйлгээний эзэн, холбогдогч ямар нэгэн байдлаар харагдахгүй. Хуульдаа нууцлах заалттай.
Манай алба 2008 оноос эхлэн сэжигтэй гүйлгээний тайланг банкнаас авч эхэлсэн.
2008-2012 оны хооронд 316 сэжигтэй гүйлгээний тайлан ирүүлж байсан. Тэгвэл зөвхөн 2013 онд 285 ирсэн.
Ингээд бодохоор санхүүгийн байгууллагууд мөнгө угаахтай холбоотой мэдлэг, мэдээлэл сайтай болж байгаагийн илрэл гэж харж байна.
Нөгөө талаар сэжигтэй гүйлгээ жил ирэх бүр ихсээд байна гэж тайлбарлаж болох уу?
Сэжигтэй гүйлгээг шууд гэмт хэрэг гэж харж болохгүй. Санхүүгийн байгууллага зөвхөн гүйлгээг харж чадна. Цаана нь ямар шалтгаан, нөхцлөөр энэ мөнгө гүйлгээнд орж ирснийг мэдэхгүй. Гэхдээ сэжиглэх чадвартай.
Би төрийн албан хаагч. Банкинд цалингийн данстай гэж бодъё. Сар бүр тогтмол цалингийн маань орлого дансаар орж байгаад нэг өдөр орон сууцаа борлуулсны 100 сая төгрөг шилжиж орж ирлээ гэж бодое болно. Гүйлгээний утга дээрээ орон сууц борлуулсан гэж бичихгүйгээр "орлого” гээд тавьчихаж болно. Энэ тохиолдолд сэжиглэх үндэслэлтэй. Гэхдээ гэмт хэргийн шинжтэй гэж үзэх болохгүй.
Санхүүгийн байгууллага өөрийнхөө түвшинд сэжигтэй гэж үзээд манай алба руу мэдээлдэг. Бид үнэхээр зөв сэжиглэж үү, үгүй юу гэдэгт дүн шинжилгээ хийдэг. Дүн шинжилгээ хийсний үндсэн дээр сэжиглэх үндэслэлтэй эсэхийг тогтоодог. Хэрвээ сэжигтэй гүйлгээ гэж баталгаажсан тохиолдолд хууль сахиулах байгууллагад цааш шалгуулахаар шилжүүлдэг. Зарим тохиолдолд бидний шилжүүлсэн мэдээлэл ч гэмт хэргийн агуулгагүй, алдаатай сэжиглэл байхыг ч үгүйсгэхгүй.
Мөнгө угаасан гэдэг нь тогтоогдсон тохиолдол бий юу? Ямар хариуцлага хүлээлгэх вэ?
Мөнгө угаах гэмт хэрэг мөн үү? гэдэг нь албан ёсоор шүүхийн шийдвэрээр тогтоогддог. Шүүхээс хэн нэгэн, хэсэг бүлэг этгээдийг мөнгө угаасан гэж үзсэн тохиолдолд зохих шийтгэлийг ногдуулна.
Өнөөдрийг хүртэл Монгол Улсад мөнгө угаасан хэргээр ял эдэлсэн, түүгээр шийтгэл хүлээлгэсэн тохиолдол бүртгэгдээгүй. Анхан шатны шүүхэд мөнгө угаасан байж болзошгүй гэж зүйлчилсэн тохиолдол бий ч, үнэн гэдэг нь тогтоогдоогүй.
"...Албан бусаар орлого олдог гэмт хэрэг гарч л байгаа бол тэр орлогыг нуух, далдлах үйл ажиллагаа явагдаж байдаг гэсэн төсөөлөл бий..."
Манай улсад хулгай, залилан, хар тамхи, авлига хээл хахууль зэрэг орлогын төлөөх шунахайн сэдэлтэй гэмт хэргүүд гардаг учраас хэн, хэзээ, хаана, яаж мөнгө угаасан нь тодорхой биш ч мөнгө угаах үйл ажиллагаа Монголд явагддаг гэж хэлж болно.
Тухайлсан хууль баталж, тэрхүү хуулийг хэрэгжүүлэх бүтцийг байгуулах нь цаг хугацааны шаардлага байв уу, эсвэл?
Монголын төрийн санаачилга, цаг үеийн хэрэгцээ шаардлагаар энэ хууль, албыг бий болгоогүй. Дэлхийн улс орнуудын санхүүгийн системийн тогтвортой, найдвартай байдлыг хангах, санхүүгийн системийн нэр хүндийг хамгаалах зорилгоор мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой бодлого баримталж ажилладаг олон улсын ФАТФ хэмээх байгууллагын тавьсан шаардлагын дүнд энэхүү хууль батлагдаж, манай алба байгуулагдсан.
Үндсэндээ санхүүгийн хориг арга хэмжээ явуулах зорилготой ФАТФ-ыг их наймын орны сангийн сайд нар хамтран 1990 онд байгуулсан. Дэлхийн санхүүгийн системд хууль бусаар нуун дарагдуулсан, татвараас зайлсхийсэн гэх зэрэг гэмт хэргийн орлого, авлигын мөнгийг оруулж, энэ системийг буруугаар ашиглахаас урьдчилан сэргийлэх зорилгоор энэхүү байгууллагаас бусад улсыг гишүүнээр элсэж, гаргасан зөвлөмжийнх нь дагуу ажиллахыг шаарддаг.
Нэгэнт "их найм"-ын орнууд дэлхийн санхүүгийн системийн гол тоглогч нар учраас тэдний дүрмээр тоглохоос өөр аргагүй.
Албадлагын шинжтэй биш мэт боловч ФАТФ-ын дүрмийг баримтлахгүй бол дэлхийн санхүүгийн системд оролцох боломж хаагддаг. Тиймээс ч бид олон улсын стандартыг мөрдлөгө болгон ажилладаг.
Энэ хүрээнд манай санхүүгийн байгууллагууд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийн золиос болохгүйн тулд харилцагчаа таньж, гүйлгээнүүдээ хянах үүрэгтэй.
Гэмт хэргийн орлого байх магадлалтай, эдийн засгийн ямар ч үндэслэлгүй, нэр ус нь тодорхойгүй, их хэмжээний, бага боловч олон давтамжтай гүйлгээг сэжигтэй гэж үзээд "Санхүүгийн мэдээллийн алба”-нд мэдээллэх ёстой.
Ярилцахад таатай байлаа. Баярлалаа. vip76 .mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих