
Хэлэх үг, хийх үйлдэл нь зөрдөг эрхэм
түшээдийн нэг нь Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр. Энэ номинацийг
толгойлж ч мэдэх хүн. Сайдын сэнтийд тухалснаас нь хойш салбартаа
хийсэн ажлаас нь илүү "Бөө сайд”, "Тулга сайд”, "Бодлын хүчинд итгэгч
сайд” гэдгээрээ зартай. Улс орны эдийн засгийн гол судсыг атгаж,
мөнгөний авдар дээр суусан тэрбээр сайд болсноосоо хойш нүдэнд
харагдаж, гарт баригдах юм юу хийв. Гадаад, дотоодоор явж гал бадраах,
элдэв шашны зан үйлийн ёслолыг залхтал үйлдсэнийг нь мэдэх юм. Эдийн
засаг элгээрээ хэвтсэн энэ үед салбарын сайдын хийх үйлдэл, хэлэх үг
юунаас ч илүү чухал. Гэтэл зөн билэгтэн аятай "Муу юм битгий бод. Бодох
нь байтугай бүү ярь” гэж номлол айлдаж байх юм.
Сайдынхаар
сайн юм бодоод л байвал эдийн засаг өсч таарах нь байна шүү. Ер нь
төрийн сайд хүнд байх ёс суртахуун шинэчлэлийн Засгийн газрын олон
сайдад дутаж байгаагийн нэг нь "фортуна” Н.Батбаяр. Эдийн засгийн
нөхцөл байдалд иргэдээс эхлээд Засгийн газрын тэргүүн нь "муу” дүн
тавьчихаад байхад сайд л өөрөө өөртөө "онц” дүн тавиад сууна. Төрийн
ажилд нухацтай, хууль дүрэм журмынх нь дагуу хандах учиртайгаас биш
сэтгэлийн хөөрөл, газар тэнгэрийн шүтлэгээр хандах ёсгүй гэдгийг эрхэм
сайдад сануулья. Эрхэм сайд маань "Чингис”, "Самурай” бонд-ыг юунд
зарцуулах, юунд зарцуулахгүйг толгой мэдэж шийддэг болсон юм байх.
Ааш аяг нь сайхан байвал санхүүжилт өгдөг, зан муутай байвал өгөхгүй
гэж гэдийдэг болсон сурагтай. Өөрөөр хэлбэл, дур нь хүрэхээр төсөв
баталдаг, дургүй нь хүрэхээр өгөхгүй. Энэ зангаа саяхны нэг өдөр
нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд гаргасан гэх мэдээлэл халуунаараа
байна. Үүнээс нь болж хотын мээр Н.Батбаяр сайдад алганы амт ч
үзүүлсэн гэлцэх юм. Улсын эдийн засгийн сан хөмрөгийн түлхүүрийг
атгасан хүн гэсэн шиг "Чингис” бондоос нэг ч төгрөг өгөхгүй гэхээр нь
хотын дарга ухамсрын "шанаа” өгсөн бололтой. Сайн муу ч сайддаа алганы
амт хүртээж байдаг хотын дарга нь ч яасан "том” юм. Алганы амт хүртээд
сууж байдаг сайд нь яасан ч "жижигхэн” юм. Угаас эрхэм сайд
намынхантайгаа түнжин муу. Тэр дунд нь хотын мээр ч багтана. Ийм байхад
хэн хэнийх нь үг үйлдэл хэн хэндээ таалагдахгүй байх нь мэдээжийн
хэрэг. Эдийн засгийн хөгжлийн сайдын гэдийх шалтгаан нь "Гудамж”
төслийг санхүүжүүлэхгүй гэснээс үүдэлтэй. Ингээд Э.Бат-Үүл дарга
"Гудамж” төслийн хүрээнд хийх ажлаа УИХ-ын даргад тайлагнасны үр дүнд
санхүүжилтээ авахаар болсон байна лээ.
Нээрэн
л бүтээн байгуулалтын төлөө, иргэдийн төлөө зарцуулахгүй юм бол өөр
юунд зарцуулах гэж. Ямартай ч "Гудамж” төсөлдөө санхүүжилтээ авахаар
болсон Э.Бат-Үүл даргын санаа амарч, нэг ч төгрөг өгөхгүй гэж гэдийсэн
эрхэм сайд хөмсгөө зангидан суугаа сурагтай. Түүнчлэн өнгөрсөн
хоёрдугаар сард "Шинэ төмөр зам” төслийн 200 сая ам.долларын
санхүүжилтыг өгөх ёстой байсан. Гэтэл одоо болтол өгөөгүй байгаа атлаа
"Та нар төмөр замаа тавьсангүй” гэж шүүмжилж суух. Энэ мэт
шаардлагатай байгаа төсөл, хөтөлбөрүүдийг урагш ахиулахад нэг их хүчин
зүтгэл гаргахгүй байх шиг. Тэгэхээр энэ жил хийхээр төлөвлөсөн бүтээн
байгуулалтад шаардлагатай хөрөнгө мөнгө нь байх ёстой дансандаа бий юү
гэдгийг ЭЗХ-ийн сайд Н.Батбаяраас асууя.
Асуухыг хүссэн олон ч хүн байгаа. Харин хариулт өгөх эсэх нь
эргэлзээтэй. Яагаад гэвэл тэрбээр хэвлэлийн хурал зарлачихаад
сэтгүүлчдийн асуултад хариулахгүй гээд зугатах нь холгүй гараад
явчихдаг гэм биш зан байдаг учраас тэр. Эдийн засгийг хөгжүүлэх ёстой
Н.Батбаяр сайдаас "Чингис” бондоос хэдэн төгрөг нь үлдсэн, хэрхэн юунд
зарцуулсан, одоо ямар төсөл, хөтөлбөрт хөрөнгө оруулалт хийх вэ
гэдэгт албан ёсоор тайлбар өгөхийг шаардах цаг нь болжээ. Цаашлаад
"Самурай” бонд Хөгжлийн банкны 500 сая ам.долларын зээл зэргийн талаар
иргэд, олон нийт албан ёсоор мэдээлэл авах эрх нээлттэй гэж найдаж
байна. УИХ-ын хаврын чуулганы эхэнд "давхар дээл”-тэй гишүүдийг дан
дээлтэй болгох тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Төрийн ажлыг газар,
тэнгэрийн шүтлэгээр явуулдаг Н.Батбаяр сайдыг хамгийн эхэнд дан дээлтэй
болгох нь зүйтэй. Тэгж гэмээнэ төрд нэг салбарынх нь ажил жинхэнэ
утгаараа урагшлах биз ээ.
С. Дулам
Эх сурвалж: Монголын үнэн сонин
Эх сурвалж: Монголын үнэн сонин

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=1371
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих