БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг өнөөдөр "Мерси Кор” олон улсын төрийн бус байгууллагын
Монгол дахь суурин төлөөлөгч Женнифер Билманыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд хатагтай Женнифер Билман 1999 оноос хойш 15 жилийн турш Монголд хэрэгжүүлж ирсэн төсөл, хөтөлбөрийнхөө тухай товч танилцууллаа. Энэ хугацаанд тэнцвэртэй эдийн засгийн хөгжлийг дэмжих, сайн засаглалыг хөгжүүлэх, байгаль орчны хариуцлагатай удирдлага гэсэн гурван чиглэлээр ажилласан байна. "Мерси Кор” өнгөрсөн жилүүдийн туршлага дээрээ үндэслэн дахин шинэ төсөл эхлүүлэхээр төлөвлөн өнгөрсөн оны хоёрдугаар сарын 12-ны өдөр харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан юм.
Энэ нь "Дасан зохицох, даван туулах чадвартай орон нутгийн иргэд” нэртэй хөтөлбөрийн төсөл бөгөөд уг төслийн загварыг боловсруулахаар БОНХАЖЯ-тай хамтран ажиллаж эхлээд байна. Уг төслийн эхлэл болгож энэ гуравдугаар сард 15 аймгийг сонгон уулзалт зохион байгуулж, нутгийн иргэдтэй санал солилцохоор төлөвлөсөн ажээ.
Уг төсөл хэрэгжсэнээр орон нутгийн иргэдэд нийгэм, эдийн засгийн бэрхшээлд сөхрөлгүй, даван туулах чадавхийг бий болгох бөгөөд байгаль орчинтой илүү ойр ажиллаж санхүүгийн байдлыг сайжруулах юм байна.
БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг "Мерси Кор” ТББ-ыг эртнээс мэднэ гэдгээ хэлэв. Тэрээр "Мерси Кор” хөдөө орон нутгийнханд тусламжийн гараа сунгаж, бизнес хийх хүсэлтэй, барьцааны хөрөнгөгүй иргэдэд итгэлийн зээл олгож байсанд талархаж явдгаа илэрхийлсэн юм. Мөн улс орны эдийн засаг хямарсан өнөөгийн нөхцөлд хөдөөгийн иргэдийг дэмжих шинэ төсөл эхлүүлэх гэж байгаад талархаж байгаагаа илэрхийлж, уг асуудлаар БОНХАЖЯ бүх талаар хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих