Нэг. Нийтлэг үндэслэл
Монгол Улсын 0-18 хүртэлх насны хүүхдэд Хүний хөгжил сангаас бэлэн мөнгө (цаашид "хүүхдийн мөнгө” гэх) олгохтой холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна. /ЗГ-ын 2015-12-14-ний өдрийн 490-р тогтоолоор нэмэлт орсон бөгөөд үүнийг 2016-1-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
1.2. Хүүхдийн мөнгийг өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамрагдсан 1-17 дугаар бүлгийн өрхийн 0-18 насны хүүхэд болон энэ журмын 3.4, 3.5-д заасан хүүхэд (цаашид "хүүхэд” гэх), эсхүл түүнийг төлөөлөх хууль ёсны эрх бүхий Монгол Улсын иргэнд олгоно. /Энэ заалтыг ЗГ-ын 2015-12-14-ний өдрийн 490-р тогтоолоор өөрчлөн найруулсан бөгөөд үүнийг 2016-1-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
1.3. Хүүхэд болон хүүхдийг төлөөлөн хүүхдийн мөнгө авах эх (эцэг, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, итгэмжлэгдсэн этгээд) нь үйлчлүүлэх арилжааны банкийг өөрөө сонгох эрхтэй. Тухайн хүүхдэд хүүхдийн мөнгө олгох зөвхөн нэг банкийг сонгож, уг банкинд өөр эзэмшигч ашиглаж байгаагүй зөвхөн нэг данс нээлгэнэ. /ЗГ-ын 2015-12-14-ний өдрийн 490-р тогтоолоор нэмэлт орсон бөгөөд үүнийг 2016-1-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
1.4. Банк, банкны ажилтан нь үйлчлүүлэгчтэй харилцахдаа үл ялгаварлах, тэгш хандах зарчим баримтална.
#Хоёр. Хүүхдийн мөнгө авах иргэний хүсэлтийг
хүлээн авах, хянан шийдвэрлэх
2.1. Хүүхдийн эх (эцэг, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, итгэмжлэгдсэн этгээд) эсхүл 16 насанд хүрсэн бол хүүхэд өөрийн биеэр хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргах эрхтэй.
2.2. Энэхүү журмын 2.1-д заасан иргэн сонгосон арилжааны банкинд биеэр очиж хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргана. Хүсэлт гаргахдаа дор дурдсан баримт бичгийг бүрдүүлж банкны ажилтанд өгнө:
2.2.1. хүүхдийг төлөөлөн хүүхдийн мөнгө авах эх (эцэг, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, итгэмжлэгдсэн этгээд)-ийн иргэний цахим үнэмлэх;
2.2.2. хүүхдийн төрсний гэрчилгээ, хэрэв хүүхэд 16 насанд хүрсэн бол иргэний цахим үнэмлэх;
2.2.3. хүүхдэд Гэр бүлийн тухай хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасны дагуу асран хамгаалагч, харгалзан дэмжигч шаардлагатай бол мөн хуулийн 66.1-д заасны дагуу асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоосон тухай сум, дүүргийн Засаг даргын захирамж.
2.3. Банкны ажилтан нь энэхүү журмын 2.2.1-2.2.3-т заасан баримт бичгийг хүлээн авч өргөдлийн маягтыг цахим хэлбэрээр бөглөн энэхүү журмын 2.1-д заасан иргэнээр баталгаажуулан гарын үсэг зуруулж, хүсэлтийг хүлээн авсан хугацааг өргөдөлд тодорхой бичнэ.
2.4. Энэхүү журмын 2.3-т заасан өргөдлийн маягт дахь мэдээллийн үнэн зөв байдлыг тухайн арилжааны банк бүрэн хариуцна.
2.5. Энэхүү журмын 2.3-т заасан өргөдлийн маягтыг нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална.
2.6. Энэхүү журмын 2.1-д заасан иргэн нь хүүхдийн мөнгө авах дансыг хүүхэд тус бүрээр нээлгэх бөгөөд эдгээр дансыг нэгтгэн нэг дансаар хүүхдийн мөнгө авах хүсэлтэй бол тухайн банк нь уг иргэний дансанд холболт хийнэ.
2.7. Энэхүү журмын 2.3-т заасан мэдээллийг банкны ажилтан нь тухайн арилжааны банкны төвд, арилжааны банкны төв нь нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
2.8. Арилжааны банкны төв нь мэдээллийн санд шинээр нэмэгдсэн, дансны мэдээлэлд нь өөрчлөлт орсон хүүхдийн нэрсийн жагсаалтыг сар бүрийн 10-ны өдрийн дотор нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад цахим хэлбэрээр болон албан бичгээр хүргүүлнэ.
2.9. Арилжааны банкуудаас ирүүлсэн нэрсийн жагсаалтын мэдээллийн сангийн нууцлал, аюулгүй байдал, нэгдмэл байдлыг нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хариуцна.
2.10. Улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь шинээр төрсөн, нас барсан, харьяатаас гарсан зэрэг 0-18 хүртэлх насны хүүхдийн регистрийн дугаар, овог, нэр, оршин суугаа хаяг талаархи мэдээллийг сар бүрийн 5-ны дотор нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ. /ЗГ-ын 2015-12-14-ний өдрийн 490-р тогтоолоор нэмэлт орсон бөгөөд үүнийг 2016-1-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
2.11. Энэхүү журмын 2.10-т заасан мэдээллийг цаг хугацаанд нь гаргаж өгөөгүйгээс учирсан хохирлыг улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хариуцна.
2.12. Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь энэхүү журмын 2.8-д заасан мэдээллийг Хүний хөгжил сангийн болон энэхүү журмын 2.10-т заасан мэдээлэлтэй тус тус тулган шалгаж, баталгаажуулан хүүхдийн мөнгө олгох нэрсийн жагсаалтыг тухайн сарын 15-ны дотор Монголбанк болон санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын Төрийн сангийн газар (цаашид "Төрийн сангийн газар” гэх)-т цахим хэлбэрээр болон албан бичгээр хүргүүлнэ.
2.13. Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн хүүхдийн мөнгө олгох нэрсийн жагсаалтын мэдээллийн сангийн нууцлал, аюулгүй байдал, нэгдмэл байдлыг Монголбанк хариуцна.
2.14. Төрийн сангийн газар нь нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн мөнгө олгох хүүхдийн нэрсийн жагсаалтыг үндэслэн холбогдох санхүүжилтыг Монголбанк дахь хүүхдийн мөнгөний тусгай дансанд сар бүр энэхүү журмын 2.17-д заасан өдрөөс ажлын 3 хоногийн өмнө байршуулна.
2.15. Төрийн сангийн газрын хүүхдийн мөнгөнд олгосон санхүүжилт нь тухайн сард арилжааны банкуудад шилжүүлэх мөнгөнөөс илүү гарсан тохиолдолд үлдэгдэл мөнгийг Төрийн сангийн газрын дансанд буцаана.
2.16. Төрийн сангийн газрын хүүхдийн мөнгөнд олгосон санхүүжилт нь тухайн сард арилжааны банкуудад шилжүүлсэн мөнгөнөөс бага байгаа тохиолдолд дутагдсан санхүүжилтыг бүрэн гүйцээж санхүүжүүлэх үүргийг Төрийн сангийн газар хүлээнэ.
2.17. Монголбанк дахь хүүхдийн мөнгөний тусгай дансанд энэхүү журмын 2.14-т заасан хөрөнгө бүрэн байршсан тохиолдолд хүүхдийн мөнгө олгох нэрсийн жагсаалтыг үндэслэн Монголбанк арилжааны банкууд дахь тухайн хүүхэд бүрийн дансанд мөнгийг сар бүрийн 20-ны дотор бүрэн байршуулна. Хүүхдийн мөнгөний санхүүжилт бүрэн хийгдээгүй тохиолдолд Монголбанк хүүхдийн мөнгийг арилжааны банкинд шилжүүлэхгүй.
2.18. Иргэн хүүхдийн мөнгийг сар бүрийн 20-ны өдрөөс хойш өөрийн сонгосон арилжааны банкнаас авна.
2.19. Монголбанк нь хүүхдийн мөнгө олгож байгаа арилжааны банктай сар бүр тооцоо нийлж, мөнгө олгосон нэрсийн жагсаалтыг нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад сар бүрийн 25-ны дотор цахим хэлбэрээр болон албан бичгээр хүргүүлнэ.
2.20. Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь хүүхдийн мөнгөний олголт, зарцуулсан хөрөнгийн мэдээг дараа сарын 4-ний дотор санхүү, төсвийн болон нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад тус тус хүргүүлнэ.
2.21. Энэхүү журмын 2.2-т заасны дагуу иргэн хүүхдийн мөнгө авах хүсэлтээ гаргасан боловч хүүхдийн мөнгө нь тухайн ондоо багтан дансанд нь ороогүй тохиолдолд дараа оны төсвөөс нөхөн олгоно. /ЗГ-ын 2014 оны 130-р тогтоолоор нэмсэн/
2.22. Хүүхдийн мөнгө авахаар нэгээс дээш банкинд данс нээлгэх хүсэлт гаргасан нөхцөлд иргэний хамгийн сүүлд хүсэлт гаргасан банкны дансаар хүүхдийн мөнгийг олгоно. /Энэ заалтыг ЗГ-ын 2015-12-14-ний өдрийн 490-р тогтоолоор нэмсэн бөгөөд үүнийг 2016-1-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
Гурав. Хүүхдийн мөнгө олгох
3.1. Хүүхдийн мөнгийг иргэний арилжааны банкинд хүсэлт гаргасан сараас нь тооцож сар бүр олгоно. /ЗГ-ын 2015-12-14-ний өдрийн 490-р тогтоолоор нэмэлт орсон бөгөөд үүнийг 2016-1-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
3.2. Иргэн хүүхдийн мөнгө авч байсан банкийг солих хүсэлтэй бол сонгосон арилжааны банкны ажилтанд хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргана. /Энэ заалтыг ЗГ-ын 2015-12-14-ний өдрийн 490-р тогтоолоор өөрчлөн найруулсан бөгөөд үүнийг 2016-1-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
3.3. Иргэн засаг захиргааны нэг нэгжээс өөр нэгжид бүрмөсөн шилжин суурьшсан тохиолдолд шилжин очсон нутаг дэвсгэрийн банкны салбараас хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн авна. Хэрэв тухайн банкны салбар нь шилжин очсон нутаг дэвсгэрт байхгүй бол энэхүү журмын 3.2-т заасны дагуу хүсэлтээ гаргана.
3.4. Бүтэн өнчин, эцэг эх, асран хамгаалагч нь тогтоогдоогүй зэрэг шалтгаанаар асрамжийн газарт асруулж байгаа хүүхдийн мөнгийг тухайн асрамжийн газар уг хүүхдийн нэр дээр хадгаламжийн данс нээлгэж банкинд хадгалуулна. Хадгаламжийн дэвтрийг тухайн асрамжийн газрын байрлаж байгаа аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага хадгалж, хүүхдийг 16 нас хүрч, иргэний үнэмлэх авсны дараа өөрт нь хүлээлгэн өгнө. Хэрэв хүүхэд нас барсан тохиолдолд түүний хадгаламжийн дэвтрийг өв залгамжлагчид нь хууль тогтоомжид заасны дагуу хүлээлгэн өгнө.
3.5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар түүний харьяа анги, байгууллагад ял эдэлж байгаа болон цагдан хоригдож байгаа хүүхдийн мөнгийг тухайн хүүхдийн нэр дээр хадгаламжийн данс нээлгэж банкинд хадгалуулна. Хадгаламжийн дэвтрийг тухайн хорих ангийн байрлаж байгаа аймаг, дүүргийн нийгмийн халамж, үйлчилгээний байгууллага хадгалж, хүүхдийг суллагдсаны дараа өөрт нь хүлээлгэн өгнө. Хэрэв хүүхэд 16 насанд хүрээгүй бол эх (эцэг, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, итгэмжлэгдсэн этгээд)-д, нас барсан бол өв залгамжлагчид нь хууль тогтоомжид заасны дагуу мөнгийг хүлээлгэн өгнө.
3.6. Гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэний хүүхдийн мөнгийг төлөөлөн авах иргэний өргөдөл, хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын итгэмжлэл, тодорхойлолтыг үндэслэн итгэмжлэгдсэн этгээдэд нь олгоно.
3.7. Харьяатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчиж хоёрдмол харьяалалтай болсон иргэний хүүхдэд хүүхдийн мөнгө олгохгүй.
3.8. Хүүхэд шинээр төрсөн, үрчлэгдсэн, нас барсан зэргээр тухайн гэр бүлд амьдарч байгаа хүүхдийн тоо өөрчлөгдсөн бол эх (эцэг, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, итгэмжлэгдсэн этгээд) нь энэ тухай сонгосон арилжааны банк болон тухайн орон нутгийн улсын бүртгэлийн байгууллага, ажилтанд бичгээр мэдэгдэнэ.
Дөрөв. Хүүхдийн мөнгө олгохыг зогсоох
4.1. Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараахь тохиолдолд хүүхдийн мөнгө олгохыг зогсоох шийдвэр гаргана:
4.1.1. хүүхэд 18 нас хүрсэн;
4.1.2. хүүхэд нас барсан;
4.1.3. Монгол Улсын харьяатаас гарсан;
4.1.4. тухайн өрхийн амьжиргааны түвшин нь Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн 18-20 дугаар бүлэгт багтсан; /Энэ заалтыг ЗГ-ын 2015-12-14-ний өдрийн 490-р тогтоолоор нэмсэн бөгөөд үүнийг 2016-1-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
4.1.5. хөндлөнгийн этгээдийн гаргасан өргөдөл, гомдлын дагуу дахин үнэлгээ хийхэд тухайн өрхийн амьжиргааны түвшин нь энэхүү журмын 1.2-т заасныг хангаагүй. /Энэ заалтыг ЗГ-ын 2015-12-14-ний өдрийн 490-р тогтоолоор нэмсэн бөгөөд үүнийг 2016-1-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
4.2. Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараахь тохиолдолд хүүхдийн мөнгө олгохыг түр зогсоох шийдвэр гаргана:
4.2.1. хуурамч баримт бичиг бүрдүүлэх, худал мэдээлэл өгөх, хүүхдийн мөнгө авахаар нэгээс дээш банкинд санаатайгаар давхар данс нээлгэх зэргээр хүүхдийн мөнгө авсан нь тогтоогдсон; /ЗГ-ын 2015-12-14-ний өдрийн 490-р тогтоолоор нэмэлт орсон/
4.2.2. регистрийн дугаар давхардах зэрэг өөр бусад шалтгаанаар хүүхдийн мөнгө илүү олгогдсон; /Энэ заалтыг ЗГ-ын 2015-12-14-ний өдрийн 490-р тогтоолоор өөрчлөн найруулсан бөгөөд үүнийг 2016-1-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
4.2.3. Өрхийн ам бүлийн 3 болон түүнээс дээш гишүүдтэй холбоотой мэдээлэлд өөрчлөлт орсон; /ЗГ-ын 2015-12-14-ний өдрийн 490-р тогтоолоор нэмсэн бөгөөд үүнийг 2016-1-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
4.2.4. Хүүхдийн мөнгө авч байгаа хүүхэдтэй өрх сум, аймаг, нийслэл хооронд шилжилт хөдөлгөөн хийсэн. /ЗГ-ын 2015-12-14-ний өдрийн 490-р тогтоолоор нэмсэн бөгөөд үүнийг 2016-1-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
4.3. Энэхүү журмын 4.2.1-д заасны дагуу түр зогсоосон хүүхдийн мөнгийг нөхөн олгохгүй. /Энэ заалтыг ЗГ-ын 2015-12-14-ний өдрийн 490-р тогтоолоор өөрчлөн найруулсан бөгөөд үүнийг 2016-1-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
4.4. Хүүхдийн мөнгө олгохтой холбоотойгоор өрхийн амьжиргааны түвшинг дахин үнэлэх ажлыг Засгийн газрын 2014 оны 404 дүгээр тогтоолоор баталсан "Өрхийн мэдээллийн нэгдсэн санг удирдах, ашиглах журам”-ын дагуу зохион байгуулна. /Энэ заалтыг ЗГ-ын 2015-12-14-ний өдрийн 490-р тогтоолоор нэмсэн бөгөөд үүнийг 2016-1-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
4.5. Тухайн өрх энэ журмын 4.4-т заасны дагуу дахин үнэлгээнд хамрагдаж хүүхдийн мөнгө авах эрх үүссэн бол хүүхдийн мөнгө авахаар арилжааны банкинд дахин хүсэлт гаргасан тухайн сараас эхлэн олгох бөгөөд түр зогсоосон хугацааны хүүхдийн мөнгийг нөхөн олгохгүй. /Энэ заалтыг ЗГ-ын 2015-12-14-ний өдрийн 490-р тогтоолоор нэмсэн бөгөөд үүнийг 2016-1-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
4.6. Энэхүү журмын 4.2.2-4.2.4-т заасны дагуу түр зогсоосон хүүхдийн мөнгийг тухайн мэдээллийг шинэчилсний дараа үргэлжлүүлэн олгох бөгөөд түр зогсоосон хугацааны хүүхдийн мөнгийг нөхөн олгоно. /Энэ заалтыг ЗГ-ын 2015-12-14-ний өдрийн 490-р тогтоолоор нэмсэн бөгөөд үүнийг 2016-1-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
Тав. Бусад
5.1. Иргэн энэхүү журмын 2.2-т заасан баримт бичгийг хуурамчаар үйлдэж хүүхдийн мөнгө авсан эсхүл 3.8-д заасан өөрчлөлтийг мэдэгдээгүйн улмаас мөн журмын 4.2.1-д заасан нөхцөл үүссэн бол илүү авсан хугацааных нь хүүхдийн мөнгийг эхний удаа нөхөн төлүүлэх буюу дараа сарынх нь хүүхдийн мөнгөнөөс суутгана. /Энэ заалтыг ЗГ-ын 2015-12-14-ний өдрийн 490-р тогтоолоор өөрчилсөн бөгөөд үүнийг 2016-1-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
5.2. Энэхүү журмын 5.1-д заасан суутгалыг нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын мэдэгдлийг үндэслэн арилжааны банк суутгаж, холбогдох дансанд төвлөрүүлэн энэ тухай мэдээллийг энэхүү журмын 2.8-д заасан жагсаалтын хамт хүргүүлнэ.
5.3. Нийгмийн халамжийн болон улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон банкны ажилтны гаргасан алдааны улмаас учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлж, хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ. /ЗГ-ын 2015-12-14-ний өдрийн 490-р тогтоолоор нэмэлт орсон бөгөөд үүнийг 2016-1-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
shuurhai.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих