Бид "аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе” гэж гэж нэгэнтэйгээ мэндчилдэг. Ер нь "жаргалтай хүн” гэж ямар хүнийг хэлдэг вэ,
энэ талаар өмнө нь фэйсбүүк дээрээ бичиж байсан. Улиг болсон сэдэв байж магадгүй, гэхдээ дахин бичье.
Энэ тухай ярих болохоор нэг япон андынхаа хэлсэн үгийг үргэлж санадаг. Бараг 20-иод жилийн өмнө Монголд жуулчлан ирсэн япон найз маань "жаргалтай хүн”-ий талаар их өвөрмөц юм ярьж байсан л даа. 20-иод жилийн өмнө гэдэг бол 1990-ээд оны дунд үе. Манайд бол амьдрал нэг их сайн байгаагүй үе. Бүх юм тодорхойгүй, ажил төрөлгүй хүн олон байсан. Харин япон найз маань тухайн үед монголчуудыг хараад "ядарч байгаа” дүр зургийг олж хараагүй гэсэн. Дэлгүүрт бараа таваар байхгүй гэх мэт хэцүүхэн үед монголчууд инээж наргиад л, хүүхдүүдийнх нь нүд гэрэлтээд л, баяр хөөртэй дүр зураг харсан гэж байгаа. Тэгээд хэлж байсан л даа, монголчууд эдийн засаг хүн тааруухан ч тэдэнд өргөн уудам нутаг байна, мал ахуй байна, болохоо байвал хөдөө гарахад л амьдрал байна, тэгээд эд нар ердөө юманд санаа зовохгүй байна даа, гэж бодсон гэж байгаа.
Харин одоо бол хөдөө нутаг байгаад ч, мал ахуй байгаад ч нэг л эргэлзээтэй болоод явчихлаа. Гэхдээ энэ тухай ярих гээгүй байна л даа. Өнөөдрийн сэдэв өөр.
Нөгөө япон анд маань ярьж байсан л даа. Жаргалтай хүн гэдэг бол энэ хорвоод ирэхдээ өөрт нь хорвоогоос заяасан "эрх чөлөөг” бүрэн эдэлж чадаж байгаа хүнийг л хэлнэ, гэж ярьж байсан юм. Тэрбээр яг энэ шалгуураар япон хүн, монгол хүн хоёрыг харьцуулж үзээд, "монгол хүн япон хүнээс илүү жаргалтай байна” гэсэн дүгнэлтийг хийсэн юм. Өөрөөр хэлбэл, монгол хүн энэ хорвоод анх төрөхдөө л өөрт нь заяасан эрх чөлөөг эдэлж чадаж байгааг тэр япон хүн харсан гэсэн. Жишээлбэл, монгол хүн хэнийг ч, ерөнхийлөгчөө ч, дарга сайд нараа ч, танил нөхдөө ч загнаж, бүр харааж чадаж байна. Монгол хүн юу ч бодолгүйгээр амттай л бол юуг ч хамаагүй, хэзээ ч байсан, хаана ч хамаагүй идэж, ууж чадаж байна гэнэ. Монгол хүн дуртай үедээ л ажлаа хийнэ, дургүй бол ажиллахгүй, хөдөө айраг ууна гээд яваад өгч байна, гэнэ. Дургүй нь хүрвэл гэнэт л нэг өглөө "би эрх чөлөөтэй баймаар байна” гээд хөнжил гудсаа үүрээд гэрээсээ гараад яваад өгөх юм гэнэ. Гээд яриад байвал .... гэх мэтийн зөндөө эрх чөлөөг монгол хүн эдэлж байна, гэнэ. Сүүлд нь япон найз маань "танайхны зарим нь дуртай газраа бие засдаг юм биш үү” гээд, танайхан шиг ингэж жаргаж үзэх юмсан, гэж хэлснийг нь яана.
Үнэхээр л монголчууд бид эрх дураараа байх "жаргалыг” эдэлж чадаж байна. Харин япончууд бол үгүй дээ, зогсоё гэсэн газраа зогсож чадахгүй, яагаад гэвэл, бусдад зам тавих ёстой, гудамж талбайд чанга хашгирч болохгүй яагаад гэвэл бусдын тав тухыг бодох ёстой, дарга захиралаа загнаж болохгүй, яагаад гэвэл баримтгүйгээр хүн загнаж харааж болохгүй, бусдад үргэлж л инээмсэглэж байх ёстой, яагаад гэвэл тантай харьцахгүй, хүүхдүүд нь зөвхөн хэмжиж тогтоосон газар талбайд л тоглоно, яагаад гэвэл хүний газар дээр дураараа тоглож болохгүй гэх мэт, гэх мэт, гэх мэт ...
Манайд бол сайхан доо, сайхан. Эрүүгийн хуулинд л өөрөөр заагаагүй бол яасан ч болно. Энэ чинь л ёстой хүн энэ хорвоо ирэхдээ авч ирсэн эрх чөлөө, жаргал юм шүү дээ. Япончуудаас үүгээрээ л бид илүү гарч жаргаж байгаа юм шүү дээ. Санал нэг байна уу, монгол хүн гуай?
Япон судлаач, орчуулагч Д.Төмөрбаатар
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих