Гэвч манай төр засгийн удирдлагууд энэ вакциныг үйлдвэрлэдэг гэх "Биокомбинат" ТӨҮ-ийн амыг барьчихсан учраас "Монгол Улсын хэмжээнд вакцины нөөц дууссан" хэмээн хойд, урд хөршөөсөө бадар барихаар болсон. Гэтэл үүнийг дагаад бөөн хэл ам гарч чанаргүй вакцин, хөлдөөсөн вакцин гэдэг үг эрх мэдэлтнүүдийн амнаас салахаа больсон. Сүүлд энэ асуудал хэн нэгэн эрх мэдэлтэн, албан тушаалтнуудтай хариуцлага тооцох хэмжээнд хүртэл хамарсан. "Хөлдөөсөн, хөлдөөгүй" гэх хэрүүлээс үүдэн яам, агентлагууд талцаж, сүүлдээ вакцин нэрээр төсвийн мөнгө шамшигдуулсан гээд бөөн дуулиан дэгдсэн. Үүнээс болж зарим нь хэрэгтэн болох дөхөөд байгаа. Гэхдээ өнөөдрийн байдлаар доод албан тушаалтны хэдэн нөхрийг цалингийн тодорхой хувиар нь торгоод өнгөрөөхөөр ярьж байгаа гэнэ. Уг нь ч холбогдох албаны хүмүүсийн мэдээлснээр анх шүлхий гарсныг мэдсэн даруйд холбогдох байгууллагууд нь арга хэмжээ авах ёстой байсан юм гэсэн.
Гэтэл яг тэр үеэр ОБЕГ-ын дарга нь намын даргаа эргэхээр БНСУ-ыг зорьж, нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар нь хөдөө орон нутагт золголтоо үргэлжлүүлээд сураггүй болсон гэсэн мэдээлэл гарч байв. Үүнээс үүдэн Онцгой байдлын ерөнхий газраас аймаг, сумдын Засаг дарга нарт үүрэг чиглэл өгөөгүй. Тийм болохоор яахаа мэдэхгүй сандралдсан дарга, малчид тархалтыг улам нэмэгдүүлсэн гэдгийг холбогдох мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Түүнчлэн энэ үйл явдлын эргэн тойронд өрнөсөн бас нэг мэдээлэл нь Улсын онцгой комиссын хуралдааны үеэр нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар "Манай улсын ариун цэврийн төв лабораториос анх шүлхий гарсан шалтгааныг тогтоохдоо "А" хэв шинжийн өвчин байна гэж байсан бол ОХУ-д хийлгэсэн шинжилгээгээр "0" хэв шинжийн шүлхий гэсэн хариу гарсан. Хэрвээ манайх малдаа хийсэн вакцин "А" болон "0" хэв шинжийн хосломол байгаагүй бол шүлхийтэй тэмцэх арга огт үр дүнгүй байх байлаа" хэмээн мэдэгдсэн билээ. Хэрвээ "А" болон "0" хэв шинжийн хосломол вакцин байгаагүй бол энэ өвчинд зарцуулах хөрөнгө 22 тэрбум төгрөгөөр тогтохгүй байх байжээ.
Мөн өвчний тархалт улам бүр нэмэгдэж байсан цаг үед холбогдох албан тушаалтнууд "Хоёр хөрш шүлхий өвчнийг санаатайгаар манай руу илгээснийг үгүйсгэхгүй" гэсэн инээдтэй ч юм шиг, эмгэнэлтэй ч юм шиг тайлбарыг хэлээд сууж байлаа. Ичсэн хүн хүн алахын үлгэрээр хариуцлагаас бултах гэсэн нэг арга нь тэр байж. Шүлхий өвчин ч нэг талаараа манай холбогдох газруудын үйл ажиллагааг "шалгасан". Гамшгаас хамгаалах тухай хуульд "Гамшгаас хамгаалах" гэдгийг тодорхойлохдоо Гамшгийн аюулаас хүн ам, мал, амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчныг урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох, эдгээр үйл ажиллагаанд хүн амыг сургаж бэлтгэх цогцолбор арга хэмжээ" гэсэн байдаг. Энэ утгаар нь аваад үзвэл шүлхий өвчин манай дарга нарын бэлэн байдлыг бүхэлд нь шалгаад авлаа. Харин энэ шалгалтад манай дарга нар бараг бүгдээрээ унасан.
Хамгийн гол нь Сүхбаатарт гарч, Дорноговь, Хэнтий гэхчилэн хүрээгээ тэлсэн шүлхий өвчинтэй тэмцэх гэж эрх мэдэлтнүүд бараг л Монгол Улсыг бүхэлд нь самарчихаагүй. Ядарсан төсвөөсөө 22 тэрбумыг зарцуулан байж шүлхийн тархалтыг намжааж, аймгуудын хорио цээрийг цуцалсан. Энэхүү 22 тэрбум төгрөгт хугацаа нь дууссан болон хөлдүү вакцины үнэ, голомтод ажиллаж буй албан хаагчдын цалин хөлс, илүү цагийн мөнгө, тээврийн хэрэгслийн зардал, сэлбэг хэрэгсэл, буудаж хороосон 3400 гаруй үхэр, бог малын нөхөн төлбөр гээд бүгд малын нөхөн төлбөр гээд бүгд багтсан. Энэ бол эдийн засаг элэг дөрвөөрөө мөлхөж буй өнөө цагт их мөнгө гэдгийг ойлгох хэрэгтэй. Ер нь манай монголчууд хэнэггүй зангаасаа болж энэ мэт зарлага их гаргадаг. Тухайлбал, бид айлын хэдэн тугал юунаас болж үхсэнийг тогтоох гэж 100 сая төгрөг зарцуулж байлаа. Хагас жил гаруйн хугацаанд уран олборлолтоос мал хордож үхсэн, үхээгүй хэмээн муур хулгана болж тоглогсдын эцсийн дүгнэлтийг гаргах гэж Засгийн газар үйлээ үзсэн. Нийслэлийн Мал эмнэлэг, үржлийн газар нь цацрагт идэвхит бодисоос хордсон гэсэн дүгнэлтийг гаргасан бол Цөмийн энергийн газраас түүнийг үгүйсгэх гэж бүх л аргыг хэрэглэсэн ч тодорхой үр дүнд хүрээгүй. Арга ядаад Засгийн газраас 140 хүний бүрэлдэхүүнтэй баг гарган ажиллуулж, 100 гаруй сая төгрөг зарцуулан байж цацраг идэвхит бодисоос хордоогүйг тогтоосон. 20 тугалны үхлийн шалтгааныг тогтоох гэж зургаан сарын хугацаанд 140 хүн ажиллаж, 100 гаруй сая төгрөг зарцуулсан нь мөн л ажлаа хийж чаддаггүй, дарга гэх сэтэр зүүсэн эрхмүүдийн алдаа.
Энэ мэтчилэн хариуцлагагүйгээсээ болж төсвийн хөрөнгийг үргүй зүйлд зарцуулах нь улам бүр нэмэгдэж байна. Хэрвээ энэ байдлыг таслан зогсоовол Э.Бат-Үүл дарга "Фортуна" Н.Батбаярыг "Эдийн засаг, хөгжлийн саад" хэмээн үгээр идэхгүй бөгөөд "Гудамж" төсөл ч саад тотгоргүй үргэлжлэх байсныг үгүйсгэхгүй. Түүнчлэн Сангийн сайд Ч.Улаан "Монголын эдийн засагт амаргүй хүнд сорилтууд тулгараад байна. Өнгөрсөн жил төсөв 1.5 их наяд төгрөгөөр тасалдсан. Энэ оны эхний гурван сарын байдлаас харахад бас л орлого дээр тасалдал үүсч болзошгүй нөхцөл байдал үүсчихлээ" хэмээн хэвлэлд ярилцлага өгөөд суухгүй, төсвийн мөнгийг энэ мэт үргэлгэн зарцуулснаас үүдэн өнөөдөр бүтээн байгуулалтын улирал ирчихсэн байхад нэг ч ажил эхлүүлэлгүйгээр суухгүй байсан биз.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих