УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар нарын 27 гишүүн Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа. Оны өмнөхөн Үндсэн хуулийн цэцээс дээрх хуулийн төслийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн дүгнэлт гаргасантай холбогдуулж арилжааны банкууд найман хувийн хүүтэй зээлийн олголтоо зогсоогоод байсан юм. Б.Гарамгайбаатар гишүүний хэлснээр энэхүүхуулийн төслийг УИХ дахь АН, МАХН-МҮАН-ын "Шударга ёс” эвслийн бүлэг, ИЗНН-ын төлөөлөл зөвшилцөн санаачлан боловсруулжээ.
Тэрбээр "Найман хувийн хүүтэй орон сууцны зээл маш их эрэлттэй байгааг холбогдох байгууллагуудын мэдээллээс харж болно. Яг одоо 18 мянга орчим өрх найман хувийн хүүтэй орон сууцны зээл авахаар хүлээж байгаа. Монголбанкны удирдлагууд инфляци 2.9 хувьтай байгаа учир орон сууцны зээлийн найман хувийн хүүт бууруулж, тав хүртэл хувьд хүргэх бололцоо байна гэж хэлсэн.Бас нэг зарчмын шинжтэй чухал өөрчлөлт гэвэл, өнөөдөр найман хувийн хүүтэй зээлд хамрагдахыг хүссэн өрх сарын орлого 1.3 сая төгрөг байх шаардлагатай байгаа бол энэ хуулийг баталснаар сард 450 мянган төгрөгийн орлоготой өрх хамрагдах боломжтой болно” гэлээ. Хуулийн төслийг баталснаар зээлийн эргэн төлөлт хэвийн, найдвартай үргэлжилж, барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгөө бусдад түрээслэх, хөлслөх зэргээр бусдын эзэмшилд шилжүүлэх тохиолдолд өмчлөгч иргэн нь үүрэг гүйцэтгүүлэгчээс буюу барьцаалагчаас зөвшөөрөлавахгүй байхаар тусгажээ. Мөн банкны зээл олгогдож, зээлийн санхүүжилтээр явж буй бага хүүтэй, урт хугацаа бүхий Засгийн газрын "Орон сууцны зээлийн хөтелбөр” хэвийн явах боломж бүрдэх юм байна. Түүнчлэн банк, санхүүгийн байгууллагууд үл хөдлөх хөрөнгийг барьцаалан зээл олгосноор зах зээл дэх зээлийн нийлүүлэлт нэмэгдэх, түүнчлэн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон бизнест бодитой дэмжлэг үзүүлэх зэрэг нийгэм, эдийн засаг, эрх зүйн эерэг үр дагавартай хэмээн хуулийн төсөл санаачлагчид үзжээ.
С.ДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих