Дорнод аймгийн Морин спорт уяачдын холбоо 12-р сарын 31-ний өдөр 2015 оны хамгийн отгон шинэ жилийн наадмыг зохион байгуулж, улиран одож буй жилийнхээ ажил үйлс, амжилт бүтээлийг дүгнэлээ. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун тэргүүтэй Дорнод аймгийн МСУХ уяачдынхаа хөдөлмөрийг үнэлүүлэх, олон түмэнд алдаршуулан таниулах талаар багагүй ажил зохиож буй. Энэ жил тус холбооны 20 жилийн ой тохиож байна. Түүхт ойн жилээ манай аймгийн шилдэг 16 уяач төрийн хүндлэл хүлээн, энгэртээ одон гэрэлтүүлж, аз хийморь дүүрэн угтлаа.
Наадамчин олноо баясган цэнгүүлэхийн төлөө олон жилийн нөр их хөдөлмөр, цаг зав, хөрөнгө хүчээ зориулдаг хийморьлиг бөгөөд буянтай хүмүүс бол уяачид байдаг. Бусдад баяр цэнгэл бэлэглэж, адууны соёл, Монгол өв уламжлалаа хадгалан үлдээхийн төлөө зүтгэл гарган хөдөлмөрлөж буй уяачдын маань шагналын буухиаг он солигдохын өмнөхөн Баянтүмэн сумын харъяат Улсын алдарт уяач Дугарын Дугарсүрэн гуай эхлүүлсэн. Бага залуу наснаасаа өтөл буурал болтол уяачийн эрдэмд шамдан суралцаж, хурдан буяныхаа тоосыг төрийн их баяр наадамд өргүүлж, наадамчин олноо цэнгүүлж яваа тэрбээр 90 насныхаа босгон дээр Алтан гадас одон хүртсэн баярт үйл явдал тохиосон юм. Өнгөрсөн жил тус сумын харъяат МУ-ын Алдарт уяач Дондов, Чойжинжав гуай нар 80 насныхаа босгон дээр "Алтангадас” одон хүртэж байсан билээ.
Аливаа хурд ээлж дараалан айлуудын уяанд зочилдог шиг морио уяж, олон түмнээ баясгаж цэнгүүлж байгаа цагт дараа дараачийн уяачид маань төрийн хүндлэл хүлээн, шагналын буухиаг үргэлжлүүлэх нь дамжиггүй биз ээ.
Дорнод нутгийн уяачдын амжилтуудаас:
- 2015 оны жилийн эцсийн мал тооллогоор 20 түмэн адуутай аймаг боллоо.
- МУ-н Алдарт уяач цолыг сар шинийн босгон дээр Т.Батзориг, Б.Цэндбаатар нар хүртлээ.
- 2015 оны 8 сарын 8-9-нд Говьсүмбэр аймагт зохион байгуулагдсан Монголын МСУХ-ны түүхт 20 жилийн ойн баяр наадмаар морины зүтгэлтэн, ахмад болон дунд үеийн олон уяачид Эрдэнийн очир, Уяачын алдар, 20 жилийн ойн хүндэт тэмдэгээр шагнагдсан
- Баянтүмэн сумын харьяат Энхболдын Түвшиндондог маань өмнөх 2014 онд шагналт байранд орсон амжилтаа ахиулан 2015 онд Улсын баяр наадмын хөтөлбөрт орсон Шилдэг адуучин тэмцээнд төрөл тус бүртээ өндөр амижлт үзүүлэн Тэргүүн байрт шалгарлаа. Шилдэг адуучин залуугийн маань 2 өвөө нь Баянтүмэн сумын харьяат МУ-н Алдарт уяач О.Шадав, Д.Дугарсүрэн нар билээ.
- Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Х.Чойбалсангийн мэндэлсний 120 жил, Хөлөнбуйр, Цагаан-Овоо, Баяндун, Дашбалбар сумдын тэгш ойнууд тохиож уяачид маань хандив өргөж, морьдоо уяж нутаг нутагтаа сайхан наадацгаалаа.
- ММСУХ-ны 2015 оны Шилдэг их насны 9 моринд Хөлөнбуйр сумын харьяат Т.Энхцогтын хар саарал морь 2 дахь удаагаа, Матад сумын Н.Бат-Очирийн хул морь анх удаа эрэмбэлэгдлээ.
- Үүнээс гадна Аймгийн алдарт уяач Ц.Эрдэнэцогтын унаган хурц хүлгүүд аймаг, сумын наадмуудад олон айраг түрүү хүртжээ. Тухайлбал ААУ Н.Батжаргалын хонгор соёолон, Б.Түмэнзаяагийн ембүү хонгор хязаалан Аймгийн баяр наадам болон Адуунчулуун ХК-н 60 жилийн ой, Хөлөнбуйр, Цагаан-Овоо сумдын тэгш ойд айрагджээ.
Шилдэг уяачаар:
Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат Цэрэнжавын Эрдэнэцогт шалгарлаа. 2013 онд мөн шилдэгээр шалгарч байсан. 2015 онд Алтангадас одон энгэртээ зүүсэн алдарт маань төрийн шагналаа мялааж:
- 2015 оны 3 сард Аймгийн МСУХ-ны нэрэмжит дээд гурван насны хаврын уламжлалт уралдаанд зээрд азарга түрүүлж, "Аварга” хээр соёолон айрагдсан
- 2015 оны 7 сарын 1-2-нд БНМАУ-н хошой баатар, өрлөг жанжин Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 120 жилийн ойн баяр наадамд хээр соёолон, хүрэн шүдлэн тус тус түрүүлсэн
- 2015 оны 7 сарын 9-10-нд Аймгийн баяр наадамд зээрд азарга аман хүзүү, хүрэн халзан даага аман хүзүү,хүрэн шүдлэн түрүүлсэн
- 2015 оны 7 сарын 17-19-нд Сүхбаатар аймгийн Асгат сумын 90 жилийн ойн баяр наадамд зээрд азарга, хүрэн шүдлэн тус тус түрүүлсэн
- 2015 оны 7 сарын 25-26-нд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд зохион байгуулагдсан "Зүүн бүсийн хурд” даншиг наадамд зээрд азарга айрагдаж, хүрэн шүдлэн аман хүзүүдсэн амжилт үзүүлжээ.
Шилдэг уралдаанч хүүхдээр:
Хэрлэн сумын харьяат, "Шинэ хөгжил” цогцолбор сургуулийн сурагч Магсарын Рэнцэндорж, 11 настай аймгийн наадмаас 1 түрүү, 2 айраг, сумын наадмаас 4 түрүү, ЗГ-н тогтоолтой зүүн бүсийн наадмаас 2 айраг хүртсэн амжилтаар тэргүүлжээ.
Шилдэг азаргаар:
Хэрлэн сумын 6 багийн харьяат Аймгийн Алдартч уяач Ц.Эрдэнэцогтын Зээрд азарга Аймгийн МСУХ-ны наадмын түрүү, аймгийн баяр наадмын аман хүзүү, сумын тэгш ойн түрүү, ЗГ-н тогтоолтой Зүүн бүсийн наадамд айрагдсан амжилтаар шалгарлаа.
Шилдэг Их насны мориор:
Матад сумын Алдарт уяач Маруушийн Мөнхсайханы Бор морь Аймгийн МСУХ-ны хаврын уралдаанд 9-д хурдалж, Маршалын 120 жилийн ой болон Аймгийн баяр наадамд тус тус аман хүзүүдсэн амжилтаар шалгарлаа.
Шилдэг салбар холбоогоор:
Пүрэвгэрэлийн Гэрэлбаатар Тэргүүнтэй Матад сумын МСУХолбоо ажил үйлсээрээ бусдыгаа хошуучилжээ.
Уяачдын шинэ жилээр тодорсон "Оны азтанууд-2015″
Уяачдын шинэ жилээр ирсэн зочид дундаас сугалаа сугалуулж 9 азтанг тодруулсан. МСУХ-ны зүгээс уяачдынхаа айсуй жилийн олз хийморийг бэлгэдэж, зэс домбо, гуулин цар, гуулин аяга, зэс данх зэрэг дээшээ харсан сав болон хийморийн мөнгөн морь, мөнгөн бүрмэл хазаар зэрэг Монгол дархчуудын бүтээл бэлэглэж байлаа.
- Шинэ Монгол даага: Матад сумын аймгийн Алдарт уяач Ц.Баатар гуайн хүү Б.Ганбат. Энэхүү супер шагналд Дорнод аймгийн МСУХ-ны тэргүүн Х.Болорчулуун өөрийн адуун сүргээс даага сонгож авах эрхийг сугалуулжээ. Олон жилийн өмнө Матад сумын уяач Ц.Баатар гуай өөрийн сүргээс Х.Болорчулуун гишүүнд хурдан морь зүслэн өгч байсан нь эргэж, Хүү Б.Ганбатад нь азын шагнал – Шинэ Монгол адуу таарч буй нь бэлэгшээлтэй явдал болсныг ярьж байлаа.
- Үүлэн хээ бүхий гуулин эмжээртэй зэс домбо: Хэрлэн сумын харьяат Аймгийн МСУХ-ны Хяналтын зөвлөлийн гишүүн Л.Ариунболд
- Гуулин цар: Матад сумын "Буман хурд гал” уяа сумын Алдарт уяач М.Мөнхсайханы гэр бүл Д.Отгонтуяа
- Номин ногоон чулуун дээр заларсан цул мөнгөн хийморийн морь: Хэрлэн сумын уяач С.Галт
- Тоногтой суран хазаар, ташуур /африкийн улаан модон/: Халхгол сумын Алдарт уяач Б.Батдорж
- Зэс данх / 3 л /: Халхголын сумын Алдарт уяач Ч.Орломжав. Дорнод нутгийн уяач бүсгүйчүүдийн төлөөлөл болсон тэрээр шинэ жилийн баярын өдрөө Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдсан давхар баяр тохиосон юм.
- Дуран /герман, 2 нүдний/: Чойбалсан сумын уяач Д.Ууганбаатар
- Нутгийн брэнд ааруул дүүргэсэн 18-н гуулин аяга: Баянтүмэн сум залуу уяач П. Гунгааням
- Есөн хөлт цагаан туг, 2 боть ном: Сэргэлэн сумын Алдарт уяач Ц.Гантулга
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих