ҮХЦ-ийн шийдвэрийг хүчингүй болгож, 8 хувийн хүүг бууруулах боломж бий гэж УИХ-ын дарга З.Энхболд хариуцлагатайгаар мэдэгдсэн. ҮХЦ-ийн шийдвэрээс болж 8 хувийн хүүтэй ипотекийн зээл зогсонги байдалд ороод байгаа. Шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлээд, банкинд урьдчилгаа мөнгөө төлөөд зээл нь шийдэгдэж, байрандаа орохын даваан дээр гацсан хэдэн мянган хүн яахаа мэдэхгүй эргэлзэж сууна. Тэд Ардын нам ч бай Ардчилсан нам ч бай аль аль нь улстөржилгүйгээр асуудлыг нааштайгаар шийдэж өгөөсэй гэж улстөрчдийг царай алдаж байна.
ҮХЦ иргэдийнхээ халаасыг тэмтэрч, эмзэг сэдэв дээр нь дөрөөлсөн шийдвэр гаргасан энэ үед УИХ-ын дарга З.Энхболд "Буянт-Ухаа 2” хорооллын нээлтийн үйл ажиллагаан дээр чихэнд чимэгтэй нэгэн мэдээллийг дуулгасан. Тэрбээр "Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр ипотекийн зээлийн хамгийн чухал хоёр хуулийн гурван заалтыг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн. Үүнээс үүдээд Монголбанк болон бусад арилжааны банкууд энэ зохицуулалтыг дахин хуульчлахаас нааш орон сууцны зээл олгох боломжгүй гэж байгаа. Энэ асуудалтай холбогдуулан УИХ-ын даргын хувиар би хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг хүчингүй болгож, хуучин ямар хуультай байсан, яг тэр зүйл заалтаар нь сэргээх болно. Үүн дээр Үндсэн хуулийн Цэц, МАН-тай зохицоод хуулийн хуучин зүйл заалтыг өөрчлөөд байх шаардлага байхгүй гэж бодож байна. Жилд найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг анх 2013 оны дунд үеэс олгож эхэлсэн нь сонгуулийн ямар нэг зорилго, улс төрийн оноо авахад зориулагдаагүй. Гэтэл МАН-ынхан үүнийг юу гэж бодож явдаг болохыг Та бүхэн харсан байх. Одоо дараагийн сайн мэдээг та бүхэнд дуулгая. Ипотекийн зээлийн үйл ажиллагаа бүр 1990-ээд оны дунд үеэс хэрэгжиж байгаа, гэхдээ зээлийн хүү нь 20 хувь байсан болохоор тэр бүр олон айл өрх хамрагдаж чаддаггүй байв. Харин 2013 онд найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг олгож эхэлснээр олон зуун мянган айл өрх орон сууцтай болох боломж бүрдэж, өнөөдрийн байдлаар 76.000 айл шинээр орох буюу хуучнаасаа хамаагүй бага мөнгө төлөөд орон сууцтай болж байна. Үүний дараагийн логик үргэлжлэл бол 2013 оны 05 дугаар сард инфляци 14 хувьтай байсан. Жилийн 14 хувийн инфляцитай байхад үндсэндээ найман хувийн зээл гэдэг татаас байсан, гэхдээ бид татаасгүйгээр шийдвэрлэж чадсан. Өнөөдөр инфляци гурван хувьд хүрлээ, найман хувийн хүү буурах ёстой. Бид энэ бодлогоо УИХ-ын 2016 оны хаврын ээлжит чуулган дуусахаас өмнө ажил болгоно. Эхлээд Үндсэн хуулийн Цэцийн хүчингүй болгосон хуулийг батална, дараа нь зээлийн найман хувийн хүүг бууруулна” хэмээсэн.
УИХ-ын дарга аа, орон сууцтай болох гэсэн маш олон иргэд таныг хэлсэн үгэндээ хүрэхийг хүсч байгаа. Нэгдүгээрт, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг хүчингүй болгож, хоёрдугаарт 8 хувийн хүүтэй орон сууцны зээлийн хүүг бууруулна гэсэн амлалт тань олны талархлыг хүлээгээд байгаа гэдгийг сануулах нь илүүц биз ээ. Талархал дагаж хариуцлага ирдэг гэдгийг та эрхбиш мэдэж байгаа байх гэж найдаж байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих