Улс төрийн ууган хүчин МАН, удаах хүчин АН-ынхан ажин түжин байна. Долоо хоног бүрийн даваа гарагт уламжлал ёсоор болдог Бүлгийн хуралдаанаа аль аль нь хуралдуулахгүй суугаа нь үүний бэлээхэн жишээ. Тэднийг ийн ажин түжин, санаа амар суулгах шалтгаан маш энгийн. Тэр нь оны өмнөхөн баталсан Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөлтэй холбоотой. Нэг үгээр хэлбэл, ах, дүү намынхан айдгаа авдартаа хийчихсэн хэрэг.
Уг нь УИХ-аар удтал хэлэлцэж баталсан хууль, тогтоомж хэрэгжиж эхлэх өдөртөө л бүрэн эхээрээ цахим сайтад байрших ёстой л доо. Гэвч УИХ-ын Тамгын газар, гишүүдийн амнаас тоймтой хариу өгөхгүй буйгаас харахад сэмхэн баталсан хуулийн төслөө хэсэгчлэн шуум тараах замаар гэрэл цохиулахаар төлөвлөж буй мэт. Ямар ч байсан ил болсон зарим заалтаас АН, МАН-ын төлөөллийн тайлбараас харахад ирэх сонгуулийн ялагч нь хуулийг баталсан АН, МАН байх нь.
Жижиг намуудын төлөөллүүд түрүүчээсээ Сонгуулийн хуулийн шинэчилсэн найруулгын бэх нь хатаж амжаагүй байхад Цэцэд хандахаар болсноо илэрхийлж эхэлсэн нь бас нэгэн жишээ юм.
Санаж байгаа бол Сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хоёр, бүхэлд нь шинэчилсэн нэг нийт гурван хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан нь саяхан. Тэр нь Р.Бурмаа нарын шинэ хууль, Су.Батболд нарын буюу МАН ба парламентад суудалгүй 22 намын, О.Баасанхүү нарынх. Харин эдгээр хуулийн төслийг нэгтгэх үүргийг УИХ-аас хүлээсэн А.Бакей гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг тав хоногийн хугацаанд хуралдахдаа Р.Бурмаа нарын төслийг гол сууриа болгож түүн дээрээ Су.Батболд, О.Баасанхүү нарын санал болгосон нэмэлт өөрчлөлтөөр "тоосгоо” өрсөн гэх. Гадна талаас нь харвал бүх намын саналыг тусгасан ч юм шиг. Яг л эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй гэдэг шиг. Гэтэл хэдийнэ зэс нь цухуйсан Сонгуулийн шинэ хуулийн агуулгаас харахад бүхэлдээ АН, МАН-ынханд л зориулжээ.
Жишээ нь, нам нь таван хувийн саналын босго давсан ч тойрогт нэр дэвшигч нь ялалт байгуулаагүй бол тухайн намд суудал хуваарилахгүйгээр зогсохгүй саналыг хүчингүй болгохоор хуульчилжээ. Энэ нь АН, МАН-ын хувьд боломжтой хувилбар ч бусад жижиг намууд хүссэн хүсээгүй хаалганы цаана үлдэх юм. 2012 оны сонгуулиар ИЗНН-ынхан тойрогт ялалт байгуулаагүй атлаа таван хувийн босго давсан үзүүлэлтээр парламентад хоёр, нийслэлийн ИТХ-д нэг суудал авсан байдаг. Харин энэ удаад тойрогт ялахгүй л бол тэдэнд дахин тийм боломж олдохгүй нь. Үе үеийн парламентад нэг суудлаа хадгалж, тэр хэмжээгээрээ сонгогчдын хүрээлэл бий болгосон ИЗНН-ын хувьд мэдээж энэ нь хохиролтой заалт. Дан ганц ИЗНН гэлтгүй гуравдагч хүчнээр тодорч, эрх баригчийн төвшинд шилжин МАХН-МҮАН-ын "Шударга ёс” эвсэлд мөн халтай тусч мэдэх заалт.
Г.Уянга, Л.Цог нарыг эс тооцвол эвслийн бүлгийн найман гишүүн жагсаалтаар орж ирсэн эрхмүүд. Г.Уянга гишүүн тусдаа нам байгуулахаа илэрхийлж, Л.Цог нь МАХН-ын даргатай түнжин хагарч, дотооддоо зөрчилдөж эхэлсэн энэ үед эвслийн бүлгээс ирэх сонгуульд өнгөлөх ганц хүн нь Н.Энхбаяр болоод буй. Гэвч түүнийг ялгүйд тооцох хугацаа 2017 оны наймдугаар сарын 3-нд дуусгавар болохыг ЗГХЭГ-ын Хуулийн хэлтсээс Ерөнхий сайдад хүргүүлсэн албан бичигт тодорхой дурдсан байна лээ. Шинээр хэрэгжүүлэх Эрүүгийн хуулиар түүнийг ялгүйд тооцох хугацаа хүчингүй болно гэх ч ирэх есдүгээр сарын 1-нээс албан ёсных болохоор хуульчилсан нь Н.Энхбаярыг нэр дэвшихгүй байх хамгийн бодит хариулт болж буй. Тэгэхээр Н.Энхбаярт зориулж Сонгуулийг хойшлуулдаггүй л юм бол эвслийн бүлэг ялангуяа МАХН-ынхан дахин жагсаалтаар орж ирэх "мөрөөдөл”-өө орхихоос өөр сонголтгүй үлдэх нь. Парламентад суудалтай бүх намууд сонгуульд оролцоно гэж тооцвол Дээд шүүхэд бүртгүүлсэн огноогоор нь эрэмбэлэхээр хуульчилсан болохоор МАХН саналын хуудасны 18 дугаарт бичигдэх нь өөрөө хасах үзүүлэлт билээ.
Сонгуулийн хуульд туссан сондгой заалтуудын нэг нь сурталчилгааны хугацааг багасгаж 16 хоног болгоод байгаа юм. АН, МАН гэхээс бусад намуудын хувьд сурталчилгаагаа хийж дуусгалгүй, олон нийтэд танигдаж амжихааргүй хугацаа. Үүн дээр нэмээд аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийг УИХ-ынхтай хамтад нь явуулахаар хуульчилсан нь жижиг намуудыг хавчсанаас өөрцгүй юм. Үүнээс гадна бие даагчдыг шахаж гаргах аргаа тэд эвтээхнээр хуульд тусгачихсан байх юм. Жишээ нь, Сонгуулийн нэгдсэн хуульд нам, эвслийг дугуйлаагүй бол саналын хуудсыг хүчингүйд тооцохоор заажээ. Нэг үгээр хэлбэл, сонгогч нам эвслийг дугуйлалгүй зөвхөн бие даагчийг дэмжиж дугуйлсан нөхцөлд санал нь автоматаар хүчингүй болох юм.
Бүх намын саналыг тусгасан гэж хэлж болох ганцхан заалтыг оруулсан нь сонгогчдын саналын 50 хувийг гараар давхар тоолохоор л хуульчилжээ. Нэн шинэхэн гэж хэлж болох нэг заалт оруулж ирсэн нь нийслэл, аймагт намын жагсаалтыг байхгүй болгохоор хоёр нам санал нэгджээ. УИХ-ын 28 гишүүнийг жагсаалт буюу холимог тогтолцоогоор сонгох бол нийслэл, орон нутагт нэр дэвшигчид өөрсдийн хүчээр өрсөлдөнө гэсэн үг.
Үүнийг ниислэл, орон нутаг дахь улстөржилтийг багасгаж, бодит ажил хийхэд нь түлхэц болохыг хууль санаачлагчид тайлбарлаж байгаа юм. Мөн Сонгуулийн шинэ хуультай холбогдуулж нийслэлийн ИТХ-ын 30 тойргийг нэмэгдүүлэх мэдээлэл байна. Хуульд зааснаар Ерөнхийлөгч УИХ-аас баталсан хуупь, тогтоомжид ажлын тав хоногт багтаан хориг тавих эрхтэй. Үүгээр Ерөнхийпөгчийн хориг тавих хугацаа өчигдөр дуусгавар болоод байна. Ингэлээ гээд АН, МАН-ынхан санаа амарч байна гэвэл үгүй.
Бие даагч гишүүд тэргүүтэй жижиг намын төлөөллүүд түрүүчээсээ Сонгуулийн шинэ хуулийг Үндсэн хуулийн цэцэд өгөхөө илэрхийлж эхлээд байгаа. Тэгэхээр УИХ тэр дундаа АН, МАН-ынхан Ерөнхийлөгчийн хоригийн хугацаа дуусчихлаа хэмээн баярлах нь арай эрт юм. Үндсэн хуулийн цэцээс зөвхөн энэ онд гэхэд 14 дүгнэлт гаргасан байдаг. Түүхэндээ нэг жилийн хугацаанд Цэцээс хамгийн олон дүгнэлт гаргуулсан энэхүү дээд амжиптын эзэн нь одоогийн парламент. УИХ-аас баталж гаргасан хууль, тоггоол Үндсэн хуультай зөрчилдөж эхэлсэн гэсэн үг. Хамгийн сүүлд Үл хөдпөх хөрөнгийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуультай зөрчсөн гэсэн дүгнэлт гаргаснаас арилжааны банкууд найман хувийн зээлээ зогсоосон нь нийгэмд томоохон бухимдлыг үүсгэсэн. Тэгэхээр Сонгуулийн шинэ хуупь Цэц дээр очоод унахгүй гэсэн баталгаа өнөөдөртөө байхгүй хэрэг. Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэрийг УИХ "аргалж” болох ч Их суудлын хуралдаанаас гаргасан дүгнэлт эцсийнх болж буудаг нь Цэцийн өөрийнх нь дархлаа. Бие даагч гишүүд тэргүүтэй жижиг намууд зүгээр ч нэг Цэцэд хандахгүй нь тодорхой. Эвсэж шүүсийг нь шахсан гэх Сонгуулийн шинэ хуулиас ямар нэгэн цоорхойг нь харж л таараа. Тийм байпаа гэж бодсон ч бэх нь хатаагүй Сонгуулийн шинэ хуулиар хожих нь ард түмэн бус маргаангүй МАНАН байх нь ээ.
С.ГАНДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих