Дорнодод засаглалын хямрал нүүрлээд удаж буй. Энэ үнэнийг нутгийн иргэд төдийгүй нийслэлийнхэн ч андахаа больсон гэхэд хилсдэхгүй. Хүний, өөрийн намынхан сүлбэлдсэн бүлэглэлийнхэн Засаг ноёны сэнтийн төлөөх зодооныг удтал үргэлжлүүлсэн. Эцэст нь аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаалаа. Улмаар орон байрны хулгайч шиг аяглаж, бусдын өрөөг эзгүйчлэн тамгыг нь гартаа оруулсан хэрэг өдгөө аймгийн цагдаагийн хэлтэст нь шалгагдаж байна.
М.Бадамсүрэн аймгийн Засаг даргын тамгыг атгах гэж чичрэх тэр үеэс энэ мэдээлэл нутгийн заагийг давж, нийслэл дэх Төрийн ордонд улс төрийн халуун сэдвийн нэг болсон юм. АН-ынхантай нуруу, бөөрөөрөө наалдаж, намынхныгаа бусниулсан М.Бадамсүрэнг журмын нөхөд нь мөн ч олон удаа уучилж, өршөөсөн гэхэд дэгсдүүлсэн болохгүй. Харамсалтай нь, тэр ачийг бачаар гэгчээр өдгөө АН-ын нэр бүхий хоёр гишүүнтэй хэлхэлдэн нам нэгт ИТХ-ын даргыг албан тушаалаас нь буулгаж дөнгөсөн. Удтал үргэлжилсэн албан тушаал, эрх мэдлийн төлөөх зодооны үр дүнд орон нутагт засаглалын хямрал нүүрлэснийг аймгийн удирдлагуудаас бусад нь хүлээн зөвшөөрдөг. Эрх мэдэлд нүд нь харанхуйлсан удирдагчдын шунал улам бүр дэвэрч орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг ч элдвээр хааж, боох болсон гэнэ.
Энэ тухай Дорнод аймгийн "Шинэ суваг” телевизийн захирал С.Дэлгэр мэдээлжээ. Тэрбээр "Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд дарамт шахалт их ирдэг. Нэгэнт эрсдлээ тооцсон тул тэр бүрийг авч хэлэлцээд байдаггүй. Гэтэл сүүлийн үед хэрээс хэтэрлээ. Чи ганцаараа телевиз аваад явж чадахгүй. Хэн нэгнийг ивээн тэтгэгчээ болго, эсвэл нам дага гэх хандлага бий болсон. 15 жил хэвлэл мэдээллийн байгууллага ажиллуулахдаа аль нэг талд ороогүй атлаа өнөөдөр хэн нэгнийг дагах шаардлага гарсан бол би хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллахаасаа татгалзана гэсэн хариултыг өгсөн” гэжээ.
Хамгийн эмгэнэлтэй нь аль нэг намын харьяалалгүй "Шинэ суваг” телевизийн захирал С.Дэлгэрт аймгийн МАН-ын Хяналтын хорооноос арга хэмжээ авах юм байх. Шалтгаан нь ИТХ-ын дарга Р.Зоригтбаатарыг "Шинэ суваг” телевизийн ярилцлагад оруулснаар МАН-ын нэр хүндийг гутаасан хэмээн аймгийн ИТХ-ын МАН-ын бүлгийн дарга, аймгийн Засаг даргын зөвлөх С.Мөнгөнбат мэдэгдсэн байна. Хэвлэл мэдээллийн байгууллага хэнийг нэвтрүүлэг, ярилцлагад оруулахаа хэн нэгнээс асууж, аль нэг намаас зөвшөөрөл авдаг юм биш гэдгийг мэддэггүй хүн Аймгийн Засаг даргын зөвлөхөөр ажиллаж байна гэдэг харуусал. Нөгөөтэйгүүр, Р.Зоригтбаатарыг ярилцлагад оруулснаар МАН-ын нэр хүнд хэрхэн сэвтснийг хэн тогтоож, шалгаад тус телевизийнхэнд хариуцлага тооцохоор болсон нь бүр ч хачирхалтай. Тиймдээ ч С.Дэлгэр "МАН-ын Хяналтын хороо хэзээ дуудна тэр цагт нь очиход бэлэн. Гол нь ямар нэгэн намын харьяалалгүй надад Хяналтын хорооноос ямар арга хэмжээ авахыг ойлгохгүй байгаа” гэсэн юм. Үнэхээр ч Р.Зоригтбаатарын тухайд намаас нь хөөхөөс эхлээд түүнийг өмнөө сөхрүүлэхийн тулд олон арга хэрэглэж байгаагийнх нь хувьд ойлгож болох. Харин С.Дэлгэрт нэг намаас арга хэмжээ авна гэж мэдэгдэх нь заналхийлэл үү, эсвэл тэнэглэл үү. Аль эсвэл аймгийн МАН-ын Хяналтын хороо шүүх, цагдаагийн үүргийг гүйцэтгэдэг төрийн хуулийн байгууллагын институт үү гэдгийг МАН-ын удирдлагуудаас асуумаар байна.
С.Дэлгэрийн хэлсэнчлэн МАН-ын нэр хүндийг гутааж, орон нутагт засаглалын хямрал учруулсан хүн нь аймгийн, хотын захирагч Уулаа буюу П.Мөнхтөр, Засаг дарга М.Бадамсүрэн, Засаг даргын зөвлөх С.Мөнгөнбат, Чойбалсан хотын захирагчийн зөвлөх Д.Шинэбаяр, АН-ын Д.Ганцогт, Г.Болдбаатар нар өөрсдөө гэнэ. Тэд эрх мэдэл, сандал суудлын төлөө үзэлцэж, олонх болсон намынхан дотроо хөлөө жийлцсэн болохоос "Шинэ суваг” телевиз хэн нэгний, тэр дундаа МАН-ын нэр хүндийг гутаагаагүй гэдгийг онцолж байна. Юутай ч орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг атгандаа оруулах гэсэн арчаагүй санаа энэ мэтчилэн ил, далд цухалзаж эхэллээ. Иймэрхүү жижиглэсэн гүзээн доторх өрмөндөө одооноос анхаарал хандуулахгүй бол дотроосоо өтсөн тос амар биш гэдгийг МАН-ын дээд удирдлагууд мэдмээрсэн.
ЭХ СУРВАЛЖ: УЛС ТӨРИЙН ТОЙМ СОНИН
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих