Өчигдөр болсон ИТХ-ын ээлжит хуралдаанаар дарга Р.Зоригтбаатарыг огцруулж, оронд нь Хэрлэн сумын засаг дарга П.Мөнхтөрийг томилжээ. Хурлын энэхүү процесс хоёр дахь удаагаа давтагдаж буй бөгөөд Р.Зоригтбаатарыг огцруулж, П.Мөнхтөрийг томилох тухай шийдвэр хагас жилийн турш маргаан дагуулсан хэрэг гэдгийг уншигч та мэдэх бизээ. Тэгвэл П.Мөнхтөр тэргүүтэн он солигдохын өмнөхөн ИТХ-ын даргын өрөөний хаалга цоожийг эвдэн орж, хурлын тамгыг гартаа оруулсан нь түвэгтэй асуудлыг шийдэхэд "түлхэц” үзүүлэв бололтой.
ИТХ-ын даргаар томилогдоод буй П.Мөнхтөр нь хуульч мэргэжилтэй. Дорнод аймгийн ТАЗГ-ын дарга, Айсвн компанийн захирлаар ажиллаж байсан. 2012-2013 онд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг одоогийн засаг дарга М.Бадамсүрэнг батламжлалгүй бүтэн жил тойрсны дараа Дорнодын МАН-ынхан П.Мөнхтөрийг засаг даргад нэр дэвшүүлэхээр ярилцаж байсан гэдэг. Гэвч энэ үеэр АТГ-т баривчлагдсан тул засаг даргын суудлаас мултарч байжээ. Харин 2014 оны зунаас одоог хүртэл Хэрлэн сумын засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагчаар ажиллаж байна.
Тэрээр сумын засаг даргаар ажиллах хугацаандаа шинэ хосууд гэрээ байгуулж гэрлэлтээ бүртгүүлэх, Хэрлэн сумын өрх бүр хүүхдүүддээ 1 ширхэг бөднө шувууны өндөг идүүлэх гэх мэт хачирхалтай захирамжууд гаргаж, олны нүдийг орой дээр нь гаргаж байсан. Харин одоо ямар шийдвэр гаргаж, аймгаа хааш нь хөтлөхийг цаг хугацаа харуулах байх. Гэхдээ Р.Зоригтбаатар нарын гомдол маргаан шүүхийн шатанд эцэслэн шийдэгдээгүй л яваа гэдгийг дурьдахад илүүдэхгүй.
Дорнод аймгийн ИТХ бүрэлдсэн цагаасаа хойш албан тушаал, сандал суудлын хэрүүл маргаан хийсээр дөрвөн жилийг үдлээ. Одоо дараачийн бүрэлдэхүүндээ халаагаа өгөх хүртэл тэдэнд ердөө зургаахан сарын хугацаа үлджээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих