
Буриадын "Номер Один” сонины сэтгүүлч Владимир Пашинюк энэ талаар "Монголчууд Буриадад хэрхэн ханддаг вэ” нэртэй нийтлэл бичсэн байна. Нийтлэлийг орчуулан хүргэе.
Визийн дэглэмийг 2014 оны намар цуцалсан гэдгийг та бид мэдэж байгаа. Яг л рублийн ханш унахтай зэрэгцэн хил нээгдсэн. Ингэснээр урьд өмнө үнэтэй тул худалдан авч чаддаггүй байсан орос бараа харьцангуй хямд болсон билээ. Монголчууд Буриадад ирэх гол шалтгаан нь хямд үнэ, чанартай бараа, үзэсгэлэнт байгаль, зочломтгой зан, Байгаль нуур эцэст нь цэвэр агаар юм. Монголын иргэн Боржгон Мөнхбаяр Амарсайхан "Визгүй болонгуут монголчууд Орос, Удаан-Үд, Байгаль нуурт их очдог болсон. Рублийн ханш унаснаар Буриадад улам олноор аялах болсон. Барааны үнэ их хямд болсон” гэж ярьж байна. Амарсайхан Москвад олон жил суралцсан, Буриадад байнга ирдэг хүн. Харилцан визгүй болсноор Монголын хоол хүнсэнд их өөрчлөлт гарсан гэж тэр үзэж байна. Түүний хэлснээр визтэй байх үед Монголд орос хүнсний бараа их цөөхөн байсан гэнэ. Харин одоо орос бараа их болсон, монголчууд орос чихэр, зөгийн баланд дуртай гэж тэр ярьлаа. Монголчууд бидэнтэй л адил хямд хятад бараа их авдаг байлаа. Тэгвэл одоо байдал өөрчлөгдөж байна. Хятадуудаас хямдхан бараа бид гаргаж чадахгүй ч манай ар талд "Орос чанар” байгаа болохоор орос бараа нь дээр гэж олон монголчууд үздэг.
В.Путин шиг ерөнхийлөгчтэй болох сон
Хямд бараанаас гадна монголчуудын сонирхлыг татдаг газар бол манай Байгаль нуур. Амарсайхан "Би Байгальдалайн хажуугаар олон удаа явж байсан ч очиж үзээгүй тул энэ жил заавал очиж амрана. Монголчууд Хөвсгөл нуурын эрэг дээр амардаг байсан бол одоо Байгаль нуур явах боломжтой болсон” гэж хэллээ. Өвөл ч гэсэн Байгаль нуурыг зорих монгол жуулчид олон. Байгалийн үзэсгэлэнгээс гадна цэвэр агаар тэднийг татдаг. Өвөл Улаанбаатар хот утаанд дарагддаг тул монголчууд цэвэр агаар амьсгалах гэж өөрсдөө, эсвэл үр хүүхдээ Буриад руу явуулдаг болсон. "Манайд хэт олон машинтай, мод ургамал цөөхөн, хүн амын 70 хувь нь гэр хороололд амьдран, нүүрс түлдэг болохоор утаа ихтэй. Монголын УИХ-ын 76гишүүн юу ч хийдэггүй. Тэдэнд энэ асуудлыг шийд гээд мөнгө өгдөг ч мөнгөөр нь хувийнхаа асуудлыг л шийддэг” гэж Амарсайхан ярьж байна. Улс төрийн хувьд монголчууд манай ерөнхийлөгчийг их хүндэлдэг гэнэ. Олон улсын соёлын аялал жуулчлалын холбооны дэд ерөнхийлөгч Янжима Базарова "Монголчууд В.Путинд их хайртай. Манай 76 гишүүнийг аваад оронд нь В.Путин шиг ганц удирдагч өгөөч гэсэн шог яриа ч бий” гэж хэлсэн юм.
Цаг агаарын хувьд манайх Улаанбаатартай адилхан тул Сибирийн хүйтэн цаг агаараас тэд эмээдэггүй. "Би зун Буриадад очиж үзээгүй болохоор харьцуулж мэдэхгүй байна. Харин өвөл бол бараг адилхан даа. Өчигдөр гэхэд л Улаанбаатарт -33 хэм хүйтэн байсан” гэж Амарсайхан хэллээ. Харин хүнс, хоолны талаар бидэнд монголчуудыг гайхуулах зүйл маруухан. Хятад, солонгос хоол монголчуудын хувьд илүү сонирхолтой байдаг.
Юунаас ч айхгүй
Гэхдээ зарим монгол жуулчдад Буриадад муу зүйл тохиолдож байсныг хэлэх хэрэгтэй. Гэмт хэргийн түвшин манайд их хэвээр байгаа ч монголчууд айхгүй байна. "Саяхан Монголын хэдэн жуулчин гэмт халдлагад өртсөнийг би сонссон. Гэхдээ энэ биднийг зогсоохгүй. Монголчууд юунаас ч айдаггүй” гэж Амарсайхан зоригтой гэгч нь хэллээ. Буриадын машин замын талаар сайн муу ямар ч юм хэлээгүй ч Улаан-Үд хотын зам тээврийн талаар шүүмжлэлтэй зүйл байгаа гэнэ. Улаан-Үдийн трамвайн зам машин замтай нийлдэг нь хөдөлгөөнд саад учруулдаг нь Амарсайханд таалагдаагүй байна. Мэдээж монголчууд Буриадад ирэхэд хамгийн гол саад болсон зүйл нь гааль байсан, одоо ч хэвээр. Визгүй болсон эхний өдрөөс л эхлээд гаалийн шалгалтад асуудал гарч эхэлсэн. Олон улсын соёлын аялал жуулчлалын холбооны менежер Октябрина Дашинимаева "Эхний өдрүүдэд хил дээр дараалал их үүссэн. Ялангуяа Монголын тал дээр маш олон хүн цугларч, хил давах гэж хэд хоногоор хүлээж байсан. Нэг удаа бид монгол хүүхдүүдийг урьсан чинь тэд хил дээр хонохоос өөр аргагүй болсон” гэж ярьлаа. Одоо байдал сайжирч, шалгалтын цаг богиносон, гомдол саналын тоо багассан байна. Гэхдээ Оросын гаалийнхан Монголын талыг бодвол хэт нягт шалгадаг хэвээр байгаа аж. Шинэ жилийн баярын өмнө Буриадад ирсэн Мөнхөө хэмээх хүүхэд "Монголын талаас хил давахад их амар байдаг. Тэсрэх бөмбөгтэй байсан ч гарчихаар. Азаар надад тийм бөмбөг байхгүй л дээ” гэж хэлсэн.
Гэртээ буй мэт
Монголчууд Буриадад янз бүрээр л ханддаг. Насны ялгаанаас шалтгаалан тэд манай улсыг нэг бол ойр дотно газар, нөгөө хэсэг нь Оросын л нэг хэсэг гэж үздэг. "Үнэнийг хэлэхэд одоогийн залуучууд Буриад бол Монголын соёлын нэгэн хэсэг гэдгийг огт мэдэхгүй. Тэд Буриадыг Оросын нэгэн хэсэг л гэж тооцдог” гэж Амарсайхан ярьсан. Гэхдээ ОХУ-ын Европын хэсэгт байдаг бусад хот мужид байдгаасаа илүү монголчууд Буриадад тав тухтай байдаг нь нууц биш. Амарсайханы хэлснээр түүнийг Москвад амьдарч байхад ази төрхтэй гээд ад үзэх үе байсан гэнэ. Харин Буриадад хэн ч түүнийг ази царайтай гэж ад үзэхгүй тул хэрэв Буриадад амьдрахаар болбол гэртээ байгаа мэт л санаа зовох зүйлгүй амьдрана гэж тэр хэлсэн. Мэдээж хүн болгоны бодол санаа өөр ч ерөнхийдөө бол Буриад, Улаан-Үдийн талаар монголчууд эерэг бодолтой. Хоёр улсын ойр дотно харилцаа холбоо, нэгдсэн соёл түүх, адилхан цаг агаар энэ бүхэн биднийг Байгаль-Монголын нэгдсэн нутаг дэвсгэр болгон нэгтгэж байгаа юм. Хэдийгээр эдийн засгийн хамтын ажиллагаа хангалттай биш байгаа ч удахгүй хөгжиж цэцэглэнэ гэдэгт итгэлтэй байна.
М.Сугар-Эрдэнэ

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих