ЗХУ задран унасны дараа буюу хүчний хоёр дахь төв үгүй болсны дараа НАТО-гийн тэргүүлэх гишүүн орнуудад дэлхийн алдар хүнд, эрх мэдэл, баялгийн оройд ганцаар сууж, бүрэн таашаал авах гэсэн хүсэл төрсөн гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Германы "Bild” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгджээ. Түүний ярилцлагыг Кремлийн цахим хуудсанд нийтэлсэн байна.
"Тэд хаанчлахыг хүссэн. Хаан ширээнд заларсан. Тэгээд дараа нь яах вэ? Одоо бид хямралын байдлыг хэлэлцэж байна” гэж Путин тэмдэглэжээ.
Түүний үзэж буйгаар, Умард Атлантын эвслийн тэргүүлэх гишүүн орнуудын хувьд олон улсын хууль журамд болон НҮБ-ын Дүрэмд хандах хүсэл нь байхгүй болсон. "Хууль дүрэм тэдэнд саад болсон үед НҮБ хоцрогдсон гэж тэд шууд мэдэгддэг” гэж Оросын Ерөнхийлөгч цохон тэмдэглэсэн байна.
НАТО өрнөд рүү тэлж байгааг Путин дэлхийн бодлогод "хүйтэн дайны” үеийн шинжтэй харилцаа одоог хүртэл хадгалагдаж байгаагийн гол шалтгаан гэжээ.
"Бид анхнаасаа бүгдийг зөв хийгээгүй, бид Европын хуваагдмал байдлыг даван туулаагүй байна. 25 жилийн өмнө Берлиний ханыг нураасан боловч Европт хуваагдмал байдлыг даван туулаагүй байна, үл үзэгдэх хана ердөө л өрнөд рүү нүүж байна” гэж Оросын Ерөнхийлөгч онцлон хэлжээ.
1991 онд ЗХУ оршин тогтнохоо больсон билээ. Тухайн үед Орос, НАТО-гийн хооронд харилцаа тогтоожээ. Гурван жилийн дараагаас ОХУ Умард Атлантын эвслийн "Энхийн төлөөх түншлэл” хөтөлбөрт оролцож эхэлсэн байна. 2014 оны гуравдугаар сард Крымыг ОХУ-д эргэн нэгтгэсний дараа Орос, НАТО-гийн харилцаа хурцадсан билээ. 2014 оны дөрөвдүгээр сарын 1-нд НАТО ОХУ-тай хийж хамтын ажиллагаагаа зогсоож буйгаа мэдэгдсэн байна.
2004 онд НАТО-гийн эгнээнд нэгэн зэрэг долоон улс нэгдсэн нь Латви, Литва, Румын, Словак, Словени болон Эстони улс юм. Румыны Бухарест хотод 2008 оны дөрөвдүгээр сард болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр Хорват болон Албани улсыг тус эвсэлд гишүүнээр элсүүлэх шийдвэрийг гаргажээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ” агентлаг
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих