1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд Манж Чин улсаас салж, тусгаар тогтнолоо зарласан монголчууд VII Богд Жавзундамбыг хаан ширээнд залж Ар, Өвөрмонгол болон Хөхнуурын элэг нэгтнээ багтаасан нэгдсэн улс байгуулах тал дээр богино хугацаанд багагүй амжилтад хүрсэн билээ. Гэвч тухайн үеийн олон улсын харилцаанд аливаа улсын тусгаар тогтнолыг бусад орнууд, юуны түрүүнд хөрш зэргэлдээ улсууд нь хүлээн зөвшөөрсөн тохиолдолд л хүчин төгөлдөр болдог зарчим үйлчилж байлаа. Энэ зарчим Европын газрын зургийг өөрчилсөн 1648 оны Вестфалийн гэрээнээс эхтэй гэдэг.
Богд хаант Монголын Засгийн газар гадаад орнуудаар тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх тал дээр маш их хүчин чармайлт гаргасан ч тодорхой үр дүнд хүрэлгүй хоёр жилийг үдсэн байдаг. Ингээд, 1914 оны есдүгээр сарын 8-нд Хиагтад Орос, Хятад, Монголын гурван талт хэлэлцээ эхэлсэн ч талуудын санал зөрөлдөөнөөс үүдэн бүтэн есөн сар үргэлжлэн сая нэг гэрээ байгуулснаар өндөрлөсөн байдаг. Монголын тал нэгдсэн Монгол Улсыг хүлээн зөвшөөрүүлэх гэж зүтгэсэн ч хоёр хүчирхэг хөршийн тулгасан гэрээгээр Өвөрмонгол Хятадын эзэмшилд шилжиж, Ар Монгол Оросын нөлөөллийн онцгой бүсэд багтах өөртөө засах автономит эрхтэй болсон билээ.
Ийнхүү одоогоос 100 жилийн тэртээ Хиагтын гэрээ гэгчээр монголчууд нэгэн дээвэр дор нэгдэн төр улсаа бадраах түүхэн боломжоосоо татгалзахад хүрсэн юм. Улмаар, генерал Сю Шү-жан 1919 оны арваннэгдүгээр сарын 22-нд Монголын автономит засгийн эрхийг устгасныг зарласан Хятадын ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонсгосноор монголчууд хэврэг боловч тусгаар тогтнолоо дахин алдахад хүрсэн байдаг.
Б.БАРС
Эх сурвалж: Зууны мэдээ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих