Дорнод аймгийн ИТХ-ын тамга, зарим нэг баримтыг хулгайлах зорилгоор Хурлын дарга Р.Зоригтбаатарын өрөөний хаалга, цоожийг эвдэн өрөөнд нь орсон хэрэг гарчээ. Хэргийг аймгийн Цагдаагийн газар шалгаж байна. ИТХ-ын дарга Р.Зоригтбаатарыг Улаанбаатар хотод намын даргатайгаа уулзахаар явж байх зуур дээрх хэрэг гарсан гэнэ.
Хэргийг эхнээс нь сийрүүлбэл, 2012 оны сонгуулиар МАН-ынхан ялалт байгуулсан цөөн газрын нэг нь Дорнод. Тухайн үед ялсан намын нөхөд нь М.Бадамсүрэнг Засаг даргаар томилуулах гэж олон удаа тэмцсэн ч Ерөнхий сайд Н.Алтанхуяг гурвантаа буцааж байсан. Эцэст нь хоёр намын тохироогоор түүнийг Засаг ноёны сэнтийд залж байлаа. Төрийн албанд ажиллаж байгаагүй гэх үндэслэлээр Ерөнхий сайд асанд таалагдаагүй тэрбээр өдгөө аймгийн намын хороогоо үймүүлж яваа гэхэд хилсдэхгүй. Зүй нь аймгийн ИТХ-аар АН-ын нэр бүхий гишүүдийг эргүүлэн татах шүүхийн шийдвэрийг Р.Зоригтбаатар танилцуулсныхаа төлөө М.Бадамсүрэнд нүд үзүүрэлгэдж журмын нөхөдтөйгөө тангараг тасрахад хүрсэн нь энэ.
Ямартаа л энэ үйл явдлаар шалтаглан ИТХ-ын дарга Р.Зоригтбаатарыг огцруулж, П.Мөнхтөр буюу Уулааг сонгосон нь ч бий. Гэвч энэхүү шийдвэр нь хууль бус хэмээн Р.Зоригтбаатар Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Анхан болон давж заалдах шатны шүүхээс шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гартал ИТХ-ын дарга Р.Зоригтбаатар үүрэгт ажлаа хуулийн дагуу үргэлжлүүлэх ёстой гэсэн утгатай шийдвэр гарсан байна. Ийнхүү түүнийг унагах гэсэн эхний оролдлого бүтэлгүйтсэн. Иймд хоёр дахь аргыг хэрэглэж Р.Зоригтбаатарыг намын гишүүнээс хөөх шийдвэрийг аймгийн МАН-ын хорооны дарга М.Бадамсүрэн гаргасан байдаг. Гэвч энэ шийдвэрийг МАН-ын Хяналтын ерөнхий хороо хүчингүй болгосон. Гэвч Уулаа буюу П.Мөнхтөр тэргүүтэй эрхмүүд энэ бүхэнтэй өнөөдрийг хүртэл эвлэрч чадахгүй байсаар эцэст нь Р.Зоригтбаатарыг эзгүйчлэн өрөөнийх нь үүдийг эвдэн орж, хулгайн гэмт хэрэг үйлджээ. Ганц тамга гэлтгүй өөрсөдтөй нь холбоотой бармтууд байгаа нь бүлэг этгээдүүдийг ийм үйлдэл хийхэд хүргэсэн бололтой.
Хэргийн талаар ИТХ-ын дарга Р.Зоригтбаатараас зарим зүйлийг тодруулсан юм.
-Чухам юу болсон талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу
-Манай аймгийн удирдлагын түвшинд хулгайч бодолтой хүмүүс байгаад би их харамсаж гутаж байна. Та бод доо. "Хүний бодол санаа гадагш илрэхдээ үг болон үйлдлээрээ илэрдэг”. Үүний тод жишээ сая боллоо. Нэр бүхий хэдэн нөхөд хулгайч луйварчин бодолтой байдаг нь ийнхүү хийсэн энэ үйлдлээр нь илэрч байна. Эдгээр нөхөд орон байрны хулгайчаас ялгагдах юм алга. Намайг намын даргатайгаа уулзахаар Улаанбаатар хотод ирсэн үед ар хударгаар өрөөний хаалга цоож эвдэж өрөөнд орсон. Энэ үед би Улаанбаатар хотоос аймгийн Цагдаагийн газарт дуудлага өгч, мөн аймгийн Цагдаагийн газрын даргад ч утсаар мэдэгдсэн.
-Таны өрөөнд тамганаас гадна чухал баримт материалууд байсан гэсэн. Ямар баримт байсан талаар хэлж болох уу?
-Уулаа буюу П.Мөнхтөр, засаг дарга М.Бадамсүрэн нартай холбоотой баримт надад бий. Тухайлбал аймгийн засаг дарга М.Бадамсүрэнгийн Петровис компанийн захиргааны санаачилгаар халагдсан тушаал, баримтууд. Мөн Уулаа Авто тээврийн газрын даргаар ажиллаж байхдаа 18 сая төгрөгийг завшсан хэргээр АТГ-т шалгагдаж байсан нөхөр. Тэрбээр даргаар нь ажиллаж байсан байгууллагынхаа автомашин худалдан авах тендерт (25 сая төгрөгийн өртөг бүхий автомашин худалдан авах) зөвхөн өөрийн хамааралтай гурван компаниа оруулж улмаар эхнэрийнхээ компанийг ялуулсан асуудал өнөөдрийг хүртэл ээдрээтэй хэвээр яваа. Ер нь Уулаа бол төрийн байгууллагын хаалга эвдэж ордог шигээ олон хүний орон гэрийг яг ийм аргаар булаасан баримт ч бий.
-Өрөөнд чухам хэн хэн орсон юм бэ?
-Аймгийн засаг даргын зөвлөхөөр сая томилогдсон С.Мөнгөнбат гэдэг нөхөр байгууллагын компьютерийн хардыг авч явсан байна. Түүн дотор ИТХ-ын архив байсан, алдагдсан гэж хэлж болно. Бас Д.Шинэбаяр. Энэ хүн ХХААЯ-аас зарласан төсөлд шалгарсан Дорнод аймгийн Баяндун сумын гаралтай компанийн авсан байсан худаг гаргах тоног төхөөрөмжийг эрх мэдэл бүхий албан тушаалтантай нийлж булааж авсан тухай байгаа. Бас манай өрөөнд аймгийн Аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байгаа, АН-ын гишүүн, төлөөлөгч Д.Ганцогт орсон байна. Тэрбээр архи ууж согтууран агсам тавьж төрийн ажилтныг зодож, баривчлагдсан ч эрүүлжүүлэхийн цонхоор зугтаж, шүүхээр захиргааны арга хэмжээ авагдсан гээд төрийн албан хаагчид баймгүй авирласан энэ хүн аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнгийн ивээлд байна. Энэ мэт бүлэг этгээдүүд орон байрны хулгайчийн арга хэрэглэж Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх мэдэл, тамгыг хууль бусаар авч байгаа нь гутамшигтай юм.
Ямартай ч ялалт байгуулсан намынхан эв түнжинтэй байж чадаагүйгээр үл барам нэгнийхээ өрөөний үүдийг эвдэн орж, тамгыг нь хүчээр гартаа оруулсан нь энэ. Гурван ч шатны сонгуульд тонгоруулж, цөөхөн хэдэн газарт ялалт байгуулсан МАН-ын зарим нөхөл ийнхүү хөнжилдөө хөлөө жийлцэж, эцэстээ хуулийн байгууллагын хаалга татав бололтой. Зургаахан сарын дараа сонгууль болно. МАН-ын удирдлагууд энэ мэт эв түнжингүй асуудалд анхаарлаа хандуулж, намын үүргээ бусниулж яваа зарим нэгэнд арга хэмжээ авахгүй бол горьгүй нь.
Улстөрийн тойм сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих