МАХН-ын дарга Н.Энхбаярыг хоёр эх оронтой гэдэг. Дураа хүрэхээр төрсөн эх орондоо ирж, дургүйгээ хүрэхээр төвхнөсөн эх орон буюу БНСУ-руугаа буцдаг гэх яриа үнэний ортой. Монголдоо нэг хэсэг хугацаанд байсан Н.Энхбаяр сайд болж чадаагүйдээ ихээхэн шаралхаж, улс төрийн намуудыг бужигнуулахаас гадна, бусдыг шантаажилж байгаад явсан сурагтай. Улс төрийн ихээхэн ээдрээтэй цаг үеийг туулж байгаа тэрбээр өөрийн нэр хүндээ багагүй алдаад байгаа энэ цагт хэрүүл хийхээс илүүтэй хэлэлцээр хийж чадахгүйд хүрсэн юм. Даргыгаа сайд болгочих санаатай цэргүүд нь улайрч, саад болох хүмүүс нь олон янзаар орилсоор энэ асуудал тэгсхийгээд намжсан. Өөрөөр хэлбэл Ч.Сайханбилэг сайд асуудлыг гацаачихсан. Уг нь МАХН-ын сайдын асуудлыг өнгөрсөн удаагийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөж байсан ч ямар нэгэн шалтгаанаар хойшлуулжээ. Магадгүй энэ нь Эрүүл мэндийн сайд Г.Шийлэгдамба батлан даалтанд гарсантай холбоотой байж мэдэх юм. Уг нь түүнийг байхгүй хойгуур МАХН-ынхан дарга Н.Энхбаярыг түүний Шадар сайдаар томилж, өдгөө Шадар сайдаар ажиллаж буй Ц.Оюунбаатарыг Эрүүл мэнд, спортын сайдаар томилуулах саналыг бичгээр мэдэгдээд багагүй хугацаа өнгөрч байгаа. Үүнийг шийдвэрлэх эрх мэдэл Ерөнхий сайдад өөрт нь бий. Хэрвээ Н.Энхбаярыг Шадар сайдаар томилчихвол улс төрийн ямар үр дагавар бий болох вэ гэдгийг ч тооцоолсон хүмүүс олон бий. Нөгөөтэйгүүр Г.Шийлэгдамба батлан даалтанд гарсанаар сайдын ажлаа хийх боломжтой талаар албанынхан мэдэгдсээр байна. Учир нь тэрбээр хоригдож байхдаа албан тушаалаасаа огцрох өргөдлөө Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хүргүүлсэн ч өнөөг хүртэл сайдын албан тушаалаас нь албан ёсоор огцруулаагүй байгаа юм. Гэхдээ Засгийн газрын хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцээгүй нэг шалтгаан Н.Энхбаяр эзгүй байгаатай холбоотой байж мэдэх юм. Учир нь МАХН-ын дарга хэдхэн хоногийн өмнө биеэ эмчлүүлэх нэрийдлээр БНСУ руу явжээ. Өдгөө түүний бие нь тааруу байгаа гэх эх сурвалжийн мэдээлэл ч байна.
Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгох хуулийн төслийг өргөн барив
"Хүний хөгжил сан”-гаас Монгол Улсын иргэнд 2016 онд хүртээх хишиг, хувь хэмжээ тогтоох тухай УИХ-ын 2015 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн 103 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд, өргөн мэдүүлэхээр тогтов. Эдийн засгийн хүндрэлийн улмаас хүүхдийн мөнгө хөтөлбөрт зориулсан төсвийг багасгаж, дээрх сангийн 2016 оны төсөвт 144 тэрбум төгрөгөөр баталсан. Үүнтэй холбогдуулан УИХ-аас 2015 оны 103 дугаар тогтоолыг гаргаж, хүүхдийн мөнгийг зөвхөн өрхийн амьжиргааны түвшингийн 1-17 дугаар бүлгийн өрхийн 0-18 хүртэлх насны хүүхдэд олгохоор шийдвэрлээд байсныг өөрчилж, өмнөх жишгээр олгох тогтоолын төслийг Засгийн газраас боловсруулжээ. Хүүхдийн мөнгийг 2016 оны 1 дүгээр сараас эхлэн 1-17 дугаар бүлгийн өрхийн хүүхдүүдэд олгоход 601.1 мянган хүүхэд буюу одоо хүүхдийн мөнгө авч байгаа хүүхдийн 58.2 хувь нь авч, 426.3 мянган хүүхэд 2016 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн хүүхдийн мөнгө авахааргүй болсон. Эдгээр хүүхэдтэй өрхийн хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргах магадлалыг 50 хувь гэж тооцвол улсын хэмжээнд 89,512 орчим өрхийн 108 мянга орчим хүүхдэд дахин үнэлгээ хийх төлөвтэй байгаа юм. Энэ ажлыг улсын хэмжээнд зохион байгуулахад Халамжийн сангийн хэмнэгдэж байгаа хөрөнгөөс 933.9 сая төгрөг зарцуулахаар Засгийн газраас шийдвэрлэсэн боловч эдийн засгийн хүндрэлтэй үед айл өрхөд очиж байгаа нийгмийн хамгааллын дэмжлэгийг бууруулахгүй байх үүднээс бүх бүлгийн өрхийн хүүхдүүдэд хүүхдийн мөнгийг олгох шаардлагатай байна. Ийнхүү Ерөнхийлөгч, УИХ-ын дарга Ерөнхий сайд нар ярилцаж зөвшөлцсөний эцэст ардын хүүхдийг алаг үзэлгүйгээр сар бүр олгодог 20 мянган төгрөгийг цаашид үргэлжлүүлэн олгох шийдвэрийг гаргаад байгаа нь олны таашаалд ихээхэн нийцэж байгаа юм.
Биологич залуу амиа алдсан хэрэгт Ерөнхий прокурор үүрэг чиглэл өглөө
"Ирвэс хамгаалах сан”-д биологич ажилтай Л-н амь насаа алдсан хэрэгт УЕП М.Энх-Амгалан холбогдох албан тушаалтнуудад үүрэг, чиглэл өгөн ажиллаж байна. "Ирвэс хамгаалах сан”-д ажилтай 28 настай Лнь 2015 оны 11 дүгээр сард Улаанбаатар хотод байх гэрээсээ гараад сураггүй болж, зургаан хоногийн дараа цогцос нь Хөвсгөл нуурын ойролцоох Балчиргант гэх газраас олдсон байдаг. Энэ хэрэгт Хөвсгөл аймгийн цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэж, прокурорын хяналтын дор мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгаж байна. Талийгаач Л-ийг мөн энэ оны 4 дүгээр сард Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт үл таних 2 хүн хутгалж биед нь хүнд гэмтэл учруулсан байх үйлдэлд тус аймгийн цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан. Улсын Ерөнхий прокурорын газраас дээрхи 2 хэргүүдийн мөрдөн байцаалтын ажиллагаатай танилцаж, нэгтгэн шалгуулахаар Мөрдөн байцаах газарт мөрдөн байцаалт явуулах, Нийслэлийн прокурорын газарт уг хэргийн ажиллагаанд хяналт тавих харъяаллыг тус тус тогтоож, хэргийг шуурхай шалгах талаар үүрэг, чиглэл өгөн ажиллаж байна.
Хавтгайрсан шагнал, цолыг олгохгүй байхаар болов
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн шагналын тухай хуулийн төслийг танилцуулсан долоо хоног байв. Энэхүү хуулинд Монголын төрт ёс, төрийн бодлогын залгамж халааг хэвээр хадгалах, төрийн дээд шагналын нэр төрөл, шалгуур үзүүлэлтийг Монгол Улсын үндсэн хууль, үзэл баримтлалд нийцүүлэн тодорхойлжээ. Ингэхдээ зарим шагналыг хасч өөрөөр хэлбэл байхгүй болгосон аж. Тухайлбал, Ардын жүжигчин, Гавьяат жүжигчин, Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон зэрэг цолыг хассан байна. Ингэснээр шагналын үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилго дор шалгуурыг өндөрсгөсний зэрэгцээ зарим гавьяа шагналыг таван жилд нэг удаа, нэгээс ихгүй хүнд олгох зэргээр тогтоож өгчээ. Түүний зэрэгцээ гавьяа шагналыг хэн, хэн гардуулах вэ гэдгийг ч хуульчилж өгсөн аж. Тухайлбал, Төрийн дээд шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч гардуулна. Мөн Төрийн дээд шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн даалгавраар, түүний нэрийн өмнөөс дараах эрх бүхий этгээд гардуулж болно. Үүнд УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн, Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын дарга гардуулахаар тус тус зааж өгчээ.
Гэрээ санасан хоёр цэрэг оргов
Өнгөрсөн долоо хоногт болсон ноцтой үйл явдал бол цэргийн армиас зэвсэглэсэн хоёр цэрэг харуулын манаагаа орхиж оргож зугтаасан явдал байв. Тодруулбал, энэ сарын 06-ны орой өчигдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь Хилийн цэргийн 0101 -р ангиас оргосон хоёр цэрэг зэвсэглэн тус ангийнхаа машиныг хөлөглөн зугтсан байна. Ингэхдээ буу тулган, бусдын машиныг дээрэмдэн, 30 мянган төгрөг өг гэж дарамтласан байдаг. Дуудлагаар Сэлэнгэ аймгийн цагдаагийн албан хаагчид шуурхай ажиллаж, цэргүүдийг шуурхай баривчилсан. Харин хэргийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа юм. Оргосон хоёр цэргийн тухайд өнгөрсөн жилийн нэгдүгээр ээлжийн цэрэг татлагаар татагдсан цэргүүд бөгөөд тэд гэрээ санаж, гэдэс өлссөний улмаас гэртээ харих зорилготой ийм төлөвлөгөө боловсруулж, зугтаасан гэдгээ мэдүүлжээ. Одоогоор тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байгаа юм.
Цагаан сарыг угтсан үзэсгэлэн худалдаа гарав
Үндэсний их баяр цагаан сарын бэлтгэл эхэлжээ. Сар шинийн баярт зориулсан худалдаа наймааны салхийг хагалж, "Цагаан сар-2016” үзэсгэлэн худалдааг "Мишээл экспо” төвд өчигдөр эхэллээ. Дөрөв хоног үргэлжлэх үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид, хөдөө орон нутагт өрхийн бизнес эрхлэгчид голчлон оролцож байгаа юм. Нийт 130 гаруй байгууллага, жижиг дунд үйлдвэрлэгчид оролцож байгаа үзэсгэлэн худалдаанаас сар шинийн идээ шүүс, ус ундаа, архи дарс болоод сар шинийн гарын бэлэг, өмсөх гоёлоо ч авч болох ажээ.
О.Сайхан
zaluu.comТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих