Сүүлийн дөрвөн жилд агаарын бохирдол, утаа 26 хувиар буурсан тухай Цаг уур, орчны шинжилгээний газраас өчигдөр мэдээллээ. Тэд "Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөө, шийдвэрлэх арга зам” сэдэвт олон улсын зөвлөгөөний үеэр ингэж танилцуулав.
Ингэснээр хүүхдийн өсөлтөд сайнаар нөлөөлж байгааг ч давхар хавчуулжээ. Эрүүл мэндийн асуудлыг эрүүл мэндийн байгууллага нь мэдэж хэлэх ёстой байтал цаг уурынхан хариуцаж, улстөрийн пиар мэт юм ярьдаг нь ч ямар учиртай юм. Утаа угаасаа буураагүй тухай асуудал хариуцдаг хүмүүс нь тэгвэл юу гэж ярив?
Нийслэлийн харьяа Агаарын чанарын албаны дарга Ч.Батсайхан "Нийслэлийн агаарын бохирдол дэлхийн стандартаас 20-30 дахин даваад явчихлаа. Өмнө төсөв огцом буураагүй байх үед 10 дотор л барьдаг байсан” гэж саяхан нэг сонинд өгсөн ярилцлагадаа хэлжээ. Утаа ургийн хөгжил, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөөр байгааг мэргэжлийнхэн ч байнга сануулж байгаа атал Ус цаг уурынхан огт өөр юм ярьж байгааг утаагаар улстөрийн оноо авах гэсэн эрх баригчдын арга гэж үзэх үндэстэй мэт.
Монгол улсад зочилсон нэгэн Америк профессор хүртэл "Монголын төр засгийнхан утаа бодит аюул учруулж байгааг ард түмэндээ шударгаар зарлах хэрэгтэй.Ойрын хугацаанд арга хэмжээ авч чадахгүйгээ хүлээн зөвшөөрч, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээг авах ёстой ч энэ үүргээ гүйцэтгэхгүй байна. Бяцхан үрс тань 5-10 насаа алдаж буйгаа ч мэдэлгүй утаан дунд ээждээ хөтлүүлээд инээгээд алхаж яваа төрх сэтгэлийг минь үнэхээр эмзэглүүлж байна...” гэжээ.
Өчигдөр болсон дээрх зөвлөгөөн дээр Улаанбаатарын утааг ойрын хугацаанд яаралтай бууруулахгүй бол ураг, нярайн эрүүл мэндэд маш хортойг судлаач Райн Аллен анхаарууллаа. Эрүүл мэндийн статистик мэдээллээс үзэхэд 1999-2016 онуудад агаарын бохирдолтой шууд холбоотой амьсгалын тогтолцооны өвчин 26.8 хувиар, зүрх судасны тогтолцооны өвчин 18.1 хувиар нэмэгдсэн гэнэ.
Агаарын бохирдол нь амьсгалын замын өвчлөлөөс гадна бага насны хүүхдийн сэтгэн бодох чадвар, мэдрэлийн системд сөргөөр нөлөөлж эхэлснийг ч зөвлөлгөөнд оролцогсод анхааруулж байна.
Бодит байдал дээр утаа ийнхүү хотын иргэд бидний, тэр дундаа үр хойчийн минь ирээдүйд нөлөөлж байхад сайд дарга нар нэг бол утаа багассан тухай үлгэр ярьж, нөгөө бол мөнгө байхгүй хэмээн утааг хяналтгүй орхиж байна.
Агаарын
бохирдлын төвшний үндсэн хэмжүүр болох тоосонцорын концентрацыг хэмжиж
үзэхэд тоосонцор, хүнд метал нийслэлийн гэр хороололд Монгол Улсын
стандартаас 14 дахин, Дэлхийн ДЭМБ-ын стандартаас 35 дахин илүү давж
гарчээ.
Монгол Улс сүүлийн хэдэн жилийн хугацаанд "Цэвэр агаар
сан"-гаас утаагүй зуух болон утаагүй түлшинд маш их мөнгө зарцуулчихаад
байгаа ч ямар ч үр дүнд хүрээгүй хэдхэн хүн баяжаад энэ төсөл хаагдаад
байгаа нь тодорхой болсон.
Энэ 2016 оны улсын төсвийг батлахдаа утаатай хийх тэмцэлд бараг мөнгө төсөвлөхгүй гэж байгаад 5 тэрбумыг тавьсан. Түүнийх нь хоёр тэрбумыг хөдөө рүү хуваарилсан учир нийслэлд 3 тэрбум л оногдож байгаа аж. Үүнийг бага мөнгө учраас утааг яах ч аргагүй гэж Утаа хариуцсан албаны хүн дээр хэлснийг анзаарсан биз ээ. Өнгөрсөн жилүүдэд ажиллаад энэ жилээс татан буугдсан "Цэвэр агаар сан"-гийн шугамаар утааг бууруулах гэж 100 гаруй тэрбум төгрөг зарцуулсан. Өмнө нь маш их мөнгө зарцуулж байсан хүмүүст гурван тэрбум маш бага учраас утааг бууруулахаар юу ч хийхгүй нь ойлгомжтой байна.
Эцэст нь дахин хэлэхэд утаа буураагүй, эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл нь ч улам нэмэгдсээр байгаа. Ийм байхад утаагаар улстөр хийж, оноо авах гэвэл бүтэхгүйгээ эрх баригчид эрхбиш мэдмээр сэн дээ.
Г.Самбаа

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих