Блиц:
"Монголын мэдээ” сонин 2016 оны парламентын ээлжит сонгуульд өрсөлдөх магадлалтай хүмүүсийг "Хэн нь хэн бэ” буландаа онцолж, сонгох, сонгогдохгүй шалтгааныг нь тоймлож байгаа билээ. Тэгвэл энэ удаагийн дугаартаа УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг онцолж байна. Тэрбээр энэ удаагийн сонгуулиар Дорнод аймагт өрсөлдөх магадлал өндөр байгаа. Эсвэл жагсаалт руу ч орчихож чадах мөнгөлөг эрхэм юм.
БЛИЦ:
Нэр: Нямтайширын Номтойбаяр
Төрсөн огноо: 1978 оны долдугаар сарын 2
Ам бүл: 3
Боловсрол: 1986-1995 онд Нийслэлийн 10 жилийн 45 дугаар дунд сургуулийг төгссөн. 1997-2001 онд АНУ-ын Индиана мужийн Валпарайсо Их Сургууль Улс төрийн шинжлэх ухаан, Практик бизнесийн хос мэргэжлээр суралцаж төгссөн.
Ажилласан байдал: 2001-2005 он, 2008-2009 онд Тагнуулын ерөнхий газарт ажиллаж байсан. 2005-2008 онд "Монголын Алт” /MAK/ ХХК-д Төслийн менежерээр, 2009 онд "Монголын Алт” /MAK/ ХХК-д Тамгын газрын захирлаар сонгогдсон. 2010 онд "Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн, "Монголын Алт” /MAK/ ХХК-д Бодлогын зөвлөлийн гишүүн, Дэд ерөнхийлөгчөөр ажиллав. 2012 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар сонгогдон ажиллаж байсан. 2012 онд УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, УИХ-ын гишүүнээр сонгогдон, өнөөдрийг хүртэл парламентад сууж байгаа.
Н.Номтойбаярыг УИХ-д дахин сонгох хэрэггүй, учир нь...
Н.Номтойбаяр гишүүн өндөр боловсролтой залуу хүн
Мөнгө төгрөгийн боломжтой айлын хүүхэд учраас гадаадад боловсрол эзэмшихэд төлбөр дээр санаа зоволтгүй байсан байх. Нөгөө талаар мань хүний толгой дориун байсан байж таарна.
1. Уг нь Н.Номтойбаяр гишүүн өндөр боловсролтой залуу хүн. АНУ-ын Индиана мужийн Валпарайсо Их Сургууль Улс төрийн шинжлэх ухаан, Практик бизнесийн хос мэргэжлээр суралцаж төгссөн. Мөнгө төгрөгийн боломжтой айлын хүүхэд учраас гадаадад боловсрол эзэмшихэд төлбөр дээр санаа зоволтгүй байсан байх. Нөгөө талаар мань хүний толгой дориун байсан байж таарна. Түүнээс биш зөвхөн мөнгөтэй л байхад гадаадад суралцчих нь юу л бол. Ингээд бодохоор түүнд өндөр боловсрол байна. Мөн тэр мөнгөтэй айлын хүүхэд гэж эрхлэлгүй, гадаадад суралцаж байхдаа угаагч хийж, байр савныхаа төлбөрийг төлж байсан. Тийм болохоор мөнгөний үнэ цэнийг мэддэг хэмээн хэвлэлүүд бичдэг. Өөрөө ч тэгж яриад байдаг. Ингээд бодохоор амьдралын хар ухаанд ч эртнээс суралцсан, ухаан суусан хүн гэж дүгнэх боломжтой. Энэ бүхнээ төрд зөв ашиглаад явбал ирээдүйтэй л залуу.
2. Дахиад хэлэхэд, тэр бол мөнгөтэй, баян хүн. Тийм болохоор бизнес ч байхгүй байж баяжаад байдаг түшээдтэй харьцуулж болохгүй юм. Нэгэнт хувийн бизнестэй, компанитай учраас төрөөс мөнгө "идэх” гээд улайраад, амьдрал ахуйгаа дээшлүүлэх гээд зүтгээд байх шаардлага мань хүнд байхгүй. Мөн мөнгө муутай гишүүдийн дэргэд лоббид автахгүй байх магадлал өндөр. "Тэдэн төгрөг өгье, миний тэрийг дэмжээд өг” гэж байгаа нөхдүүдийн өөдөөс дунд хуруугаа гозойлгох эрх түүнд бий. Энэ бол бас нэг том давуу тал. Мөн мөнгөтэй хүн учраас улсыг хараад байхгүйгээр тойрогтоо мэр сэр юм хийчихэж чадна. Тухайлбал, ганцын зэрэг сургууль, цэцэрлэгийн барилга барьчихад хотойх хүн биш. Гагцхүү энэ боломж, бололцоо, чадвараа дайчлаад ажиллавал шүү дээ.
УИХ-ын гишүүний бүрэн эрх гэж нэг сүрхий юм бий
Н.Номтойбаяр гэдэг залуу 2012 онд Дорнод аймагт МАН-аас нэр дэвшиж, гарч ирсэн нь нэгэн үзэгдэл байсан гэхэд болно. Дэд сайдаар цөөн хэдэн сар ажилласнаас өөр төрийн албанд ажилласан туршлагагүй энэ залууг Дорнодынхон сонгосон юм. Ард түмний сонголтыг шүүгээд яах вэ. Иргэд нэгийг бодож, хоёрыг тунгаасан биз.
Төлөвшиж амжаагүй гишүүн
Н.Номтойбаяр гэдэг залуу 2012 онд Дорнод аймагт МАН-аас нэр дэвшиж, гарч ирсэн нь нэгэн үзэгдэл байсан гэхэд болно. Дэд сайдаар цөөн хэдэн сар ажилласнаас өөр төрийн албанд ажилласан туршлагагүй энэ залууг Дорнодынхон сонгосон юм. Ард түмний сонголтыг шүүгээд яах вэ. Иргэд нэгийг бодож, хоёрыг тунгаасан биз. Харин тэрбээр гишүүн болсноосоо хойш төлөвшиж ч амжаагүй байна. Америкт эзэмшсэн өндөр боловсролоо юунд зориулаад байгааг нь сайн ойлгохгүй л байгаа. Н.Алтанхуяг Ерөнхий сайд байх үед МАН-ын Засаг дарга нарыг яагаад батлахгүй байгаа талаар мэдээлэл хийх үеэр тун ширүүхэн маргаж, ширээгээ шааж байсан юм даг. Яах вэ, аль ч орны парламентад гишүүд нь маргалдаад, зодолддог тохиолдол байж л байдаг. Харин "МАК” хэмээх том компанийн "Нялх сэнгүм” хэмээгдэж байсан залуу Ерөнхий сайдтайгаа хэрэлдэж, сандал ширээгээ шааж авсан нь тийм ч сайхан харагдаагүй. Хүмүүс түүнийг өндөр боловсролтой, амьдралын хар ухаантай гэж харахаасаа илүү төлөвшиж амжаагүй нэгэн гэж ойлгосон байх. Тэгээд ч өнгөрсөн хугацаанд тэр төлөвшөөгүй, төр түшилцэх болоогүй гэдгээ янз бүрийн болчимгүй үйлдлээрээ дахин дахин харуулсан билээ.
Хүн хутгалсан хэрэгт орооцолдов
УИХ-ын гишүүний бүрэн эрх гэж нэг сүрхий юм бий. Гэхдээ тэр бүрэн эрхэнд нь "бусдыг яаж ч болно” гээд заачихаагүй шүү дээ. Гэтэл мань хүн Монгол Улсын төрд ажиллаж, УИХ-ын гишүүний суудалд сууж байгаа байж эрүүгийнхэнтэй орооцолдож, хутга шөвгөндөө тулсан. 2013 онд Төрийн ордны хойно байрладаг "Le Triskell” бааранд "Мунзуй” хочит Г.Нямдорж гэгчтэй муудалцаж, бие бие рүүгээ хутга барьж дайрсан гэх мэдээлэл хэвлэлийнхний сэдэв болж байлаа. Зарим хэвлэлээр бүр Н.Номтойбаяр гишүүн түүнийг хутгалсан ч гэж бичиж байсан. Энэ бүхний дараа "Мунзуй” хэмээх Г.Нямдорж хэвлэлээр янз бүрийн л юм ярьсан. Бүр хүүхэн хүчиндэж, хүн дарамталсан талаар баахан ярьж байсан нь одоо ч цахим ертөнцөд байж л байна. Энэ бүхэн худлаа, үнэн байх нь гол биш. Хамгийн гол нь төрийн түшээ хүн, бүхэл бүтэн Дорнод аймгийн иргэдийг төлөөлж УИХ-д сууж байгаа гишүүн ийм хэрэг явдалд орооцолдож болохгүй шүү дээ. Орооцолдох нь битгий хэл нэр холбогдох ч учир байхгүй.
Эргүүлсэн хүүхнийхээ тоогоор шуугиулагч
Түүнийг зарим хэвлэлүүд Ц.Мянганбаяртай зүйрлүүлж бичиж байна. "Мянгаа ноёнтны халааг Н.Номтойбаяр авах уу” ч гэж бичиж байх шиг. УИХ-ын гишүүн хүн ард түмэнд хэрэгтэй хууль санаачлаад, тэдний төлөөлөл болж үг хэлээд байж байх ёстой. Гэтэл эргүүлсэн хүүхнийхээ тоогоор бизнесмэнтэй зиндаархаад байж байна гэдэг юу гэсэн үг вэ. Түүнийг Д.Ариунцэцэгтэй хайр дурлалын романс үүсгэсэн. "Киви” хамтлагийн дуучин Агийтай Хонгонгоор зугаалсан. Гэх мэтээр элдэв шар хэвлэлийн бай болж байжээ. Мөн "Киви” хамтлагийн дуучин Агийтай зочид буудлаас гарч явсан зургийг нь хүртэл цахим хуудсууд баахан дэлгэж, шуугисан. Тэр зүгээр л бизнесээ хийгээд явж байсан бол ямар эмэгтэйтэй, хаагуур зугаалсан, ямар буудлаас гарсан нь хэнд ч хамаагүй. Харин УИХ-ын гишүүн хүн ингээд явж байгаа нь ёс зүйд нийцэхгүй юм.
Залуучуудтайгаа албан тушаал булаацалдав
МАН-аас Дорнод аймагт нэр дэвшиж, сонгогдсон УИХ-ын гишүүн хүн байж залуучуудтайгаа албан тушаал булаацалдсан нь бас л хэвлэлийнхний бай болоход хүргэсэн. Тодруулбал, тэрбээр НАМЗХ-ны Ерөнхийлөгч болохоор зүтгэсэн. Гэхдээ тус холбооны Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ гадаад руу түр хугацаанд явсан хойгуур нь бужигнуулж, суудлыг нь авах гэж оролдсон гээд байгаа. Бүр "Алтан сарнай” наадмын үеэр өргөмжлөл дээр нь "Ерөнхийлөгч Н.Номтойбаяр” гээд биччихсэн байсан нь ч бий. Бүхэл бүтэн УИХ-ын гишүүн хүн залуучуудынхаа байгууллагын Ерөнхийлөгчийн суудлыг залуустайгаа булаацалдаж, төлөвшөөгүй, буурь суурьгүй гэдгээ баталсан юм.
Хурал тасалдаг, хууль санаачлаагүй гишүүн
2014 оны эхээр намрын чуулганыг хэн хамгийн их тасалсан талаар мэдээлэл гарч байсан. Тэгвэл Н.Номтойбаяр гишүүн намрын чуулган 37 удаа болоход 17 удаа тасалсан байсан. Ингэснээр хамгийн их хурал тасалдаг гишүүдийн дөрөвдүгээрт бичигдсэн байгаа юм. Ерөнхийдөө л мань хүн хурал тасалдаг гишүүдийн толгой эгнээнд бичигдэж яваа. Мөн "Зиндаа” цахим хуудасны "Хэн нь хэн бэ” танилцуулах төсөлд дурьдсанаар түүнийг 2012 оноос хойш өнөөдрийг хүртэл ганц ч хуулийн төсөл санаачлаагүй гэж бичжээ. Бичих ч юу байх вэ, "Санаачилсан хууль, төсөл” гэсэн хэсэг рүү ороход ганц ч юм байхгүй байгаагаас тодорхой харагдана. Мөн мань хүн байр сууриа илэрхийлж, үг хэлдэггүй. Өнөөх "хэлгүй гишүүд” гэдэг ангилал руу орно. Энэ бүхнээс дүгнэхэд тэрбээр өнгөрсөн гурван жил гаруй хугацаанд ердөө л шар хэвлэлийн сэдэв болж л явсан байна.
ЭХ СУРАЛЖ: http://www.mminfo.mn/estate/145.shtml
Сэтгэгдэл бичих