Германы армийн генерал бөгөөд фельдмаршал Паулюсын цэргүүд 1942 оны зун амжилттай давшсаар Харьков, Крымийг эзлэн аваад удаагүй байтал тэдэн дээр Зөвлөлтийн талаас
морьт дивизийнхэн очиж нэгдэв.
Энэ бол хожмоо 110 дугаар тусгай дивиз буюу халимагийн морьт цэргүүд байлаа.
Германчуудад очиж нэгдсэн тэдгээр халимаг эрчүүд Оросын дарлалаас чөлөөлөгдөх хүсэлтэй байгаагаа илэрхийлэн өөрсдийнхөө
хас тэмдэг бүхий хөх тугаа үзүүлсэн ажээ.
Ингээд зогсохгүй Халимагийн нутаг дэвсгэрийг оросуудаас яаралтай чөлөөлөх, тэнд амьдарч
буй халимагийн ард түмнийг алж хөнөөхгүй, айлгаж зовоохгүй байх, бас тэдэнд маш яаралтай хүнсний тусламж үзүүлэх шаардлагатай байгаа зэрэг олон асуудлаар германчуудтай харилцан ярилцаж тохиролцоонд хүрсэн байна.
Төдөлгүй хэд хоногийн дараа 1941 оны 8 сарын 12-нд герман, халимагийн хамтарсан хүч Халимагийн нийслэл Элстэй хотыг эзлэн авч
чаджээ. Халимагийн нийслэл Элстэйг халимаг цэргийн хамтаар эзлэн авсны дараагаар тусгай ажиллагаа явуулсан байна.
Энэ ажиллагааг Германы СС-ын Лео Фон Дер Рекк болон гаупштурмфюрер Роль Маурер нартай Долгион Шонхоров, Цэрэн Хожгоров зэрэг халимаг эрчүүд гардан явуулжээ.
Дээрх ажиллагаа нь шинээр Халимагийн Түр Засгийн газрыг эмхлэн байгуулах, халимагийн ард түмнийг хэлмэгдүүлэн зовоож байсан Оросын коммунистууд болон еврей нарыг олж
устгахад чиглэгдсэн бөгөөд Элстэй хотод нийт 800 гаруй орос коммунистуудыг нэг өдрийн
дотор баривчлан устгажээ.
Хамтралд мал хөрөнгөө хураалгасан халимаг малчдад мал олгох, хот суурингуудад сүм дуган
ба халимаг хэл дээрх сургуулиуд нээх, мөн аж ахуйг сэргээн босгох ажил энэ үед амжилттай хэрэгжив. Түүчлэн германчуудад туслах морин
цэргийн зуутууд байгуулагдаж түүнд халимаг эрчүүд сайн дураар олноор орох болжээ.
Тус бүр нь 150 хүний бүрэлдэхүүнтэй байх
журамтай байсан эдгээр зуутуудад халимаг
эрчүүд тийнхүү олноор элсэн орох болсноос
үүдэж зарим нь бүр 500 хүний бүрэлдэхүүнтэй
болон өргөжиж байв. Иймэрхүү 25 зуут
байгуулагдаж сүүлдээ халимагийн сайн дурын
морин цэргийн корпус болон өргөжсөн гэдэг.
Халимагийн сайн дурын морин цэргийн корпус
байгуулагдсанаар Германы армид Умард
Кавказ, Өмнөд Оросын нутаг дэвсгэрийг богино
хугацаанд эзлэн авах, тэрчлэн Сталинградад
тулж очиход маш дөхөм болсон байна.
Тийнхүү халимагийн ард түмэн Оросын
коммунизмын наран дор тарчлахаа байж харин
Германы III Рейхын дор амьдран жаргана гэж
төсөөлж байсан ч энэ нь санаснаар болсонгүй.
1943 онд Зөвлөлтийн цэргүүд германы 6 дугаар
армийг Сталинградад бүслэн устгаж цэргийн
ихэнхийг үй олноор нь олзлон авсны дараагаас
фронтын байдал өөрчлөгдөв. Германчууд бут
цохигдон өрнө зүг буруулан ухарснаар оросууд
Халимагийн нутагт орж ирээд л хэлмэгдүүлэл,
яргаллыг хэмжээ хязгааргүй үйлдэх болов.
1943 оны 8 дугаар сарын 21-нд Германаас
чөлөөлөгдсөн халимагийн асуудал гэсэн
сэдвээр Зөвлөлтийн эрх баригчид маш нууц
төлөвлөгөөг хэлэлцэж зөвлөлдсөн бөгөөд 1943
оны 12 дугаар сарын 27-нд ЗХУ-ын Дээд
Зөвлөлийн тэргүүлэгчдийн тусгай тогтоолыг
батлан гаргажээ.
Уг тогтоолд зааснаар Автономит Халимаг
улсыг татан буулгаж, Зөвлөлт Социалист Бүгд
Найрамдах Холбоот Орос улсын бүрэлдэхүүнд
багтах Астрахань мужид нэгтгэх, түүнчлэн
тухайн нутаг дэвсгэрт аж төрж байгаа бүх
халимаг хүмүүсийг хөгшин залуу, хүүхэд
эмэгтэйчүүд гэлтгүй бүгдийг нь орон гэрээс нь
баривчлан хүчээр гаргах, Сибирь, Хойд туйлын
хүйтэн нутагт цөлөх, хүнд хөдөлмөрт албадан
ажиллуулахаар шийдвэрлэжээ.
Энэхүү тогтоол ёсоор Зөвлөлтийн Аюулаас
Хамгаалахын хошууч генерал Маккеевын
удирдлаган дор Зөвлөлтийн дотоодын цэргийн
залхаан цээрлүүлэх анги нэгтгэлүүдийг
Халимаг руу илгээв.
1943 оны 12 дугаар сарын 28-нд үүрээр хот
суурин хийгээд хөдөө нутгийн малчин өрх айл
бүрийн гадна сайтар зэвсэглэсэн орос офицер,
цэргүүд хэдийнээ ирж зогсоод үүд хаалгыг нь
нүдэн сандаргаж байлаа.
Ингээд бидний монголчуудын нэгэн хэсэг
халимаг ахан дүүсийг улаан оросууд үй олноор
хядаж үлдсэнийг нь харийн хүйтэн нутагт
хүчээр цөлж эхэлжээ. Халимагуудыг мал ачдаг
галт тэрэгний цуваанд хүчээр чихэж өлсгөлөн,
хүйтэн, агааргүйдэлд оруулан хөнөөж эхэлсэн
юм. Энэ тухай ийм нэгэн гунигт дуу тэр үед
зохиогдсон:
Декабрь сарын хорин найманд
Дэгтэй халимагуудыг нүүлгэв ээ
Дэгтэй халимагуудыг нүүлгэв чиг
Дээдэстээ залбираад гарав аа
Хүйтэн Сибирийн замдаа
Хөлдөөд хөхрөөд одов оо
Хөөрхий халимагууд минь
Хөөрхий халимагууд минь
Мандаад наран гарлаа
Манийгаа туугаад одлоо
Манийгаа зовоосон
Сталинг Махчин нохой идтүгэй
Хүйтэн Сибирийн замдаа
Хөлдөөд хөхрөөд одов оо
Хөөрхий халимагууд минь
Хөөрхий халимагууд минь
Сталинградад тулалдсан ойрад монгол генерал
1943 онд халимагуудыг Сталины заавраар
фронтоос татаж Сибирьт цөлөхөд үлдэж
хоцорсон цөөхөн халимаг дайчдын нэг нь Ока
Городовиков юм. Дон мөрний жирийн халимаг
айлын хүү тэрээр дэлхийн хоёр ч дайны дарийн
утаа үнэрлэжээ. Дэлхийн нэгдүгээр дайнд
хаант Оросын армид унтер офицер цолтой
тулалдсан байна.
1941 онд О.Городовиков нь баруун хойд
фронтын 8 дугаар армийн командлагч байв.
Мөн Сталинградын тулалдааны үед дайсны ар
талд морин цэргийн ажиллагаа зохион
байгуулсан юм.
Хурандаа генерал Ока Городовиковыг 1958 онд
ЗХУ-ын баатар цолоор шагнажээ. Тэрээр 1960
онд нас эцэслэсэн байна. Ойрад монгол энэ
баатрын хөшөө Элстэй хотод сүндэрлэж,
Халимагийн нэг хотыг түүний нэрээр нэрлэжээ
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=13671
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих