Дэлхийн тулааны урлагийн нэрт мастер, жүжигчин Брюс Лигийн кунфугийн их багш Ип Маны бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн "IP Man” киноны гуравдугаар анги өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 24-ны өдөр нээлтээ хийсэн билээ. Шинэ ангид Хятадын нэрт жүжигчин Донни Йен болон дэлхийн боксын хүнд жингийн аварга Майк Тайсон нар тогложээ. Донни болон Тайсон нар өнгөрөгч амралтын өдөр "www.straitstimes.com” сайтад уран бүтээлийнхээ талаар ярилцлага өгчээ.
-"IP Man III” нээлтээ хийгээд сар боллоо. Албан ёсны нээлтээ Малайз, Хонконг, Сингапур улсад хийсэн. Өнгөрсөн сарын 31-нд Тайвань болон Шинэ Зеландад нээлтээ хийсэн бол энэ оны эхний долоо хоногт Австралид үзэгчдийн хүртээл боллоо. АНУ-д энэ сарын 22-нд албан ёсны нээлтээ хийсэн бол ирэх гуравдугаар сарын 4-нд Хятадад нээлтээ хийхээр болсон. Тун удахгүй энэхүү уран бүтээлийг үзэх хүний тоо хэдэн саяар хэмжигдэх болох нээ?
Донни: Тиймээ сэтгэл хөдөлж байна. Олон жилийн хөдөлмөр минь бүтээл болж нээлтээ хийж буй нь гайхалтай хэрэг.
Тайсон: Сайхан байна. Гэхдээ "Оддын дайн: Хүч сэргэсэн нь” кино бидний хувьд том саад болж байна.
-"Оддын дайн”-ы шинэ анги орлогоороо рекорд тогтоож байна. Уг бүтээлээс болж олон бүтээлийн орлого тааруу байгаа. Ашиг тааруу олох вий хэмээн эмээж байна уу?
Тайсон: Мэдээж хэрэг. Энэ киног үзээд л кино театраас явбал тоогүй хэрэг.
Донни: Айх зүйл байхгүй. Бид хийх ёстойгоо хийсэн.
-Хамтран ажиллах ямар байв?
Донни: Тайсон бол тулаанчаас гадна гайхалтай жүжигчин.
Тайсон: Хятадын түүх соёл, тулааны урлаг миний анхаарлыг татдаг. Хятад кинонд тоглохыг их эртнээс мөрөөдөж байсан. Донни бол чадварлаг, хүчирхэг эр хүн. Түүний ур чадвар үнэхээр сайн.
-Та хоёр өөр, өөр тулааны урлагаар олон жилийн турш уйгагүй хичээллэсэн. Хэрвээ кино бус бодит амьдрал дээр тулалдсан бол хэн нь ялах байсан бол?
Тайсон: Хятадын кунфу яг л салхи шиг. Гэнэт бас их хүчтэй.
Донни: Нэг тулааны зураг авалтын үеэр Тайсон намайг цохих гэж байгаад хуруугаа их хүнд гэмтээсэн. Хэрвээ тэр цохилт над дээр ирсэн бол би лав ... мэдэхгүй юм. Тэр их хүчтэй. Мэдээж хэрэг бид хоёр тулалдвал яг л кинон дээр гардаг шиг үйл явдал тохиох байх.
-Тэгэхээр кунфу, боксыг ялна гэсэн үг үү?
Тайсон: Би хэлсэн. Кунфу яг л салхи шиг. Тун хөнгөн шингэн.
Донни: Хөнгөн боловч хүчтэй цохилтод орвол дахин тулалдахад тун хэцүү.
-Ип Ман гэр бүлийнхээ хамтаар Хонконгт ирсэн. Энэ анги дээр Ип Ман өөрийн шавь Брюс Лиг дасгалжуулж буйгаар гардаг. Яагаад гэнэт барууны боксчинтой дэвжээнд гарахаар болов?
Донни: Найруулагчийн санаа.
Тайсон: Үнэхээр халуухан тулаан болсон шүү.
-Тайсон та Брюс Лиг мэднэ биз дээ?
Тайсон: Мэдээж хэрэг сайн мэднэ. Хүмүүс тэр болгон мэддэггүй ч энэ залуугийн зураг надад бий. Би түүний тоглосон кино болон бэлтгэлээ хийж буй бүх бичлэгийг үзсэн.
Донни: Брюс Ли кунфуг олон улсад танилцуулсан ачтан.
-Бокс эвсэл кунфугаар хичээллэх бодолтой байна уу?
Донни: Тиймээ. Тайсоны гарын хурдан хөдөлгөөн зэрэг миний анхаарлыг татсан. Бокс бол эрчүүдийн спорт. Би зураг авалтад орохоосоо өмнө боксоор хичээллэдэг. Мэдээж хэрэг энэ гайхалтай эрхэмтэй хамтран ажиллаж буй учир боксын мэдлэгээ сайжруулах шаардлагатай болсон.
Тайсон: Одоогоор кунфугаар хичээллэх бодолгүй байна. Гэхдээ миний анхаарлыг татсан хэвээр байгаа.
-"UFC”-ийн тулаанч болох санал тавибал?
Донни: Дүрэмгүй тулаан. Мэдэхгүй юм. Энэ талаар бодож үзээгүй.
Тайсон: Би бол дүрэмгүй тулааны хаан.
-Яагаад тулааны урлагаас кино урлагт татагдах болов?
Донни: Өөрийгөө сорих нэг боломж.
Тайсон: Өсөлт, шинэ алхам.
-Донни та холливуудад, Тайсон та Бээжинд амьдрах сонирхол байна уу?
Донни: Сонирхол байгаа.
Тайсон: Гайхалтай санал ирсэн газар би байх болно.
-Хэр халамжтай аав бэ?
Донни: Би бол гайхалтай, үлгэр жишээ аав.
Тайсон: Үргэжлэл байна гэдэг гайхалтай хэрэг.
-Хэрвээ хүүхдүүд чинь тань шиг тулаанч болно гэвэл?
Донни: Би хоёр охинтой. Тэд эрчүүдийн спортыг тийм ч их сонирхдоггүй.
Тайсон: Чадвар зориг байвал бүх зүйл боломжтой.
Б.Дэлгэрцэцэг
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих