Ази тивийн үнэмлэхүй аварга, сурагчдындэлхийн аварга, дэлхийн аваргын мөнгөнмедальт, олон улсын шатрын холбооны дэдмастер Е.Төгстөмөртэй
ярилцлаа.
-Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүйюу?
-Намайг Есөнтөмөрийн Төгстөмөр гэдэг, 10 настай. Аав, ээж хоёр маань Австралийн Канберра хотод сурч байхад би төрсөн гэсэн. Монголд байхдаа 33 дугаар дунд сургуульд сурдаг байсан. Одоо Бээжин дэх олон улсын сургуулийн дөрөвдүгээр ангид сурдаг.
-Хэдэн настайгаасаа шатар тоглож сурсан бэ.Хэн зааж өгөв?
-Намайг дөрвөн настай байхад аав анх зааж өгсөн. Шатар тоглож сураад анх 61 дүгээр цэцэрлэгийнхээ тэмцээнд оролцож алтан медаль авч байсан. Манай гэр бүлийнхэн бүгд шатар тоглодог болохоор их сонирхолтой санагдсан. Манай ээж Т.Батцэцэг олон улсын мастер цолтой, гурван дүү нь ч гэсэн бас шатар тоглодог.
-Сурагчдын дэлхийн аварга, дэлхийн аваргынмөнгөн медаль, олон улсын шатрынхолбооны дэд мастер болсон байна. Энэталаараа танилцуулаач?
-Зургаан настайдаа Азийн тивийн аварга шалгаруулах олон улсын тэмцээнээс гурван алт, сурагчдын дэлхийн аваргаас алт, наймтайдаа Турбо хотод болсон өсвөрийн дэлхийн аваргын мөнгөн медаль, олон улсын шатрын холбооны дэд мастер цолыг авсан. Энэ цолыг тив, дэлхийн тэмцээнд нэгт орсон тохиолдолд өгдөг. Мөн улсын аваргаас хоёр алт авсан.
-Өнгөрсөн амралтын өдөр болсон "Нямаагийнхан ба шилдгүүд” шатрын халз тоглолтод насанд хүрсэн 20хүнтэй зэрэг тоглосон. Хэр ядрав, хэцүү байв уу. Өмнө нь ингэж зэрэг тоглож байсан уу?
-Гоё байсан. Эхний 10 хүнийг хожсон хэрнээ сүүлийн 10 хүн дээр жаахан ядраад муу тоглож нэг хүнд нь хожигдсон. Монголд байхдаа Бөхийн өргөө болон бусад газар тоглодог байсан. Мөн Бээжин дэх Монгол оюутнуудын дунд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 22-нд анх удаа миний нэрэмжит шатрын тэмцээнийг зохион байгуулахад 11 хүнтэй зэрэг тоглож бүгдийг нь хожсон.
-Энэ жил ямар тэмцээнд оролцох вэ?
-Өнөөдөр "Цодгор хүү” шатрын тэмцээнд оролцож байгаа. Дөрөвдүгээр сард болох Азийн аварга, насанд хүрэгчдийн улсын аваргын хагас шигшээ, аравдугаар сарын 18-30-нд Гүржийн Батумид дэлхийн аваргын тэмцээнд оролцохоор бэлтгэлээ хийж байгаа.
-Шатраас гадна юу сонирхдог вэ. Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?
-Хөлбөмбөг, ihpad тоглох дуртай. Чөлөөт цагаараа гадаа гарч хоёр дүүтэйгээ тоглодог. Манай хоёр дүүгийн том нь таван настай, шатар тоглоод сурчихсан, хоёр тэмцээнд орж хоёулангаас нь мөнгөн медаль авсан. Бага дүү дөрвөн настай, шатар нүүж сурсан. Би хоёр дүүтэйгээ тоглодоггүй. Харин аав л тоглодог. Хоёр дүү маань хоорондоо тоглодог.
-Олон улсын чанартай тэмцээнд ороход дасгалжуулдаг хүн байгаа юу. Хэн гэдэг хүн байдаг вэ?
-Дөрвөн настайдаа Украйны гавьяат дасгалжуулагч Леонид Роговойтой, дараа нь Буриадын Тимур Иванович, Антон Шомоев, Антон Тугарин, өнгөрсөн жилээс ОХУ-ын нэрт дасгалжуулагч Фомыных Александртай ажиллаж байна. Эх орондоо ирээд олон улсын шатрын холбооны мастер Д.Эрхэмбаяртай ганцаарчилсан бэлтгэлээ хийж байгаа.
-Олон улсад болдог тэмцээнд оролцохоор явахад тусалдаг хүмүүс байдаг уу?
-Намайг насанд хүрээгүй болохоор аав маань дагаж явдаг. Бас багш, дасгалжуулагч гээд явдаг болохоор надад тусалж дэмждэг Мандахбаяр захиралтай "Чингис майнинг” компанийн хамт олонд баярлаж явдгаа хэлмээр байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=14139
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих