Д.БОЛОРМАА
"Ардчиллын алтан хараацай” С.Зориг агсны төрсөн өдөр удахгүй тохионо. Түүнийг хөнөөсөн алуурчныг Монголын хууль, хяналтын байгууллага 15 жил хайгаад олоогүй л байна. С.Зоригийн туслахаар ажиллаж байсан Ц.Баярмаа даргынхаа талаар ийн ярилаа. Өдгөө тэрээр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны газрын даргаар ажилладаг юм байна.
-Таныг С.Зориг агсантай
багагүй хугацаанд хамтран ажиллаж байсан гэж сонссон юм байна?
-С.Зоригтой 1987 оноос хойш танил болжээ.
Манай багш байлаа. Коммунизм заана. Гэхдээ зөвхөн семинарын хичээл орно. Харин онолыг нь өөр багш ордог байсан юм. Өдөр бүр шахуу даалгавар өгнө өө. Их зарчимч багш байжээ, янз нь. Бүр Марк, Лениний онол судлаад тэр, тэр ботийг товчилж ирээрэй гэж даалгана шүү. Нэг талаасаа цаг үрсэн их ажил байжээ. Тэр үед Орос төдийгүй бүхий л социалист орнуудад хөдөлгөөн үүсчихсэн байлаа. Монголын сэхээтнүүдийн дунд ч гэсэн ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дэмжсэн бүлэглэл үүсч эхэлж байсан үе. Үүний нэгэн адил С.Зориг багш маань ч гэсэн ардчилал, эрх чөлөөний талаар бидэнд ярьж өгнө. Гэхдээ нууцаар ярина. Мэдээж оюутнууд нь багшийнхаа ярьсныг гадагш нь гаргана гэж байхгүй. Багшийн бидэнд хэлдэг байсан зүйлийн гол цөм нь Монголын хөгжлийн чиг хандлага буруу байна гэх шүүмжлэл. Яагаад буруу байгаа гэдгийг нь онолын болоод практикийн жишээгээр тайлбарлаж ярьж өгнө. Үүнийх нь ачаар манай ангийн оюутнууд ертөнцийг үзэх үзэл өөр болж төлөвшсөн болов уу. Ангийн маань оюутнууд дундаас цөөнгүй нь ардчил лын үйл явцад гар бие оролцсон байдаг шүү. Энэ нь С.Зориг багшийн ярьж хэлж байсан шүүмжлэлтэй шууд хамааралтай. Дээрээс нь бид С.Зоригийн шавь гэдгээрээ их бахархана. Ах дүүс, танил найз нөхдөдөө хэлнэ. Нөгөө хэд нь "Танай багшаар байгууллагадаа лекц уншуулмаар байна. Хэлээд өгөөч” гэж гуйна. Тэгэхээр нь багшдаа хэлээд дагуулаад очно шүү дээ. Багшийн лекцийг тэр үеийнхэн сонсох их дуртай байж билээ. Ярих сэдэв нь нөгөө ардчилал, хүний эрхийн тухай байлаа. Хожим сургуулиа төгсөөд 1990 оноос хойш багштайгаа ардчиллын төлөө хамтран зүтгэсэн.
-Тэр үеийнхээ тухай яриач?
-1990 он Монголын нийгэмд хамгийн хүнд үе байсан. Гэхдээ олон нийт ардчиллын талаар бага сага ойлгож байсан үе. Үүнийг улам лавшруулж ойлгуулах их ажил С.Зориг багшийн нуруун дээр байсан санагддаг юм. Нийслэл төдийгүй орон нутагт очиж ухуулга хийнэ. Багш хоёр хүн дагуулж яваад л ухуулгыг нь жинхэнэ утгаар нь ойлгуулчихсан байдаг. Тэгээд нөгөө сурсан хоёр нь дараа нь өөр ухуулагч дагуулаад сургана. Энэ жишгээр олон залуусыг ардчиллын төлөөх ухуулгад ажиллуулж чадсан байдаг юм. Би ч гэсэн багшийнхаа тусламжтайгаар ардчиллын төлөө зүтгэх болсон. Түүний шавь байснаас гадна туслах нь байлаа. Монголын парламентын бүлгэмийн даргаар ажиллаж байхад туслах байсан юм. Дараад нь Ардчилсан намын санхүүжилтийн хорооны дарга байхад нь ч гэсэн хамт ажиллаж байсан юм. Намаа яаж санхүүжүүлэх үү гэдэг маш хэцүү. Гэвч тэр хүнд үед энэ хэцүү ажлыг С.Зориг багш л авч явсан юм даа. Миний хувьд Ардчилсан намыг анх байгуулахад зохицуулах зөвлөлийн гишүүн болж, дүрэм журмыг боловсруулахад гар бие оролцож явсан хүн. Улсын дээд шүүхэд бүртгүүлэх ажилд хүртэл хүчин чармайж явснаа нуугаад яах вэ.
-С.Зориг агсан хүнийхээ хувьд ямархуу байв. Шавиас нь эхлээд туслах нь явсан та сайн хэлэх байх?
-Дуу цөөтэй. Барагтай бол дуугарахгүй. Хүний яриа маш сайн сонсоно. Сонсч, сонсч байгаад эцсийн дүгнэлтийг жинтэйхэн шиг хэлчихнэ. Ардчилсан холбоо өлсгөлөн зарлаад явж байхад гишүүн бүр саналаа хэлнэ. Мэдээж олны дунд саналын зөрүү гарна. Тэр бүгдийг сонсч байгаад гаргалгаа, шийдвэрийг нь онож хэлдэг байсныг олон хүн мэдэх байх. С.Зориг дарга хүний яриаг тэмдэглэхдээ их сонин бичдэг байж билээ. Бөөрөнхий зураад ярьсан санааг тэмдэглээд хооронд нь холболт үүсгэнэ. Дараа нь түүнийгээ схемлэж зурна. Үүнээсээ шийдвэрээ гаргадаг хүн байж билээ. Хоёрдугаарт, найз нөхөдтэйгээ харилцахдаа ажилд хандаж байгаагаас арай өөр. Нээлттэй ярилцана. Инээд хөөртэй, онигоо, хөгжилтэй явдал ярих дуртай. Чөлөөтэй байдлаар харилцдаг. С.Зориг ахын харилцаж байсан найз нөхдийг харахад олонхи нь уран бүтээлч хүмүүс байжээ. Зураач, барималч, сэтгүүлч, зохиолч гээд л. Дээрээс нь түүнийг тодорхойлох өөр нэг зүйл нь тэр судалгаагүйгээр юу ч хийхгүй. Өөрөө Стратеги судалгааны хүрээлэнг байгуулчихаад судалгаагаа удирддаг байсан юм. Ардчилсан холбооныхоо үйл ажиллагаанд хүртэл судалгаагаа ашиглаж асуудал шийддэг байсан юм билээ. Миний мэдэхэд Японы эзэн хааны шалгаруулдаг 10 шилдэг залуугийн нэг нь болж байсан юм. Тухайн үедээ дэлхийн олон оронтой харилцаж төр, засгийнх нь бүтэц зохион байгуулалтыг судалдаг байсан нь С.Зориг юм.
-Улстөрчдөөс хэнтэй ойр ажилладаг байв?
-Улс төр талаасаа ойрхон хүн Ц.Батчулуун. Улсын бага хурлын гишүүн болоод Хууль зүйн сайд байсан тэр хүнтэй их нөхөрлөнө. Бас "Монел” телевиз болоод Чөлөөт хөдөлмөрийн намыг байгуулалцсан Ч.Дөл гуайтай их ойрхон. Ер нь анзаараад байхад өөрөөс ахмад хүний үгийг их сонсоно. Өөрөө бол 20 гаруйхан настай залуу. Гэсэн атлаа өөрөөс хэд дахин ах хүнтэй ярилцаад хэзээний танил болчихно. Зураач Санчир, сэтгүүлч Мийгаа ах гээд хэд, хэдэн хүнтэй улс төрийн хүрээгээр биш анд нөхрийн ёсоор ойр харилцдаг байсан. Мэдээж лидер гэдэг утгаараа бүх намын хүмүүстэй уулзаж ярилцана. Монголын ард түмний маргахгүй зүйл бол ардчиллын анхны суурийг С.Зориг, Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж нар тавьсан тухай юм. Тэр дундаа С.Зориг сайн удирдагч байж Монголын ардчилсан нийгэмд шилжүүлж чадсан хүн шүү дээ.
-Туслахаар нь ажиллаж байсан хүний хувьд асуухад улс төрийн болоод хувийн шалтгаанаар санал зөрөлддөг хүн байсан уу?
-С.Зориг дарга уур уцаараа хүнд ердөө гаргадаггүй. Хүн рүү үсчиж уурлахгүй. Миний ажигласнаар өөрөө спортлог болоод ч тэрүү бухимдал, стрессээ тэр зарчмаар гаргадаг байсан юм шиг байна лээ. Яагаад ингэж хэлэв гэхээр хоёр удаа гараа зангидаад ажлын өрөөнийхөө ханыг маш хүчтэй цохиж байсныг санадаг юм. Багтарсан, уурласан үеэ спортоор тайлдаг нь тэр. Түүнээс биш хүнтэй хэрэлдээд явж байхыг харж байгаагүй. Маш их тамхи татна. Өрөө нь цэнхэр манан л байна.
-Та энэ хэргийг улс төрийн шалтгаантай гэж боддог уу?
-Олны танил тэр дундаа лидер хүнийг ахуйн хүрээгээр хөнөөсөн гэж бодохгүй байна. Өстэй нэгэн л хөнөөсөн болов уу. Мөнгө өгөөд алуулсан байлаа гэхэд хүнийг тэгж тарчлааж олон удаа сийчихгүй байлгүй дээ. Миний хувьд өс хонзонтой нэг нь хөнөөжээ гэж харддаг. Энэ нь магадгүй улс төрийн нөхцөл шалтгаантай байж болох юм. Хэрэг яагаад илрэхгүй байна гэхээр алуурчид ул мөрөө хангалттай балласан байхгүй юу. Үнэрийг нь арилгасан, цогцос дээгүүр нь гишгэсэн. Уг нь монгол хүн тийм зүйлээс цэрвэдэг баймаар юм. Гэтэл дээгүүр нь гишгэлээд хэргийн ул мөрийг нь баллаж таарсан болж байгаа юм. Хоёрдугаарт, цагдаа нь яагаад удаж ирэв. Энгийн хүмүүс яасан хурдан ирэв гээд л асуудал зөндөө бий. Уг нь илэрчихвэл сайхан л байна. Монголын ард түмэн баярлана шүү дээ. Эцэст нь хэлэхэд, Монголын цагдаа муу ажилласан гэхгүй. Нөхцөл байдал нь хүнд байна. Гадаад, дотоод хүчин зүйл байгаа учраас илрүүлэхгүй байна гэж бодож байна.
Зууны мэдээ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих