-Зайлшгүй нөхцөл байдлын улмаас хүүхдээ зургаан наснаас нь сургуульд элсүүлэх боломжгүй малчин эцэг, эхийн хүсэлтийг хэлэлцэж, сургуулийн захиралд санал гаргах, шийдүүлэх өөрчлөлтийг хийхээр хэлэлцэж эхэллээ. Ямар шалтгаанаар ийнхүү өөрчлөлт оруулахаар болсон бэ?
-Боловсролын талаар төрөөс баримтлах бодлогын бичиг баримтаа бид баталсан. Энэ дагуу боловсролын багц хуулинд өөрчлөлт оруулах асуудлыг өргөн бариад өчигдөр анхны хэлэлцүүлгийг хийлээ. Боловсролын хуулинд тодорхой хэдэн өөрчлөлтүүдийг оруулж байгаа. Иргэдийн сонирхож байгаа зүйлсээс хэлсэн нь дээр болов уу. Нэгдүгээрт "Малчдын хүүхэд зургаан настайгаасаа сургуульд орсноос болж залуу малчдын халаа байхгүй боллоо” гэх гомдол цөөнгүй ирж байгаа. Бид үүнийг зохицуулахын тулд малчид сургуулийн захиргаанд "Хүүхдээ зургаан настайд нь сургуульд өгмөөргүй байна” гэх хүсэлтийг гаргавал сургуулийн захиргаа хуралдаад шийдвэр гаргадаг байх зохицуулалтыг хуулинд тусгаж өгсөн. Ер нь зургаан настай хүүхдийг сургуульд оруулна гэдэг нь босго болохоос биш долоон настай, найман настай хүүхдийг сургуульд авахгүй гэсэн үг биш юм. Хуулийг тайлбарлахдаа буруу тайлбарлаж байгаа явдлууд бий.
-Малчдын хүүхдийн боловсрол хоцрогдох эрсдэл байхгүй юу?
-Зургаан настай оруулж болно шүү дээ. Эцэг эхчүүдэд сонголтыг өгч байгаа юм.
-Сумын сургуулийн норматив зардлыг аймгийн төвийн сургуулийнхаас өндөр байлгах тухай заасан байсан.
-Тийм. Сумын сургуулиудын норматив зардлыг аймгийн төвүүдийн сургуулиудаас гурав дахин өндөр байлгах санал орж ирсэн. Байнгын хороон дээр ажилласан ажлын хэсгээс итгэлцүүр гэдэг зүйлийг бий болгоё, энэхүү итгэлцүүрээр ямар ч байсан аймгийн төвийн сургуулиудаас сумын төвийнх өндөр байлгах зохицуулалтыг хийж байхаар болсон.
-Их дээд боловсролын хүрээнд ямар өөрчлөлт орох вэ?
-Их дээд боловсролын хүрээнд орж байгаа гол өөрчлөлт бол сургуулиудыг аль нь ашгийн төлөө сургууль вэ, аль нь ашгийн төлөө бус сургууль вэ гэдгийг ялгаж салгана. Үүний тулд эхлээд сургуулиудын удирдлагуудаас энэ тухай асууж дараа нь өөрчлөлт, зохицуулалтыг хийж өгөхөөр яригдаж байна.
Д.ЖАРГАЛ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих