Сонгууль болоход зургаахан сар үлдэж, улстөрчид сонгуулийн оноо авах үзүүлбэрээ дэлгэх, мандатаа хуваарилах ажилд ханцуй шамлан орсон тул улсын төсөв, санхүү, өр төлбөрийн асуудал гурав, дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж үлдээд байна. УИХ-ын гишүүн Г.Уянга тэргүүтэй 20 гишүүн ес хоногийн өмнө буюу нэгдүгээр сарын 19-нд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг "Энэ хүнээр үлдсэн зургаан сар байтугай, нэг өдөр, нэг минут төрийн эрх бариулж тэвчихгүй нь” хэмээн мэдэгдээд огцруулах бичиг өргөн барьсан. Яг тухайн мөчийг хүртэл албаныхан төсвийнхөө "цоорхой”-г нөхөх "Мазаалай” хэмээн нэрийдээд байгаа 500 саяас нэг тэрбум хүртэлх ам.долларын 8-10 хувийн хүүтэй бондыг босгохоор олон улсын хөрөнгө оруулагчидтай Нью Йорк, Лондон, Сингапурт хэлэлцээ хийж байна гэх мэдээлэл яригдаж байсан. Ч.Сайханбилэгийг огцруулах саналыг өргөн барьснаар энэхүү хэлэлцээр гацаж, хүлээлтийн байдал үүсгээд байгаа билээ.
Сангийн яамны холбогдох өндөр албан тушаалтантай холбогдож, шинээр авах бондын асуудлыг тодруулахад "Засгийн газар олон улсын зах зээлээс бонд босгохоор ажиллаж байгаа нь үнэн. Хэвлэлийнхний бичээд байгаа ерөнхийдөө дүйж очиж байна лээ. Бүх бичиг баримт мэдээлэл нууцын зэрэглэлтэй байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Одоо төр засаг бужигнаантай байгаа болохоор юун бонд манатай болчихоод байна” хэмээн аргаа барсан янзтай хариулсан юм. Олон улсын зах зээлээс бонд босгоно хэмээн төр зүтгэж байгаа ч Монгол Улсад ийм чадамж байна уу гэдэг өөр асуудал. "Прайм Инфо” компанийн гүйцэтгэх захирал, эдийн засагч А.Билгүүн "Манайд олон улсын зах зээлээс хөрөнгө босгох боломж бараг байхгүй. Эдийн засаг, төсөв, санхүү, өр, зээлжих зэрэглэлээ харахад бидэнд итгэж зээл өгөх хөрөнгө оруулагч гарч ирнэ гэхэд итгэхэд бэрх болчихоод байна” хэмээсэн. Тэгвэл "Мазаалай” хэмээн нэрийдээд буй шинэ бондын хувь заяа өнөөдөр Ч.Сайханбилэгийн хувь заяатай цуг шийдэгдэх нь. Засгийн газрыг огцруулах, эсэх болон мандатын хуваарилалтын асуудлаа шийдсэний дараагаар шинэ бондын асуудал орж ирэх байх. Улс төрийн энэ үйл явц өрнөж байхад хооронд улсын төсөв, санхүү, эдийн засгийн байдал улам л хүндрэх шатандаа орж байгааг шинжээчид сануулж байна.
БОДИТ ҮНЭН БУЮУ МӨНГӨГҮЙН ЗОВЛОН
Хэрэв өрх айлаар Монгол Улсыг төсөөлж бодвол хэдхэн жилийн өмнө их мөнгөтэй болж баяжсан түүнийгээ мөртлөө ойр зуурын зүйлд зарцуулчихаад одоо оюутан хүүхдүүдийнхээ сургалтын төлбөр, байр, унаагаа бүгдийг нь зээлээр авч, банкны өрөнд орчихсон тун бодлогогүй гэрийн эзэнтэй ядруухан айл болчихоод байна. Саяхан Швейцарийн Давос хотноо болсон "Дэлхийн эдийн засгийн чуулган”-ы үеэр нэгэн гаднын хөрөнгө оруулагч Монгол "гуйлга” гуйж явааг твиттер хуудастаа шоглон бичсэн байсан. Энэ айл ирэх зун их том нижгэр хурим, бас амьдралдаа томоохон өөрчлөлт хийх хэрэгтэй болчихоод байна. Энэ нь АСЕМ-ын олон улсын чуулга ба сонгууль гэсэн хоёр сорилт юм. Хоёуланд нь их хэмжээний мөнгө хэрэгтэй, дээр нь амжиргаагаа залгуулж, зээлээ төлнө, хүүхдүүддээ сургалтын төлбөрийг нь өгнө гээд асуудал мундахгүй.
Эдийн засгийн одоогийн нөхцөл байдлыг хэдхэн тоогоор л харуулж болно. Энэ жил манай эдийн засгийн өсөлт 0.8 хувьтай гарч, өсөлт ажиглагдахгүй болохыг Дэлхийн банкнаас онцолсон. Дээр нь иргэдийн худалдан авалт суларч, бизнесийн идэвх муудсан, төгрөгийн ам.доллартай харьцах ханш огцом унаж байгаа тул дотоодын компаниуд, ялангуяа барилгынхан хүнд байдалд ороод байна. Энэ нь урт хугацаандаа банкны салбартаа нөлөөлөх эрсдэл дагуулаад байгааг зарим шинжээч сануулж буй. Өнгөрсөн оны эцсийн байдпаар жилийн дотор чанаргүй зээл 31.8 хувиар, хугацаа хэтэрсэн зээл 3.2 дахин өссөн нь 2008 оны хямралын үетэй дүйж очсон. Нөгөө талаас иргэдийн зээлийн эргэн төлөлг ч муудсаар байгаа юм. Чанаргүй зээлд иргэдийн авсан зээлийн эзлэх хувь дунджаар 2013 онд 13.8,2014 овд 10, өнгөрсөн онд 13.9 хувь болж өсчээ. Хэдийгээр инфляц 1.9 хувь болж буураад байгаа ч эдийн засгийн идэвхжил суларч, иргэдийн худалдан авах чадвар муудаж байгаа нь үүнээс цааш газар байгаа эсэхэд эргэлзэхэд хүргэж байна. Дээр нь улсын төсөв ихээхэн ачаалалтай болж, улайсахдаа тулаад байгаа. Гадаадаас авсан зээлийн төлбөрийн төлөх хугацаа тулснаас гадна их хэмжээний өндөр хүүтэй дотоодын бовдоор төсвөө санхүүжүүлж өр тавьсаар эго тоо одоо хэдийнэ гурван их наяд төгрөгийг даваад байгаа. Төр гадаад зах зээлд ч, дотоодын банкуудад ч өртэй болсон гэсэн үг. Өнгөрсөн овд төсвийн алдагдал 1.1 наяд төгрөг байсан бол, энэ жил 940 тэрбум төгрөгөөр баталсан ч хүүхдийн мөнгөний 110 тэрбум төгрөгийн асуудлыг нэмж шийдэхээр тохиролцоонд хүрээд буй. Тэгэхээр энэ жилийн төсвийн алдагдал 1.5 их наядад дөхөж очиж дүр зураг байна. Төрийн албан хаагчдын цалинг нэг, хоёр сараар хоцроож байгаа бол төрийн тендерээр ажил гүйцэтгэсэн компаниуд мөнгөгүй нам суусан сурагтай.
ХУВИЛБАР №1. ХҮҮГИЙН ЭРСДЭЛИЙГ ҮЛ ТООЦОН ЗҮТГЭВЭЛ
Эхлээд өмнөх "Чингис” бондынхоо туршлагыг бид харах хэрэгтэй болно. Засгийн газар 2012 онд олон улсын зах зээлд 4.125 болон 5.125 хувийн хүүтэй босгож байсан тус бондын үнэлэмж унаж, түүхэн доод тувшиндээ хүрээд байна. Өөрөөр хэлбэл "Чингис” бондод хөрөнгө оруулсан бүх хөрөнгө оруулагч алдагдал хүлээж байгаа юм. Өчигдрийн байдлаар олон улсын зах зээл дээр таван жилийн хугацаатай "Чингис” бонд 10.86 хувийн хүүтэй, ханш нь 88.2 ам.доллартай тэнцэж байгаа бол арван жилийн хугацаатай хоёрдогч "Чингис" бонд 10,2 хувийн хүүтэй 75,1 ам.долларын үнэлгээтэй байна. Ийнхүү бондын үнэлэмж унаж байгаа нь санхүүжилтийн зардлыг анх гаргасантай харьцуулахад доод тал нь 50 орчим сая ам. доллараар нэмэгдүүлж буйг Монголын банкны холбооны шинжээч Б.Батхишиг онцолсон. Дээр нь, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард "Standard and Poor's” агентлаг манай олон улсын зээлжих зэрэглэлийг "В+” -ээс бууруулж "B", Moody's "В2”, Fitch "В” гэж тус тус үнэлж, бизнес санхүү, эдийн засгийн байдал эмзгээс эрсдэл өндөртэйд хүрсэн хэмээн тодорхойлсон. Өчигдрийн байдлаар Худалдаа хөгжлийн банкны 580 сая ам.долларын бовд 93.8 ам.доллар, "Самурай” бондын ханш мөн огцом унаж 102.7 ам.доллар, "Дим Сам” бондынх адил уналттай буюу 87.3 ам.долларын үнэлгээтэй олон улсын зах зээлд борлуулагдаж байна.
Дэлхийн зах зээлд зэрэшэл хооронд шилжихэд хөрөнгө оруулалтын зардал 0.8 хувиар хэлбэлздэг байна. Тэгэхээр Монгол Улсын дотоод болон гадаад эдийн засгийн нөхцөл байдал Засгийн газрын шинэ бондын хүү 10 хувьтай тогтвол баярлах хэмжээнд очоод байна. Тухайн улсын эдийн засагт итгэх хөрөнгө оруулагчдын итгэл сул байх тусам хүү нь өвдөр тогтож, эрсдэлтэйд тооцогддог зах зээлийн зарчим бий. Хамгийн сүүлд өнгөрсөн оны тавдугаар сард Худалдаа хөгжлийн банк Засгийн газрын баталгаатай 500 сая ам.долларын бондоо 9.2 хувийн хүүтэй босгосон. Тэгвэл манай улсын хувьд зээлийн хүү 9.2 хувиас бага тогтох магадлал зах зээлийн зарчмаараа бол үгүй болж байна. Түүнчлэн Засгийн газрын 2013 онд гаргасан 30 тэрбум иенийн 1.52 хувийн хүүтэй "Самурай” бонд, өнгөрсөн онд гаргасан 7.5 хувийн хүүтэй нэг тэрбум юанийн "Дим Сам” бондын хүү ч уналттай байгааг дээр дурдсан.
Манай улсын бондын түүхийг дүрсэлбэл уналттай, эрсдэлтэй гэсэн үгээр тодорхойлогдохоор байгаа юм. Дээр нь, Монгол Улсын сонгуулийг олон улсын шинжээчид хөрөнгө оруулалт, бизнесийн хувьд эрсдэлтэй хэмээн үзэх болсон нь манай улстөрийн тогтворгүй байдлаас болгоомжилж буйн шинж.
ХУВИЛБАР №2. ӨРИЙН ДАРАМТ ЭСВЭЛ...
Өнгөрсөн оны төсвийн урьдчилсан гүйцэтгэлээр манай улсын өрийн хэмжээ ДНБ-ий 52 хувьтай тэнцүү гарсныг Сангийн яамнаас мэдээлсэн. Энэ оны хувьд өрийнхөө таазыг 14.8 их наяд төгрөг буюу ДНБ-ий 55 хувиас хэтрүүлэхгүй хэмээн заасан. Түүнчлэн 2016 онд 55, 2017 овд 50, 2018 овд 40 хувиас хэтрэх ёсгүй гэж Тогтвортой байдлын тухай хуульдаа тусгаж өгсөн. Харин энэ оны хувьд хэдий хэмжээний зээл гаднаас шинээр авах боломж үүсээд байгааг Сангийн яамнаас мэдээлээгүй байгаа. Засгийн газрын төлөөллүүд өнгөрсөн долоо хоногт хөрөнгө оруулагчидтай уулзаж эхэлсэн бөгөөд андеррайтер банкаар олон улсаас "Goldman Sachs”, "Deutsche Bank”, "ING”, "JP Morgan” банкуудын хамтарсан нэгдэл, дотоодоос "Голомт” банк, "Ти Ди Би Капитал” ажиллаж байгаа билээ. УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж "Засгийн газар бондын асуудлыг шийдэхээс хэдхэн цагийн өмнө Ерөнхий сайдыг огцруулах бичгийг өргөн барьчихлаа. Энэ бол санамсаргүй тохиолдол биш” гэсэн бол Зам, тээврийн сайд М.Зоригт "Энэ долоо хоногт Засгийн газрын төлөөлөл Нью-Йорк, Лондон зэрэг олон улсын санхүүгийн төвд томоохон зээлийн гэрээнд гарын үсэг зурах байсан. УИХ-ьш гишүүн Г.Уянга нарын хүчин чармайлтаар энэ асуудал хойшиллоо” хэмээн мэдэгдсэн.
Харин Г.Батхүү гишүүн "Сангийн сайд болон Монголбанкны Ерөнхийлөгч нар Сингапурт гэрээ хэлэлцээ хийж байгаа үед Ерөнхий сайдыг огцруулах тогтоол өргөн барьснаас болж хөрөнгө оруулагчид гарын үсэг зурахаа азнаж байна” хэмээн хэвлэлд ярилцлага өгсөн. Засгийн газар одоогоор авсан бондуудынхаа хүүг төлөөд явж буй. Үндсэн төлбөрийн хувьд, 2017 онд Хөгжлийн банкны 580 сая ам.доллар, 2018 овд "Чингис” бондын 500 сая, үлдсэн нэг тэрбум ам.долларыг 2023 онд төлөхөөр байгаа. Сонгуулийн дараа буюу 2017 оноос манай улс өрийн үндсэн төлбөрөө ийнхүү төлж эхлэх нь.
"Сархинаг” шиг болтлоо оочин цоочин болчихоод байгаа ядруу төсөв ирэх жилүүдэд их хэмжээний дарамтыг өөр дээрээ үүрэх нь. Дээр нь нэмж 500 саяас нэг тэрбум хүртэлх ам.долларын бонд гаргалаа гэхэд өмнөхөөсөө хоёр дахин өндөртэй өртөгтэй болох учир, төлөх төлбөр ч нэмэгдэнэ. Олон улсын хөрөнгө оруулагчид эрсдлээ тооцож, хүү, хугацааны хувьд хамгийн хатуу хувилбарыг Монгол Улсад санал болгох нь мэдээж. Ч.Сайханбилэгийг огцруулах саналыг өргөн барих үеэр Монгол Улсын сайд М.Энхсайхан нэгэн анхаарап татсан үг хэлсэн. Тэрбээр "Засгийн газар гадаад зах зээл дээр мөнгөний эрэлд мордсон гэдгээ хэлье. Хэрвээ мөнгө олж чадахгүй бол бид таг сууна. Мөнгө олох магадлал тун бага. Миний бодоход Олон улсын валютын санд хандаж тусламжийн хөтөлбөрт орох шаардлагатай байх. Асуудал хариуцсан хүмүүс нь ингэж бодохгүй байгаа тул цаг алдаж байна” хэмээсэн юм. Үнэхээр ийм байдалтай нүүр тулсан уу гэхээр Сангийн яам болоод холбогдох албан тушаалтнууд шинэ бонд гаргах үйл явц явагдаж байна хэмээн тайлбарлаж байна.
Мөнгөгүйн зовлон, улстөрийн будлиан дунд Ч.Сайханбилэгийн "Мазаалай” амилахгүй бол Монгол Улс тусламжийн хөтөлбөрт шилжиж, өөрөөр хэлбэл 2008-2009 оны хямралын түүхээ давтахад ойрхон байгаа нь ил болоод байна.
Б.УУГАНБАЯР /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=14396
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих