Сири, Иракийн хойд этгээдийн газар нутгийг эзэлж, Халифын вант улс байгуулснаа зарласан хэт даврагч "Лалын улс” бүлэглэлийн эсрэг агаараас цохилт өгч буй Холбоотны цэргийн эвсэлд багтах АНУ, Их Британи, Франц зэрэг долоон улсын Батлан хамгаалахын сайдууд Парис хотноо хуралджээ.
Улмаар уулзалтын төгсгөлд талууд "Лалын улс” бүлэглэлийн "Гол хүч төвлөрсөн” хэсгүүдэд цохилт өгөхөд санал нэгдсэн байна. АНУ-ын Батлан хамгаалахын сайд Эштон Картер уулзалтын дараа сэтгүүлчдэд "Сирийн Ракка хот болон Иракийн Мосул хот дахь Лалын улсын хоёр гол хүч нь төвлөрсөн хэсэгт довтолж, "ISIL” гэх өвчний тархалттай тэмцэнэ” гэдгээ амласан аж.
Тэрбээр хэлсэн үгэндээ хэт даврагч "Лалын улс” бүлэглэлийг хорт хавдар өвчинтэй ийнхүү зүйрлэж, дайралтаа эрчимжүүлэх байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм. Тэгвэл Францын Батлан хамгаалахын сайд Жан-ив Ле Дриан "Лалын улс бүлэглэлийн хүч сульдан доройтсоор байна. Тиймээс тогтвортой цэргийн стратегийг хэрэгжүүлж, хамтын хүчин чармайлтаа бэхжүүлэх цаг одоо ирээд байна” гэж хэлжээ.
Уулзалтад АНУ, Их Британи, Францаас гадна Австрали, Герман, Итали, Нидерландын Батлан хамгаалах сайдууд оролцжээ. АНУ-ын Батлан хамгаалах сайд Эштон Картер тус бүлэглэлийн эсрэг Холбоотны цэргийн эвсэлд нэгдсэн 26 орон болон Иракийн Батлан хамгаалах сайдуудыг оролцуулсан дараагийн шатны уулзалтыг гурван долоо хоногийн дараа Бельгийн Брюссель хотноо нээхээ зарласан байна. Ингэснээр холбоотны цэргийн эвсэлд багтах бүх орны сайдуудтай дээрх асуудалд зөвшилцөлд хүрэх бодолтой байгаа бололтой. Нөгөө талаар, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Швейцарын Цюрих хотноо АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй уулзсан юм.
Харин уулзалтын дараа тэрбээр Сирийн энхийн хэлэлцээр хэд хоногоос эхлэх төлөвтэй байгааг дуулгажээ. ОХУ болон НҮБ-ын зуучлалаар Сирийн Засгийн газар болон босогчдын хооронд гал зогсоох гэрээ байгуулж, энхийн яриа хэлцлийг эхлүүлснээр цаашид тус улсад сонгууль явагдах нөхцөл бүрдэж байгаа юм. Барууны орнууд Сирийн зөрчлийг зогсоохын тулд ерөнхийлөгч Башар аль-Ассад суудлаасаа буух хэрэгтэй гэж үзэж буй. Үүнийг ОХУ хүчтэй эсэргүүцэж, Башар аль-Ассад ч бууж өгөх бодолгүй гэдгээ мэдэгдээд байгаа.
Ямартай ч, ойрын хугацаанд Сирийн энхийн хэлэлцээр зохион байгуулагдаж, Холбоотны цэргийн эвсэлд багтах орнуудын Батлан хамгаалах сайдууд хуралдаж тодорхой асуудалд зөвшилцөлд хүрсэнээр дэлхий нийтэд аюул заналхийлэл учруулж буй "Лалын улс” бүлэглэлийн эсрэг тэмцэлд дэвшил гарах боломжтой юм.
АНУ тэргүүтэй холбоотны цэргийн эвсэл болон ОХУ-ын арми хэт даврагч бүлэглэлийн зэвсгийн агуулах, газрын тос хадгалах байгууламж, гол гол обьектуудыг нь устгаад байна. Гэвч, энгийн иргэд ч олноороо хохирч байгааг хүний эрхийн байгууллагууд сануулдаг. Сирийн хүний эрхийн байгууллагаас гаргасан мэдээллээс үзэхэд ОХУ-ын Сирид явуулж буй довтолгоонд өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд 1000 гаруй энгийн иргэн өртөж амиа алджээ. ОХУ өнгөрсөн оны есдүгээр сарын 30-наас агаарын довтолгооноо эхлүүлсэн бөгөөд түүнээс хойш нийтдээ 1015 хүн амиа алдсаны 200 гаруй нь хүүхдүүд байжээ.
Үүнээс гадна "Лалын улс” бүлэглэлийн 893 дайчин, Олон улсын Аль Кайдагийн салбар Аль Нусра фронтыг оруулаад Сирийн босогчдын талаас 1141 хүн нас барсан байна. Ингээд нийтдээ 3049 хүн нас баржээ. Харин энэ он гарсаар эхний гурван долоо хоногийн хугацаанд дээрх тоо 700-аар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Б.ДАВААХҮҮ
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=14215
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих