-Та "Шилдэг 100 залуу” номинацид амжилттай өрсөлдөж байна. Нийгэмд залуучуудын оролцоо, байр суурь, нэр хүндийг тодотгон харуулах зорилготой санал асуулга л даа. Та үүнд ямар өнцгөөс дүн тавьж байгаа вэ?
-Бидний үеийн залуучууд нийгмийн олон салбарт маш олон чиглэлийн ажил үйлс өрнүүлж чадах чинээгээр л ажиллаж амьдарч байна. Харин "Шилдэг 100 залуу” санал асуулга бол Жавхлангийн хувьд хийж бүтээж буй ажил үйлсээ бусдад таниулан ойлгуулах замыг дөтөлж буй явдал гэж харж байна.
-Та их олон л ажил амжуулаад байгаа залуугийн дүрээр харагдах боллоо. Та яг одоо юу юу хийж байна вэ?
-Дорнод аймагтаа суурин амьдрахаар шилжин ирээд дөрвөн сар болж байна. Одоо аймгийнхаа хамгийн баялаг түүхтэй, дорнодчууд гэлтгүй зүүн бүсийн гурван аймгийн хүнсний манлай үйлдвэр "Дорнод Гурил” компанид маркетер хийж байгаа.Дээр нь залуу хүний хувьд боловсролын салбар, эрүүл мэнд спортын салбар, хүнсний салбар гээд хэд хэдэн чиглэлээр хувиараа аж ахуй эрхэлж байна. Мэдээж нийгмийн идэвхи оролцоо сайн дурын ажлуудад хоббитой учраас залуучуудын оролцооны байгууллагуудын сонгуульт албан тушаалуудыг мөн хашиж байна. Хийж чадна гэж бодсон олон төрлийн ажлыг л амжуулж явна даа.
-Та уг нь Хуульч, Сэтгэл зүйч, Гэр бүл судлаач хүн. Энэ чиглэлүүдээрээ ажиллах уу?
-Эрх зүйч мэргэжлээр сурч байхдаа гэр бүлийн эрх зүйн хичээлдээ маш дуртай байлаа. Тэгээд яагаад ч юм, энэ чиглэлээр ажиллавал надад тохирох юм шиг санагдаж багштайгаа зөвлөлдөхөд сэтгэл зүйн чиглэлээр давхар судалгаа хийх хэрэгтэй гэж их нухацтай ярьж ойлгуулсан даа. Тэр үед шууд сэтгэл зүйчээр заавал давхар суралцах ёстой гэсэн бодол орж ирсэн. Ингээд Эрх зүйчээр төгсөөд дараа нь Сэтгэл судлаач-Нийгмийн ажилтан мэргэжлээр төгсөж гэр бүлийн эрх зүйч гэр бүлийн сэтгэл зүйчээр мэргэшсэн. Ирээдүйд эзэмшсэн мэргэжлүүдээрээ хийх ажлууд ихээр төлөвлөсөн байгаа.
-Мэргэжлийн хүний хувьд тантай энэ талаар ярилцахыг хүсч байна. Монголд гэр бүлийн асуудал нэлээн эмзэг сэдэв болчихоод байна. Салалт, араар тавилт, өрх толгойлсон эмэгтэйчүүд гээд асуудлууд элбэгшиж байгаатай эвлэрээд яваад байх ёстой юу?
-Гэр бүлээс гадуурх бэлгийн харьцааны тухай ярихаасаа өмнө энэ чиглэлийн хуулийн зохицуулалт хэрэгтэй байна гэж шууд хэлмээр байна. Ялангуяа манай нийгэмд заавал байх ёстой зүйл. Гэр бүлийн амьдрал эхлүүлчээд хамтдаа жаргал зовлонгоо хуваалцана гэж гэрэлчихээд, нэгнийхээ итгэлийг эвдэж араар нь тавина гэдэг бол цэвэр гэмт хэрэг. Гэмт хэрэг үйлдсэн нь баримтаар нотлогдвол хуулийн хариуцлага хүлээдэг нь эрх зүйт төрийн үндсэн зарчим. Одоо УИХ-д өргөн баригдахаар хийгдэж байгаа гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад гэр бүлээс гадуур бэлгийн харьцаанд орсон нөхөр, эхнэрт хуулийн хариуцлага хүлээлгэх заалт оруулахыг хичээсэн. Харамсалтай нь манай улсын үндсэн хууль, бусад салбар хуулиудаас болоод хуулийн хариуцлага биш, ёс зүйн хариуцлага хүлээлгэх заалт оруулахаас өөр замгүй болж байх шиг байна.
-Одоо бол Монголд улс төр, эдийн засаг, нийгмийн төвшиндөө хэзээний эвлэрчихсэн юм биш үү? Үүнтэй тэмцэж байгаа, сөрж байгаа ямар ч бодлого алга гэж харж байна?
-Төрийн түшээд нь нууц амрагийн асуудлаас болоод сандал суудлаа алдаад, нөгөө хэсэг төрийн түшээд нь түүнийг нь нийтэд ил болгох гэж улайран дайраад байхаар аргагүй шүү дээ. Товчхондоо төрийн түшээд нэгнийгээ гэр бүлээс гадуурх бэлгийн харилцааны асуудлаар нь улс төр хийж байгаа байдлыг харсан үр хүүхдүүд нь юуг ойлгох уу гээд бодоод үз дээ.
-Залуу хүн шүүмжлэх эрхгүй, харин гарц олох үүрэгтэй гэдэгтэй санал нийлэх үү?
-Туршлагтай хүн гэж хийж сурсан зүйлээ давтахыг хэлнэ гэсэн үг байдаг даа. Тиймээс залуучуудад боломж олгож мэдсэн сурсан зүйлээ ил гаргаж ажиллах нөхцлийг бүрдүүлж өгөөсэй гэж боддог. Харин залуучууд бидэнд шүүмжлэхээсээ илүү ажиллах сонирхол их байгаа гэж бодож байна. Миний хувьд ч бас тийм.
-Гэр бүлийн асуудлуудын талаар таны бодож явдаг шийдэл, гарцыг сонсмоор байна?
-Гэр бүлийн сургалт, судлагаа хийдэг байгууллага манай оронд тун хангалтгүй, цөөн байдаг. Тийм учраас энэ чиглэлийн судлагаа мэдээлэл хангалтгүй гэр бүлийн боловсрол, уламжлал, ёс зүйг сурталчилан таниулах үйл явц их удаан хүртээмж муутай байна. Гэр бүлийн боловсрол олгох цогц сургалтыг л бүх насны хүмүүст тогтмол явуулж хэвшмээр байна.
-Залуучууд гэр бүл зохиохдоо хэд хэдэн сонголттой нүүр тулдаг. Амжилтаа, бизнесээ сонгох уу, эсвэл гэсэн сонголттой тулгарах үед ямар шийдвэр гаргах ёстой вэ?
-Энэ тал дээр бол залуучууд цэвэр өөрийгөө л сайтар сонсож ирээдүйгээ төлөвлөх хэрэгтэй. Ихэнх хосууд "За тэгээд аажимдаа болно биз дээ” гэсэн бодолтой гэрэлдэг. Үүнээс гадна хосууд бие биетэйгээ өөрийнхөө ирээдүйн зорилго, хийхийг хүсэж байгаа зүйлсүүдээ нууж хаах, ичих зүйлгүйгээр маш сайн ярилцах хэрэтэй. Хамтдаа хүслийн самбар хөтлөөд түүн дээрээ өөр өөрийнхөө хүслээ бичээд хамтдаа биелүүлээд явахыг зорих хэрэгтэй. Гэр бүлтэй болсноор хосууд хамтын амьдрал зохиож эхлэнэ. Энэ үеээс эхлээд таны "Миний амьдрал” гэдэг ойлголт дуусаж бүх зүйл хамтдаа байх болно гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Эхнэр ч тэр, нөхөр ч тэр.
-Одоогийн залуучууд эхлээд санхүүгийн хувьд бие дааж, нийгэмд тодорхой байр суурьтай болсныхоо дараа гэр бүлтэй болох нь зөв гэдэг болсон юм биш үү?
-Энэ бол даяаршиж байгаа ойлголт. Дэлхий нийтээр гэрлэх нас улам л хойшилсоор байгаа. Манай орны хувьд бас л энэ зарчмаар явж байна. Та хэр удаан бүхнийг шийдэж ганцаараа явна, төдий чинээ бусадтай амьдралаа холбох хүсэл тань дарагдах болно. Гэр бүл зохиож үр хүүхэдтэй болно гэдэг бол орчлонд хүн болсны гол учир шалтгаан гэж би хувьдаа ойлгодог.
-Таны сүүлийн сонголтын тухай асууя. Мэдлэг боловсролтой залуус аль болох төв рүүгээ, хот руугаа тэмүүлж бөөгнөрч байна. Гэтэл та төвөөсөө орон нутаг руугаа очиж ажиллаж байгаа гэх юм. Энэ сонголтынхоо талаар ярихгүй юу?
-Дэлхийн том хотуудаар аялж амьдарч үзлээ. Улаабаатарт ч мөн байр сууриа олж залуучуудтай мөр зэргэцэн амьдарч үзлээ. Одоо харин орон нутагтаа очиж ажиллан өөрийнхөө сурсан мэдсэн зүйлийнхээ үр ашгийг гаргая, цаашид улам их ихийг хийж бүтээх боломж гэж харан Дорнодтоо ирж ажиллаж амьдарч байна даа.
-Залуу хүний хувьд олон сонголттой, илүү боломжтой, нөөц бололцоотой газар орон нь дээр биш гэж үү, орон нутагт очсон залуу хүн зэвэрдэг гэх яриа хүртэл байдаг?
-Тийм учраас энэ ойлголтыг эвдэж эсрэгээр нь илүү тодрон гялалзах боломж гэдгийг харуулахыг хичээж ажиллаж байна. Зарим залуучууд хотод амжихгүй болохоороо аймагтаа ирсийн байлгүй гэж бие биенээ хэлэхийг цөөнүй сонсож байсан. Миний хувьд бол ийм биш шүү гэдгийг үйлдлээрээ л нотлох болно доо. Манай Дорнод аймгийн хувьд бүтээн байгуулалт ихтэй, дэд бүтэц сайн хөгжсөн, уул уурхай, ашигт малтмал, хийлийн боомт, газар тариалан дээр нь хүн амын нягтаршил бусад аймгаас илүү гэх мэт олон давуу тал бий шүү дээ.
-Сүүлийн үед манлайлах урлаг гэж их ярих боллоо. Та энэ чиглэлээр сургалт зохион байгуулдаг юм байна. Хүн бүр манлайлагч байх боломжтой юу
-Би бол манлайлагч эхээс төрөхдөө өөртөө манлайлах чадвараа агуулсан байдаг гэж үздэг. Заяамал шинжтэй гэх үү дээ. Ийм удирдагчид хэнд ч юунд ч үл дарагдан бүхнийг удирдан дагуулдаг. Манлайлах урлагт суралцана гэдэг бол шал өөр ойлголт. Та ямар ажил мэргэжилтэйгээс үл хамааран өөрийнхөө салбарт хэрхэн яаж манлайлах боломжтой вэ гэдгийг л бусдад хэлж ярьж ойлгуулахыг хичээж явдаг даа. Хүн бүр манлайлах урлагт суралцаж амжилт гаргах боломж хэний ч өмнө нээлттэй байдаг. Гагцхүү суралцах хэрэгтэй.
-Манлайлагч хүнд хамгийн байж болохгүй зүйл гэвэл юуг нэрлэх вэ?
-Тогтвортой бус байдал. Амлалт, хэлсэн үгнээсээ буцахгүй байх.
-Та Монголын улстөрчдөөс ийм зан чанар, дутагдлыг олж хардаг уу?
-Улс төрчид олон талын ашиг сонирхолдоо хөтлөгдөөд харамсалтай нь урваж, шарвах хэлсэн үгнээсээ буцах гэдгийг яаж хийж болдгийг ард түмэндээ сайн зааж өгч байна даа. Харамсалтай…
-Залуу хүний зорилгыг амбицтай хольж хутгах нь бий. Таны зорилго?
-Яг одоогоор миний дараагийн зорилго буюу зогсоол маань Харвардын хуулийн сургууль. Энэ зорилгодоо хүрэхэд их зүйл суралцаж, олон ажил хийх хэрэгтэй байгааг би өөрөө маш сайн ухамсарлаж байгаа.
-Шанхайд суралцаж төгссөн хүний хувьд хятад хүн, монгол хүн хоёрын гол ялгааг юу гэж тодорхойлох вэ?
-Шанхайд сурж байхдаа их олон гадаад улс орны найзуудтай байлаа тэр дундаа хятад оюутнууд. Хамтдаа хичээлд сууж олон төрлийн ном үзэж шалгалтандаа бэлдэж байснаа эргээд бодоход "Хэн зорилгоо ойлгоод өөртэйгээ ажиллаж чадна тэр амжилтанд хүрнэ” гэдэг үгийг л хэлмээр санагдаж байна. Дэлхийн хаана ч энэ л хууль үйлчилж байна, учир нь бүгд яг ижил анатомын бүтэцтэй шүү дээ. Аль ч улс оронд ажилсаг хүн байхад залхуу хүн байна. Шударга зарчимч хүн байхад луйварчид бас л байж л байдаг.
-Хятадын хэн нэгэн залууд оногдох боломжтой харьцуулахад Монголын нэг залууд оногдож буй боломж асар их байх. Энэ талаар таниас үг сонсохыг хүсч байна?
-Энэ ч бас л түрүүчийн асуулттай харьцуулж ойлгоход ижил мэт ойлгогдож байна. Хичээж чадсан хүн өөрөө боломжоо бий болгодог гэж боддог. Гэхдээ тэрбум хүнээс шовойж гарахын тулд асар их ажиллах хэрэгтэйг хэн ч ойлгож байгаа байлгүй дээ.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье. Улам ихийг хийж бүтээгээрэй.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих