Өнөөдөр Дорнод аймгийн эрүүл мэндийн салбарт нэгэн баярт үйл явдал тохиолоо. Аймгийн БОЭТ-ийн Төрөх, эмэгтэйчүүдийн тасаг Хүүхдийн тасгийн дэргэд 35 ортойгоор үйл ажиллагаа явуулж байсан бол өнөөдрөөс шинэ байрандаа орж, хүчин чадлаа өргөтгөн ажиллахаар болж байна.
Шинэхэн төрөх эмнэлэг 50 ортой. Хүлээн авах, хэвтэн эмчлүүлэх, төрөх, хагалгааны зориулалтын тасгуудтай. Доороо хурлын заал, чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн хангагдсан фитнесийн өрөө зэрэг орчин үеийн эмнэлгийн стандарт шаардлагад бүрэн нийцжээ. БОЭТ-ийн үндсэн байртай залгаа Төрөх эмнэлгийн барилга угсралт 2013 оноос эхэлсэн бөгөөд 2013-2015 оны улсын төсвөөс нийт 2,774 тэрбум төгрөгийг зарцуулжээ.
Эмнэлгийн нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, ЭМСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа, Дорнод аймгийн ИТХ-ын дарга П.Мөнхтөр, Дорнод аймгийн засаг дарга М.Бадамсүрэн нар болон албаны бусад хүмүүс, Дорнод аймаг дахь эрүүл мэндийн салбар, ЗДТГ-ын харъяа агетнлаг хэлтсийн удирдлагууд оролцож, БОЭТ-ийн хамт олонд амжилт хүсч байлаа.
УИХ-ын гишүүн Х.Болорчулууны хувьд, шинэ эмнэлэг байгуулах ажлын зардлыг анхнаас нь хөөцөлдөж, 2013 оны улсын төсөвт 1 тэрбум, 2014 оны төсөвт 1,324 тэрбум, 2015 онд 450 сая төгрөг тус тус суулгуулсан байна. Мөн 200 сая төгрөгийн тоног төхөөрөмжийн зардлыг ЭМСЯ-ны сайдын багцаас гаргуулахаар болжээ. Нээлтэд ирж оролцсон ЭМСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа БОЭТ-ийн Төрөх эмнэлгийн тасгийг цахимжуулах төсөлд хамруулж 143 сая төгрөгний компьютер тоног төхөөрөмж олгохоор болсноо танилцуулж БОЭТ-ийн дарга Д.Должинд батламж гардуулсан юм. Шинэхэн эмнэлгийн нээлтэд орон нутгийнхан ч гар хоосон ирсэнгүй. Аймагт үйл ажиллагаа явуулж буй эмнэлгүүд, сумдын эмнэлэг, аж ахуйн нэгжүүд өөр өөрсдийн зүгээс сэтгэлийн бэлэг гардуулж байлаа.
Дорнод аймагт маань ийнхүү нэгэн шинэ төрөх эмнэлэг үүдээ нээснээр эх хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж дээшилж, орон нутгийн эрүүл мэндийн салбарын хөгжил нэгэн шинэ хуудсаар баяжигдлаа.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих