Сирид ОХУ "Исламын улс" бүлэглэлийн эсрэг агаарын цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна. Өнгөрсөн есдүгээр сарын 30-нд Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын хүсэлтээр тус ажиллагааг эхлүүлснээс хойш Оросын бөмбөгдөгч онгоцууд нийт 5700 гаруй нислэг үйлдэж, алан хядагчдын байршилд цохилт өгчээ.
Сирийн Латакиа боомт хотод Оросын агаарын цэргийн хүчний Хмеймим бааз байрладаг. Сири дэх "Исламын улс" бүлэглэлийн эсрэг Оросын агаарын цэргийн ажиллагааг энэхүү баазаас явуулж байгаа юм. Оросын стратегийн бааз Сирид байрладаг болохыг АНУ өнгөрсөн есдүгээр сарын эхээр олж мэдсэн. Үүнээс тун удалгүй Оросын тал тус баазаа ашиглалтад оруулж, Сирид "Исламын улс" бүлэглэлийн эсрэг агаарын цэргийн ажиллагаанд оролцож эхэлжээ. Өнгөрсөн 10 дугаар сард Хмеймим баазад зочилж, нөхцөл байдлыг газар дээрээс нь сурвалжилж байсан "Ассошиетэд Пресс" агентлагийн сэтгүүлчид дахин тус баазад очиж, сурвалжлага бэлтгэсэн байна.
Сүүлийн саруудад Хмеймим баазад шинэ нисэх зурвас байгуулагдаж, ашиглалтад орсон болохыг тус агентлагийн баг бүрэлдэхүүн онцолж байгаа. Мөн тус баазад агаарын довтолгооноос хамгаалах зенитийн пуужингийн "Эс-400" систем байрлуулсан байна. Оросын дэмжлэгтэйгээр Сирийн Засгийн газрын цэргүүд 250 орчим хот, тосгоныг хэт даврагчид болон алан хядагчдын хяналтаас чөлөөлсөн болохыг Оросын Батлан хамгаалахын яам мэдээллээ.
Үүнтэй холбоотойгоор орон гэрээсээ дайжсан зарим иргэн хот, тосгоддоо буцаж очиж байгаа гэх мэдээллийг мөн тус яам өгч байна. Оросын онгоцууд Сирийн Ерөнхийлөгч Башар Асадыг эсэргүүцэгч аядуу үзэлт босогчдын байршлуудад агаараас цохилт хийж байна гэж өрнөдийн улс орнууд шүүмжилж байгаа ч Орос улс тус шүүмжийг удаа дараа няцаасаар байгаа юм.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих