"Баяраа өөрөө ширээн дээрээс уначихсан юм байна лээ” гэдэг шиг Монголын арилжааны банкууд Үндсэн хуулийн Цэцийн шийдвэртэй холбогдуулан орон сууцны найман хувийн зээлийг зогсоосон нь зүгээр л шалтаг байсан аж. Уг нь банкны барьцаанд байгаа ч өөрийн болох байр сууц буюу үл хөдлөх хөрөнгөө давхар барьцаалъя, зээлийн дэнчинд тавья гэсэн иргэний эрхийг Үндсэн хуулийн Цэц зөвшөөрсөн юм байна л даа. Үүнийг далимдуулаад арилжааны банкууд Засгийн газарт дунд хуруугаа гозойлгож харуулсан юм байж. Одоо амлалтдаа бантсан эрх баригчид Ипотекийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хийж, Цагаан сарын өмнө батлан гаргахаар шамдаж сууна. Харин ипотекийн зээлийг зогсоосны горыг мэдээж иргэд л амсч байгаа. Тодруулбал, Монголын ипотекийн корпорацийн мэдэгдэж байгаагаар 1200 орчим өрх шинэ орон сууцанд орох боломжоо алдсан байна. Харин УИХ-ын дарга З.Энхболд болон Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал нар орон сууцны зээлийн хүүг таван хувь хүртэл багасгах боломж байгаа талаар мэдэгдсэн нь дээрх орон сууц мөрөөдөгчдөд "сохорсон биш завшив” гэгч болох нь бололтой.
Гэвч асуудал их байна аа. Одоогийн байдлаар найман хувийн хүүтэй зээлийн үлдэгдэл 2.4 их наяд төгрөг байгаа бөгөөд зээл цааш үргэлжилбэл энэ онд 3.0 их наяд төгрөгт хүрэх магадлалтай гэж тооцоолж байна. Гэхдээ зээлийн хүүг бууруулах хувилбар нь урьдчилгаа төлбөрийн хувийг багасгах зэрэгтэй харьцуулбал илүү бодитой бөгөөд хүртээмжтэй байж болох арга мэт санагдаж байгаа юм. Ипотекийн зээлийг хэрэгжүүлж эхэлсэн 2013 онтой харьцуулахад /тэр үед инфляц 13-14 хувьтай байсан/ энэ нь нэлээд боломжийн хувилбар байх. Үндэсний статистикийн хороо үнэн мэдээлдэг бол одоогоор инфляц 2.9 хувьтай болсон гээд байгаа шүү дээ. Цаашдаа нэг хувьд ч хүрэх магадлалтай гэж тооцоолж байна. Тэгдэг бол бүр л сайн. Учир нь, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс хийсэн судалгаагаар орон сууцны үнийн индекс нэг жилийн дотор 10.9 хувиар буурсан байна. Энэ хэрээр орон сууцны өгөөж нэмэгдэж, илүү олон айл өрх буйраа сэлгэсэн гэсэн үг. Үүнийг дагаад алсын мөрөөдөл иргэдэд ойртож байгаа гэж хэлж болно. Монголын барилгын үндэсний ассоциацийн мэдээлснээр 2018 он гэхэд найман хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдахыг хүсэгчдийн тоо 63 мянга гаруй л үлдэх юм байна. Өнгөрсөн оны аравдугаар сарын байдлаар нийслэлд хэрэгжиж буй орон сууцны 480 орчим төсөл байгаа гээд бодвол эрэлт нийлүүлэлт ойрын үед давхцах баримжаа байгаа юм. Дээр нь одоогоор орон сууцанд амьдрахыг хүсэгч иргэдийн 31 хувь нь /200 мянга гаруй/ худалдан авах чадвартай гээд тооцвол Улаанбаатар утаанаасаа салах цаг ойртсоор байх шиг.
Гэтэл эрх баригч АН Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр шалтаглан найман хувийн зээлийг Монголбанктай үгсэн хуйвалдаж зогсоосон дүр эсгэж, дахин сэргээхдээ тав хүртэл хувиар бууруулах гэхчлэн сонгуулийн шоу хийж байгаа нь шог л байхгүй юу. Үл хөдлөх хөрөнгө зуучлагчдын холбооны гүйцэтгэх захирал Б.Одгэрэлийн мэдээлснээр орон сууцны захиалга 75-80 хувиар хүлээгдсэн гэж байна. Цаг хугацаатай уралдаж ажил амьдралаа зохицуулж яваа ипотекийн зээлтэй 76 мянга гаруй айл өрхийн тоо энэ хугацаанд хэдээр нэмэгдэх байсныг хөгжмийн зохиолч Х.Балхжав бид таашгүй шүү дээ.
Харин бодууштай нэг асуудал нь орон сууцны үнийн бодлого юм. 2013 оноос ипотекийн зээл олгож эхлэхтэй зэрэгцэн орон сууцны үнэ хоёрхон сарын дотор 15-20 хувиар өсч байсныг мартаж боломгүй. Өнгөрсөн оноос шинэ орон сууцны үнэ 14, хуучных 4 хувиар буурсныг барилгын компани, үл хөдлөх хөрөнгийн зууч нар марталгүй санаж, "шархаа нөхөх” зорилгоор хий хөөрөгдөж байж мэдэх л улс шүү дээ, манайхан. Үүнийг төр засгаас анхаарч, найм ба түүнээс дээш хувийн хүүтэйгээр орон сууцны зээлдээ "дарлагдаж” байгаа олон мянган айл өрх рүүгээ хандах биз ээ.
Эрх баригч АН, УИХ-ын дарга хэлсэндээ хүрч орон сууцны зээлийн хүүг таван хувь болгочихдог юм бол сар шинийг будаг нь ханхалсан байрандаа угтах айл өрх, саахал хот айлын ярианы сэдэв, сархдын даруулга нь тэр болох байх. Сонгуулийн сураг ажиг, арга барил аа гэж...
Д.Мөнх
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих