Цэндийн Дамдинсүрэнгийн нэрэмжит Дорнод аймгийн төв номын санд саяхан болсон "Талын шүлэг-2016” уралдаанд Дорнод Их сургуулийн оюутан Д. Уранчимэг тэргүүн байрыг эзэллээ.
Дорнод аймагт Утга зохиолын нэгдэл үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойд зориулсан яруу найргийн энэ удаагийн наадамд 30 гаруй уран бүтээлч оролцож бүтээлээ сойсон юм. Гурван үе шаттай явагдсан наадамд Дорнод Их сургууль, мэргэжлийн болон шаталсан сургалттай сургуулийн оюутнууд зохион байгуулалт сайтай оролцож, тэр хэрээрээ амжилт үзүүллээ. Мөн тус аймагт байдаг Хилийн цэргийн ангийн цэрэг дайчид өөрсдийн дотроос тодорсон найрагчаа дэмжиж, урам өгч байсан нь өмнөхөөс онцлог болжээ.
-Наадамд оролцогсдын тоо урьд жилүүдээс нэмэгдсэн ч шүлгийн чансааны хувьд ахисангүй. Зохиолчдын эвлэлд шинээр гишүүнээр элссэн 4 хүний шүлгийг эс тооцвол дорвитой бүтээл анзаарагдсангүй гэж "Талын шүлэг-2016” яруу найргийн наадмын Ерөнхий шүүгч, Дорнод дээд сургуулийн Хүндэт профессор, Хэл бичгийн ухааны доктор С.Алтанцэцэг ярьж байсан.
Наадмыг сонирхохоор ирсэн бүх хүн "Дорнодын зохиолчдын уран бүтээлийн дээжис”-ээс хүртэж, амралтын нэгэн өдрийг тэд Дорнод нутгийнхаа үе үеийн найрагчдын бүтээлээр "амьсгалж” өнгөрөөв.
Б.Туяа
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих