Хэлбичгийн ухааны доктор, дэд профессор Д.Цэвээндоржтой ярилцлаа. Тэрбээр, утга зохиол судлал, шүүмжийн чиглэлээр "Тодорхой утгын зул”(2005), "Монголын намтар зохиол, зохиолчийн намтар судлал”(2006), "Монголын уран зохиол дахь Чингис хааны дүрийн судалгаа”(2007), "Монголын утга зохиолын дүрийн онол”(2008), "Эрэн цагийн шүүмж”(2009), "Хориг шүүмжийн бичиг”(2012) зэрэг ном хэвлүүжээ.
- Та утга зохиол судлал шүүмжлэлийн ном хэвлүүлж байгаад гэнэтхэн гадаад руу явчихсан. Тиймээс өнөө цагийн Монголын уран зохиолын талаар ямар бодолтой явдгийг асуумаар байна вэ?
- Цаг хугацаа улиран одохын хэрээр зохиолчийн оюуны болоод амьдралын туршлага зузаарч байдаг л даа. Энэ жамаар хувь зохиолчийн оюун санааны бяд, дүрслэн бичих уран чадвар энд тэнд армаг тармаг нэмэгдсэн үү гэхээс нийт уран зохиолын түвшинд ахиц гараагүй хэвээрээ, унтанги янзаараа л байна гэх үү дээ. Зохиолчид маань цахим ертөнцийг бүтээлчээр ашиглаж шинэ хандлага, өвөрмөц эрэл хайгуулаас суралцаж, харьцуулан тусгахгүй бол өнөөх л хуучин арга барил, хоцрогдсон сэтгэлгээнээсээ салах шинжгүй байна.
- Сүүлд хэлсэн үгээ тодруулж болох уу?
- Яг үнэндээ сэтгэл хөдөлгөчихөөр шүлэг зохиол нүдэнд үзэгдэж гарт баригдахгүй юм. Алийн болгон өнөөх л Равжаа, Нацагдорж, Буяннэмэх, Дамдинсүрэн, Ринчен гээд л хуучин буугаа "сумлаад” байх вэ дээ. 5, 10 жил болоод л ойг нь тэмдэглэж энд тэндээс нь магтсаар, "мөлжсөөр” ирлээ. Тэднийг давтаж судлах нь зөв л дөө. Гэхдээ энэ давтан судалгаа шинжлэх ухааны арга зүйн үндэслэлээр явагдах ёстой болохоос нуршин давтаж ном хэвлүүлсэн болоод цаг, цаас үрэхээ анхаармаар юм шиг. Аливаа юманд систем дараалал, шалтгаан-үрийн холбоо гэж бий. Өнөөдрийн хувьд бидэнд өвөрмөц танилт, содон хандлагатай шинэ юм, өнгө аяс илт үгүйлэгдээд байна. Түүнийг бүтээх зохиолчдын "эрин үе” ч бэлтгэгдээгүй байна. Энэ утгаараа өнөөдрийн нийт зохиолч, уран бүтээлчдийг буруутгах үндэслэл төрөхгүй байна л даа.. Үлгэрлэвэл энэ нь ангасан цөлд айл алга гэж халаглахтай ижил юм.
- Тэгвэл таны хувьд мэргэжлийн зохиолч гэвэл хэнийг нэрлэх вэ?
- Аливаа зүйлд дүгнэлт хийхэд буруу, зөвөөс гадна эртдэх юм уу оройтох гэсэн ойлголт байдаг. Үе тэнгийн, бас сайн муугаа мэдэлцэж өдий хүрсний хувьд манай үеэс мэргэжлийн хэд хэдэн зохиолч, яруу найрагчид төрөөд гарчихна гэж харж явдаг. Гэхдээ нийгэм цаг үе гэж том хүчин зүйл байна. Хэдий давагдашгүй биш ч гэлээ залуу хүнийг тайван суулгаж тулхтай бүтээл туурвих боломж өгдөггүй тал бий. Цаг хугацаа гэдэг өөрөө оюун санааны том дэнс шүү дээ. Өнөөдрийн хувьд зохиолын бичигдэж буй түвшин, хэмжээ далайц, санаа сэдвийн хаягдал, хэл найруулгын ур гээд цогцоор нь базаад онцолж хэлье гэвэл До.Цэнджав зохиолчийг л нэрлэх байна. Түүнд оюуны болоод амьдралын хангалттай туршлага, зохиол бичих зөн билгийн дадал, бичгийн ширээнээ хадаастай юм шиг суугаад л байх тэсвэр хатуужил гээд бүгд бий.
- Шүүмж судлалын талаарх бодлоо хуваалцана уу?
- Судлал, шүүмжийн дэг үүсээгүй цагт тухайн шүүмжлэгчийн боловсролын түвшин, үзэл бодлын баримжаа, зохиол мэдрэх чадварыг хөгжүүлэх, түүнийг зохиолч, уншигчид нь нэхээд байх нь өөрөө боломжгүй зүйл юм. Нэг үгээр хэлэхэд энэ бүхнийг залуу судлаачдад өөрт нь үлдээх байгалийн хууль, амьдрал тэмцлийн шалгаралтай ижил ухагдахуун байгаа юм. Зохиолыг судлана, шүүмжлэнэ гэдэг тусдаа бие даасан ойлголт. Дэлхийн жишигт зохиолыг өнөөдөр шүүмжлэхэд тухайн уншигч, бичигчийн үзэл бодол, байр суурийг хүндэтгэх хандлага ажиглагдаж байна. Энэ нь зохиол өөрөө олон талтай, уншигч, шүүмжлэгчдийн үзэл бодлын өнцөгийг хүлээн зөвшөөрсөн хандал гэж харж байгаа. Мэдээж шүүмжлэгчийн гярхай хараа, цаг үеийн мэдрэмж, онолын ул суурьтай дүгнэлтүүд гээд өнөөх тавигдаад байдаг олон шаардлага, шалгуурууд байх нь зүйн хэрэг, тийм үү. Харамсалтай нь манайд энэ байдал мөнөөх л янзаараа, бүр зарим шүүмжлэгч гэх нөхдийн маань бичих хэв маяг, итгэл үнэмшил, чиг баримжаа нь болчихсонд өмнөөс нь харуусахад хүргэдэг. Урлаг, утга зохиолыг судлан тогтоож, шүүмжлэн тунгааж, үнэлэн тодорхойлоход туйлын, мөнхийн, гарцаагүй гэсэн ойлголтоор жишиг ярьж хандана гэдэг тухайн хүний тугалын бэлчээрээс хол сэтгэж чадахгүй байгаан илрэл юм. Сэтгэлийн хат тэвчээр суугаагүй хүн бусдыг шүүмжлэн баалах нь зүйд үл нийцэх шударга бус үйлдлийн нэг байдаг. Зохиолыг судалж байж л шүүмжлэнэ. Энэ хоёр бичлэгийн хувьд ялгаатай ч цогц ойлголт. Тийм болохоор шүүмж судлал гэж ярих нь буруу гэж би боддог. -
- Утга зохиолын судалгаа анхдагч шинж чанартай гэсэн үг үү?
- Анхдагч атлаа хоёрдагч чанартай. Уран сайхны шүүмжлэл, нийтлэл өгүүлэл зэрэгт суурь дэвсгэр болохоос гадна шинжлэх ухааны судалгаанд эрэл хайгуул хийх үүрэгтэй. Зүгээр уншаад сэтгэгдэлээ бичнэ гэдэг шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаанд байж боломгүй үзэгдэл. Олон талаас нь ургуулан сэтгэж дүгнэлт шинжилгээ хийж харьцуулан судлахгүйгээр хол явахгүй гэдгийг бодмоор байна. Үнэнийг хэлэхэд мэргэжлийн утга зохиол судлагч шүүмжлэгч гэх хүн 45 хүртэлх насны залуучууд дунд бараг байхгүй байна. Шүлэг зохиол бичиж үзээгүй, сонирхдоггүй хүн шүүмж бичнэ гэж байхгүй шүү дээ. Шүүмжлэл нь өөрөөсөө суралцах, урагшлах боломж олгодог олон талын ач холбогдолтой. Гэтэл манайд шүүмжлэлийг хүлээж авах хөрс нь, зөв бичих дадал аль аль нь төлөвшөөгүй байгаа.
- Монголын уран зохиолын онцлог ялгааг яаж харж байна вэ. Дэлхийн утга зохиолын хаахна явна гэж та боддог вэ?
- Улс үндэстэн, соёл иргэншлийн онцлог гэж байна. Үүнийгээ дагаад аливаа зүйлд хандах арга барил, дадал зуршил тогтдог бололтой юм. Энэ нь бичиг зохиол туурвихад ч нөлөөлдөг байх. Суурин соёл иргэншилтэй ард түмэн ерөнхийдөө хүн ам, уншигч, зохиолч олонтой болоод ч тэр үү зохиолчийн хувийн үүдэл санаа, бодролоо хуваалцах маягаар шинэ санааг энгийнээр илэрхийлэхийг чухалчилдаг. Гэтэл монголчуудын туурвин бүтээх уламжлалт хөрс, суурь дэвсгэр, урнаар өгүүлэх хүрээ өргөн, дүрслэн зураглах олон арга хэрэглүүрүүдийг бүтээлчээр ашигладаг чадвар аргагүй ондоошдог. Хэдхэн хоногийн өмнө "Багш” найраглалын 30 жилийн ойн хурал боллоо. Хот хөдөөнөөс олон ахмад багш, Ш.Сүрэнжав зохиолчийн найз нөхөд ирж энэ зохиолын талаар ярилаа. Илтгэл хэлэлцүүлсэн миний бие бодлоо, одоог хүртэл яагаад уншигч олон ийм магтаалын шүлэг найраглалыг таашаасан хэвээрээ, гадны зохиолоос дутахгүй, бүр илүүтэй багшийн тухай уран нарийн бичсэн гэж үнэлээд байна вэ гэж. Миний бодлоор монголчууд их уянгатай ард түмэн юм. Хэзээд дуу хуур, уянга ярууд дуртай хэвээр байж, нийгэм яаж ч өөрчлөгдөн хөгжин мандсан ч үндэсний өв соёл, утга зохиолынхоо олон жилийн энэ реалист дүрслэл бүхий бүтээлүүдээ таашаалтайгаар хүлээн авсаар байх юмаа гэж ойлгосон. Ер нь дэлхийн утга зохиолыг ой модоор төсөөлбөл монголын утга зохиол захалж ургасан залуу улиас гэж болно. Тийм болохоор монголын уран зохиол дэлхийн утга зохиолоос сугарч үлдсэн гэх зүйл байхгүй. Зохиолчийн төрмөл авьяас билиг, урлан бүтээх баялаг өв уламжлал хангалттай бий. Гол нь зохион байгуулалтанд оруулах, мэргэжлийн байгууллагуудыг зөв чиглэлээр ажиллуулах, менежмент хийх зэрэг үйл ажиллагааны өргөтгөл, өөрчлөлт чухал болоод байгаа юм.
- Уран зохиолын ямар төрөл илүү хөгжиж байгаа бол?
- Төрөл зүйлийн хөгжил зохиолчийн уран чадвартай нягт холбоотой тайлбарлагдаад байгаа. Онцолж хэлбэл үргэлжилсэн үгийн зохиол, тэр дундаа богино хэмжээний зохиол илүү жин дарж нүүр тахлахаар бүтээгдэж байна. Мөн манай хүүхдийн зохиолын хэл найруулга, сэтгэхүйн төсөөлөлт дүр, дүрслэлийн ололт зэрэг нь үйл явдал, зохиомж өгүүлэмжийн баялаг уламжлал, хөрс сууринаас үүтгэгдэн амжилттай урагшилж дэлхийд нүүр улайхааргүй хэмжээнд дөхөж байгааг бид өөрсдөө ч хүлээн зөвшөөрөх цаг нь ирж байна. Магадгүй энэ нь О.Сундуй тэргүүтэй мэргэжлийн уран бүтээлчдийн гавьяа байх.
-Зарим хүн монгол зохиолч нобелийн шагнал хүртэнэ гэдэг. Зарим нь энэ боломжгүй гэх юм. Та ямар бодолтой байна?
-Нобелийн шагналыг монголын утга зохиолын бүтээл хүртэх цаг нь аль хэдийнээ болчихсон. Нийгэм, соёлын хүрээнд олон дэвшил гарч буйн адил монгол утга зохиол энэ шагналыг хүртэх оюуны бядтай гэдгийг яруу сайхны олон жилийн сэтгэлгээний түвшин харуулж чадна. Гэхдээ өнөөдөр юм уу маргааш бичих зохиол гэхээсээ өмнөх оюун санааны ололт, нүүдэлчин монгол ахуйг тусгасан бүтээл өөрөө нобелийг хүлээж байгаа гэж боддог. Нөхөж авах болзол хангасан зохиолч сэтгэгчид XX зууныг дуустал нэрлэвэл олон бий. Харин сэрүүн тунгалаг уран бүтээлчдээс гэвэл соёл, урлагийн байгууллагууд нэгдсэн бодлогоор дэмжиж дэвшүүлбэл дэлхийд танигдаж, хүрч буйгаараа Ч.Галсан, гүн ухаан, бясалгал, сэтгэлгээний туурвилаараа Д.Урианхай, нүүдэлчин ахуйн дүрслэл, өвөрмөц хүрээгээрээ Г.Мэнд-Ооёо нараас анхны түүчээ тодрох боломж бол бий. Гэхдээ хэн энэ шагналыг хүртэх, хэний бүтээл гэхээсээ илүү монголын ард түмний уран сайхны ололт гэсэн агуулгаар хандаж, эвтэй байж гэмээнэ энэ шагнал ойрхон.
- -Нобелийн анхны шагналтан тодрох, дэлхийд уран зохиолоо сурталчлах хоёр ижил сонсогдоод байна л даа. Тэгэхээр орчуулгын үүргийн талаар юу хэлэх вэ?
- Гадаад ертөнцөд утга зохиолын өнөөгийн түвшингөө байнга хүргэж таниулахад орчуулга хамгийн чухал үүрэгтэй. Тэрнээс хэдэн зохиолч дагуулж гадагшаа яваад шүлгийг нь уншуулаад, хурал хийж зохиолыг нь магтуулаад ч үр дүн гарахгүй. Энэ туршлагаар хэдэн зохиолч л газар үзэж шагнал аваад, уулзсан хэдэн гадаад хүмүүстээ л "нэр нь тодрохоос” зохиол бүтээл нь гадаад зах зээлд гарч монголын утга зохиолын нүүр царай болоод сурталчлаад байгаа юм харагдахгүй байна. Хэдий монголчуудын амьдралыг зарим талаараа буруу зөрүү харуулсан ч Зян Рун хэмээх Хятад зохиолчийн бичсэн "Чонон сүлд” роман дэлхийд нүүдэлчин монголчуудын тухай энэ цаг үед таницуулсаар байгаа нь орчуулгын л ач тус шүү дээ. Тийм болохоор утга зохиолын мэргэжлийн орчуулагч, судлаачаар бэлтгэж буй хүүхэд залуусыг явуулж бэлтгэх нь дээр санагддаг.
- Орчуулгын уран зохиолын хөгжил ямар төвшинд яваа гэж бодож байна вэ?
- Гадаад хэлнээс эх хэл рүүгээ орчуулах давалгаа нүргэлээд байгаа болохоос эх хэлнээсээ гадаад хэл рүү утга зохиолын сонгодог түвшинд орчуулах, хөрвүүлэх "хос морь”-той орчуулагч алга байна. Яахав цаг үеийн хаялга юм хойно гадаадын уран зохиолыг орчуулах, худалдаалах үйл явц нэг хэсэг эрчимжсэн. Гэхдээ англи хэлнээс дам орчуулах нь голлоод дорно дахины урлаг, уран сайхны бүтээлийг эх хэлнээс нь хөрвүүлэх чадамж хомсдсон. Энэ бүхэн орчуулгын уран зохиолд тавигдах шаардлага, хяналт тавих мэргэжлийн зөвлөл бүхий олон хэлтэй орчуулагчдын халаа бэлтгэх нэгдсэн бодлого байхгүйтэй холбоотой. Англи хэл бол харилцааны хэл бөгөөд түүнийг чөлөөтэй эзэмших нь өнөөдрийн соёлт хүн бүрийн хэрэгцээ төдий юм. Түүгэр ч барахгүй XXI зууны судлаачид дор хаяж өрнө дорны хос гадаад хэлтэй байж гэмээнэ өөрийгөө эрдэмтэн боллоо гэж тооцох төдийгүй баримт мэдээллийг цаг алдалгүй авч байх үүрэгтэй санагддаг. Гэхдээ гадаад хэлэнд хичнээн сайн боловсорсон байлаа гээд уран зохиолын орчуулгыг бариад байдаг ч зүйл биш.
- -Харин тиймээ зарим орчуулгын зохиолын хэл найруулга ойлгомжгүй санагдах юм?
- Тийм болохоор л үндэснийхээ өв, утга зохиолын дурсгалаа гадагшаа өөрсдөө орчуулах товчоотой болоод орчуулагчдаа байнга бэлтгэж, дадлагажуулж байх хэрэгтэй байгаа юм л даа. Уран зохиол, яруу найргийг орчуулахад зохиогчийн үзэл бодлыг давхар судалж тогтоон далд, давхар санааг нь мэдэрч буулгана уу гэхээс гөрдөж болдоггүй. Ганц жишээ хэлэхэд О.Чинбаяр сайн орчуулагч, мэргэжлийн уран бүтээлч хэдий ч монгол хэлнийхээ хэл найруулга, яруу сайхны хэрэглүүрийг бүтээлчээр ашиглаж чадвал бүр сайн сан. Ингэж бид хамтаар зүтгэн байж, хэлэхээсээ хийх нь үл хоцорч гэмээнэ уран зохиолоо дэлхийд алхуулна, нобель хүртэнэ.
- -Та "Монголын уран зохиол дахь Чингис хааны дүрийн судалгаа” номондоо Жамухыг уран сайхны хийсвэр дүр гэж бичсэн байсан. Яагаад ингэж бичсэн тухайгаа?
- Аливаа зохиолд амин сүнс гэж байдаг. Тэр номыг бичиж байхад олон дүрүүд дээр ажиглалт хийгээд Жамухын дүр НТ-ы өгүүлэмжийн уран сайхны өргөл ч юм уу оргил хэсэг байж болох юм гэж бодсон. Яагаад вэ? гэхээр Жамухын дүрийн өвөрмөц байдлыг гадаад дотоодын олон судлаачид ажиглаж цэргийн нэрт зүтгэлтэн, бүр урвагч тагнуулч гэх мэтээр түүхэн хүн талаас нь ихэвчлэн судалсан байсан. Тэмүжин, Жамухатай 3 удаа анд барилцахдаа гурын шагай, дуут сум, алтан бүс солилцож тэргэл сартай шөнө нэгэн хөнжилд унтаж байсан гэх мэтээр НТ-ны эмхэтгэн зохиогчид хамгийн уран яруу хэллэгийг Жамухаар хэлүүлж буй зохиомж, уянгын хувьд содон, өвөрмөц шийдлүүд байдаг л даа. Үүнийг НТ өөрөө уран сайхны хийсвэрлэлийн өндөр түвшинд бичигдсэн зохиол гэдгийг бататгах сэжим талаас нь харах хэрэгтэй. Түүнээс зарим нөхдийн явцуу ойлгодог шиг Их хаан, эзэнт гүрний түүхийг үгүйсгэн гуйвуулж буй санаа огт биш юм. Энд судалгааны баримт яривал цаг их орно. Товчхондоо бол Жамуха уйдамтгай, зальтай дүрслэгдэж, "үл шингэх идээ идэлцэж” асан тийм дотны анд нь хүртэл хаан ширээний төлөө тэмцэн тэрсэлж байсан хүнд бэрх цаг үе гэдгийг харуулах гэсэн эмхэтгэн зохиогчдын өнгө аяс цухалзаад байдаг юм. 40 гаруй насны Жамухад дүү Тайчираас өөр түүхэн хүн болохыг нь бататгах ах дүүс, үр хүүхэд, гадаад дотоодын түүхэн сурвалжид тэмдэглэгдэн үлдээгүй төдийгүй эд өлгийн зүйлд баталгаатай дурсгал, баримт сэлт төдийлөн алга байдаг. Боданчар дээдсээс хойш Тэмүжин 10 дахь, Жамуха 5 дахь үе буюу нөхөрлөн тулалдаж дайсагнан садагнах боломжгүй туурвил зэргээс үүтгэн МНТ-д цөөнгүй уран сайхны дүр бүтээгдсэн гэдгийг утга зохиол судлаачид хүлээн зөвшөөрөх цагт нэгэнт болсон гэж боддог.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих