Утга зохиолын онолын хичээл дээр туульсын хэлбэрийн талаар заах үеэрээ заавал унших зохиолд дотоод гадаадын хэд хэдэн хөлгөн туульсыг оруулсан тухайгаа хэлтэл оюутнуудын эсэргүүцэлтэй тулгарав. Тэд алтан цагаа элэрсэн баларсан эртний туульстай зууралдаж барахын оронд орчин цагийн сонгодогуудтай танилцахад зориулахыг хүсэж байв. Ц.Хасбаатар агсны чөмгөө дундартал сууж орчуулсан Алигери Дантегийн "Там”, Ш.Одонтөр агсаны хичээнгүйлсэн Вергилийн "Энейн дуулал”, Ж.Гэндэндарам гуайн орчуулсан Энэтхэгийн их тууль "Махабрата”, Монгол уран зохиолын оргил гэгддэг Жангар туулийг уншихын чухлыг оюутнууддаа сэнхрүүлж зогсохдоо ерөөс туульсын зохиол гэгч утга зохиолын энэ төрөл зүйл монголд хэрхэн хөгжсөн, цаг алтнаас ч үнэтэй болсон орчин цагт ямар хэрэгтэй талаар цухас ч болов уудлан бичих нь зүйтэй гэж үзсэн юм.
Тууль хэмээгч нь...
Тууль буюу олон улсын хэллэгээр "Эпик” нь тухайн үндэстэн бие даасан хэл, утга зохиолтой эсэхийн үндсэн шалгууруудын нэг. Эртний туульсад ертөнцийн үүслийн домгоос эхлээд хүн төрөлхтний уран сайхны сэтгэлгээний үр хөврөлүүд агуулагдсан байх тул тухайн үндэстний хэл соёлын хэр эртнийх, хэр хүчирхэг гэдгийг туульсаар нь дамжуулан тэмтэрч ирсэн.
Жишээлбэл, Англо-Саксоны эртний уран зохиолоос үлдэж хоцорсон дөрөвхөн гар бичмэлийн нэг Биөвульф нэрт туульсийн яруу найргийг Германы туульсийн зохиолын хамгийн эртний олдворт тооцдог. Туульс нь бичгийн уран зохиол биежин хөгжих хөрс суурь бөгөөд, эрт үедээ аман зохиол болон бичгийн уран зохиолын нийлэг шинжийг агуулж байв. Одоогоор олдоод буй хамгийн эртний туульсын найраг болох Вавилоны Гилгамишээс эхлээд Вольфанг Гётегийн "Фауст”-ыг хүртэл туульсын яруу найргийн дундаршгүй их өв бүр туурвигдсан хэлнийхээ хийсвэр сэтгэлгээний уламжлал, гоо зүйн давтагдашгүй онцлог, хамгийн гол нь утга зохиолын хэлний төлөвшилийг өөртөө агуулдаг.
Монгол тууль нь Хүннүгийн үеэс улбаатай гэж тууль судлаач Т.Баясгалан өгүүлэв. Монгол эпикийг 19 дүгээр зуунаас эхлэн эрдэмтэд тусгайлан судалж, бичмэл хэлбэрт шилжүүлж ирсэн. Энэ хугацаанд Евроазийн хавтгайд тархан суусан монгол угсаатны дотроос 1000 гаруй хувилбар туулийг илрүүлэн судалсан гэж үздэг. Монгол Улсын ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд өдгөө 40 гаруй нэрийн 100 гаруй хувилбар тууль хадгалагдаж буй аж.
Ээлэйн Овлай
Халимаг Монголын их туульч Ээлэйн Овлай (1851-1920) 23 насандаа тууль хайлан аялгуулах эрдэмд бүрэн боловсорч Ижил мөрөний хөндий дэхь ойрад-монгол аймагуудын дотор ихээхэн алдаршиж эхэлжээ. 1908-1910 оны хооронд эрдэмтэн Очирын Номт 10 бүлэг, 8000 гаруй мөр шүлэг бүхий "Жангар”-ыг Ээлэйн Овлайгаар хайлуулан, бичиж сийрүүлжээ. Уг туулийн мөрөөр Оросын монголч эрдэмтэн В.Л.Котвич Халимагаар аялаж, Жангарын судалгааг дэлхийн төвшинд гаргах эхлэл тавигдсан юм.
Жангарч Ээлэйн Овлайгийн 110 жилийн ойг тохиолдуулан 1967 онд түүний хүрэл хөшөөг Халимагийн нийслэл Элстэй хотноо босгосон юм.
Монгол эпик
Энэ тэргүүнд монгол туульс аман дамжлагаар уламжлагдан эдүгээг хүрсэн гэдгийг онцлох хэрэгтэй. Хүн төрөлхтний уран зохиолын хамгийн түгээмэл, хамгийн эртний хэлбэр болох туульсын зохиолын баялаг өв монгол хэлнээ бий. Эдгээр баялаг өвийн дотор монгол хэл минь бий гээд хэлчихэд ч буруудахгүй. Эрдэмтдийн тооцоогоор бол Монгол улсад 80 гаруй туулийн 270-аад хувилбар хадгалагдан үлджээ. Туульс нь хүй нэгдлийн үеийн эцгийн эрхт овгийн хүрээнд дээдэстээ тайлга, тахилга үйлдэх, баатарлаг гавьяаг нь алдаршуулан мөнхжүүлэхээр магтан дуулдаг зан үйлийн хүрээнд нийлэг урлаг хэлбэртэй анх үүссэн. Хүннү, Сяньби, Нирун, Тоба, Моюн зэрэг нүүдэлчний төрт улсуудын баатарлаг домгуудтай уялдаатай гэдгийг ч судлаачид тогтоосон байна. Туулийг буриадад үлигэр, Өвөр Монголын хорчин, жаруудад мангасын үлгэр, Баргад аят үлгэр, Халимагт ут (урт) тууль, дуульбар гэх мэтээр нутаг нутагт олон янзаар нэрлэдэг ч хайлах зан үйл, утга зохиолын хэлбэршил, өгүүлэх аргын хувьд адилхан нэгэн хүчирхэг дэг сургууль болдог. Судлаач Т.Баясгалангийн өгүүлж буйгаар, "Алтай язгуурын хэлтнүүдийн дунд домгийн сэтгэлгээний уламжлалд хамаарах үгийн урлагийн эх суурь тавигдаж, хойшлох тусам ондоо хэлнүүдийн зааг ялгаа ихсэхийн хэрээр соёл, зан үйлийн онцлогтой нь уялдан салбарлан хөгжсөн” байна.
1804 онд Германы эрдэмтэн Б.Бергманн анх удаа Халимаг монголчуудаас сурвалжлан тэмдэглэж, хэвлэн нийтлүүлснээс хойш 200 гаруй жилийн хугацаанд монгол тууль хэмээх монгол судлалын бие даасан судлагдахууны хүрээ бий болжээ.
Эрдэмтэн Жамсрангийн Цэвээн нэгэнтээ "Аль нэгэн үеийн түүхэн баримт сэлт нь ардын яруу найрагчийн урлан бүтээх ирмүүн санаагаар дамжаад ирэхээрээ ямархан нэгэн баатарлаг үйлсийг тусгаад уран саналгын юм болтлоо өөр ондоо болчихдог байна” хэмээсэн нь туульсын бүтээлийн үүсэх явцыг тун ч онон тодорхойлсон хэрэг юм. Үлгэрч, туульчдын хувьд ч хайлж буй баатараа бодит эрт үед амьдарч байсан хэмээн баттай итгэдэг байна.
Хүннүчүүдийн дунд угсаа гарвалын домог, угсаа гарвалыг эрхэмлэх, тэнгэр шүтлэгийн зан үйл хүчтэй байсныг Хятад эх сурвалжуудад олонтаа тэмдэглэсэн нь бий. Сяньби улсыг үндэслэгч Тяньшихуйн домог зэргээс харахад хаад, ихэсээ "тэнгэр гарвалтай” гэх үзэл хүчтэй байсан нь харагддаг. Энэ үед баатарлаг явдал, эр зоригийг хөхүүлэн дэмжих хандлага нийгмийн гол үзэл санаа байжээ. Чухам энэ үед л сайн морийг алдаршуулан магтах зэргээс улбаалан туульсын яруу найргийн хэв маяг үүссэн болов уу гэх судлаачид олон. Японы эрдэмтэн Хасуми Харуо "Аргил цагаан өвгөн”, "Эзэн улаан бодон” зэрэг туульд гардаг баатрын адуун сүргийн зүсмийг түүхийн тэмдэглэл, баримттай харьцуулж үзээд, бодит түүхийн тусгал байж болно гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Академич Ш.Бирагийн XIII зууны монголчуудын хүчирхэгжин мандсаны үзэл санааны үндэс нь тэнгэризм буюу тэнгэр шүтлэгийн тогтолцоот үзэл хэмээн дүгнэснийг батлах утга зохиолын хэрэглэгдэхүүн нь яах аргагүй монголын баатарлаг туульс юм.
Мандиханы Парчин
Алдарт туульч М.Парчин (1855-1926) Увс аймгийн Хяргас суманд мэндэлжээ. Цорос овогтон, хохь тайж тэрбээр анх 9 настайдаа "Эргэл Түргэл” туулийг нутгийн нэрт туульч Сүгсүүгээр заалган сурчээ. Өөрийн авга ах Санжаагийнд очиж үсэг бичиг, үлгэр заалгахдаа,
"Бүргэд хар” туулийг сурч улмаар Баядын туульч Буурал Сэсрэнгээс "Бум-Эрдэнэ”, Шийраваас "Дайны хүрэл”, баядын Жалцан тайжаас "Хийгийн хүйтэн хөх төмөр зэв”, Урианхайн туульчдаас "Догшин Чингэл”, "Хаан Чинке”, тод үсгийн бичмэлүүдээс
"Эрийн сайн Хан Харангуй” зэрэг арав шахам туулийг сурч, жирийн айл өрхөөс эхлэн арван Баяд, Дөрвөд Далай ханы Лу жанжин гүний хошуу болон урианхайн зах залгаа нутгаар уригдан туулиа хайлж "туульч тайж”, "Туульч Парчин” хэмээн нэр алдар нь олонд түгжээ.
Түүний хайлсан туулиудыг Оросын монголч эрдэмтэн А.В.Бурдуков Мажир хэмээх бичээчээр тэмдэглүүлэн авч анх судалгааны эргэлтэнд оруулсан түүхтэй. Өдгөө Хяргас сумын ахлах сургууль түүний нэрэмжит юм.
Цэцэн билэг-Бөө мөргөл-Бурханы шашин
Монгол туульс нь үлгэр, домог, ерөөл, магтаал, зүйр цэцэн үг, цацал мялаалга, дом шившлэг зэрэг аман зохиолын олон төрөл зүйлийг багтаадаг, домог зүйн болон уран сайхны сэтгэлгээний олон үе давхаргыг хадгалсан уран зохиолын бие даасан бүтэц. Халхад ихээр дэлгэрсэн "150 насалсан хөгшин луу мэргэн хаан” гэдэг тууль л гэхэд 14 мянган шад шүлэгтэй ажээ. Ийм ч учраас ардын цэцэн билэгтнүүдийн ур ухаан, уран бүтээлч үйл ажиллагаатай туульсын бүтээлийн эхлэл цэг салшгүй холбоотой. Харин цаашлаад монголын нийгэмд зонхилогч асан бурханы шашны нөлөө үгийн урлагийн энэ төрөлд гүнзгий туссан нь харагддаг.
Ардын цэцэн билэгтний аргамаг хүлэг, баатар эрсийг алдаршуулан магтсан дүр дүрслэлүүд аажмаар бөө мөргөлийн тэнгэр сахиусыг биежүүлэн дүрслэх замаар туурвилзүйн хувьд шинэ шатанд гарсан байна. Судлаач Т.Баясгалан энэ цаг үеийг, "Харь овгоос эхнэр авах (экзогами) ёсны үүслийн үе буюу эхийн эрхт ёсноос эцгийн эрхт ёсонд шилжих зааг үе” хэмээн тодорхойлжээ. Харин судлаач А. Очир энэ санааг гүнзгийрүүлэн судлаж, монгол туульсын дүр болон бөөгийн тэнгэр сахиусны хоорондох уялдаа холбоог гарган тавьсан байна. Тухайлбал, Монгол бөөгийн ёсны ойлголтоор бол, Хажир тэнгэр нь зүүн зүгийн тэнгэрийн нэг бөгөөд, хүн амьтанд гай учруулдаг догшин тэнгэр аж. Гэтэл Монгол ардын "Бум Эрдэнэ” хэмээх баатарлаг туульд, Хажир хар хэмээх баатар гардаг.
"Цустыг алаад өссөн
Цулбууртныг хөтлөөд өссөн
Долоохон насандаа
Доргилоод төрсөн
Хүрсэндээ хөө мөртэй
Харгалдсандаа хар мөртэй
Эр бүгдийг алаад бах нь ханасан
Эм бүгдийг олзлоод сэтгэл нь ханасан
Эрийн сайн Хажир хар” хэмээсэн нь уг туулийн эсрэг талын дүрийг боловсруулахад бөө мөргөлийн нөлөө багагүй орсоныг гэрчилж буй юм.
Туульсын бичвэрээс гадна, хайлах үйл явц ч бөөгийн шашны зан үйлтэй тун төстэй. Туульч А. Балдандорж, "Туульд болж байгаа үйл явдлууд нь дээд тэнгэртэй заавал шүтэлцээтэй байдаг. Дээд тэнгэрт гарсан бодьсадва, орой дээрээс охор толгойд тэргүүн болж явдаг заяач нартай уулзах нь бөөгийн шашны тэнгэртэй харьцаж байгаа байдалтай тун төстэй шүү. Тууль хайлж байхад нүдэнд бодит дүр харагдах, биед өөрчлөлт орж өөрийгөө мэдэхээ байх үе байдаг. Унтаж байгаад сэрж байгаа юм шиг болох үе ч байдаг” хэмээсэн юм. Тэр ч байтугай А.Бадамдоржийн аав, төрийн соёрхолт Б.Авирмэд агсан хэр тааруухан айлд тууль хайлсанаас болж татаж унаж байсан тохиолдол бий гэнэ.
Сэтгүүлч Б.Галаарид энэ талаар "Урианхай туульчид тууль хайлахаасаа өмнө "Алтайн магтаал”-ыг заавал хэлдэг нь бөө хүн бөөлөхийн өмнө дуудлага дууддагтай үндсэндээ адил байна. Бөөгийн дуудлага нь хэрэг дээрээ өөрийн онгод их тэнгэрүүд, уул ус, газар лусын эзэд, ер урин залъя гэсэн бүхнээ уран цэцэн уярам сайхан үгээр магтан дуулж, эерүүлэн зөөлрүүлсээр буулгаж ирэх зан үйл юм” хэмээсэн юм.
"Хөгшин луу мэргэн хаан” туульд монгол язгууртан ноёд Богд Зонховын шашныг шүтэн дагаж, гоёмсог хүрээ хийд, дуган байгуулан, бурхадын үнэт дүр, есөн эрднээр бичсэн Ганжуур, Данжуур сэлтийг залж, цан хэнгэргийн сүрт дуун дор хурал хурж буй талаар өгүүлдэг. Энэ бол буддын шашны нөлөө монгол туульд хүчтэй нэвтэрсэн 17 дугаар зууны явдал юм. Энэ үеэс монгол туульсын туурвилзүйд буддын шашны үзэл санаа тусах болсон нь баатарлагийн туульсын хөгжилд гарсан бас нэгэн өөрчлөлтийн нэг. Буддизмын нөлөөгөөр туулийн баатруудыг
"Зулай дээр нь зонховын хүч тогтсон
Орой дээр нь Очирваанийн хүч тогтсон” гэх мэтээр ламын шашны догшид хангалуудын дүртэй адилтган илэрхийлэх болжээ. Гэхдээ буддизм монгол туульсын баатарлаг чанарыг өөрчлөөгүй.
Баатарын Авирмэд
Б.Авирмэд нь үе залгамжилсан найман үеийн туульч юм. Анх хадам аав Жилхэр, өөрийн аав Баатар, ээж Оролмаа, туульч Балдан, авга ах Ширэндэв нараар заалган тууль сурчээ. Тэрээр "Наран гэрэл хаан”, "Аргил цагаан өвгөн”, "Хүдэр мөнгөн тэвнэ” зэрэг 10 гаруй тууль мэддэг байсны "Нарны хаан гэрэл”, "Бүжин даваа хаан” хоёр тууль, "Алтайн магтаал” нь НҮБ-ийн ЮНЕСКО-ийн гишүүн орнуудын болон Монголын радио, телевизийн алтан фонд, ШУА-ийн хэл зохиолын хүрээлэнгийн соронзон хальсанд хадгалагдсан байдаг.
Ардын урлагийн өвийг тээж үлдсэн энэ хүний авьяасыг төр засаг өндрөөр үнэлж 1991 онд "Төрийн соёрхол” хүртээжээ.
Тууль хайлахуй...
"Олонд алдартай үлгэрч, туульч нар болбоос нүүдэлчин монголчуудын үзэх жүжиг, сонсох хөгжим, унших ном гурвууланг нэгэн зэрэг орлож, нэг жүжигчинтэй театрын үүргийг гүйцэтгэж байсан” хэмээсэн академич Ц.Дамдинсүрэнгийн үгнээс туульчдын нүүдэлчний соёл урлагт эзлэж байсан байр суурийг олж харж болно. Саявтархан СУИС-т ганц хүний жүжгийн чиглэлээр магистр хамгаалсан Ө.Бат-Өлзий тууль хайлах үйл явц нь монодрамын нэг хэлбэр хэмээн үзсэн нь хэтэрхий туйлширсан мэт ч оргүй зүйл бус.
Монголчууд дайн тулаан, ан авд мордох, уул ус тахих зэрэг иргэний болоод төрийн ёслолын үед тууль хайлуулж ирсэн уламжлалтай юм. Тэрчлэн төрийн ёслол төдийгүй энгийн амьдралд ч тууль хайлдаг байжээ. Тууль хэлүүлэх айл туульчийнд хэдэн өдрийн өмнө очиж, хадаг барин заллага айлтгадаг. Туульчийг залран ирэхэд айл хотлоороо цуглан хэдэн шөнө дамнан тууль сонсдог байжээ. Туулийг товшуур, хуур, экил, хуучир зэрэг хөгжмийн зэмсгийн аль нэгнээр ая хамсран хайлдаг уламжлалтай. Зарим нутагт хөгжмийн зэмсэг хэрэглэлгүйгээр аялгуулан хэлдэг ёс ч бий. Туулийг өвөл хайлдаг. Зуны сар гарч тэнгэр дуугарснаас хойш хайлдаггүй. Туулийг өдөр хайлдаггүй, шөнө хайлдаг уламжлалтай.
Тууль бүр өөрийн гэсэн билэгдэлтэй. "Хаан цэцэн” туулийг хайлахад амар амгалан, эрүүл энх байх, "Талын хар бодон”, "Бужин даваа хаан” туулийг хайлахад гай барцад арилдаг гэж үздэг бөгөөд энэ хоёр туулийг нэг туульч гурваас дээш хайлж болдоггүй аж. Үрийн хүслэн болсон айлд "Эрх хачин харцага”, "Наран хаан хөвүүн”, буян хишиг дуудах айлд "Аргын өнчин яргай”, "Аргил цагаан өвгөн”, "Баян цагаан өвгөн” гэх зөөлөн туулийг хайлдаг. Урианхайчууд хараал хүрсэн, үхэл зовлонтой айлд "Долоон догшид бүхүй туульс” буюу "Довон хар бөх”, "Талын хар бодон”, "Хүрэл арслан магнай”, "Хүч ихт хүрэл хаан”, "Баатар бор магнай” зэрэг хатуу тууль хайлдаг байжээ.
Судлаач Т.Баясгалан орчинд үед туулийг уран сайхны хэрэгцээгээ хангах зорилгоор хайлж буй явдалыг буруушааж байлаа. "Хан харангуй гэдэг тэр баатар эр зүгээр нэг баатар биш. Тэнгэртэй тэрсэлдээд байгаа хүн . Тэнгэртэй тэрсэлдээд байгаа туулийг өдөр юмуу, зуны цагт хайлбал тэнгэр ниргэнэ гэж үздэг. Энэ бол өнөөдөр бидний мэдэж байгаа ганц , хоёр жишээ болохоос биш эрт үедээ тууль бол тийм л ариун нандин зүйл байсан. Ер дэлхий нийтийн тууль ч тийм байдаг. Жишээлбэл, Энэтхэгийн Рамаяна, Махабхарата туулийг одоо ч хүртэл тууль гэдэг утгаар нь биш ариун ном гэж үздэг” гэж тэрбээр тайлбарласан юм.
Жангарч
Халимагийн нийслэл Элстэйд босгосон Жангарчийн хөшөө.
"Улаан номд орсон” туульчид
Цагаан сарын өмнөхөн Богд хааны ордон музейн дэргэд байгуулсан тууль хайлах өргөөнөө Урианхайн их туульч Жилкэрийн удам, арван үеийн дамжлагатай туульч А.Балдандорж "Аргил цагаан өвгөн” хэмээх туулийг 13 цагийн турш хайлав. А.Балдандорж туульч бол 2012 онд болсон "Монгол туульчдын урын сангийн үзлэг”-ээр тэргүүн байр эзэлж, Алтан гэрэгэ хүртсэн одоо цагийн тэргүүн туульчдын нэг юм. Уг үзлэгийн үеэр А.Балдандорж туульч, "Бүтэн тууль хайлж байгаа хүн одоо цагт бараг байхгүй болжээ. Урианхай туулийн уламжлал монголд одоогоор хамгийн хүчтэй байгаа гэж судлаачид ярьдаг ч, үнэн хэрэгтээ тасрахад ойрхон байна” харуусангуй өгүүлж байв. Үнэндээ ч монгол туулийн тархацын үндсэн зургаан хүрээнээс өдгөө Баруун Монголын ойрад, ойрад дундаа Урианхай туулийн уламжлал, Шинжан, Ганьсу дахь монголчуудын тууль хайлах уламжлал л арай алдагдчихаагүй байна. Бусад туулийн уламжлал, дамжлага цаг нийгмийн эрхээр тасалдахад хүрээд буй юм.
Манай албаны хүмүүс Монгол туулийг ЮНЕСКО-д бүртгүүллээ хэмээн олзуурхан мэдээлсэн цаг таван жилийн өмнө. Харамсалтай нь энэ нь тийм бахархалтай хэрэг биш байв. Яаралтай хамгаалах шаардлагатай дэлхийн соёлын биет бус өвийн жагсаалтад монгол тууль багтсан нь энэ юм. Гурван жилийн өмнө болсон туульчдын урын сангийн үзлэгт ердөө 17 туульч оролцсон нь Монгол тууль зөвхөн цаасан дээр үлдэж хоцрох магадтай болсоныг ахин нэг сануулсан хэрэг байв. Эдгээр туульчдаас дөрвөн туульч л 1-5 туулийг бүрэн хэмжээнд, бусад нь хэсэгчлэн хайлж байсан юм.
Нэгэнт НҮБ-ын сонорт хүрсэн тул Монголчууд бид энэ өвөө хамгаалж үлдэх үүргийг дэлхийн өмнө хүлээсэн. Энэ ч шалтгаанаар засгийн газраас "Монгол тууль” хөтөлбөрийг 2012 оноос эхлэн хэрэгжүүлж, өнгөрсөн онд дуусав. Уг хөтөлбөрийн хүрээнд 11 туульчийг тодруулан энгэрийн тэмдэг олгож, зэрэг дэв тогтоох ажлыг эхлүүлсэн байна. Түүнчлэн "Төв Азийн тууль II” хэмээх цогц арга хэмжээ зохион байгуулан, туулийн бичмэл өвүүдээ цэгцэлж, зарим уламжлалаар баримтат кино бүтээсэн байна. 256 сая төгрөгийн төсөвтэй уг хөтөлбөрийн үр дүн бол монгол туулийн уламжлалыг авч яваа 9 туульчид тус бүр шавь оноон дагуулсан явдал байлаа. Туульчид шавь сургалтын хөлсөнд жилдээ нэг сая төгрөгийн урамшуулал хүртэх аж.
Залгамж
Төрийн соёрхолт туульч Б.Авирмэдийн хүү А.Балдандорж сар шинийн өмнөхөн "Аргил цагаан өвгөн" туулийг 13 цагийн турш хайлав.
"Туйлын санаа”
"Жангар” бол монгол туулийн оргил юм. Судлаачид Жангарын түүхэн эх дүр нь Чингис хаан гэдэгтэй үндсэндээ санал нэгддэг. Чингис хааны төвд нэр гэх баримтлал бий ч төдий л хүчтэй бус. Эдүгээ "Жангар” туулийн Халимаг, Ойрад Шинжаан, Монгол гэсэн үндсэн гурван хувилбар байгаа. Халимаг "Жангар” тууль нь нийт 28 гаруй бүлэгтэй. Монгол "Жангар” 20 орчим бүлэгтэй, Шинжаан "Жангар” 70 гаруй бүлэгтэй. Мөрөөдлийн орон гэж болох "өвөлгүй зунаараа, өвчингүй мөнхөөрөө, даарах хүйтэнгүйгээр, халах халуунгүйгээр, сэр сэр салхитай, бүр бүр хуртай, дээрээс дарлах ноёнгүй, дэргэдээс халдах дайсангүй Бумбын орон”-ны эзэн үхэлгүй мөнхийн 25 насны дүрээр оршигч Жангарын тухай эл туульд өгүүлнэ. Эзэн богд Жангар хаан 12 баатартайгаа зовлонгийн ихийг үзэж, олон саад бэрхшээл, гай барцад, ад зэтгэрийг давж, харийн баатарууд, мангас шулмасыг ялж, дөрвөн зүгийн дайсныг эрхэндээ оруулж буй нь нэгэн цагт хүчирхэгжин мандсан Их Монгол улсын хаан Чингисийн "иргэдээ гар газар, хөл хөсөр жаргуулах” хэмээх зарчим үлгэр туульсын ертөнцөд биелж буй хэрэг юм.
Урт дурын монгол хүн бүрийн сэтгэл дотроо асааж явах учиртай энэ нандин зарчимыг хар бага наснаас нь нутаг нутгийн цэцэг билэгтнүүд хайлж, сэтгэлийн боловсрол олгодог байжээ. Тэгэхийн сацуу эх хэлнийх нь хэм хэмжээ, баялаг үгийн санг эзэмшүүлж чаддаг байв.
Профессор С.Дулам нэгэн Итали эрдэмтний хэлсэн үгийг нэгэнтээ тун олзуурхан ишилсэн. "Ромын их сургуулийн профессор надад ч гэсэн өнөөдөр Тэнгэрлэг туульсаас ойлгохгүй юм зөндөө байдаг. Гэхдээ миний ойлгох, ойлгохгүй хамаагүй. Үүнийг Италийн бүх сургуульд уран зохиолын хичээлийн заавал үзэх хөтөлбөрт оруулах ёстой. Нэг үгээр хэлбэл бараг албаар заадаг. Яагаад гэвэл итали соёл, оюуны дархлаатай хүнийг бүтээхийн тулд үүнийг заадаг”. Алигери Дантегийн "Тэнгэрлэг туульс” Флоренци орчмын явган шог, элдэв явдалын цуглуулга гэдгээрээ биш Итали утга зохиолын хэлийг нэгтгэн зангидсан гэдгээрээ, Христ шүтлэгтний түгээмэл үнэт зүйлийг уран зохиолын аргаар түгээн дэлгэрүүлсэн гэдгээрээ тэр соёлынхоо хүрээнд орлуулшгүй үнэ цэнэтэй бүтээл билээ.
Уул шугамандаа бол, Жангарын нэг бүлгийг уншина гэдэг хэл үл ойлгох Төвд ном гурвантаа уншуулснаас дээр юм л даа. Судлаачид Монгол туулийн судалгааг хувилбар бүрээр нэлээдгүй сайн хийсэн гэж үзэж болно. Харин үүнийг жирийн монгол хүнд зориулан дэглэх, энгийн хэрэглээ болгох цаг иржээ. Өвөрмонголын Одон телевизээр тууль хайлах цаг нэвтэрсээр багагүй хугацааг үдэв. Өвөрмонгол уран бүтээлчид Жангарын туулиар 100 бүлэгтэй хүүхэлдэйн кино хийсэн гэнэ. Шинжаанд суугаа ах дүүс маань Жангарын ордонтой болсон гэлцэнэ. Халимагт их туульч Ээлэйн Овлайг бурхан шиг л хүндэлдэг гэх. Тусгаар тогтносон Монгол Улсад маань тэднээс илүү боломж, арга зам байхгүй гэж үү?
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих