Бирмийн улстөрч Ан Сан Су Чигийн "Дүр эсгэсэн ардчилал дарангуйлагчаас хортой” хэмээх алдарт ишлэл бий.
Ардчилал гээчийг 26 жилийн турш өмчилж, уриа лоозон болгон хашгирч ирсэн өнөөгийн эрх баригч нам үнэн хэрэгтээ баг өмссөн дүр эсгэгчид болохоо алхам тутамдаа илчилж, ил цагаандаа гарч эхэллээ. Тэд нүүрэн дээрээ ардчилал, ардчилал бас дахин ардчилал хэмээн уриалах ч ар хударгаараа улс орныг цөлмөсөөр байгаа бодит жишээг өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаас харж болохоор байна.
Төв аймгийн Борнуур, Батсүмбэр, Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутгийг дамнан оршдог Ноён уул нь байгалийн үзэсгэлэнт тогтоц, ашигт малтмал, биологийн төрөл зүйлийн арвин их сан хөмрөгтөйгөөр зогсохгүй хоёр мянга илүү жилийн тэртээх Хүннү гүрний түүх соёлын өв дурсгалыг хадгалан үлдээсэн хосгүй үнэт газар. Тиймдээ ч Монголын ард түмэн үеийн үед Ноён уул хэмээн нэрийдэж ирсэн биз ээ. Гэтэл өнөөгийн Засгийн газар улс орны эдийн засаг хямралтай энэ таагүй байдлыг далимдуулан Ноён уулын хөрсөнд агуулагдаж буй 70 тонн алтыг ухахаар Канадын "Сентерра гоулд” компанитай хүрз нэгтгэн зүтгэсээр байна.
Асуудал хэлэлцэгдэх бүрийд олон нийтийн эсэргүүцэл хүчтэй өрнөж, УИХ-ын чуулганаас хоёр ч удаа буцаасан байдаг. Гэвч Засгийн газар дахин дахин зүтгүүлсэн хэвээр. 70-хан тонн алтны төлөө өв соёл, байгаль орчноо сүйтгүүлье гэх Монгол хүн баймгүй. Алтыг нь ухлаа гэхэд ард нь торойж үлдэх хаан хор-хүнцлийн асуудал ч иргэдийн эрүүл мэнд, амь насанд бодитоор заналхийлж буй. Энэ бүхнийг сануулж сэрэмжлүүлсэн эрдэмтэн судлаачдын үгийг тоох шинж энэ төр засагт алга.
Ноён уулаа авч үлдэх гэсэн тэмцэл хүчтэй байсан нь Ардчилсан намыг зарим талаар буулт хийлгэхэд хүргэсэн. Улсын тусгай хамгаалалтад авах тухай санал санаачилга шат шатанд өрнөсөөр, эцэстээ ШУА-ийн эрдэмтэн судлаачдын ажлын хэсэг үндэслэлийг нь боловсруулж БОНХАЖЯ-нд хүлээлгэн өгчээ. Ингэхдээ ашигт малтмалын лиценз олноор олгогдож байгаль орчинд үзүүлэх хор хохирол нэмэгдэх хандлагатай учраас Ноён уул орчмын 37 мянган га талбайг бүхэлд нь байгалийн цогцолборт газар болгон хамгаалах шаардлагатай гэж үзсэн байна.
Гэтэл нүглийн нүдийг гурилаар хуурав гэгч боллоо. Засгийн газар иргэдийн шаардлага, хүсэлтийг өөрт ашигтайгаар эргүүлэн, давуулж тонгорох мэхийг чадамгай ашиглав. Тэд "Сентерра гоулд” компанийн лицензтэй талбайг хасч, ердөө 11 мянган га болгож багасгаад зогсохгүй, зэрэглэл бууруулж, нөөц газрын ангиллаар УИХ-д оруулжээ. Ноён уулын үндсэн хоёр оргилын тэхий дунд орших ашигт малтмалын лицензтэй талбайг хасч болохгүй гэдгийг Ардчилсан нам мэдэхийн дээдээр мэдэж байвч, мэдэн будилж, өөрсдөд ашигтай хувилбараа олонхиороо дэмжин баталлаа. Одоо "Ард түмэн та бүхний хүсэлтээр Ноён уулыг хамгаалчихсан. Гацууртын ордыг ухахад бүү саад бол” гэсэн байдлаар асуудалд хандах хөзөр тэдний гарч очиж байна.
Гацууртын ордод лиценз эзэмшигч "Сентерра гоулд” компанийн удирдлагууд Монголын улстөрчдөд лобби хийж байгаа гэдгээ ил цагаан зарлаж, улсаар нь доромжилж суусан цаг саяхан. Ноён уулыг ухаж, хөндөх асуудал орох бүрийд Байгаль орчны сайд асан С.Оюун, Д.Оюунхорол нар дэмжсээр ирсэн нь ч "Сентерра гоулд”-ын лобби засгаас засаг дамжин хэр хүчтэй явагдсаныг харуулдаг. Жижиг буурай орны улстөрчдийг мөнгөөр угжиж, алтыг нь аваад авдрыг нь өшиглөж орхидог зуршилтай "Сентерра гоулд” мэтийн хар мөртөй корпорациудын дохио зангаагаар хэдий болтол Монгол улсын Засгийн газар, засгийн эрхийг атгаж буй Ардчилсан нам хөдөлж, ард түмэндээ дүр эсгэсээр байх вэ!
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих