Хүнээр жишвэл улс орны зүрх нь болсон хөдөө аж ахуйн салбар шалдаа бууж мал, махаа борлуулж амьдралаа залгуулдаг малчид цөхрөнгөө барж байгааг хэвлэлийнхэн өдөр болгон бичиж, дарга нар хий дэмий халаглаад нэмэр алга. Бахь байдгаараа л байна. Уг нь мах, түүхий эдийн үнэ өгсч, уруудах үзэгдэл өмнө нь ч байсан. Гэтэл зэх зээлийн шуурганд ямагт магнаг байсаар ирсэн махны үнэ энэ жил огцом унаж кг махны мөнгөөр ганц хуушуур авч хүрэхгүй болсон нь амьдралд бодитоор мэдрэгдэж байгаа зүйл. Тэгвэл махны үнэ унаж байгаатай зэрэгцэн малын арьс шир, түүхий эдийг тоож хардаг хүнгүй болж. Арьс ширний үнэ 500 төгрөг боллоо гэх ам дамжсан ярианд итгэхгүй байсан ч малын түүхий эдийн ханш судлахаар Эмээлт зах яваад "Манайх арьс шир авахгүй. Зам дагуух ТҮЦ-нүүдээс асуу. Ер нь дэмий ирждээ. Буцааж ачаад явахаар бэлэглэчих юмуу” гэх уцаарлангуй хариултыг түүхий эд авдаг 2-3 газраас сонсов. Уг нь өдийд Эмээлт зах хөл хөдөлгөөн ихтэй хүмүүс нь шоргоолж шиг ажиллаж байдаг сан. Чухам энэ үеэр л ажилгүй залуус түүхий эд авдаг хятад ченжүүдэд ачигч хийж овоо хэдэн төгрөг халаасалдаг цаг. Гэтэл энэ жил хаа нэг хашаанд ганц нэгхэн ачааны машин дээр арьс шир шидэж зогсох хүн таарах юм. Бүгд л арьс шир өгөхөөр зорьж очсон хүмүүст аманд багтсан үнээ хэлж, "үгүй” гэх юм бол аваад буц гэх.
Биднийг хэвлэлээс явааг дуулаад хэсэг залуус "Эмээлтэд түүхий эд авдаг байсан хятад ченжүүд энэ жил ирэхгүй байна. Ганц хоёрхон хятад л арьс шир авч байна. Барагтаа бол ачигчийн ажил олдохгүй юм. Ажил ихтэй үед өдөрт 20-40 мянган төгрөгийн ажил хийж байна. Түүхий эдийн үнэ навс унасан. Малчид бараг үхрийн ширээ бэлэглээд буцаж байна” гэв. "Эзэд” нь бололтой хятад хүмүүс ярилцлага өгөх нь битгий хэл машин дотроосоо цухуйсангүй. Хэдэн асуулт асууя дамжуулаад өгөөч гэвэл ачигч залуучууд "хэл нэвтрэлцэхгүй” гэж цааргаллаа. Цааш явж түүхий эд авдаг 2-3 хашаагаар орж үнэ судалвал адууны шир 50-70 мянган төгрөг. Тэр дундаа цагаан адууны шир 70 мянган төгрөг буюу ахиухан үнэтэй байгаа нь өнгө, дэл сүүлнээсээ болдог бололтой юм. Хонины нэхий 500-1000, ямааны арьс 11000 төгрөгийн ханштай байна. Уг нь өнгөрсөн жилийн өдийд хонины нэхий 7000, ямааны арьс 27000 төгрөгийн үнэтэй байсантай жишвэл түүхий эдийн үнэ жинхэнээсээ навс унажээ.
Ченжүүд үхрийн ширийг хужаа, монгол гэж ялгаж авах юм. 2.3 метрээс дээш хэмжээтэй ширийг монгол шир хэмээн 40 мянган төгрөгөөр авч байна. Харин 1.3 метрээс бага хэмжээтэй бол авахгүй. Аз таарвал зам дагуух жижиг ТҮЦ-үүд 500-1000 төгрөгөөр авдаг гэнэ. Ченж нарын голоод хужаагаар нь дуудаад байгаа 1.3 метрийн хэмжээтэй ширээр малчид бага шиг холбоо хонь холбох сур хийчихдэгсэн. Гэтэл ийм хэмжээтэй шир ченж нарын дунд бэлэгний шир гэх нэр томъёотой болж хөсөр хаягджээ. Энэ нь холоос шир ачиж ирсэн малчид буцааж авч явахаасаа төвөгшөөж ченжүүдэд бэлэглэчихээд буцдагтай холбоотой аж. Энэ талаар цөөнгүй хүнтэй уулзаж асуухад учир мэддэг нэгэн метр 30 см-ээс бага хэмжээтэй үхрийг ченжүүд малчдаас бэлгэнд аваад хоорондоо боломжийн үнээр наймаалцдаг гэнэ. Өмнө нь хамгийн хямддаа 10-20 мянган төгрөгөөр арилждаг байсан үхрийн ширийг малчид бэлэглээд буцахад наймаачид тохиролцоод 10-15 мянган төгрөгөөр борлуулдаг гэдгийг таксины жолоочоос эхлээд цөөнгүй хүнээс сонслоо. Нэг ченж "үнэн” гэж ам алдав. Нээрэн л түүхий эдийн зах руу дөхөөд очингуут ямар арьс өгөх вэ гэж асуухаасаа өмнө "Бэлэгний шир байна уу” гэж шалгаах юм. Энэ мэтээр түүхий эд, махны үнэ адагт орсноос өр зээл тавин яваа малчдыг шунахай ченжүүд "шулж” байгаа бололтой.
Бид түүхий эдийн ченж Б.Төрөөгөөс зарим зүйлийг тодруулахад "Түүхий эдийн үнэ өмнөх жилүүдийнхээс 10-15 мянган төгрөгөөр буурсан. Сарлагийн ширийг бол бүр авахгүй. Хонины нэхийг ч гэсэн 500 төгрөгөөр авбал дээд юм. Монголчууд голдуу хонины мах иддэг учраас нэхий нь үнэд орохгүй байхад амины гарз болж байна. Түүхий эдийн үнэ урдаа хямдхан байгаа учраас ашиг гарахгүй гээд хятадууд ирэхээ больсон. Ачигч хийж мөнгө олдог залууст ажил олдохгүй байна” гэлээ. Засгийн газрын тогтоолын дагуу нэг сарын хугацаанд адууны шир экспортлохоор болсон талаар хэд хэдэн хүнээс асуухад "Зарим хүмүүс экспортолж л байгаа байх. Бид тэр талыг судалж үзээгүй” гэсэн хариултыг өглөө. Түүхий эдийнхээ мөнгөөр шинэ жил цагаан сараа "аргалдаг” малчид энэ жил үхрийнхээ ширийг өгөөд 800-1000 төгрөгийн үнэтэй модтой чихэр ч авч дийлэхгүй нь.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
С.УЯНГА, О.НАМУУНЦЭЦЭГ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих