Хууль зүйн сайдыг огцруулах эсэх асуудлыг парламент хэлэлцэж эхэллээ. Өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт гишүүн О.Баасанхүү сайдыг огцруулах тогтоолын төсөл өргөн барьсан. Засгийн газрын гишүүнийг огцруулах тогтоолын төслийг өргөн барьсанаас хойш долоо хоногийн дотор байнгын хороогоор хэлэлцдэг хуультай учир Хууль зүйн байнгын хороо өчигдөр хуралдлаа. Байнгын хорооны гишүүд 100 хувийн ирцтэй цуглажээ. Эхлээд тогтоолын төслийг санаачлагч гишүүн О.Баасанхүү сайд Х.Тэмүүжинг огцруулах үндэслэлээ тайлбарлав.
Сайд Х.Тэмүүжин нь нэгдүгээрт,Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн хөрөнгө оруулалтын зориулалтыг дур мэдэн өөрчлөх шийдвэр гаргаж, энэ шийдвэрээ баталгаажуулахдаа УИХ-ын бүрэн эрхэд халдсан. Хоёрдугаарт, салбарын сайд нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж чадахгүй байгаа гэж үзжээ.
Гуравдугаарт, Хууль зүйн сайд 15 настай хүүгээ хуурамчаар бусдад үрчлүүлэн, энэ байдлаа ашиглан төрийн тусгай албан хаагчийн давуу байдлыг өөрт ашигтайгаар ашиглах гэсэн увайгүй үйлдэл байсан. Иймд Х.Тэмүүжингийн дээрх үйлдлүүд нь Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайдын алба хаших ёс суртахууны эрхгүй, ажил үүргийг гүйцэтгэх мэдлэг, чадвар, ажлын туршлага хангалтгүй байгаа тул түүнийг огцруулах үндэслэлтэй гэж О.Баасанхүү гишүүн үзэж тогтоолын төсөл боловсруулжээ.
Энэ тайлбарын дараа гишүүд саналаа хэлэв.
Д.Ганбат:
- Хууль зүйн сайдтай холбоотой тавиад байгаа асуудлын талаар гишүүдэд бүрэн мэдээлэл байхгүй тул хэлэлцэх асуудлыг түр хойшлуулах горимын саналтай байна.
З.Баянсэлэнгэ:
-Гишүүн О.Баасанхүүгийн тавиад байгаа үндэслэлд Хууль зүйн сайд өөрөө тайлбар хийх байх.
Х.Тэмүүжин:
-Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн хөрөнгө оруулалтын зориулалтыг дур мэдэн өөрчлөх шийдвэр гаргаж, энэ шийдвэрээ баталгаажуулахдаа Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхэд халдсан хэмээх үндэслэлийн талаар өнгөрсөн жилээс хойш тайлбарлаж байгаа. Төрийн тусгай албан хаагчдийн эмнэлгийн хөрөнгө оруулалтын зориулалтыг өөрчлөх шийдвэрийг Засгийн газар хууль тогтоомжийн дагуу шийдсэн. Би шийдээгүй. Энэ бүхнийг шалгая гэвэл УИХ-аас аудит оруулж болно. Гэмт хэргийн тоо нэмэгдсэн. Энэ нь хоёр шалтгаантай. Нэгдүгээрт эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой. Мөн өмнө нь зөрчил, гэмт хэргийг тусад нь бүртгэж, хөнгөн гэмт хэргийг бүртгэдэггүй байсан системийг өөрчлөн, гарсан гомдол бүрийг бүртгэх аргачлалд шилжүүлсэн нь гэмт хэргийн тоо өссөнөөр харагдаад байгаа өөр нэг шалтгаан юм. Түүнчлэн цагдаагийн үйлчилгээ иргэдэд ойртон гэрийнх нь гадаа очсон болохоор элдэв чирэгдлээс болж цагдаад тэр бүр ханддаггүй байсан иргэд хандах нь нэмэгдэн цаашид ч хэрэг, зөрчлийн тоо нэмэгдэнэ. Гэхдээ тоо нь өссөн гэдэг байдлаар харах бус, өсч буй үзүүлэлтийг зөв оношлон, урьдчилан сэргийлэх, илрүүлэлтийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах гэж буй агуулгыг нь олж харах хэрэгтэй. Энэ утгаараа гэмт хэргийн тоо өснө гэдэг аюултай зүйл биш.
Б.Бат-Эрдэнэ:
-Сайдыг огцруулах үндэслэл, түүнтэй холбоотой гарч буй мэдээллийн талаар ганц Хууль зүйн байнгын хорооны ч бус нийт гишүүнд мэдээлэл өгөх шаардлагатай. Үүний дараа үргэлжлүүлэн хэлэлцэх нь зүйтэй. Сайдыг сонинд бичсэнчлэн хар тамхины хэрэгтэй холбоотой зүйл байна уу, сайд өөрөө твиттер хуудастаа бичсэн зүйл зэрэг нь ноцтой асуудал юм биш үү. Үнэхээр сайдыгаа чагнадаг, тагнадаг юм байна уу гээд асуудал босч ирэх нь. Үнэхээр ноцтой асуудал байвал нууцын зэрэглэлтэй асууж танилцъя гэв.
Ингээд Д.Ганбат гишүүний гаргасан горимын саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр хэлэлцэх асуудлыг түр хойшлууллаа. Байнгын хороо дараагийн удаад хэзээ хуралдах нь тодорхой бус байна. Гишүүд Х.Тэмүүжин сайдтай холбоотой мэдээлэлтэй танилцаж, түүнээс "байцаалт” авах бололтой. Хэрэв асуудалтай холбогдуулан байнгын хороо дүгнэлт гаргавал долоо хоногийн дотор чуулганаар хэлэлцэх юм.
ЗУУНЫ МЭДЭЭ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих