Г.Шийлэгдамбын хэргийг ирэх дөрөвдүгээр сарын дундуур дэнсэлнэ
АТГ-аас өчигдөр орой 18.00 цагийн үед Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба тэргүүтэй хэд хэдэн хүний хэргийг шалгаж дууссан тухай мэдээллийг хэвлэлийнхэнд өглөө. Тэд Г.Шийлэгдамба, Эрүүл мэнд, спортын яамны төрийн нарийн бичгийн дарга Т.Ганчимэг, Дархан-Уул аймгийн Засаг дарга асан С.Насанбат нарын хэргийг шалгаад, буруутай хэмээн үзэж яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай Нийслэлийн прокурорт шилжүүлжээ.
Тодруулбал, Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Г.Ганчимэг нарт холбогдох эрүүгийн 201501000161 тоот, Дархан-Уул аймгийн Засаг даргаар ажиллаж байсан С.Насанбат нарт холбогдох эрүүгийн 201509000716 тоот хэргүүдэд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан аж.
Ингээд АТГ-аас Г.Шийлэгдамбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2, Г.Ганчимэгийг мөн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2, 269 дүгээр зүйлийн 269.1, С.Насанбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-т заасан гэмт хэрэгт тус тус яллагдагчаар татаж, хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт шилжүүлэв.
ЭМС-ын яамны сайд, төрийн нарийн хоёрт АТГ-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-оор хэрэг үүсгэсэн. Тэднийг буруутгаад буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-д "Энэ хэргийг хясан боогдуулах замаар, эсхүл давтан буюу урьд хээл хахуулийн хэрэгт шийтгүүлсэн этгээд, түүнчлэн зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, эсхүл их буюу онц их хэмжээний хээл хахууль авсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заасан байдаг юм. Хэрэв тэднийг шүүх энэ зүйл ангиар нь яллавал Г.Шийлэгдамба, Т.Ганчимэг нар хамгийн багадаа 5-10 жилийн ял авах магадлалтай юм.
Төрийн нарийн Т.Ганчимэг нь мөн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1-д буруутгагдсан. Энэ нь Хээл хахууль өгөх гэсэн зүйл анги бөгөөд 5-8 жилийн ял шийтгэл авдаг билээ.
Ийнхүү Г.Шийлэгдамбын хэргийг АТГ-аас прокурорын байгууллагын хяналтад шилжүүллээ. Прокурор хэргийг хоёр сарын хугацаанд хянана. Шаардлагатай тохиолдолд дахин 30 хоногоор сунгаж хянах эрхтэй байдаг. Эс бөгөөс хэргийг мөрдөн байцаалтад буцаах эсвэл шүүхэд шилжүүлэх юм.
Гэхдээ Г.Шийлэгдамбын авилга хээл хахууль авсан нь хөдлөшгүй баримтаар тогтоогдсон гэж эх сурвалж мэдээлж байгаа юм. АТГ-т Г.Шийлэгдамбатай холбоотой авилгын хэргийн талаарх мэдээлэл эрт ирсэн бөгөөд тус газрынхан хэргийг хөдлөшгүй баримтаар тогтоохын тулд олон сарын турш гүйцэтгэх ажиллагаа явуулсны дүнд үйл дээр нь барьсан гэж эх сурвалж мэдээлсэн юм. Тиймээс прокурор хэргийг хянаж, шүүх рүү шилжүүлэх байх. Шүүхэд шилжүүлвэл цаг хугацааны хувьд ирэх гуравдугаар сарын дундуур Г.Шийлэгдамбын хэрэг шүүхэд очих юм. Шүүх уг хэрэгтэй 30 хоногийн дотор танилцаж хурлын товыг гаргах ёстой гэж үзэхээр сайд асан Г.Шийлэгдамбын хэргийг ирэх дөрөвдүгээр сарын дундуур дэнслэх бололтой.
Г.Лхагваа
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих