АНУ-ын зүгээс хийж болзошгүй цөмийн дайны аюулаас өөрийгөө хамгаалахын тулд Умард Солонгос устөрөгчийн бөмбөг туршжээ. Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн мэдээлснээр, БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун нэгдүгээр сарын 10-ны ням гарагт ингэж мэдэгдсэн байна.
"БНАСАУ устөрөгчийн бөмбөг туршсан нь Солонгосын хойгийн энх амгалан байдлыг найдвартай хамгаалж, АНУ-аар толгойлуулсан империалистуудын зүгээс учирч болзошгүй цөмийн дайны аюулаас бүс нутгийг аврах учиртай өөрийгөө хамгаалах арга хэмжээ мөн” гэж Умард Солонгосын удирдагч хэлжээ. Ингэхдээ цөмийн зэвсэг турших нь тусгаар улсын хууль ёсны эрх бөгөөд үүнийг хэн ч шүүмжилж чадахгүй гэж тэр онцлон тэмдэглэсэн байна.
БНАСАУ устөрөгчийн бөмбөг амжилттай туршсанаа нэгдүгээр сарын 6-нд албан ёсоор зарласан билээ. Тус оронд ийм зэвсэг бий гэж Ким Чен Ун өнгөрсөн оны сүүлчээр хэлж байсан юм.
БНАСАУ-д цөмийн туршилт хийснийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл буруушаажээ. "Хариу арга хэмжээг тодорхойлох шинэ тогтоол” гаргахаар тус байгууллага мэдэгдсэн байна. Туршилт хийсэн нь дэлхийд цөмийн зэвсэг дэлгэрүүлэхгүй байх горимын эсрэгдайралт гэж Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага дүгнэжээ.
Оросын ерөнхийлөгч Владимир Путин устөрөгчийн бөмбөг туршсан тухай БНАСАУ-ын мэдэгдлийг шалгахыг даалгасан байна.
АНУ БНАСАУ-ын хийсэн туршилтыг "туйлын ноцтой өдөөн хатгасан ажиллагаа” гэж тодорхойлоод, Умард Солонгосыг цөмийн зэвсэгтэй гүрэн хэмээн хүлээн зөвшөөрөхөөс татгалзжээ. Гэхдээ Вашингтоны засаг захиргаа Пхеньяны эрх баригчдын мэдэгдэл үнэн гэдэгт эргэлзэж байгаагаа бас илэрхийлсэн байна.
С.Инда
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих