20-р зууны Монголын хөгжлийн гайхамшиг
Социалист нийгэм үнэхээр тийм муу нийгэм байсан юмуу ардчилал тэгээд хамгийн сайхан нийгэм үү. Ц.Элбэгдорж, С.Бат-Үүл тэргүүтэй ардчилагчид социализмийг хамгаас илүүтэйгээр үзэн яддаг. Тэд үзэн ядахдаа өмч хувьчлал нэрийн дор төрийн өмчийн хороогоор (үнэндээ бол төрийн өмчийг устгах хороо) дамжуулан социализмийн бүтээн байгуулалтыг устгаж, сүйтгэж юу ч үгүй болгосон. Тэд социализмийн гэх тодотголтой зүйлсэд хамгаас дургүй, гэхдээ ардчилсан нийгмийг тэд байгуулж чадсан гэж үү. Харин Монголын ард түмэн социализмын үеэ одоог хүртэл дурсдаг. Гэхдээ бид бүтээн байгуулалтаа, ажил хөдөлмөрөө, өөрсдийн хийж бүтээсэн тэр бүхнээ дурсдаг. Ардчилагчид социализмийн идеологид дургүй байж болно. Ингэлээ гээд Монгол улсын 70 жилийн түүхийг устгах, үгүй хийх хэрэг байсан юмуу.
70 жилийн асар их бүтээн байгуулалтыг устгаад зүгээр л урд хөрш рүү төмрийн хогонд явуулсан гэж бодохоор харамсалтай юм. Далан жил гэдэг богино хугацаа биш мухар сүсэг, хоцрогдол, замбараагүйтлээр дүүрсэн Монголыг мэдлэг боловсрол, ёс суртахуун, эмх цэгцтэй болгосон социализм үзэн ядхаар нийгэм байсан гэж үү. Түвдээс өөр гадаад хөршгүй орныг НҮБ-д элсүүлсэн, нэрээ ч бичиж чадахгүй байсан Монголчууд бид социализмийн үед 100% бичиг үсэг тайлагдсан, элдэв өвчинд дарлуулсан ард түмнийг эмнэлэгтэй эрүүл биетэй болгосон, хүмүүжил ухамсарын доройтлыг ёс суртахууны, сахилга батын хүмүүжилтэй болгосон социализм буруутай юу.
Социализмийг мууллаа гээд бүх зүйл сайхан болчих уу, Ардчилал бидэнд юу өгөв. Социализмийн үед идэх хоол, өмсөх хувцас, орох орон, ажил хөдөлмөртэй байсан Монголчууд өнөөдөр ардчилалсан нийгмийг сонгоод дээд боловсролтой худалдагч, дипломтой цагаач, бэлчээргүй малчин, бэртэгчин улс төрчдөөр дүүрчээ. Ардчилал гудамжныхан, орон гэргүйчүүд, траншейныхан, өвгөнтийн хөндийнхэн, гооночид, ядуучууд, гэр хорооллынхон гэх мэт нэр томъёог 20 жилийн хугацаанд бидэнд өгсөн. Социализмийн үед бий болоод байсан сэхээтний, хөдөлмөрчний, ажилчны давхарга тэр чигээрээ байхгүй болжээ. Холыг харсан хот төлөвлөлт, цэвэр агаартай нийслэл хот, цэнгэг устай хүрээлэн буй орчин өнөөдөр юу болсныг та мэдэж байгаа. Худал ардчилал биднээс бүхнийг булаан авсан. Худал ардчилагчид бүхнийг сүйтгэсэн.
Ардчилал гэж мянга хашгираад ардчилсан орон болчихдоггүй юм байна гэдгийг Монголчууд бид хангалттай харлаа. Ярих нь бүх ажлын 50% гэсэн хоосон уриаг хангалттай сонслоо. Идэх хоол, өмсөх хувцас, орох орондоо санаа зовохгүй болчихоод дараа нь ардчилалын талаар боддог юм. Түүнээс биш наад захын хэрэгцээгээ хангаж чадахгүй байгаа хүмүүст ардчилсан нийгэм байна уу социалист нийгэм байна уу ялгаагүй. Үнэхээр Монгол улс ардчилсан улс болохыг хүсэж байгаа бол юуны өмнө хүмүүнлэг, шударга төртэй болох хэрэгтэй. Хүмүүнлэг төр иргэдийнхээ төлөө, ард түмнийхээ сайн сайхны, аз жаргалын төлөө бодлогоо боловсруулж хөтөлбөрөө хэрэгжүүлдэг. Харин өнөөгийн Монголын төр бол ардчилсан төр биш феодалын төр. Найр наадам зугаа цэнгэл, одон медал, гавъяа шагналаар авлигал, шударга бус байдал, хууль бус үйлдэл зэргээ далдалдаг төрийг феодалын төр гэдэг юм. Социализмаас илүүг бүтээн байгуулж, бий болгочихоод социализмийг муулж болно. Харин өнөөдөр бүх бүтээн байгуулалт, хөгжил дэвшилээ устгачихаад өнгөрсөнөө үгүйсгэх нь утгагүй асуудал. Нам хэмээх ашиг сонирхолын бүлэг Монголыг идэж дуусах нь. Та өнөөгийн төр засгийг ахиж сонгох уу, ахиад л Монголын зовлонт өдрүүд үргэлжилнэ шүү дээ.
Өнгөрсөн 500 зуун жилийн дотор дэлхийд шинжлэх ухаан, технологийн 5 хувьсгал гарсан бөгөөд үүнд шинжлэх ухааны 2 хувьсгал, технологийн 3 хувьсгал багтдаг. Монголчууд энэ шинжлэх ухаан, технологийн 5 хувьсгалд өөрийн оюуны, мэдлэгийн хувь нэмрээ оруулаагүй ч 20-р зуунд энэхүү шинжлэх ухаан технологийн 5 хувьсгалыг нутагшуулж үр шимийг нь хүртэж чадсан. Энэ бүхэн харин социализмийн бүтээн байгуулалтыг сүйтгэхтэй хамт нуран унасан.
Ингээд муу хэлээд байдаг социализмийн бүтээн байгуулалттай танилцъя. Социализмийн үед Монгол оронд 70 жилийн турш өрнөсөн бүтээн байгуулалтын баримт:
1. Улаанбаатар хот-1934 онд ЗХУ-ын тусламжтайгаар Улаанбаатар хотод аж үйлдвэрийн комбинатыг барьж ашиглалтанд оруулсан. Цахилгаан станцууд, цэмбэний фабрик, Авто засварын газар, оёдлын үйлдвэр, дулааны цахилгаан станц, 1930 аад оны үед шохой, тоосго, мод боловсруулах заводууд, 1936 онд эсгий, эсгий гутлын фабрик, 1925 онд Монгол улсын тээврийн анхны байгууллага "Монгол тээх”, Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн "Улаанбаатар транс”, Махкомбинат, Ноос угаах үйлдвэр, Улаанбаатар төмөр зам , Улаанбаатарын өндөр хүчдэлийн шугам, сүүний завод, Улаанбаатарын гурилын комбинат, телевизийн төв, авто засварын завод, архи пивоны үйлдвэр, шувууны фабрик, ноосон нэхмэлийн үйлдвэр, хүнсний үйлдвэрүүд, зэрэг олон арван барилга байгууламжийг байгуулж мөн ЕБ-ын сургуулиуд, хүүхдийн цэцэрлэг ясли, драмын театр, соёлын ордон, авто засвар, төмөр бетон, байшин үйлдвэрлэх, ноосон нэхмэл, савхин эдлэл, хивс мах гурилын үйлдвэрүүд, дуурийн театр, модны үйлдвэр, нэгдсэн эмнэлэг, больницууд, мебелийн үйлдвэр, олон арван үйлчилгээний газрууд бий болжээ.
2. Эрдэнэт хот-Эрдэнэт хот бол жинхэнэ аж үйлдвэрийн хот бөгөөд түүний бүрэлдэхүүнд: Эрдэнэтийн уулын баяжуулах комбинат нь зэс молибдений хүдрийн ил уурхай, баяжуулах фабрик, ус татуургын хүчирхэг систем, эргэлтийн усны аж ахуй, дулааны станц, технологийн ба аж ахуйн тээврийн авто аж ахуй, Салхит-Эрдэнэтийн төмөр зам, Дархан-Эрдэнэтийн автомашины засмал зам, улсын хилээс Эрдэнэт хүртэл тавьсан цахилгаан дамжуулах өндөр хүчдэлийн шугам, Сэлэнгэ мөрнөөс Эрдэнэт тийш татсан ус дамжуулах хоолой, 24 томоохон объектоос бүрдсэн барилгын үйлдвэрлэлийн бааз, дулааны төв станц, металл хайлуулах цутгуурын цех бүхий засвар механикийн завод, материал-техникийн хангамжийн газар, орчин үеийн орон сууцны шинэ шинэ хорооллууд, соёл-үйлчилгээний болон туслах чанарын бусад барилга байгууламжууд, мод боловсруулах үйлдвэр, сүү, ногооны сангийн аж ахуй, автобааз, үйлчилгээний төв, барилгын үйлдвэр конторууд, бэлтгэлийн трест, сургалтын төвүүд, ЕБ-ын арваад сургууль, хүүхдийн цэцэрлэгүүд, ясли, соёлын ордон, барилгачид болон уурхайчдын 10 гаруй клубууд бий болсон юм.
3. Дархан хот-Дарханы сангийн аж ахуй, Угсармал төмөр бетон, асфальт бетон, модон бүтээц, зүсмэл модон метал, хүчилтөрөгч, ацетон гаргах, түүнчлэн үйлдвэрийн уураар хангах зэрэг барилгын гол бүтээгдэхүүн нийлүүлэх бүрэн механикжсан 10 гаруй үйлдвэр тасагтай аж үйлдвэрийн томоохон комбинат ашиглалтанд орсон. Жилдээ 1 сая гаруй тн нүүрс гаргах Шарын голын нүүрсний уурхай, 100 мянга гаруй кВт чадалтай дулааны цахилгаан станц, жилд 200 мянган тн цемент боловсруулах чадалтай чулуу бутлах, шатаах, тээрэмдэх зэрэг 30 гаруй дамжлагатай цементийн завод, тоосго шохойн үйлдвэр, нэг ээлжиндээ 50 тн мах боловсруулах 10 гаруй цех тасагтай махкомбинат, жилд 700 мянган хонины арьс боловсруулж нэхий эдлэл хийх хүчин чадалтай нэхий эдлэлийн үйлдвэр, хоногт 19 тн гурилан бүтээгдэхүүн, 20 тн сүү, сүүн бүтээгдэхүүн хийх, талх сүүний завод, улсын хэмжээгэр бүх чихрийн 90%-ийг үйлдвэрлэх чихрийн үйлдвэр, авто болон нефть баазууд, Дархан Сэлэнгэ аймгийг хангах материал техникийн хангамжийн удирдах газар, цахилгаан шугам сүлжээний газар, геологи хайгуулийн экспидец, харилцаа холбоо, худалдаа үйлчилгээ, эмнэлэг, урлаг соёлын олон арван газрууд бүтээн байгуулалтаар бий болсон
4. Багануур-Жилдээ 6 сая тн нүүрс олборлох Багануурын нүүрсний уурхай, аж ахуй үйлчилгээний комбинат, тээврийн тоног төхөөрөмжийн засварын иж бүрэн блок цех, дулаалгатай автомашины битүү ба задгай зогсоол, хотыг дулаанаар хангах дулааны цахилгаан станц, орон сууцны хороолол, мод бэлтгэх аж ахуй, авто тээврийн бааз, арван жилийн сургуулиуд, ясли цэцэрлэгийн комбинат,хүүхдийн зуны лагерь, нэгдсэн больниц, соёлын ордон бий болсон.
5. Бор-Өндөр- Бөр-Өндөрийн хайгуул-ашиглалтын үйлдвэрийн цогцолбор, хайлуур жоншны хайгуулын далд уурхай, газар дээрх уурхайн барилга байгууламж, дизелийн цахилгаан станц, орчин үеийн орон сууцны хороолол, сургууль, цэцэрлэг ясли, соёл ахуйн зориулалттай бүтээн байгуулалтууд бий болжээ.
6. Шарын гол- Жилдээ 1-1.2 сая тн нүүрс олборлох хүчин чадалтай шарын голын нүүрсний уурхай, мод бэлтгэлийн аж ахуй засварын газар, ахуйн үйлчилгээний комбинат, кино театр, соёлын ордон, эмнэлэг мөн үйлчилгээний олон газрууд сүндэрлэн босжээ.
7. Налайх-Налайхын нүүрсний уурхай, шохойн завод, шилний үйлдвэр, эрчим хүчний салбар, ахуйн үйлчилгээний комбинат, барилгын трест, оёдлын үйлдвэр, авто тээврийн бааз, телевизийн дамжуулах станц, ЕБ-ын бага дунд таван сургууль, хүүхдийн арваад ясли цэцэрлэг, геологи уул уурхайн ТМС болон уурхайчдын амралт сувиллын газар, соёлын ордон, ардын театр, кино театр, номын сан, нэгдсэн больниц бий болжээ.
8. Чойбалсан хот- 1941 онд Чойбалсан хот хэмээх нэрийг авчээ. Чойбалсан хотын бүтээн байгуулалт: Адуунчулууны нүүрсний уурхай, дулааны цахилгаан станц, барилга үйлдвэрийн бааз, ноос угаах үйлдвэр болон орон сууц, соёл ахуй, эмнэлэг үйлчилгээний олон барилга байгууламж, царууцтоосгоны завод, авто засвар үйлчилгээний станц, хивсний үйлдвэр, нэхмэлийн фабрик, соёл-ахуйн үйлилгээний газар, сургууль, хүүхдийн цэцэрлэг, ясли, орон сууцны хороололууд бий болжээ.
9. Мөн бусад аймгийн төвүүд дээр бий болсон энэ мэт асар их бүтээн байгуулалт бий. 30 мянган худаг барьж, тариалангийн нийт эргэлтийн талбай 1 сая га-д хүрч жилд дунджаар 23 сая пүү тариа, 51 мянган тн төмс, 23 мянган тн хүнсний ногоо хурааж, 23 мянган трактор, 2.5 мянган комбайн, 50-иад сангийн аж ахуй \одоогийнхоор бол сангийн аж ахуй нь бараг нэг сумтай тэнцэнэ\ байсан. Сангийн аж ахуйг дагаж сургууль, цэцэрлэг, ясли, эмнэлэг, дэлгүүр, клуб, гуанз, зочид буудал, номын сан, халуун ус, ахуйн үйлчилгээ, холбооны салбар, зэрэг соёл ахуйн бусад газруудтай иж бүрэн суурингууд бий болжээ.
Энд дурдагдаагүй зөндөө их бүтээн байгуулалт байгаа харин энэ хүрээд өндөрлье. Өнөөдөр бид түүхий нүүрсээ урд хөршдөө бэлэглэдэг, арьс шир боловсруулах үйлдвэрээ устгачихсан учраас ямар ч технологи шингээлгүйгээр урд хөршрүү шууд л гаргана, чихрийн үйлдвэр байхгүй учраас гаднаас импортлоно, соёлын төвүүдээ нураагаад, сангийн аж ахуйгаа сүйтгэчихсэн учраас хөдөөгийн сум суурингууд эзгүйтэж хөлтэй болгон л Улаанбаатарыг зорих болсон, цагтаа дотоодын хэрэглээгээ хангаад илүү гарсаныг нь экспортолдог байсан тариа будаа өнөөдөр дотоодын хэрэгцээгээ ч хангаж чадахгүй байна. Энд зөвхөн материаллаг хөгжлийг бүтээн байгуулалтыг ярилаа, мэдлэгийн болон оюуны хөгжил дэвшлийн талаар дурдуул өшөө олон зүйлүүд байна. МУИС байгуулагдсан, ШУА-тай болсон гээд л эхэлнэ. Социализмийн үеийн хүмүүсийн ёс суртахуун, урлаг гоо зүйн боловсрол маш өндөр түвшинд байсан гэвч өнөөдөр Монголчуудын ёс суртахуун дэндүү доройтож, хошин шогоос өөр урлагийг ойлгохоо больж. Эх нутгаа лиценз нэрээр зарсаар байгаад Монгол хүн суурьших газаргүй болох дээрээ тулаад байна. Одоогийн Израйль улс Палестен улсын газар нутгийг лиценз нэрийн дор худалдаж авсаар байгаад сүүлдээ Палестинчуудыг эх нутгаас нь хөөсөн гашуун сургамж дэлхийн түүхэнд байдгийг санах хэрэгтэй.
Шашинд идэгдсэн, мухар сүсэгт автсан орон яаж бүтээн байгуулалтаар орчин үеийн улс орон болдогийг социализм бидэнд харуулсан. Монголд социализм маш их гавъяа байгуулсан, мэдлэг боловсрол, бүтээн байгуулалт, соёл урлаг, ёс суртахуун хүмүүжлийг бид социализмаас л авсан. Өнөөдөр бид Ардчиллын үед устгасан социализмын бүтээн байгуулалтаа дахин байгуулах гээд чадахгүй л явна. Ардчилалсан нийгэмд социализмийн бүтээн байгуулалт ямар гай болсон гээд устгасан юм бол оо. Социализмийн үед баригдсан гэх тодотголд нь дургүй байсан юм уу. Социализмийн үед бий болсон гурилын үйлдвэрүүд, төмрийн модны комбинатууд, үйлдвэрийн районуудыг устгасан нь Монгол улсын 70 жилийн хөгжлийг үгүй хийж Монгол улсын хөгжил 70 жилээр ухарсантай адил үйл явдал болсон. Бүх аж үйлдвэр, бүтээн босголтоо үгүй хийж зүгээр л түүхий эдийн орон болсоноороо бид юу ч хожоогүй харин асар их зүйлийг алджээ. Энэ бүх алдсан алдааг хэн буцааж авчрах вэ? Монголын өнөөгийн төр өөрсдийн устгасан зүйлсээ сэргээн босгож чадахгүй гэдгийг бид 22 жилд хангалттай мэдэрлээ. Тэдэнд эх оронч сэтгэл байхгүй, эрдэм мэдлэг байхгүй, хүсэл мөрөөдөл байхгүй. Монголчуудын хамгийн том алдаа бол худал амлагч эрх баригчдад дэндүү их итгэл хүлээлгэсэнд оршино. Та нарын хоногын хоолыг булааж, үр хүүхдийн чинь ирээдүйг тэд л харанхуйлж байгаа шүү дээ.
Би социализмыг магтах бас муулах гэсэнгүй зүгээр л бодит байдлыг бичлээ. Ардчилсан нийгэмд бид юу бүтээв бас байгуулав? Та хариулаад үзээч.
Д.Сүхбаатар
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих