Наанатай цаанатайг ойлгочихсон
Намбатай суурьтай болчихсон
Баргийн юманд гэнэдэхгүй
Барьц алдан сандрахгүй.
Алдсанаа нөхөх гэж яарсан
Амраглан жаргахаар тэмүүлсэн
Халамж хайрын далай мэт
Харгүй цэлмэг тэнгэр мэт
Бүсгүй хүний гоо сайханыг
Бүлээн зүрхээрээ мэдэрчихсэн
Янаг дурлалын эрдэм чадалд
Янзтай сайхан суралцчихсан
Сэтгэл нь гэж сүү сүү
Итгэл нь гэж гэрэл гэрэл
Нүнжиг нь гэж далай далай
Нүүр нь гэж буян буян.
Хайрлах дурлах хоёрыг
Хачин сайхан хослуулдаг
Хардах харамлах хоёрыг
Хамгаас эвлэгхэн гаргачихдаг.
Хайр даах нэгнийг ялгаж салгаж таньдаг
Хань болох нэгнийг дэргэдээ аргамжиж чаддаг
Сайхан царай,сайхан биеийг бахдавч
Сац бас дотоод гоог шүтдэг.
Үр хүүхдээ санасандаа хүргэсэн
Үе хойчдоо ч боломжийг бүрдүүлсэн
Хийсэн ажилтай,туулсан түүхтэй
Хэлэх үгтэй,хойморлох хүндтэй.
Буян нүглийг ялган салгадаг
Бусдын харцанд үл дальдардаг
Хээтэй хорвоог өөрийнхөөрөө зураж
Хэлхсэн амьдралаа нуруундаа үүрч
Зовлон жаргалд барьц алдахгүй
Зоргоороо бүсгүйд нуруугаа алдахгүй
Тэнгэр татсан өөдөө хийморьтой
Тэнд орших өндөр заяатай
Талын Монголын чимэг эрс
Ташуурын амт шиг шорвог эрс
Газарт шаасан гадас шиг эрс
Гандан буурахгүй омог эрсээ.
Тавь гарсан эрчүүдээ гэж...
2015-01-04,Жаргал.Н.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=13665
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих