"Би хоцрогдсон феодалын сэтгэлгээтэй хүн. Эр хүн өмд угаагаад сууж байх, хүүхдийн баас хусаж байх нь надад таалагддаггүй. Ний нуугүй л хэлнэ. Эр хүнийг тийм юманд зармааргүй л байдаг юм. Эр хүнийг чинь эх орон нь цагаа болохоор үхүүлж зардаг юм. Энэ бүх амьдрал чинь унаад ирэхийн цагт эр хүн нуруун дээрээ тогтоож өргөж босгодог юм. Тийм болохоор би эрчүүддээ хайртай.
Аар саархан юманд далдганаад байгаа хүнийг манай хань халамжтай гэж ярьж байгаа эмэгтэй хүнд бас дургүй. Халамж гэдэг тийм аар саархан үйлчилгээ шиг юмаар илэрдэг эд ч биш, цаанаа байгаа сэтгэлийн их хайраар нь хэмждэг юм. Ханиа хүндэлж байгаа хайр, цаад их юм нь бүтэн цул байвал наад талын жижиг юмыг анзаарах хэрэггүй. Тэгш эрх эдлэх гээд эмэгтэй хүн эртэйгээ үзэлцээд байгаа нь таалагддаггүй. Нэг их тэгш байх гэж, ухаандаа талх байвал нэг талыг нь би зүсчихээд нэг талыг нь чи зүснэ. Хувцас байвал нэг ханцуйг нь угааж, нөгөөг нь чи угаана гэдэг улсууд байдаг.
Түүнд дургүй. Эр хүнийг өмөөрсөндөө тэгж байгаа юм биш. Эм хүнээр та нар эмнэг сургуулаад үз л дээ. Зохих нь уу, үгүй юу. Эмэгтэй хүнээр адуу уургалуулаад үз. Говийн эмэгтэйчүүд бол уургалдаг юм л даа. Говийн эмэгтэйчүүд айхтар, гэхдээ зохидоггүй юм, яагаад ч зохидоггүй юм. Мориндоо мордож байгаа, татаж байгаа тэнхээ, морио суулгаж байгаа дадал заншил нэг л зохиж өгөхгүй, нэг л турьхандаад, энхрийдээд байдаг юм. Түүнтэй адилхан эмэгтэй хүнээр мод хөрөөдүүлээд, хагалуулаад, эрэг боолт чангалуулаад, уурын зууханд галч хийлгээд үз. Бас л зохихгүй. Тэгвэл энэ зохидоггүй ажил гэдгээс чинь зохисгүй шаардлага гэдэг чинь гарч байгаа юм.
Эр хүн шөнөдөө
хүүхдээ уйлахад босоод хичнээн сэгсчээд бүүвэйлээд ч хүүхэд хөхөө эрдэг
байхгүй юу. Хөхийг нь эх нь өгдөг. Тэгэхээр би эрчүүдийгээ өмөөрөөгүй,
зүгээр л зохилдолгооны талаар ярьж байна. Ил далд хуурдаггүй, яг л нэг
зантай эр хүн бол жинхэнэ эр хүн. Түүнээс халамж тавьж байгаа дүр
эсгэдэг хүн бол эр хүн биш".
-Б. Лхагвасүрэн
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих