"Хүйтэн дайн” шувтраад 20 гаруй жил өнгөрчээ. Энэ хооронд дэлхий дахин элдэв юм үзсэн. Гэхдээ одоогийнх шиг тэсрэх аюулын өмнө тулгарч байсангүй. Тав, магадгүй гурван жилийн өмнөхтэй харьцуулахад 2016 он дэлхийд шинэ III дайн авчрах уу, эсвэл бүх нийтийн тоталь мөргөлдөөнд хүргэх үү, бүү мэд гэх аясаар олон улсын хямрал судалдаг барууны эрдэмтэд бичсэн байх юм. 2015 он ихээхэн эрсдэл дагуулсан тул түүний логик үргэлжлэл нь глобал тоталь мөргөлдөөн байх болно гэцгээжээ.
Гэхдээ хамгийн их цус урсгах, хамгийн их анхаарал татах, хамгийн их гал, сум, тэсрэх бөмбөг төвлөрөх 10 мөргөлдөөн бол нэгдүгээрт, Сири ба Ирак. Хоёрдугаарт, Өмнөд Судан, гуравдугаарт, Афганистан, дөрөвдүгээрт, Йемен, тавдугаарт, Африкийн Чад нуурын сав газар, зургадугаарт, Турк. Долдугаарт, Ливи, наймдугаарт, Бурунди, есдүгээрт, Өмнөд Хятадын тэнгис, аравдугаарт, Колумб улс байх болно хэмээн Брюссель дэх "International Crisis Group” гэх олон улсын судалгааны төвийн захирал "10 Conflicts to Watch in 2016” хэмээх гарчигтай нийтлэлдээ бичжээ.
Дээрх олон мөргөлдөөний талаас илүү нь экстремист бүлгүүдийн үйлдлээс үүдэлтэй. Тэдэнтэй яриа хэлэлцээ хийх, энх тайванд хүрэхэд тун амаргүй. 2016 оны туршид экстремизмийн давалгаа тасрахгүй, дэлхийн энд тэндгүй элдэв халдлага үйлдэгдэх гэнэ. "Лалын улс” болон лалын бусад жихадист дайчдыг номхруулж хүчрэхгүй. Тэдний эсрэг байлдана, ялж болно, тэгэх явцдаа дарангуйлагч төр, засгаа дахин сэргээн бэхжүүлнэ. Ирак, Сири, Ливид хатуу гар хүснэ. Ардчиллаар юу ч шийдэгдэхгүй.
Дэлхийд шинээр бүртгэгдсэн иргэний дайны нэг голомт нь Өмнөд Судан
Ойрхи Дорнод нь 2016 оны турш шашны дайн, төр, засгийн хямрал, улс үндэстэн сүйрэх өвчний симптомоор өвчилнө. Саудын Араб болон Ираны геополитикийн өрсөлдөөн хатуухан тоглоом болж хувирлаа. Хэрэв энэ хоёр дайтвал Персийн булан, Арабын хойг, Булангийн монархиуд хөлд нь чирэгдэнэ.
Колумбид энх тайван тогтоох хэлэлцээ, Украинд гал зогсоох Минскийн үйл явц, Мьянмарын ардчилсан шилжилт, Сирийн асуудлаарх НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоол 2016 онд анхаарлын төвд байх нь мэдээж боловч 2015 оны дэлхийн хамтын нийгэмлэгийн хоёр чармайлт -Ираны цөмийн асуудлаарх тохиролцоо, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх тохиролцоо 2016 онд хэрэгжих магадлал байхгүй.
1. СИРИ БА ИРАК
Сири дэх дайн дэлхий нийтийг
түгшээсээр харин ч бүр шатлан өргөжих магадлалтай. 250 мянган хүний
аминд хүрч, хүн амынх нь тал нь буюу 11 сая хүн ардыг дүрвүүлж
дайжуулаад буй энэ улсад "Лалын улс”-ыг мөддөө ялж чадахгүй. Иракаас
яаж ийгээд хөөгөөд гаргаж болно. Гэхдээ бүрмөсөн ялна гэж байхгүй. 2016
онд АНУ, Франц, Британи, Орос нь лалынхантай хийж буй мөргөлдөөнд улам
бүр татагдаж орно.
Харин энэ мөргөлдөөний явцад Иракийн курдууд салан тусгаарлах тэмцэлдээ улам амжилт олно. Багдадаас улам хүнийсэн хөндийрнө. Иракт лалын алан хядагчидтай тэмцэх гол хүч нь курдын отрядууд, шиит шашинтнаас бүрдэх Иракийн арми, Иранаас очсон шиитийн зэвсэгт отрядууд байх ба суннит арабууд нь "Лалын улс”-д итгэл сэтгэлээ өгсөн хэвээр, нүглийг нь уучилсаар байх болов уу.
2. ТУРК
2016 он Турк ба эрх баригч лалын намд нь
тун халгаатай тусч мэдэх юм. 1984 оноос Курдистаны Ажилчны нам
гэгчтэйгээ иргэний дайн явуулаад 30 мянган хүний аминд хүрчихсэн байгаа
бол 2016 он гараад энэ намын улстөрчдийг хавтгайд нь баривчлаад,
цаадуул нь аллага үйлдээд, дээр нь Сирид Оростой мөргөлдчихсөн, "Лалын
улс”-ын эсрэг Туркийн эрх баригч лалын нам нь тэмцэл өрнүүлж чадахгүй
байгаа зэргээс үүдэн Туркийн нийгэм 2016 оны турш доргино. Эсвэл эрх
баригчдынхаа эсрэг дотоодын томоохон тэмцэлд түрэгүүд босно.
Уг нь Турк бол Парламент-Ерөнхийлөгчийн засаглал бүхий БНУ. Гэтэл Р.Т.Эрдоан, А.Давутоглу нарын толгойлсон лалын аядуу-консерватив Шударга ёс, хөгжлийн нам засгийн эрх барьж, шашинжаагүй улсыг шашинжуулж, шашны итгэл үнэмшлээрээ "Лалын улс”-д хандсан, дээр нь курдуудыг нухчин дарснаараа өөртөө гал дуудлаа.
3. ЙЕМЕН
2015 онд энэ улс бүрэн дампуурал руугаа
орсон. Лалын шиит шашинтнууд нь эрх баригчдаа хөөж гаргасан, нийслэл
ба бусад хотыг эзэлсэн. 2015 онд 6000 хүнээ алсан ба мөн хоёр саяыг
зугтаалгасан. 120 мянган хүн ард нь гадаадад дүрвэсэн. Дайн тус улсын
эдийн засаг, дэд бүтцийг сүйрүүлсэн ба шашны бүлэг хооронд том ангал
гарч, "Аль Каида” улс төрд нь ороод ирсэн.
Улмаар энэ хямрал Арабын хойг руу халдварлаж, хөрш Саудын Арабт сөргөөр нөлөөлж байна. Йеменийн шиит шашинт хусистуудын ард Ираныг байна гэж хардсан Саудынхан Ираны эсрэг Йеменд дайтаад эхэлсэн. 2016 онд энэ тэмцэл шатлан өргөжиж, Саудын нутагт халдварлаж болзошгүй.
4. ЛИВИ
Оросын агаарын цохилт Сирид үргэлжилж,
Ирак-Сириэс "Лалын улс” шахагдаж эхэлсэн тул 2016 онд Ливи рүү шилжиж
байрлах магадлалтай. Газар дундын тэнгисийн эрэгт Ливийн Сирт хот нь
Европын яг хэвлий дор "Лалын улс”-ын шинэ нийслэл болж хувирлаа.
2016 оны туршид экстремизмийн давалгаа тасрахгүй, элдэв халдлага үйлдэгдэнэ
НАТО-гийнхан Каддафийн дэглэмийг сүйрүүлэхээр довтолгооныг хэтэртэл хийчихсэнээс тус улсын аюулгүй байдлын бүтэц, үндэсний ба засаглалын бүтэц бүрэн алдагдаж, онгорхой орон зайг зөвхөн исламистууд бөглөх болов. Тэр нь явсаар "Лалын улс”-ын гарын тоглоом болж хувирчээ. Энэ улсын эдийн засаг дампуурч, улс нь хоёр хуваагдан нэг нь лалынхны үүрлэх газар болж хувирлаа.
5. ЧАД НУУРЫН САВ ГАЗАР
Африк тивийн хамгийн
тогтворгүй бүс нутгаар нэрлэгдэж буй энэ хэсэгт Нигери, Нигер, Чад,
Камерун гэсэн дөрвөн улс хамрагдах ба "Боко Харам” гэх лалын жихадист
бүлэг тэнд нь чөлөөтэй ажиллаж ирсэн. Улмаар Ливиэс хэрэв "Лалын улс”
хөөгдвөл урагшаа нүүдэллээд оччих бүрэн боломжтой.
Сүүлийн зургаан жилийн турш явагдсан зэвсэгт мөргөлдөөн, террорист халдлагууд "Боко Харам”-ын хэн болохыг харуулсан төдийгүй ялагдашгүй гэдгийг нь ч нотоллоо. Нигерид сонгуулийн дүнг эсэргүүцсэн жижиг хөдөлгөөн ийм лут улс дамжсан зэвсэгт отряд болчихно чинээ тухайн үед хэн ч төсөөлөөгүй. Өнгөрсөн гуравдугаар сараас "Лалын улс”, "Боко Харам” нэг фронт болон тэмцэл өрнүүллээ. 2016 онд тэмцэл нь үргэлжилнэ. Олон улсын ямар нэг эвсэл байгуулаад, Африкийн Холбоо нэгдсэн арми оруулж байлдуулаад ч тэднийг ялахгүй.
6. ӨМНӨД СУДАН
Энэ бол дэлхийд шинээр
бүртгэгдсэн иргэний дайны нэг голомт. Хоёр жил хямарч байгаа, 2.4 сая
хүн дүрвэж, мөн алагдсан хүний тоо хэдэн арван мянгад хүрээд байна.
Африкийн холбоо Хятад, Норвеги, АНУ, Британийн оролцоотой хэлэлцээ
явуулаад ч нэмэргүй. 2016 онд хямрал үргэлжилнэ.
7. БУРУНДИ
Энэ улс 2005 оноос хойш 12 жил
иргэний дайнд нэрвэгдлээ. Энэ хоорондоо 300 мянган хүнээ дайны хөлд
алджээ. Өнгөрсөн хавраас хойш 300 иргэний амийг егүүтгэсэн, 200 мянган
дүрвэгсдийг илгээсэн дотоодын мөргөлдөөн үргэлжилж байна. Ерөнхийлөгч
ба сөрөг хүчний хооронд дайн өрнөжээ.
Ерөнхийлөгч нь улиран сонгогдсоноор цэргийн эргэлт хийхийг оролдож, мөргөлдөөний явцад Африкийн холбоо хөндлөнгөөс оролцож энхийг сахиулаад нэмэргүй. Харин тэдний эсрэг бурундичууд бууны амаа эргүүлжээ. Африкийн их нууруудын сав газар, Руанда, Танзани, Ардчилсан Конго руу хямрал халдварлах нигууртай.
Хятад хиймэл арал байгуулах замаар эрх мэдлээ бэхжүүлж байгаагаас гол хэрүүл дэгдэв
8. АФГАНИСТАН
Гэгээтэй мэдээлэл улам бүр хомсдож
буй энэ улс АНУ-ын цэргийг 14 жил байрлуулаад тусыг эс олов. Талибаныг
хүчирсэнгүй. Талибан ба Аль-Каида аль аль нь нөлөөтэй байсныг 2015 оны
намраас "Лалын улс” нэмж хүндрүүллээ. Энх тайван тогтоох ямарваа
хэлэлцээнд итгэл алдарлаа. Дүрвэгсдийнхээ тоогоор Афган Сирийн дараа
толгой цохилоо. 2020 он хүртэл АНУ аюулгүй байдлыг нь даах болж байх
шиг.
Цэрэг цагдааг нь яаж ч бэхжүүлээд талибаныг яаж ч чадахгүй, хөдөөгийн муж тосгон гацаануудаа дараалан алдсан буюу хөдөөгийн оршин суугчид нь талибаны талд байсаар байна. Одоо талибаныг төв Засгийн газартаа урьж авчран хамтран аюулгүй байдлыг сахиулах зам л үлдлээ. Гэхдээ гадаадын цэргийг бүрэн гаргасны дараа шүү.
9. ӨМНӨД ХЯТАДЫН ТЭНГИС
Энэ бүс нутаг дахь их
гүрнүүдийн өрсөлдөөн, АНУ, Хятадын зөрчил гол эрсдэлийг нөхцөлдүүлнэ.
Хятад нь хиймэл арал байгуулах замаар эрх мэдлээ бэхжүүлж байгаагаас
гол хэрүүл дэгдэв. Дэлхий дахины ач холбогдол бүхий усан замын
стратегийн сүлжээ байдаг газарт Хятадыг ингэлээ хэмээн АСЕАН-ы орнууд
үзэж АНУ-д хандахаар болжээ.
Маргаанд Вьетнам, Индонез, Филиппин, Малайз нэг талд, нөгөө талд Хятад ганцаараа сөрөн зогсов. АНУ-д хандсан эдгээр дөрвөн улсын тэнгисийн аюулгүй байдалд Обама 259 сая ам.доллар гаргах болсноо зарлалаа. Хятадыг Хаагийн олон улсын шүүхэд өгч байна. Олон улсын эрхийг зөрчсөн хэмээн гомдолложээ. 2016 онд энэ сэдвээр маргаан тасрахгүй.
10. КОЛУМБ
Гавана хотноо Колумбийн Засгийн газар
ба Колумбийн хувьсгалт зэвсэгт хүчний хооронд хэлэлцээ явагдаж, 51 жил
үргэлжилсэн дотоодын зэвсэгт мөргөлдөөнийг зохицуулахаар болж байх
шиг. Энэ 51 жилд 220 мянган хүнээ алдаж, 50 мянган хүнээ дүрвүүлж,
ихээхэн хохирол амсчээ. Харин ирэх гуравдугаар сар гэхэд хэлэлцээг
дуусгаж энх тайвны хэлэлцээр байгуулахгүй бол мөргөлдөөн цаашаа өрнөнө
хэмээн Брюссельд төвтэй "Олон улсын хямралын бүлэг” үзсэн байх ажгуу.
Г.Гомбо Проф. (PhD)
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих