Тэнгэр бол Монголын дээдэс үе уламжлан шүтэж ирсэн шүтээн болохоор зөвхөн нэг эзэн хааны харсан тэнгэр болгох нь учир дутагдалтай. Харин "Мөнх” гэдэг үгийг Чингис хаан нэмсэн нь түүний оршихуйг тодорхойлсон философи сэтгэлгээний илрэл бөгөөд илүү гүнзгий шашны утга санааг оруулсан буюу ухагдахууныг төгс томьёолжээ.
Мөнх тэнгэрийг Чингис хааны харсан тэнгэр гэж үзсэн ч харсан тэнгэр нь овог аймгийн шүтээн, тухайлбал: Алтан ургийн овог аймгийн шүтээн болж улмаар Их Монгол улсын төрийн шашны үүргийг гүйцэтгэн түүнчлэн нийт Монголын үндэстний шашин болж төлөвшин бүрэлдсэн болохыг үгүйсгэх аргагүй. Үүнийг батлах хангалтай баримт байгаа талаар зохиогч бичиж нийтэлж ирсэн.
Тэнгэризм нь эртнээс байгалийн шүтлэгийн шинжтэй оршиж байсан бол Их Монгол улсын үед Чингис хаан Мөнх тэнгэр гэсэн ухагдахууныг шинээр буй болгосноор зохиомол шашны онцлогтой болжээ. Энэ мэт овог аймгийн ахлагчийн шүтээн нийт овог аймаг, улс үндэстний шашин болсон түүх элбэг тохиолдоно. Улс үндэстний удирдагч нар шинэ шашин буй болгох, хуучин шашинд уламжлал шинэчлэл хийхэд ихээхэн үүрэг гүйцэтгэж ирсэн юм.
НЭГ. ОВОГ АЙМГИЙН ШҮТЛЭГ УЛС ҮНДЭСТНИЙ ШАШИН БОЛЖ ХӨГЖСӨН НЬ.
Овгийн шүтлэг байснаа нийт үндэстний
шашин болж хөгжсөн хамгийн сайн жишээ бол Жүдийн шашин. Үүний тухай
"Хуучин Гэрээ”( Old Testament) -д тодорхой тэмдэглэжээ. Уг тэмдэглэл дэх
домгийг үндэслэвэл тухайн үед "Усан галав”-ын дараа Израилийн дээдэс Ур
гэдэг газар нүүн ирж амьдраад гурван зуу гаруй жилийн түүхтэй болсон
байжээ. Энэ үед хүмүүс Ехова( Jehovah, Yahweh, YHWH )- ийг биш, янз
бүрийн "хуурамч бурхад”-ыг шүтдэг байсан гэх. Еховагийг шүтдэг нь зөвхөн
Абрахам л байжээ. Шүтлэг бишрэлийн ялгаанаас болж тэрээр өөрийн гэр бүл
ба цөөн хэдэн хамаатан садангийн хамт тэндээс нүүж, Канаан(Canaan)-д
ирнэ. Энэ үед Ехова нь зөвхөн Абрахамын гэр бүлийн шүтээн байв. Монгол
бөөгийн үзлээр бол Ехова нь Абрахамын "харсан тэнгэр” ажээ. Ехова бурхан
Иаковын зүүдэнд орж "Би бол ЭЗЭН, чиний эцэг Абрахамын Бурхан, Исаакийн
Бурхан байна” [4] хэмээн хэлж байсан ч үүний нэг баталгаа юм. Түүний
хойно Абрахамын удам бөгөөд Еховад үнэнч Иаковын гэр бүлийн 70 хүн
Египетэд нүүж ирнэ. Энэ үед Иаков гэдэг нэрийг Израиль хэмээн сольж
Израиль овог аймаг анх үүссэн юм. Тэгэхлээр энэ үеэс "харсан тэнгэр”
Ехова нь овог аймгийн шүтээн болсон гэсэн үг. Хожим нь Израилийн 12
овгийн 10-ыг Иаковын, хоёрыг Иосефын хөвгүүдийн нэрээр нэрлэж Израиль
үндэстэн бүрэлджээ.
Түүний дараа овог аймгийн шүтээн Еховагийг нийт Израильчуудын шүтэх үндэстний Жүд шашин болсон явдал бол Египетийн дарлалаас Израильчуудыг удирдан чөлөөлсөн Мосейн үйл явдалтай холбоотой. Мөн дээрх "Хуучин гэрээ”-д бичсэнээр Израильчууд Египетэд нүүж ирсний дараа олон жил өнгөрч нэг мэдэхэд фараоны харгис дарлалд орсон байв. Мосейн үе болоход боолчлол бүр оргилдоо тулж, Израиль хүнээс хүү төрвөл алах зарлиг хүртэл гарган хэрэгжүүлэх болжээ. Мосег наян настай байхад нь Ехова түүнтэй уулзаад "Миний ард түмэн Египетэд зовж байгааг би харж байна. Тиймээс би тэднийг чөлөөлнө. Ард түмнээ Египетээс удирдан гаргуулахаар чамайг явуулъя” гэнэ. Гэвч Мосе "Би бол өчүүхэн амьтан. Үүнийг хэрхэн биелүүлж чадах билээ? Тийшээ очлоо гэж бодъё. Израильчууд надаас 'Чамайг хэн явуулав?' гэж асуувал би юу гэж хэлэх вэ?” гэжээ. Түүний хариуд "Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан Ехова намайг та нар уруу явууллаа гэж тэдэнд хэл” хэмээн Ехова хэлжээ. Тэгээд: "Энэ бол миний мөнхийн нэр” гэсэн [5] байна.
Ингээд Мосе нь Ехова-гийн нэрийг барин Израилийн олон овог аймгийг удирдан Египетээс дутаан фараоны боолчлолоос мултаржээ. Египетээс дутаан гарч Синай ууланд байх зуур Мосе ууланд гарч 40 хоног болоод Ехова бурхны өгсөн зарлиг хэмээн чулуунд бичсэн 10 зурвасыг барьж ирээд ард түмнээ мөрдөн дагахыг шаардсан нь Жүдийн шашны "10 тушаал” (Ten Commandments) [6] хэмээн алдаршжээ. Энэ 10 тушаал нь одоо хүртэл мөрдөгдөж буй Жүдийн шашны үндсэн зарчим бөгөөд хожим нь буй болсон олон шашинд нөлөөлсөн юм. Тэгэхлээр Мосе нь зөвхөн Израиль үндэстний удирдагч байгаад зогсоогүй Ехова-ыг шүтэх шүтлэгийг бүх Израилийн үндэстний шашин болгосон гол зүтгэлтэн болно.
Үүнээс дүгнэж үзвэл: Жүдийн шашны Ехова нь Абрахам, Исаак, Иаков, Мосе зэрэг овог аймгийн ахлагч нарын бурхан шүтээн байснаа нийт Израиль үндэстний Жүд шашин болжээ. Тэгвэл Монголчуудын хувьд ч гэсэн Мөнх тэнгэр нь зөвхөн Чингис хаан ба түүний овог аймгийн шүтээн байснаа нийт Монголын үндэстний шашин болсныг түүхэн баримт харуулна. МНТ-нд: Чингис хаан: "Мөнх тэнгэр мэдтүгэй"[7], "Бадай Хишилиг хоёр, миний амийг аварч тус хүргэсний тул мөнх тэнгэрт ивээгдэж, Хэрэйд улсыг доройтуулж, өндөр сууринд хүрэв, би. ..."[8], Чингис хаан "Байлдсаны хойно тэд дийлэх, бид дийлэх алин болохыг гагцхүү мөнх тэнгэр мэднэ."[9], Чингис хаан "Уул нурууг алславч Уг санаагаа нэгтгэж Мөрөн голыг гэтлэвч Мөн санаагаа нэгтгэж Мөнх тэнгэрийн хүчинд Мөрийн хүч нэмэгдэж Гайт Тогтоагийн хөвгүүдийг Гартаа оруулж баривал..."[10], "Мөнх тэнгэрийн ивээлээр улс гүрнийг тохинуулж байхад чи, үзэх нүд, сонсох чих болж яв”[11], "Сэнгүмийн энгэсэг хацрыг харван шархдуулж, мөнх тэнгэрт ялахын үүдийг нээв"[12], "Одоо мөнх тэнгэрийн өршөөлөөр, тэнгэр газрын ивээлээр хүч аугаа нэмэгдэж, гүр (нийт) их улсыг хамтатгаж, ганц жолоондоо оруулсан "[13], "Цэргийг чанга захирч мөнх тэнгэрт залбирч, хорь түмд иргэнийг эзлэхийг оролдогтун"[14], "Мөнх тэнгэрт ивээгдэж алтан жолоогоо бат татаж ирвэл, тэр цагт магад болтугай!"[15], "...мөнх тэнгэрт ивээгдэж, Сартуул иргэнийг эрхэндээ оруулж, одоо Бурхан чамтай учраа ололцъё гэж ирэв" [16], "Үхэвч тэр их үгийг зүгээр орхихгүй. Мөнх тэнгэр чи мэд!" [17], "...Дайсан хүний хорт үгэнд хорсож яваад мөнх тэнгэрийн хүч нэмсний ачаар дайсныг гартаа оруулж өшөөгөө авав бид..."[18] гэх зэргээр бичсэн байдаг нь Мөнх тэнгэрийн хүчийг мэдрэн хамгийн анх шүтэн биширч байсан нь гарцаагүй Чингис хаан болох ажээ.
Тэгвэл Мөнх тэнгэрийн шүтлэг нь зөвхөн Чингис хааны шүтлэг байгаад дууссан уу гэвэл тийм биш, түүний байгуулсан Их Монгол улсын нийт иргэдийн шүтлэг бишрэл болсон байв. Үүнийг батлах баримт олон буй. Жишээлбэл: Их Монгол улс нь төрийн тамгадаа "Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол улсын далай хааны зарлиг ил болгон иргэн дор хүрвээс биширтүгэй, аюутугай"[19] хэмээн бичих болсон нь Чингис хааны шүтэж байсан Мөнх тэнгэр нь зөвхөн хувь хүний шүтээн биш, төрийн шашин болсныг ч илэрхийлнэ. Төрийн тамгаас гадна тухай үеийн гэрэгэ, зоос зэрэг үнэт зүйлс, төрийн бодлого, үзэл санааг илэрхийлсэн албан бичгүүд дээр ч Мөнх тэнгэрийг төрийн төвшин, нийт улс үндэстний хэмжээнд шүтэж байсныг илэрхийлсэн буюу тэмдэглэн тооцсон байдаг. Мөнх хаан Францын хааны элч болох Гильом де Рубрукт: "Бидний Монголчууд цорын ганц нэгэн бурхан (Мөнх тэнгэр) -ыг шүтдэг (Believe that there is only one God). Тэрээр төрж үхэхийн заяаг захирдаг болохоор бид түүнд шударга байдаг” [20], [21] хэмээн хэлж байсан нь Их Монгол улсын үед Мөнх тэнгэрийг зөвхөн хаад ноёд биш, "Бидний Монголчууд” буюу нийт Монголчуудын шүтээн болж байсныг Мөнх хаан батлан хэлсэн явдал юм. Энд гарч буй "цорын ганц нэгэн бурхан” гэдэг нь Мөнх тэнгэрийг заажээ.
Овгийн шүтлэгээс нийт улс үндэстний шашин болж хөгжсөн шашны сэтгэлгээний түүх зөвхөн Еврей Монгол хоёр үндэстэнд тохиолдож байгаагүй. Овог аймгаас улс үндэстэн болж хөгжсөн бараг бүх үндэстэн энэ замыг туулжээ. Үүнд хамгийн анхны зохиомол шашин (байгалийн шашин гэдэг ойлголтын эсрэг утгаар хэрэглэжээ) хэмээх Зороастризмоор жишээлж болно. Заратустра(МЭӨ 628 – 551, МЭӨXIII гэсэн хэллэг ч буй) нь тухайн үеийн олон бурхад, шүтлэг бишрэлийн субъектээс Ахура Мазда(Ahura Mazda, Athura Mazda, Athuramazda, Aramazd, Ohrmazd, Ahuramazda, Hourmazd, Hormazd, Hurmuz, and Azzandara. Хурмаст гэсэн үгийн гарал үүсэлтэй холбож үзэх явдал ч буй) - г эрхэмлэн шүтэхийг онцолсон байдаг. Зороастризм нь Жүд, Христос зэрэг шашинд ихээхэн нөлөөлсөн. Буддын шашин ч Зороастризмоос зарим зүйлийг шингээж авсан гэж ярьдаг. Буддын шашныг ч гэсэн эртний Энэтхэгийн Сакяа улсын Судходана хааны хүү Сиддхартха Гаутама /563- 483/ зохиож түүнээс хойш 300 орчим жил болоод Ашока/273 - 232/ хааны үед сая төрийн дэмжлэгийг олж ихээр дэлгэрч байжээ. Христосын шашныг үүсгэгч Исүс нь өөрийгөө Давид Хааны удам, Израилийн хаан хэмээн үзэж байсан. Давид бол МЭӨ 1000 онд Израилийн хаант улсыг үүсгэн байгуулан нийслэлээ анх Иерусалим хэмээн нэрлэсэн хүн. Хэрвээ Исүсийн тэмцэл ялсан бол тэрээр хаан суух байсныг үгүйсгэх аргагүй юм. МЭ313 онд сая Ромын эзэнт гүрнээс Христосын шашныг албан ёсоор хүлээн зөвшөөрчээ. Харин Исламын шашныг үндэслэгч Мухаммед /570-632/ ба Мөнх тэнгэрийн шашныг үндэслэгч Чингис хаан хоёрт ижил төсөөтэй тал буй. Энэ нь тус хоёр хүний улс төрийн тэмцэл ялсан болохоор үүсгэн байгуулсан шашин нь тухайн үеэсээ эхлэн төрийн шашны үүрэг гүйцэтгэх болжээ. Ганц харамсалтай зүйл нь Монголчууд өөрийн шашнаа хөгжүүлж уламжлах талд нь анхаарал тавиагүй, Их Монгол улс бууран доройтохын хирээр харийн шашин, соёлд дагаж оржээ.
ХОЁР. УЛС ТӨРИЙН УДИРДАГЧ НАР ШИНЭ ШАШИН ҮҮСЭЖ БУЙ БОЛОХОД ГОЛ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙСАН НЬ
Энэ тухай исламын шашныг үүсгэж Арабын
хойгийг нэгтгэсэн Мухаммед /570-632/ -ын түүх сайхан жишээ болно. Тэрээр
овгийн ахлагчийн хүү байсан ч эцэг эх нь эрт нас баржээ. Багаас төрөл
садангаа дагаж худалдаа наймаа хийж явсан тул нийгмийн байдлыг
гадарладаг нэгэн байв. Мухаммед нь Аллахын зааврыг хүлээсэн хэмээн 40
наснаас шашнаа дэлгэрүүлж эхэлсэн. Тухайн үед Араб нь тогтсон шашин
шүтлэггүй, хот улсын зохион байгуулалттай, гар үйлдвэр, худалдаа нийлээд
хөгжсөн, баян бүрдээ дагаж тариалан эрхэлдэг, нүүдлийн мал ахуй
голлосон орон байжээ. Мухаммедын өсөж төрсөн өлгий Мэкка хотын язгууртан
нар түүний шашныг хүлээж авах дургүй, хавчин гадуурхаж, хорлон алахаар
завдаж байв. Тийнхүү тэрээр Мединад/тухайн үед Yathrib гэдэг байсныг
Медина гэж өөрчилсөн, утга нь зөнчийн хот/ дүрвэн очиж тэндэх иргэдийн
дэмжлэгийг олж 622 онд Исламын нэгдсэн зохион байгуулалт болох Уммах
/umma islamiya/ -ыг байгуулжээ. Түүний дараа Мэкка хотыг эзлэн улмаар
нутаг дэвсгэрээ өргөтгөн Арабын хойгийн нэгдсэн улсыг байгуулсан нь
Арабын халифат улс(Caliphate 630 буюу 632-1258) -ын үндэс суурь
болсон[22] юм.
13-р зуунд Мөнх тэнгэрийг шүтэгч Монголчууд сэргэн мандаж 1258 онд Арабын халифат улсыг мөхөөсөн. Гэвч нэгдсэн соёл уламжлал, шашин шүтлэг бүхий Исламын ертөнц өнөөдөр хүртэл оршсоор байна. Одоогийн Йорданы Хашемын Хаант Улсын хаан[23] бол Мухаммедын удам юм. Өнөөдөр дэлхийн дээр 15 дүнчүүр хүн Исламын шашныг шүтдэг гэсэн тоо баримт буй. Эндээс дүгнэж үзвэл:
Тийнхүү зөнч мэргэн Мухаммед ба тэнгэрлэг хөвгүүн Чингис хаан хоёрыг харцуулвал:
1.Бүгд тархай бутархай овог аймгаа нэгтгэж нэгдсэн төр улсыг байгуулсан. Түүний үндсэн дээр өнөөгийн Исламын ертөнц ба төв Азийн Монголчууд оршин тогтнож иржээ.
2.Хоёулаа овог аймгийн анхлагч, нөлөө бүхий хүн байснаа нийт улс үндэстний удирдагч болсон. Мухаммедыг амьд сэрүүн байхад нь зөнч, урьдчилан мэдэгч хэмээн шүтэн дагаж байсан("Коран судар” [24]) бол Чингис хааныг тэнгэрт хальсных нь дараа тахин шүтэх("Алтан бичиг”[25]) болжээ.
3.Улс үндэстнээ нэгтгэхэд бүгд шашныг ашиглажээ. Ялгаа нь Мухаммед шашнаар эхэлж зэвсгээр дуусгасан бол Чингис хаан зэвсгээр эхэлж шашнаар төгсгөжээ.
4.Энэ хоёр удирдагч оргүй газар овоо босгож цоо шинэ шашин зохиогоогүй, Исламын шашин нь Жүд ба Христосын шашны үндсэн дээр буй болсон Абархамын шашны төрөл байсан бол Чингис хааны Мөнх тэнгэр нь Шумер, Хүннүгээс уламжлалтай Тэнгэр шүтлэгт тулгуурлажээ.
5.1258 онд Арабын халифат улсыг Монголчууд мөхөөсөн явдал бол 620 гаруй жил үргэлжилсэн Исламын шашинтай халифат улс үеэ өнгөрөөж, Мөнх тэнгэрийн шашинтай Монголчуудын сэргэн мандаж түүнийг орлох түүхэн үзэгдлийн бэлэг тэмдэг байсан юм. Монголчууд Багдадыг эзлээд(Siege of Baghdad 1258) 9 түм, зарим сурвалжид бүр 80 түмэн хүнийг алсан гэж бичсэн [26] байдаг. Энэ нь бахархаад байх зүйл биш ч гэсэн Мөнх тэнгэрийн хүчээр шинэ мандсан улс үндэстний эрч хүчийг илэрхийлсэн явдал билээ.
6.Монголчууд нэгэн цагт шинэ шашин, шинэ үзэл суртлаар зэвсэглэж Христос, Ислам, Бумба, Бурхны ертөнцийг өөрийн ноёрхолдоо оруулж байсан боловч түүнээ хөгжүүлж батжуулж чадаагүй байсны улмаас болж тун удалгүй эзэлсэн нутгаа алдах, хайлж уусах замаар орсон. Харин Монголчуудад түр эзлэгдэж байсан ч өөрийн соёл, шашин шүтлэгээ хадгалж байсан үндэстэн дахин сэргэсэн юм.
7.Мухаммедаас хойш олон хүмүүс Исламын шашныг хөгжүүлэх, улам боловсронгуй болгоход анхаарч ирсэн бол Чингис хаанаас хойш Мөнх, Гүюг зэрэг цөөн хэдэн хаадыг эс тооцвол Мөнх тэнгэрийн шашнаа өөд нь татсан хүн байхгүй, гэдрэгээ тухайн газар орны хэл соёл, цус, шашин шүтлэгт уусах, нутагтаа байгаа нь буддизмд орох байдлаар мөхөн доройтжээ.
8.Чингис хаан өөрийгөө Мухаммед шиг зөнч, урьдчилан мэдэгч гэж зарлаагүй ч түүнийг тэнгэрт хальсны дараа бурханчилан шүтэх болжээ. Мусульман хүн "Аллахаас өөр бурхан үгүй, Мухаммед бол түүний элч мөн гэдгийг гэрчилж байна"[27] гэж мөргөдөг бол Монголчууд "Мөнх тэнгэрийн хүчин дор, (Чингис хааны) Их суу залийн ивээл дор” хэмээн хэлж ирсэн байх ба Батмөнх даян хаан Мөнх тэнгэрт зарга заахдаа:
"Дээр тэнгэр эзэн (Мөнх тэнгэр) чи мэд.
Дэд болсон эзэн богд минь (Чингис хаан) чи мэд” /Лувсанданзангийн "Алтан товч”/ хэмээн[28] өгүүлж байснаас үзвэл Чингис хаан нь Мөнх тэнгэрийн дараа орох элч төлөөлөгч болох ажээ.
ГУРАВ. НИЙГМИЙН ЗҮТГЭЛТЭН НАР ШАШНЫ ӨӨРЧЛӨЛТ ШИНЭЧЛЭЛТ ХИЙЖ БАЙСАН НЬ
Түүхийг судалж үзвэл улс төрийн том зүтгэлтэн нар шашинд өөрчлөлт шинэчлэлт хийсэн явдал олон байдаг. Христосын шашин ч, Исламын шашин ч Жүд шашны дотор үүсэхдээ шинэ шашин зохиож байна гэж үзэж байгаагүй. Гэтэл эдгээр хүмүүсийн хийсэн өөрчлөлт шинэчлэлт нь эцэстээ бие даасан шинэ шашныг буй болгосон байдаг. Түүхэнд хамгийн алдартай шашны шинэчлэл бол Мартин Лютер (1483- 1546) -ын Христосын шашинд хийсэн шинэчлэл[30] юм. Түүний шинэчлэлийн гол агуулга бол Христосын шашинтан зөвхөн Католик сүм хийд, тэргүүн хамба, Пап нарт захирагдаж, өргөл барьц төлөх албагүй, Библийг хүн болгон уншиж шууд тэнгэр бурхандаа даатган аврагдаж болно гэж үзсэнд оршино. Түүний энэ санаа 1517 онд нийтэлсэн 95 сэдэв бүхий тунхаг бичиг [31]-т нь тусгалаа олсон. Мартин Лютерын шашны шинэчлэлийн үр дүнд Христосын шашны хамгийн том салбар болох Протестант шашин үүсэж европчуудын оюун санааны хөгжилд чухал үүрэг гүйцэтгэжээ.
Тэгвэл Чингис хаан нь Шумер, Хүннүгээс уламжлалтай тэнгэр шүтлэгт дараах уламжлал шинэчлэлийг хийжээ:
1.Хүннүгийн үед тэнгэр шүтлэгтэй байсан
боловч өдөр наранд, шөнө саранд мөргөж байсан[32]-ыг үзвэл
Политеизм(polytheism) -ын шинжтэй байжээ. Чингис хааныг хаан суух болтол
Хамаг Монгол улс нь эцэг тэнгэр, эх газарт мөргөж байсан[33] нь
Политеизмоос Дуалист сэтгэлгээн(Dualism)-д шилжсэнийг харуулна. Тэгвэл
Чингис хаан нь Монотеизм(Monotheism) буюу цорын ганц Мөнх тэнгэрийн
тухай ухагдахууныг буй болгосон нь Монголчуудын шашны сэтгэлгээнд хийсэн
том өөрчлөлт шинэчлэлт болжээ. Монголчуудын шашны сэтгэлгээний энэхүү
үзэгдэл нь орчин үеийн нийгэм-антропологи судлалын үндсийг тавигчийн нэг
Эдуард Бернетт Тайлор (1832-1917) -ын хувьслын онолтой тохирдог.
2.Монголчууд эртнээс тэнгэрийг шүтэж байсан боловч бөө мөргөлийн нөлөө маш хүчтэй байжээ. Бөө мөргөл нь хэдийгээр үндэстний шүтлэг бишрэл боловч зарим сөрөг үр дагавартай байв. Тухайлбал:
1). зөвхөн бөө удган нар л сүнс онгод, тэнгэр газартай харилцаж чадна гэж үзэж байсан, гэтэл ард иргэд ба хаад ноёд бөө удган хэмээх дундын зуучлагчгүй өөрөө шууд дээд тэнгэртэйгээ харилцахыг хүсэж байжээ. Жишээ нь: "Алтан товч”-д "Тэр цагт Чингис хаан, тэнгэр эцэгтээ мөргөе гэж довцог өндөр дээр гарч,тохмоо дэлгэж тавиад бүсээ хүзүүндээ өлгөж залбиран өчив:
'Эрэмгий сайнаар
Эзэн эс боллоо, би.
Эрхт тэнгэр
Эцгийн хайраар
Эзэн боллоо, би.
Эцэг тэнгэрийн ачаар
Эсрэг дайснаа дарлаа, би.
Хамрагч сайнаар
Хаан эс боллоо, би.
Хан тэнгэр эцгийн
Хайраар эзэн боллоо, би.
Хан тэнгэр эцгийн өршөөлөөр
Харь дайсныг дарлаа, би' гэж мөргөв”[34] гэжээ. Эндээс үзвэл Чингис хаан нь дайснаа дарж төр улсаа байгуулаад бөө удганд биш, тэнгэрт мөргөжээ. Түүний дайснаа дарж, эзэн хаан болсон нь бөө удганы хүч биш, харин тэнгэрийн хүч гэдгийг Чингис хаан тодорхой хэлсэн байна.
2). Бөө удган нар төрийн хэрэгт оролцон хутган үймүүлэх явдал үе үе гарч байсан. Тийм болохоор эрүүл ухаантай төрийн зүтгэлтэн нар бөө удган нарыг төрөөс холдуулахыг хүсэж байсныг үгүйсгэх аргагүй. Энэ тухай МНТ-д "Тэр цагт Дэв тэнгэр, Чингис хаанд өгүүлрүүн: 'Мөнх тэнгэрийн сахиус, нэгэн удаа Тэмүжин, улсын эрхийг барина. Нэгэн удаа Хасар, улсын эрхийг барина гэж зөн мэдэгдэв. Хасараас эс болгоомжилбол юу болохыг мэдэхгүй' гэсэнд, Чингис хаан мөн шөнө морилж, Хасарыг барихаар одвол”[35] хэмээн тэмдэглэснээс илт харагдана. Чингис хаанаас өмнө, бас түүнээс хойш ч энэ мэтийн үйл явдал олон тохиолдож байсан юм.
3). Зарим бөө удган нарын нэр хүнд өсөж, тойрон хүрээлэгчтэй болж байсан нь эзэн хааны нэр хүнд, эрх мэдлийг сулруулж байжээ. МНТ-д "Түүний хойно есөн хэлтэн (хамаг) улс, Дэв тэнгэрт хуралдан очсон ба Чингис хааны агтны хорооноос ч олон хүн Дэв тэнгэрт очиж захирагдав. Бас Отчигин ноён Тэмүгэ-гийн харьяат иргэн, Дэв тэнгэрт очжээ” [36] хэмээн тэмдэглэгдсэн байдаг нь үүний тод жишээ юм.
Чингис хаан нь эдгээр байдалд чиглүүлэн бөөг дарж, тэнгэртэйг шүтэх ёсыг Мөнхтэнгэризм болгон хөгжүүлж төрийн шашин болгожээ. Энэ нь Мартин Лютерийн шашны шинэчлэлээс 300 жилийн өмнө байсан юм. Нөгөө талаас Чингис хаан нь улс төрийн өрсөлдөгч нараа дарж дуусаад төрийн хувьд нэгдэлтэй болгосон бол дараагийн ээлжит алхамдаа шашны өрсөлдөгчөө дарж шүтлэг бишрэл, үзэл санааны хувьд нэгдэлтэй болгосон явдал байв. Энэ нь Монголын нэгдэл ба цаашдын дэлхийг байлдан дагууллын үндэс суурь болж байсан нь эргэлзээгүй.
Чингис хаан Тэв Тэнгэр хэмээх бөөг дарахаас өмнө 1206 онд нэгэнт Үсүн өвгөнийг шашны тэргүүн Бэх цолд өргөмжлөөд байсан юм. МНТ-д : "Бас Чингис хаан, Үсүн өвгөнд өгүүлрүүн: 'Үсүн, Хунан, Хөхөчос, Дэгэй энэ дөрвүүлээ, үзсэн сонссоноо үлдээж нуулгүй, үргэлж хэлдэг билээ. Монголын төр ёсонд бэхи ноёдыг өргөмжлөх заншил бий. Ахмад үеийн хүнээ бэхи болгодог заншилтай тул баарин ахын ураг, Үсүн өвгөнийг бэхи болгоё. Бэхи өргөмжлөгдөөд цагаан дээл өмсөж, цагаан морь унаж, дээд сууринд сууж, он сарыг олж сонгож байтугай' гэж зарлиг болов”[37] гэжээ. Энэ нь шашны зохион байгуулалтын хувьд ч бөө удганаас харьяат бус болсныг харуулж байгаа юм.
©Зохиогч: Гүн ухааны Доктор Г.Гэрэлбаатар
Undesten.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих