Монгол ахуйтайгаа өссөн болохоор
Алзахгүй ээ, миний хүү
Монгол гэрт өссөн болохоор
Алдахгүй ээ, миний хүү
Үүд онгойход алсыг харж ухаан чинь тэнүүн болсон
Өрх татахад хөх тэнгэрээ ширтэж сэтгэл чинь уужим болсон
Хөлд ороход чинь гишгэсэн газар уудам байсан
Хэлд ороход чинь хэлэх үг уярам байсан
Тоо бодоход толгой чинь өвдөхгүй ээ
Тоглоом чинь чулуу байсан
Торго дурданд хөлбөрч өсөөгүй болохоор
Томоожиж ухаарсан, миний хүү
Гадагш гарахдаа босгондоо бүдэрч унавал
Гарз гарах нь ээ хэмээн галд мод өргүүлж
Гэртээ орохдоо хормойдоо тээглэж ойчвол
Олз орох нь ээ хэмээн ерөөл билэгдэж
Монгол ёстойгоо өссөн болохоор
Муу явахгүй ээ, миний хүү
Газар дээр гишгэж алхах нь ойрхон байсан болохоор
Газрын тэнхээ чам руу зөндөө л урссан байгаа
Ээжийнхээ бүүвэйн дууг сонсож өссөн болохоор
Эх дэлхий чамд сөгдөнөө, миний хүү
Ээтэн гутал өмсөж хөлд орсон болохоор
Эх дэлхийгээ чи өшигчиж гүйгээгүй
Ээжийнхээ оёсон бариувчийг мялаалгаж өссөн болохоор
Урам амталж хүн болсон, миний хүү
Монгол гэрийн тооно дагаж наранд ойрхон өссөн болохоор
Сэтгэл чинь зөөлөн болж, эндэж зовохгүй ээ, миний хүү
Монгол гэрийн тооно дагаж тэнгэртэйгээ ойрхон өссөн болохоор
Алсын хараатай болж, амьдралд алдахгүй ээ, миний хүү
Морин төвөргөөн сонсож хүн болсон болохоор
Хийморлог явна аа, миний хүү
Монгол уламжлалдаа ойрхон өссөн болохоор
Золбоотой явна аа, миний хүү
2007. 03. 15
Улаанбаатар хот
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих