-Судалгааны түүх гэж байдаг. Супер нэгдлийн онолын судалгааны түүх нь юу вэ?
-Нэгдсэн онолын асуудлыг орчин цагийн утгаар нь А.Эйнштейн 1923 онд анх
дэвшүүлсэн гэж үздэг юм. Гэтэл энэ ерөөс танин мэдэхүйн анхдагч
асуудал. Ертөнцийн оршихыг бүрнээ танин мэдэх гэсэн ганцхан ерөнхий
асуудал шинжлэх ухаанд ч байна, шашинд ч байна. Тиймээс танин мэдэх
эхний ба эцсийн асуудал яригдаж буй хэрэг. Эйнштейн амьдралынхаа
сүүлчийн жилүүдэд энэ асуудалд дагнан хариулсан боловч амжилт олоогүй
юм.
1950-иад он хүртэл физикчид нэгдсэн онолын асуудлыг Эйнштейний хувийн
хэрэг мэт бодож нэг их анзаараагүй байдаг. Харин 1960 оноос физикчид
дэлхийн нийтээр хүчлэн оролдож эхэлсэн. Сүүлийн 50 жил албан ёсоор
оролдон буй нь супер хөвчийн үзэл баримтлал юм. Ерөөс физикт ганцхан
үндсэн асуудал үлдсэнийг ойлгох хэрэгтэй.
Тиймээс онолын физикчид ер юу хийлээ ч энэ нь нэгдсэн онолд тэмүүлж
байдаг. Монголд гэхэд академич Х.Намсрайн локал бус квант орны онол
бий. Эцсийн зорилго, хандлага нь мөнөөх л нэгдсэн онолыг байгуулах
явдал. Гэвч олон улсын шинжлэх ухааны олимпийн гол найдвар нь супер
хөвчийн үзэл баримтлал байж ирлээ.
Орчин үеийн Эйнштейнүүд гэж улайм цайм рекламдуулдаг суут ухаантнууд
энэ үзэл баримтлалаар 50 жил ноцолдоод үр дүнд хүрээгүйг бодоод үзээрэй.
Заримтай нь би уулзаж байсан лекц, семинарт нь сууж байсан. Тэгэхээр
суутнууд оролдоод болдоггүйн шалтгаан нь үзэл баримтлалын буруу гэж
бодмоор.
Ер шинжлэх ухааны хөгжлийн бас нэг зарчмын онцлогийг дурдах хэрэгтэй.
Юу вэ гэвэл, шинжлэх ухаанд хүний ухаан бус, харин зөв үзэл баримтлал
шийдвэрлэх ач холбогдолтой. Хамгийн хэцүү нь цоо шинэ бөгөөд зарчмын
хувьд зөв үзэл баримтлалыг олох явдал. Хэрэв олбоос үлдсэн нь харьцангуй
техникийн асуудал.
-Тэгвэл Таны үзэл баримтлал юу байв?
-Супер байгууламжийн үзэл баримтлал. Бичсэн ном маань ердөө л энэ
байгууламжийн доторхи тооцоо. Тэр тооцоо нь супер нэгдлийн онол. Түрүүнд
хэлсэн супер хөвчийн концепци бас буруу биш. Асуудал юу вэ гэхээр,
супер хөвчөөс цааш шилжих хоёр арга байж болно. Тэд буруу аргаар нь
явчихсан учраас үр дүнд хүрээгүй ба хүрэх найдвар ч байхгүй. Монгол
судлаач зөв аргаар нь яваад үр дүнд хүрчээ.
-Хоёр арга байсаар байтал тэд заавал буруу аргаар нь зүтгээд байсан нь сонин юм?
-Хоёр арга гэдгийг би хэллээ. Тэд болохоор ганц арга замтай л гэж
бодоод яваа. Дахиад зарчмын нэг зүйлийг хэлье. Хүний санаанд орох юмс
аль эрт дуусчихсан. Үлдсэн нь хүний санаанд орохгүй хэрийн хэцүү, нууц
далд зүйл байна. Супер нэгдлийн онолын хүндрэл нь чухам үүнд. Үүнийг
физикчид, философичид эртнээс мэдэх боловч хүний санаанд орохгүйг санаж
сэтгэх нь санаан зоргийн юм даан ч биш.
-Хүний санаанд орохгүй зүйл таны санаанд яаж оров?
-Ийм юмыг өнгөрсөн хойно нь үгээр илэрхийлж болдоггүй. Үнэндээ хэн
мэдлээ, яагаад санаанд орсон юм. Ямар боловч их урт түүх учраас энд зай,
цаг бараад яахав. Шинжлэх ухааны их хүмүүсийн нэлээд нийтлэг хэлсэн нэг
зүйл бий. Юу вэ гэвэл, бодоод л байх хэрэгтэй гэж. "Над лугаа бодоод л
байх ахул хэнбугай ч математикч байж чадна" гэж суут Гаусс хэлсэн нь
оргүй биш.
Гэтэл "Бодох нь хамгийн яршигтай үйл" гэж Блез Паскаль хэлсэн байдаг.
Тиймээс хүмүүс ийм хар яршигтай үйлээс зугтдаг. Энэ нь бараг байгалийн
хууль учраас буруу ч бас биш. Гэтэл зарим хүмүүс төрөлхийн сониуч зан
төрхтэй байдаг. Ийм хүмүүс оюуны сонирхол гэдэг сэтгэлзүйн төлөвт шилжих
нь олонтаа. Оюуны сонирхол давамгайлсан хүмүүс аливаа хэрэгтэй,
хэрэггүйн учир начрыг олох гэж бодоод л байдаг.
Тухайн нийгэмд материаллаг ба оюуны сонирхпын тэнцвэрийг хадгалах нь их
чухал. Өнөөдөр бид капиталист анхны хуримтлалын үе шатанд байгаа
болохоор материаллаг ашиг сонирхол хэт давамгайлж байна. Оюуны сонирхол
байлаа гээд тэр нь шалиг налиг шоу төдийхнөөр хязгаарлагдана. Гэтэл хүн
бидний гол эрхтэн маань уураг тархи шүү дээ.
"Уураг тархи маань араатны араа соёо, хуруу хумс лугаа амьдрах
хэрэгсэл" гэж нэрт биологич, Нобелийн шагналт Сент-Дьердь хэлснийг санах
хэрэгтэй. Энэ ярилцлагыг унших хүн бараг олдохгүйг баталгаатай хэлж
болно. Учир нь, шинжлэх ухааны зүй тогтол, суурь асуудлаар нэлээд бодож
болгоох хэрэг гарна. Энэ бол хаана ч, хэзээ ч маш яршигтай үйл. Ер нь
хэнд хэрэгтэй юм гэж бодмоор.
-Бодохын тулд боловсрол хэрэгтэй байх. Та хэрхэн яаж боловсорсон хүн бэ?
-Жинхэнэ боловсрол зөвхөн өөрийн бие дааж олсон боловсрол байдаг.
Саяхан Монгол Улсын гавъяат багш, доктор Ц.Дэмбэрэлтэй ярилцсанд мөн энэ
тухай эцэст ойлгосноо ярьж байна. Өнөөгийн нөхцөлд Монголд бүү хэл,
Орост боловсрол уналаа. Нөгөө талаар, жинхэнэ бие дааж боловсрол олох
арга зам, хэрэгсэл боломж чухам өнөө үед нээлттэй боллоо.
Хүүхэд, залуучуудад оюуны сонирхол дутагдаж, тухайн цаг үедээ
хууртагдаж байна. Нэг бүхэл бүтэн үе алдагдсан тухай зарим нийтлэлчид
ярьж буй нь ихээхэн үндэслэлтэй. Дахиад бас нэг үе алдамгүй байна.
Алдваас Монгол их хэцүү байдалтай тулгарна. Одоо ч бүх салбарт
мэргэжлийн түвшин буурсан нь нууц биш. Цаашид хэрхэх вэ? Нийслэлийг
аваад үзье. Капиталист мегаполис үүсэх нь зүйн хэрэг.
Газрын наймаа газар авах нь зүй тогтол. Капиталист анхны хуримтлалын үе
шатанд эдгээрээс зугтах арга байхгүй. Асуудал юу вэ гэхээр, газрын
наймаачид "хот байгуулалт" гээч нарийн нийлмэл ухааны ямар нэг
мэргэжлийн түвшин, төсөөлөл, боловсролтой байх ёстой юм. Наймаагаа учир
начиртай хийнэ гэсэн үг л дээ. Гэтэл мэргэжлийн түвшин байтугай,
төсөөлөл харагдахгүй бөгөөд үр дүнд нь өнөөгийн Улаанбаатар гэх зах
замбараагүй урсгал үзэгдэл.
Зориуд буруу хийснийг засч болдог, ийм урсгал үзэгдлийг засч залруулж
болдоггүй гэдэг. Энэ л цаашдаа харагдах болуужин гэж айх юм. Хуучин үед
хот байгуулалтад хэтэрхий хатуу ханддаг байсан. Одоо дэндүү хөнгөн
хандах болжээ. Туйлшрал л юм даа.
-Цаашдаа яах ийхийг ёстой тэнгэр мэдэх биз ээ?
-Гэхдээ хүн бид мэдэх чадахаа хийж л байх ёстой. IV хорооллыг ЗХУ-ын
зээл тусламжаар бариулах зорилт тавьжээ. Үүний тул Москва хотын даргыг
айлчлуулж, түүний толгойг Б.Алтангэрэл дарга эргүүлэх хэрэгтэй гэсэн
бодлого гарчээ. Толгойг нь эргүүлэх бүх баримт бичиг сэлтийг миний бие
арваад хоног хотын намын хорооны бүр хуучин, шатахаас өмнөх байшинд сууж
оросоор бичиж, орчуулж хийсэн юм.
Москва хотын дарга өглөө 08 цагт онгоцноос бууна гэж байхад би 03 цагт
эцсийн зарим зүйлийг гүйцээн хүлээж суусан Б.Алтангэрэл даргын гэрт нь
хүргэж өгч байв. IV хороолол баригдсан. Одоо ч Монгол Манхэттан гэгдэх
сүрлэг сайхан хороолол. Хуучин үеийн ажил байдлын горим нэг иймэрхүү
байлаа гэдгийг хэлэх гэсэн юм л даа.
-Ингэхэд Та аль намын гишүүн бэ?
-Хуучин шинэ аль ч үед нам бус. Гай ч үгүй, гавъяа ч үгүй хэрэг.
Математикийн философиор уул овоо шиг их утга зохиол бий. Зөвлөлтийн
үеийн нэг номонд "Математик дахь намч чанар" гэсэн бүлэг байдаг. Супер
нэгдлийн онол маань цэвэр математик үзэгдэл. Энэ онолыг нээж
боловсруулсны цаана хүссэн хүсээгүй ямар нэг үзэл суртал нуугдан байгаа.
Энэ нь үндэсний үзэл юм. Нэг ухаандаа математик дахь миний намч чанар
гэвээс "Үндэсний үзлийн нам"-ын намч чанар юм. Миний үндэсний үзэл
хуучин үед ч нууц байгаагүй. Үндэсний үзэл бол хамгийн хүчтэй хөшүүрэг,
тулгуур багана, хөрс дэвсгэр юм гэж боддог. Супер нэгдлийн онолыг олсон
нь ч үүний баталгаа юм. Энэ судалгааны үгийн угт үндэсний үзэл бий юм.
-Улс төр рүү хэт хальтрах хэрэг байна уу даа. Тэр тусмаа үндэсний үзэл гэхээр айж бэргэх, үргэж бусгах нь одоо ч элбэг?
-Ер нь бол зүгээр үг хэл, үзэл бодлын эрх чөлөөний асуудал. Үндэстнүүд
оршин байна. Үндэстнүүд арилтал яавч их ус урсана. Ерөөс хүн төрөлхтөн
гэдэг систем оршин тогтох үндэс нь үндэстнүүдийн ондоошил гэж системийн
шинжлэл гэдэг ухааны үүднээс хэлж болно, тэгж ч үздэг. Бид үндэсний
үзэлгүй байж болно.
Гэтэл бусдууд үндэсний үзэлтэй. АНУ гэдэг халуун тогоо, холион бантан
хүртэл үндэсний үзэлтэй. Энэ нөхцөлд үндэсний үзэлгүй үндэстэн нь
дархлаа устгадаг ДОХ-той этгээд гэсэн үг. Тиймээс үндэсний үзэл нь ердөө
л амьдарч үлдэх арга хэрэгсэл. Үүнээс айж бэргэх, үргэж бусгах нь илүүц
зүйл.
-Таны судалгааны амжилттай үр дүнг дан ганц үндэсний үзэлд хамаатуулж болох уу?
-Дан ганц биш, гэхдээ гол хүчин зүйл нь энэ. Үндэстнүүд өрсөлддөг. Энэ
нь байгалийн хууль. Өрсөлдөөний гол талбар нь оюуны салбар. Оюуны
салбартаа өрсөлдөөний гол талбар нь шинжлэх ухаан. Энд олсон үндэсний
нэр хүнд, рейтинг чансаа мөнхийн байна. Биеийн баатар болбоос нэг үеийн
баатар, билгийн баатар болбоос мянган үеийн баатар гэдгийн учир энэ.
Шинжлэх ухаан, технологийн томоохон нээлтүүд үндэстнүүдийн өрсөлдөөн,
үндэсний үзэлтэй шууд холбоотой нь угтаа нууцлаг боловч нийтлэг үзэгдэл.
Ерөөс давуу дутуу тал зөвхөн оюуны салбарт байна. Чингисийн Монголчууд
гэж зэрлэг бүдүүлэг хүмүүс байсан гэж урьдын түүхчид бичдэг байв.
Гэтэл зэрлэг бүдүүлэг дээр дэлхийн түүхнээ хамгийн аугаа гүрэн байгуулж
болох уу? Өнөөгийн түүхчид энэ асуултын хариултыг олж эхэлж байна. Юу
вэ гэвэл, Чингисийн Монголчууд оюун сэтгэлгээний давуу талыг эзэмшсэн
байжээ гэж.
-Яагаад, ямар учраас?
-Энэ их нарийн асуудал. Бүдүүн тоймоор нь хэлбэл дараах юм. Зэрлэг
бүдүүлэг нь худал биш. Гэтэл энэ зэрлэг бүдүүлэг чинь чухам юу гэсэн үг
юм бэ? Байгаль шиг бодож сэтгэнэ гэсэн үг. Байгаль хэзээ ч алддаггүй.
Чоно лугаа сэтгэж үйлдээд байхад л болж байж. Чингисийн Монголчуудад
бусдаас сурч мэдсэн онол номлол гэж юу байхав.
Харин тэдэнд мянга мянган жилээр энэ газар орноо боловсорсон төрөлх
метафизик сургаал нь байсан. Түүний үндсэн теорем, томъёоллыг хэн бүхний
мэдэх нэр бүхий дурсгалаас миний бие зээлдэн номын тэмдгэндээ
хэрэглэсэн нь энэ юм. Өнөөгийн хэлээр хэлбэл, энэхүү метафизик сургаал
нь тэнгэризм юм.
Энэ нь байгаль лугаа сэтгэж үйлдэх аяс хандлага, арга ухаан юм. Энэ нь
дэлхийг даяарчилсан ялалтыг хангах оюун санааны давуу тал болж байжээ.
Юмс үзэгдэл ямагт хоёр талтай, хосмол чанартай. Язгуур нүүдлийн ахуй
оршихуйн нөгөө тал нь түүний зарим давуу талууд.
-Тийм давуу тал байлаа гээд өнөө үед тэр нь үйлчлэх үү?
-Яагаад үгүй гэж. Тэр тусмаа өнөөдөр бүр илүү үйлчлэх боломжтой.
Шинжлэх ухаан гэж байгалийн нууцсыг тайлж тайлбарлахыг хэлнэ. Энэ нь
байгаль лугаа сэтгэ гэсэн л үг биш үү. Байгальд хамгийн ойр дөт нь
нүүдэлчид. Би нүүдэлчин ахуй орчинд төрж өссөн. Энэ миний давуу тал
байхыг үгүйсгэхгүй.
Багадаа энгэр газар судгийн ногоо дагуулан хонь хариулж, хаврын наранд
ээж суухдаа энэ орчлонгийн гайхамшигтай зохирлыг анх ажиглаж гайхаж
байснаа мартдаггүй юм. Бүх юмс үзэгдэл газар дээрх амьдралд зориулагдан
зохицуулагдсан мэт. Манхэттанд төрж өссөн хүүхэд хот орноо сайшааж
шүүмжилж чадна. Харин орчлонг олж харахгүй. Ялгаа зөрөө нь энэ.
-Тэгвэл Таны багадаа хонь хариулсан, адуу манасан нь супер нэгдлийн онолд тэгтлээ нөлөөллөө гэж үү?
-Нөлөөлсөн. Энэ бол баримт. Ертөнцийн зохиролд гайхаж бишрэхдээ
"Зохирол" гэдэг үгийг мэддэггүй байсан байж таарна. Гэхдээ сэтгэгдэл,
сэтгэмж нь тийм байсан. Коперникийн дараахь нээлт ололт нь Иоханн
кеплерийн "Нагтогисае Мипси" ном юм. Ертөнцийн зохирол гэсэн үг. Энд
гариг эрхсийн хөдөлгөөний хуулиуд байх ба энэ үндсэн дээр их Ньютоны
онол номлол бий болсон түүхтэй.
Ерөөс танин мэдэхүй, шинжлэх ухааны туйлын зорилго нь ертөнцийн
зохирлын системийг нээж олох явдал. Олбоос супер нэгдлийн онолыг
байгууллаа гэсэн үг. Их Ньютоны номоор онолын физикийн ухаан бий болсон.
Онолын физикийн эцсийн онол, төгсгөл нь миний дээр дурдсан ном.
-Таны нээсэн онолыг эрдэмтэд, тэгээд дээшээ том дарга нар ойшоохгүй байна уу даа?
-Айгаад байдаг юм. Монгол хүнд итгэхгүй байгаа юм. Шинжлэх ухаанч боловсрол дутмагийнх.
-Юунаас айдаг байна аа?
-Энэ чинь би өөрөө айдаг аугаа үзэгдэл. Энэ чинь шинжлэх ухаан, соёл
иргэншлийн түүхэнд эцсийн эцэст хэдэн нүүдэлчид үнэмлэхүй ялж буй хэрэг
шүү дээ. Супер нэгдлийн онолын асуудал гэж юу болох тухай уул овоо шиг
их утга зохиол бий. Нобелийн шагналт Стивен Вайнбергийн ном байна. Нэр
нь "Эцсийн онолын зүүд мөрөөдөл" гэж байна.
Энэ чинь хүн төрөлхтөний зүүд мөрөөдөл болсон туйлын зорилт. Бас нэг
ном байна. Нэр нь "Физикийн төгсгөл: Нэгдсэн онолын үлгэр домог" гэж.
Зүүд мөрөөдлийн хэрийн зүйлийг хэрэгжүүлэх нь үлгэр домгийн хэрийн хүнд
хэцүү хэрэг болох нь XX зууны шинжлэх ухааны түүхээр батлагдсан юм. Т
эгэхээр зүүд мөрөөдөл, үлгэр домог хэрэгжлээ гэж нэг муу Монгол
хэлэхээр өнөөгийн манай удирдлагад үнэхээр итгэл үнэмшилгүй сонсогдох
нь аргагүй юм. Хүннү гүрэн, та бид нэр сүрийг нь худалдаж идэн байгаа
Чингисийн Монголын Эзэнт гүрэн чинь бас л зүүд мөрөөдөл, үлгэр домгийн
хэмжээний аугаа үзэгдэл шүү дээ. Тиймээс үлгэр домгийн хэрийн зүйлээс
айж бэргэх, хулгаж хулмалзан нуугдах шалтгаан чухам Монголчуудад байхгүй
юм. Гэтэл та бид дээр үеийн баатрууд биш, өнөө үеийн бирд бөөснүүд
болжээ. Хүн амьтныг ч дээр дооргүй айлгаад, би өөрөө ч бэргээд байдгийн
учир энэ.
-Эцэст юу хэлмээр байна?
-Шинжлэх ухааны сүүлчийн онолыг нээн олж байгуулах асуудал ба туйлын
зорилт хүн төрөлхтөний өмнө байдаг юм байна гэж түрүүнд хэлж ярьснаас
эрхбиш ойлгогдож буй байх. Шинжлэх ухааны асуудал шийдтэй байх номтой,
учир нь шинжлэх ухааны асуудлыг хэн, хаана, хэзээ шийдэх нь тохиолдлын
хэрэг, магадлалын асуудал. Тохиолдол, магадлалын дотор Монгол Улс ба
Монгол үндэстэн тууж л яваа юм.
Ямар нэг тохиолдол, магадлал хэрэгжихэд айж цочирдон шоконд орж
балмагдах хэрэггүй Нөгөөтэйгүүр, шинжпэх ухааны шинэ суурь онол хаанаас
гарна, тэндээс соёл иргэншил хөтлөгдөж, тийшээ түүхэн үйл явц төвлөрдөг
жамтай. Шинжлэх ухааны сүүлчийн онолын хувьд ийм даяар нөлөө тусгал нь
үнэмлэхүй шинж чанартай байх ёстой. Өөрөөр хэлбэл, Монгол Улс хүссэн
хүсээгүй олон улсад рейтиг чансаагаараа тэргүүлэх байр сууринд
тавигдана.
Эндээс их юм хүлээгдэнэ. Харин хүлээлтийн бид хэрэгжүүлж чадах уу, үгүй
юү. Ер нь бодоод байх нь ээ, би вээр Бодончар мунхагийн угшилтай нэгэн
байх шиг. Мань эр үлгэр домгийн шахам хачин жигтэй юм донгосоод мунхаг
гэж ад үзэгдэн гэрээсээ хөөгдсөн байдаг. Гэхдээ хожим нөгөөдүүл нь
яагаад ч юм түүнийг зорьж эргэж очсон байдаг.
Нөгөөх нь болохоор, тэнд нэг хэсэг сул иргэн байна, тэднийг автугай гэж
санал дэвшүүлсэн байдаг. Тэгээд тэр ёсоор болсон. Тэгээд үйл явц цаашид
хар аяндаа даамжирсан. Их Монгол Улс, Эзэнт гүрний угт ийм зөвлөмж, ийм
үйл явдал байсан. Өнөөгийн дэлхий гэж яахаа мэдэхээ больсон сул иргэд
тэр аяараа аврал хүлээж байна.
Аврал нь зарчмын хувьд, ганцхан. Энэ нь эцсийн буюу супернэгдлийн онол.
"Санааг нь авбаас бие нь хаа хол очиж хамраараа хатгаж ойчих" гэж
Чингис хаан сургажээ. Санааг нь нэг мөсөн авах арга хэрэгсэл нь бэлхнээ
байна. Ардчиллын туг далбаа, уриа лоозон болсон Уинстон Черчилль
хэлэхдээ "Ирээдүйн эзэнт гүрнүүд нь оюун санааны эзэнт гүрнүүд байх юм"
гэжээ. Оюун санааны даяар Эзэнт гүрэн байгуулах алтан боломж нээлттэй.
Эх сурвалж: "Соёмбо” сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих