"Эрс шинэчлэл хөдөлгөөн” –ий тэргүүн Д.Ганбаатартай ярилцлаа.
–УМБГ-аас ирвэс хамгаалагчийн хэрэгт уул уурхайн компани хамааралгүй. Тэнд уул уурхайн зөрчилболоогүй гэж мэдэгдсэн. Энэ мэдээлэлд та ямар байр суурьтай байна вэ?
-Байгаль, ан амьтан, ирвэс хамгаалахын төлөө зоригтой, эрч хүчтэй тэмцэж явсан биологич залуу өөрийнхөө амийг хөнөөх ч юм уу, эсвэл тохиолдлоор амиа хорлосон гэж бодохгүй байна. Тост, Тосон бумбад үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудын зөрчлөөс хамаарч энэ хэрэг болсон гэх үндэслэлтэй. Улсын Ерөнхий прокурорын хяналтан дор хамтран ажилласан ажлын хэсэг энэ залуугийн үхэл уул уурхайн компаниудтай холбоогүй гэж мэдээллийг хийсэн байгаа. Гэхдээ энэ мэдээллийг эцсийн байдлаар гаргасныг мэдэхгүй. Анх хэвлэлээр Тост, Тосон бумбын нуруунд 21 компани уул уурхайн тусгай зөвшөөрөл эзэмшдэг гэж мэдээлж байсан.
Харин Ашигт малтмалын газраас 16 компани лиценз эзэмшдэг гэжээ. Түүнээс Тост, Тосон бумбын нуруунд алтны зургаан лиценз олгосон. Эдгээр зургаан лицензийн дөрөв нь нэг эзэнтэй, хоёр нь өвөрмонгол хүний нэр дээр. Тост, Тосон бумбын нурууг сансраас авсан зураг бидэнд байна. Энэ зураг дээр нурууны баруун талд ирвэс хамгаалах ажил явагдаж байсан. Нийт хамааралтай 21,16 лизенз байгаа гээд байгаа. Үүнд тус нуруунаас урагш 20 км-ийн зайтай "Нарийн сухайт”-ын орд бий. Нүүрсний энэ ордын хажуу болон урд талд нь 19036 гэсэн бас нэг талбай бий. Энэ хэргийг хэвлэл мэдээллийнхэн дутуу мэдээлэлтэй болоод олон нийтэд буруу ташаа мэдээлэл өгч байна уу, эсвэл шалгаж байгаа газар хариуцлагагүй хандаад байна уу гэдэгт асуудал байна. Учир нь Цагдаагийнхан зөвхөн нүүрс олборлох лицензтэй компанийг шалгаад энд нэг ч зөрчил гараагүй гэж бүх ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй компаниудыг хамаатуулан мэдэгдсэн үү. Яг алтны илэрц бүхий хайгуулын лицензтэй 100 хувийн хөрөнгө оруулалттай хятад компаниудын мөрөөр шалгаад зөрчил гараагүй гэж мэдэгдэл хийсэн үү гэдэг нь эргэлзээтэй. Гэтэл талийгаачын аав хэлэхдээ "Хүү маань өрөм тавиулахгүй гэж компаниуд дээр очиж тэмцэж байсан. Баримт нь байгаа, цаг нь болохоор дэлгэнэ” гэж хэлсэн байдаг. Хохирогчийн аавд байгаа баримт зөрчил гараагүй гэдэг мэдэгдлийг няцаах үед цагдаагийн байгууллага Тост, Тосон бумбын нуруун дахь хайгуулын тусгай зөвшөөрөлтэй Хятад эзэнтэй компаниудыг шалгаагүй гэдэг нь тодорхой болох байх. Түүнээс биш Тост, Тосон бумбын нуруунаас 20 км зайтай хэдэн жилийн өмнөөс нүүрс олборлож, талхлагдсан тоосон дундах нүүрсний лицензтэй компаниудтай холбогдох ямар ч үндэслэлгүй. Түүнчлэн ирвэс хамгаалах үйл ажиллагаатай холбогдохгүй. Хэрэв холбогдох байсан бол аль хэдийн арга хэмжээ авах байсан биз. Тэгэхээр Тост, Тосон бумбын нуруунд лицензтэй Хятадын зургаан компанитай хүн амины энэ хэрэг холбоотой байх магадлалтай. Үүнийг хууль хяналтынхан анхааралдаа аваасай гэж үзэж байна. Бүх ашигт малтмалын лицензтэй компаниудыг хамаатуулж энд юу ч болоогүй гэж улс төржүүлж мэдээлэл хийж байгаа нь хариуцлагагүй явдал. Хоёр гишүүн байгаа гэх боловч нэрийг нь хэлэхгүй байна. Энэ тухай мэдээллийг хийхээр хоёр өдөр "MN” мэдээллийн төвд хэвлэлийн хурал зарласан боловч нэг ч хэвлэл мэдээллийн байгууллага ирсэнгүй. Зарлаад ирэхгүй байна гэдэг хэвлэл мэдээлэл энэ хэрэгт хаалттай болсон байна. 2012 онд Оюутолгойн гэрээг хийхээр хэвлэлийн хурлын зар тарааж байхад нэг ч мэдээллийн хэрэгсэл ирээгүй хаалтын гэрээтэй байсан. Яг үүнтэй адил юм болж байна. Засгийн газар цагдаагаа хамгаалж байна уу, эсвэл эдгээр уул уурхайн компаниудтай өөрсдөө холбоотой байна уу гэсэн хардах сэтгэгдэл төрж байна. Монголын ард түмэн энэ залуугийн төлөө сэтгэл өвдөж алуурчин хэн бэ гэдэг шударгаар илэрээсэй гэж хүсч байна. Хэн 40 литр ус үүрээд, мөс тэврээд уулын орой уруу амьтан услах гэж явах юм бэ. УИХ-ын гишүүд л лав биш. Сайн сайхны төлөө амиа алдсан олон хүнийг мэднэ. Гэтэл энэ байдал ингээд үргэлжлээд байх уу. Дуугардаг болгоны амыг хаадаг, дуугараад байх юм бол амыг нь таглаж, алдаг хэлбэрт шилжсэн үү. Энэ хэрэгт Засгийн газар, Ерөнхийлөгч дуугарахгүй, хэвлэл мэдээлэл нь хаалттай ийм л байна. Аймгийн байгаль хамгаалагч нь нэг эзэнтэй дөрвөн алтны лиценз эзэмшдэг "Намуун тод” гэдэг компаниас байгаль хамгаалах төлөвлөгөө тайлан зэргийг нь бүтэн жил шаардаад өгөхгүй, сунгах хугацаа дуусаад цуцлагдах тухай мэдэгдэл хүргэхэд нэг албан тушаалтан дээрээс нь хэлээд сунгасан байх жишээтэй.
–Ямар зургаан компани байна, мөн хэдэн онд авч байсан, хайгуул хийсэн зүйл бий юу?
-Өмнөговийн Гурван тэс сумын Тост Тосон бумбын нуруунд хайгуулын 15127 дугаартай лицензийг "Фоксмайнинг” мөн 13107 Х, 13108 Х, "Намуун тод” 13109 Х зэрэг тусгай зөвшөөрлийг "Мөнхийн нохон далай” компаниуд эзэмшдэг. Эдгээр дөрвөн компанийн эзэн нь Тан овогтой И Хан гэдэг хятад хүн. АМГ-т тусгай зөвшөөрлийн эзэн И Хан гэдэг атлаа лицензийн бүртгэл дээр дотоодын аж ахуйн нэгж гэсэн бүртгэлтэй. Эдгээр лицензүүдийг 2012 оны долдугаар сарын 26-нд Мандагчийн Одон, Мандагчийн Буян нар анх авчээ. Энэ нэр хэдийгээр монгол боловч манайхан ийм нэр хэрэглэдэггүй. Энэ бол өвөрмонгол нэр. 2013 оны есдүгээр сарын 20-ны өдөр Тан овогтой И Хан- д гурван лицензээ шилжүүлсэн. Хугацааг нь хууль бусаар сунгуулсан. 15127 Х "Фоксмайнинг” Буйлдангийн Мандахбаяр гэдэг хүн 2009 оны тавдугаар сарын 25- нд авсан. Мөн И ТАН ХАН-ийн "Намуун тод” компанид шилжүүлсэн. 14145 дугаартай хайгуулын лицензийг 2008 оны есдүгээр сарын 10- нд "Улаан сайр” гэдэг газар Дашдаваа эзэнтэй "Гранд Формул” гэдэг компани авсан. 2010 оны долдугаар сарын 20-нд "Гранд Формул” нь Хан Вин эзэнтэй Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани болжээ. Дараа нь 2011 оны наймдугаар сарын 5-нд Хятадын Ли Чи Нинг эзэнтэй "Элбэг орд” гэдэг компанид арван сая төгрөгөөр худалдсан. Тэр үеийн арван саяын гэрээнүүд хуурамч цаана нь их хэмжээний мөнгө эргэлдэж байдаг. Зарим лиценз 78 сая ам доллараар зарагдаж байсан тохиолдол бий. Зургаа дахь лиценз нь /12431 Х/ анх н.Мөнхбаатар эзэнтэй "А Ойль” компани 2007 оны тавдугаар сарын 15-нд авсан. Бас Ван Чан эзэнтэй Хятадын "Эн Си Ар Ай” компанид арван сая төгрөгөөр зарсан.
–Тэгэхээр хятадуудын мэдэлд очсон Тост болон Тосон бумбыг манай улс тусгай хамгаалалтад авахадбарьцаа үүссэн байгаа юм биш үү?
-Энэ хэрэг шуугиан болж эхэлмэгц Засгийн газар байгаль хамгаалагч хүүгийн амиа алдсан хэрэг илэрдэг ч бай илэрдэггүй ч бай ард түмний шахалтаар нэрээ бодоод улсын тусгай хамгаалалтад авах нь тодорхой. Гэтэл нөгөө уул уурхайн компаниуд Засгийн газраас хоёр тэрбум төгрөгийн нөхөн төлбөр нэхэмжилсэн тухай БОНХАЖЯ-д ирсэн тухай сайд нь бидэнд ярьсан. Дээрх лицензүүд гараас гарт дамлан худалдагдаж шилжиж байсан баримтыг дээр хэллээ. Гэтэл яагаад сумын байгаль хамгаалагч байгаль хамгаалах төлөвлөгөөг батлаагүй. Газар дээр нь өрөмдлөг хийхэд хоёр тэрбум төгрөг зарцуулсан эсэх нь тодорхойгүй. Ийм байхад татвар төлөгчдийн мөнгөнөөс хоёр тэрбумыг гаргаж улсын тусгай хамгаалалтад авах тухай яригдаж байна. Үүнийг манай хөдөлгөөн эрс эсэргүүцэж байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих