Дэлхийн нөлөө бүхий улс төрчдийн нэг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, түүний үзэл бодол, улс төрийн бодлого болоод хувийн амьдрал нь олны сонирхолыг ихээр татдаг. Жирийн нэгэн үйлдвэрчний гэр бүлээс гаралтай тэрээр Ленинградын хуулийн сургуулийг төгсөж, өөрийн амьдралын гараагаа тагнуулын албанаас эхэлж байсан түүхтэй.
Бага нас
В.Путин 1952 оны 10 дугаар сарын 7-нд Ленинград хотод мэндэлжээ. Тэрээр бага насаа дурсахдаа "Би энгийн л гэр бүлээс гаралтай. Миний эргэн тойронд үргэлж эгэл жирийн хүмүүс амьдарсаар ирсэн. Одоог хүртэл энэ л холбоог хадгалж үлдэхийг хүсдэг” хэмээн нэгэнтээ ярьжээ.Түүний ээж Мария Ивановна зөөлөн сэтгэлтэй, их эелдэг хүн байжээ. Эднийх даруухан амьдралтай, ээж нь үргэлж котлет хийж, бин хайрч өгдөг. Ням гарагийн амралтын өдрөөр салахын аргагүй амттай махтай, байцаатай, будаатай пирожки хийж өгдөг байсныг нь ч Путин дурссан байдаг.
Түүнийг жудогоор хичээллэхэд ээж нь дургүйцсэнгүй. Харин бэлтгэлдээ явах бүрт нь дахиад л нөгөө барилдаандаа явах нь уу? хэмээн асууна. Путин жудогоор хичээллэх болсон тухайгаа "Бэлтгэлээ тарж ирээд гэрийнхэндээ өдөр хэрхэн хичээллэсэн, ямар мэх шинээр сурсан, хэрхэн амжилтаа ахиулсан тухайгаа ярихад гэрийнхэн маань анхааралтай намайг сонсдог байлаа. Үүний ачаар гэр бүлийн маань уур амьсгал ч өөрчлөгдсөн” гэжээ.
Путины эцэг ахмад дайчин, үйлдвэрийн мастер Владимир Спиридонович. Аав нь 1911 онд Санкт-Петербург хотод төржээ. Дэлхийн нэгдүгээр дайны үед Питерт амьдрахад хүнд болж, гэр бүлээрээ Тверскийн бүсийн ойролцоох Поминовын тосгон руу нүүж, тэнд ээжтэй нь танилцаж гэр болсон түүхтэй.Тэр үед эцэг, эх ердөө л 17 настай байсан гэдэг.
Дайны дараах он жилүүд
Дайны дараагаар Путиныхан Питерийн жирийн нэгэн нийтийн байранд амьдрах болжээ. Таван давхар, цахилгаан шатгүй нийтийн байраа дайны өмнө амьдарч байсан тал байшингаас нь хавьгүй дээр хэмээн баярладаг байж.
"Би пионер байгаагүй харин хулиган байлаа”
Владимир Путин 1960-1968 онд Ленинградын найман жилийн 193 дугаар дунд сургуульд сурч наймдугаар ангиа төгсөөд химийн гүнзгийрүүлсэн сургалттай тусгай 281 дүгээр сургуульд элсэн орсон. Хичээлийнхээ эхний цагаас үргэлж хоцордог болохоор өвөл дулаан хувцаслаж ч амждаггүй байлаа хэмээн бага насаа дурссан байна. Түүний дунд сургуулийн багш Вера Дмитриевна Гуревич ярихдаа "Володя 5–р анги хүртлээ тийм ч сайн сурлагатай хүүхэд байгаагүй. Гэвч би түүнд хангалттай ухаан, сэргэлэн зан байгаа гэж үнэлдэг байлаа. Тэр хэл сурах сонирхолтой, ой тогтоолт сайтай хүү байсан. Би түүнээс маш их зүйл гарах боломжтой гэж бодсон ингээд л түүнд илүү анхаарал хандуулах болж аль болохоор хашааны сахилгагүй хүүхдүүдтэй түүнийг нийлүүлэхгүй байхыг хичээх болсон" хэмээнэ.
Вера Дмитриевна сэргэлэн, ой тогтоолт сайтай хүүг алдахыг хүссэнгүй. Аавтай нь хүртэл уулзаж үзжээ. Гэвч энэ нь тийм ч их тус хүргэсэнгүй. Харин Володя хүү зургаадугаар ангиасаа хичээлдээ анхаарч, муу дүнг сурлагын дэвтрээсээ хасчээ. Удалгүй тэрээр пионерт элсэн, улмаар салааны дарга болжээ.
Дээд боловсрол
"Сургуулиа төгсөөд тагнуулын газар ажиллахыг хүсдэг байлаа. Харин удалгүй усан цэрэг ч болмоор санагдах болов. Гэвч энэ бүхнээс өмнө онгоцны нисгэгч болохыг мөрөөддөг байлаа” хэмээн тэрээр ярина.
Дунд сургуулиа төгссөн Путин тагнуулын газар ажиллахыг хүсч, ЗСБНХУ-ын Улсыг аюулаас хамгаалах хороо буюу КГБ-н хүлээн авах дээр очиж хэрхэн тагнуулч болох талаар асуужээ. Юуны өмнө армид алба хаасан байх эсвэл ямар нэгэн их дээд сургууль төгссөн байх ёстойг түүнд хэлжээ. Ингээд тагнуулч болохын тулд 1970 онд Ленинградын хуулийн сургуульд орж, 1975 онд төгссөн аж. В.Путиныг 1975 онд их сургуулиа төгсмөгц нь тэр үеийн алдарт ЗСБНХУ-ын Улсыг аюулаас хамгаалах хороо буюу КГБ-д хуваарилан ажиллуулснаар түүний хүүхэд ахуй насны мөрөөдөл биелсэн байдаг.
КГБ буюу Улсыг аюулаас хамгаалах хороо
Путин Зөвлөлтийн үлгэр жишээ иргэн, сөрөг тагнуулч боллоо. Нэг албан тушаалд жилээс илүү хугацаагаар тогтдоггүй, үргэлж дэвшиж байдаг В.Путин нэг л мэдэхэд ЗХУ-ын удирдагчийн албыг богино хугацаанд хашсан Ю.Андроповын туслахаар КГБ-д нэр хүндтэй алба хаших болсон гэдэг. Сургуулийн ширээнээс КГБ-д элссэн залуу тулааны урлагийн бүхий л төрлөөр нарийвчлан хичээллэж одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулсаар буй КГБ-ын сөрөг тагнуулын институтэд суралцан Герман хэл заалгаж байлаа.
В.Путины албан намтарт дурьдагдаагүй хэдий ч тэрээр сөнөөгч онгоц, танк зэрэг бүхий л зэвсэг техникийг гарамгай ашиглаж, ямар ч орчинд хүнд хэцүү даалгавруудыг биелүүлж чадахуйц, шаардлагатай тохиолдолд дээд зэрэглэлийн хорлон сүйтгэх ажиллагааг өндөр ур чадвартайгаар гүйцэтгэхэд суралцаж байжээ.
Улмаар Герман хэлэндээ ус цас болсны дараа түүнийг хилийн чанадад илгээх цаг нь болсон хэмээн үзэв.
Тэр үеийн зүүн Герман буюу БНАГУ-ын Дрезден хотноо Зөвлөлт Германы найрамдлын нийгэмлэгт хэлстийн дарга буюу үнэн хэрэгтээ тус улсад үйл ажиллагаа явуулдаг барууныхны тагнуулын ажиллагаатай тэмцэх үйл хэрэгт КГБ-ээс томилогдсон "шинэ үеийн супер тагнуулч"-ийн дүрээр ирсэн нь тэр. 1985-1990 онуудад В.Путин зүүн Германд амжилттай ажилласаар байлаа. Өөрчлөлт шинэчлэлтийн салхи зүүн Германыг хамарч улмаар Орос эх оронд М.Горбачев өөрчлөлт хийснээр В.Путин нутагтаа буцлаа.
Гэрлэлт
Владимар Путин эхнэр Людмила Александровнатай 1980 онд Ленинград хотод танилцаж байжээ. Людмила 1958 оны нэгдүгээр сарын 6-нд Калининград хотноо төрсөн, тэндээ мөн сургуулиа дүүргэсэн гэлцдэг. Дараа нь шуудан зөөгч, токарьчны туслах, сувилагч, онгоцны үйлчлэгчээр ажиллаж байжээ. 1986 онд Ленинградын их сургуулийг хэл зүйч мэргэжлээр дүүргэсэн юм. Людмила Путина Герман, Испани, Франц хэлтэй.
"Би Ленинградаас гурван өдөр нислэгт гарсан. Манай багийнхан хүн цөөтэй байлаа. Ингээд Ленинградад ирсний дараа манай найз охиныг танил залуу нь театрт урьсан юм. Гэвч тэр ганцаараа явахаас зүрхшээгээд намайг хамт авч явсан. Харин нөгөө танил залуу нь театрт өөрийн найз болох Володяг дагуулж ирсэн. Төрийн Думын байрны ойролцоох гудамжинд тасалбар түгээх газрын ойролцоо манай найз охин, түүний найз залуу бид гурав эхэлж уулзав. Харин Володя тасалбар түгээх өрөөн дотор зогсч байсан. Тэр маш даруухан хувцас өмссөн байсныг нь би тухайн үед "Нэлээд ядруухан явна” гэж харж билээ.
Хэрэв би Володятай гудамжинд санамсаргүй таарсан бол түүнийг анзаарч харахгүй байсан байж мэднэ. Гэхдээ би түүнд анхны харцаар л дурласан. Учир нь Ленинградад өнгөрүүлсэн мөч минь надад маш их таалагдаж байсан юм” хэмээжээ Людмила бүсгүй ирээдүйн нөхөртэйгөө анх уулзсан тухайгаа ийнхүү дурсжээ. Тэдний уулзалтаас хойш Людмила байн байн Ленинград руу нисэх болов. Хэрэв ажил нь тэгж таарахгүй бол өөрөө билет аваад очдог байж.Тэд ийнхүү танилцсанаас хойш гурван жилийн дараа буюу 1983 оны 7 сард хуримласан түүхтэй юм.
Путиных хоёр охинтой бөгөөд том охин Мария нь одоо 31 настай, харин бага охин Катерина нь 30 настай. Гэвч Их гүрний удирдагч маань гэрлэлтийнхээ 30 жилийн босгон дээр эхнэр Людмила Путинагаас салж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн билээ.
Шинэ бүхнийг туршиж үзэх нь миний хобби
Тэрээр самбо жудогоор 11 настайгаасаа эхэлж хичээллэсэн бөгөөд түүний хувьд спорт амьдралынх нь салшгүй нэгэн хэсэг. Тэрээр жудогийн Европын холбооны тэргүүнээр 2006 оноос хойш ажиллаж байгаа юм.
"Жудогоос би олон зүйлийг сурсан. Өөрөө өөрийгөө ялах нь бусдыг ялахаас илүү чухал гэдгийг мэдэрч, өрсөлдөгчөө сайтар судалж, зөв үед зөв мэхийг хийх хэрэгтэй гэдгийг би энэ л спортоор дамжуулан сурсан” гэжээ. Мөн тэрээр уулын спортоор хичээллэж, усанд сэлэх дуртай. Цаг зав гарах л юм бол загасчилахыг илүүд үздэг. Морь сайн унаж, хоккей тоглох дуртай.
Путины нэг сонирхолтой цуглуулга бол машин. Түүний цуглуулгад оюутан байхад нь эцэг эхийнх нь бэлэглэсэн "Волга” маркийн машинаас эхлээд хамгийн сүүлийн үеийн тансаг машинууд ч бий. Мөн тэрээр мотоцикл унах дуртай.
Их сургуулийн захиралын туслахаас их гүрний удирдагч хүртэл явсан түүний амьдралын үнэн замналыг танд хүргэхийг хичээлээ.
Эх сурвалж: UBS.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих