ОХУ-ын Эрхүү мужид зуд болж, малчид нь малаа нядалж эхлээд байгаа гэнэ. Тус мужийн Эхирит-Булагатский дүүрэгт малын тэжээл хомсдсоноос нядлахаас өөр аргагүй болжээ. Эрхүүгийн телевизээр "Андрей Андреев хэмээх фермер малдаа өлсөөд үхчихгүй хэмжээний өвс л өгдөг болжээ. Тиймээс мал нь байнга өлсгөлөн байдалд байдаг гэнэ. Анхны цас ортол хадлан тэжээл хураасан ч зун нь гантай байсан болохоор хангалттай хэмжээний хадлан тэжээл авч чадаагүй. Андреев бараг өвс болгоныг тоолон, малдаа тараан өгч байна.
50 толгой малтай байснаасаа ихэнхийг нь нядалж, өвс худалдан авжээ” гэж мэдээлжээ. Одоо байгаа тэжээл нь хоёрдугаар сарын дунд хүртэл арай ядан хүрэлцэх тул цаашдаа яахаа Эрхүүгийн малчид мэдэхээ болиод байгаа аж. Тэдний санааг хамгийн их зовоож байгаа зүйл бол хахир хүйтэн хаврын улирал. Өвс ногоо ургаагүй, өвөл нь тураалд орсон мал хаврыг давж гарч чадах эсэх нь эргэлзээтэй байна. Мөн өвс тэжээлгүйн улмаас малаа өөрсдөө хоол тэжээл олж идэг хэмээн бэлчээрт сул тависнаас малын хулгай газар авч, малчид эргүүл хийдэг болоод байгаа гэнэ.
Эрхүү мужийн сайн үүлдрийн агт морьд үржүүлдэг малчид өвс тэжээлгүйн улмаас морьдоо Монгол, Хятадад хямдхан худалддаг болсон гэж Эрхүүгийн телевиз мэдээллээ. "Хэсгийг нь зараад үлдсэнд нь тэжээл худалдан авч байгаа. Өнгөрсөн зун ган болсны улмаас хадлан бэлтгэж чадаагүй тул өвсний үнэ хэд дахин өссөн. Нэг боодол өвсийг 4000 рублиэр авч байна. Марина Пампура гэдэг малчин адуугаа тэжээхийн тулд хамгийн хурдан хоёр морио зарсан байна. Тэд хүлэг морьдоо Орост зарахыг хүсэж байгаа ч одоо Монгол, Хятадын малчид л тэдний морьдыг худалдан авч байна. Монголчууд нэг морийг 250 мянган рублиэр үнэ цохин авдаг. Хүйтэнд тэсвэртэй Буденный үүлдрийн адуунуудыг монголчууд машин машинаар нь ачин, авч явж байна” гэж мэдээнд дурджээ.
Өнгөрсөн зун болсон ган гачигаар 9,4 мянган га тариалангийн талбай, бэлчээр сүйдэж, 681 рублийн хохирол хүлээсэн юм.
М.Сугараа
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих