"Морьтон Монгол” төрийн бус байгууллагаас санаачлан Монгол орныг морьтой тойрох нэн сонирхолтой аяллыг тун удахгүй эхлүүлэх гэж байна. Тус аяллын талаар МУБИС-ийн оюутан М.Батчулуунтай уулзаж ярилцлаа.
-Монгол орныг мориор тойрох аяллын санаа хэдийд төрсөн бэ гэдгээс ярилцлагаа эхлүүлье?
-Энэ аяллын санаачлагыг миний бие МУБИС-ийн газар зүй, аялал жуулчлалын ангийн оюутан Н.Ганзориг, Ц.Даваахүү нартай хамтран өнгөрсөн оны аравдугаар сарын 24-нд анх гаргасан.Тэр үеэс аяллын маршрут, бэлтгэлийг нарийн төлөвлөсний эцэст эх орныхоо хилийн дагуу, өмнө нь машин, техник хүрч байгаагүй үзэсгэлэнт газраар зургаан сар мориор аялахаар шийдсэн. Өмнөговь аймгийн Гурван Тэс сумаас эхлэх энэхүү аялал 15 аймгийн 40 орчим сумаар дайран өнгөрөхдөө 8536 километр замыг туулна. Тус аяллыг Ерөнхий сайд, ССАЖЯ, Хил хамгаалах ерөнхий газрын алба, гавьяат жүжигчин дуучин С.Жавхлан нар бүх талаар дэмжин туслахаа мэдэгдсэн. Ер нь "Морьтон Монгол” төсөл аялал жуулчлалын онцгой төрөл болох морин аяллыг сурталчлах, хил орчмын аяллын шинэ маршрут нээх, залуучуудад эх орноо хайрлан хамгаалах, түүх соёлоороо бахархах сэтгэлгээ төрүүлэх, морины эдэлгээ, хэрэглээ, морь маллах уламжлалт ухааныг түгээх, монгол морь, монгол эр хүний тэсвэр тэвчээрийг шалгах, хилчдийн амьдрал, тэд эх орныхоо дархан хилийг хэрхэн хамгаалж байгааг олон нийтэд харуулах зэрэг олон давуу талтай юм.
-Мориор тасралтгүй зургаан сар аялах амаргүй байх. Бэлтгэл ажлаа хаана хангаж байгаа вэ?
-Олон сар аялах тул өөрсдийхөө эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахын тулд мэргэжлийн хүмүүсээс анхан шатны зөвлөгөө аваад байгаа. Тухайлбал галт зэвсэг, морь малтай харьцах, бие хамгаалах зэргийг урьдчилан тооцоолж түүнд бэлдлээ.
-Тэгэхээр та нар бие хамгаалах урлагаар хичээллэсэн хэрэг үү?
-Тийм ээ. Холын замд юу эс тохиолдохыг тэр гэхэв. Бид гурав хэд хоногийн өмнөөс "Олимп” таековондогийн клубт хоёр долоо хоног бие хамгаалах урлагаар хичээллэх юм. Мөн хээрийн чоно, нохойноос биеэ хамгаалах зорилгоор аялалдаа галт зэвсэг авч явна.
-8536 километр замыг туулахад хэдэн морь сэлгэх вэ?
-Зурагчин, зураглаач нийлсэн таван хүн энэ аялалд оролцоно. Нэг хүн гурван морьтой аялахаар тооцоолсон.
-Говь, хээр, хангайгаар хамт явах агтуудаа эртнээс бэлдсэн байлгүй?
-Тод манлай уяач Д.Даваахүү, Онон, Дуламсүрэн, Лхамсүрэн, Уламсайхан ах нар бид нарт 15 морь бэлэглэсэн. Тэдгээр морьдыг аялалдаа зориулан тухайн орон нутгийн өвс ургамалтай ойролцоо бүхий тэжээлээр хооллож байгаа. Өмнөговь аймгаас аялалд оролцох эхний 15 агтаа хоёр долоо хоногийн дараа Баянхонгор аймгийн Шинэ Жинст суманд сэлгэх юм. Тэндээс өөр 15 мориор аялана. Тэгээд Говь-Алтай аймгаас дахин өөр 15 морьтой өртөөлөх маягаар аялал цааш үргэлжилнэ. Ер нь 8536 км замыг мориор зургаан сар тасралтгүй аялж байгаагаараа бид анхдагч юм.
-Аялал аль аймагт өндөрлөх вэ?
-Гурван Тэс сумын Шивээ хүрэнгийн боомтоос аяллаа эхлүүлж зургаан сарын дараа яг тэр газартаа дуусгах бодолтой байгаа.
-Аяллын маршрутыг ажиглаад байхад Увс нуураар дайран өнгөрөх бололтой. Увс нуурын хаагуур нь тойрох вэ?
-Тувагийн нутгаар дамжих, аль эсвэл Увс нуурын урд хэсгээр тойрох гэсэн хоёр зам бий. Яг одоохондоо үүнийг эцэслэн шийдээгүй байна.
-Мөн Монголын хамгийн өндөр цэг болох Алтай таван богд хайрхан аяллын маршрутын зурагт оржээ?
-Бид Алтай таван богд уулын Хүйтний оргилд гарах бодолтой байгаа. Тийшээ мориор гарах боломжгүй тул 20 гаруй километр замыг алхаж хүрнэ. Тэнд хилийн нэгдүгээр багана байдаг болохоор зайлшгүй очих газрын нэг. Энэ аялалд Хил хамгаалах ерөнхий газрын тусгай бэлтгэгдсэн хүмүүс бид нарт туслах юм.
-Өдөрт хэдэн километр аялах бол?
-Морь хоногт 12 цаг тасралтгүй аялах чадвартай. Тэгэхээр бид өдөрт 40-50 километр зам туулна гэж тооцоолж байгаа.
-Ганц ч өдөр амрахгүй аялах уу?
-Бидний аялал тун шахуу хөтөлбөртэй. Аль болох амрахгүй явахыг хичээнэ. Гэхдээ улсын баяр наадмаар Завхан аймгийн Тэс сумын малчин айлд баримтат кино хийх бодолтой байна.
-Хүнсний асуудлаа хэрхэн шийдсэн бэ?
-Мэдээж хэрэг олон хоногоор аялахад борц хамгийн тохиромжтой хүнс. Харин морьдын тэжээлийг ҮХАЯ-тай хамтран тухайн орон нутагт урьдчилан бэлтгэх гэнэ лээ.
Зууны мэдээ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих