Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож үг хэллээ.
Тэрбээр "Албан тушаалтнуудаас хариуцлага асуух ёстой. Засаг, Ерөнхий сайдаас хариуцлага асуух нь зөв. Гэхдээ энэ асуудал иж бүрэн байх ёстой. Өнөөдрийн хуралдаан ирц онцгой сайн байгаа учир цаашид ийм асуудлыг яаж шийдэх вэ гэдэгт санал хэлье. Ерөнхий сайдыг Ерөнхий сайдаар сольдог болох хэрэгтэй. Өмнөх Ерөнхий сайдыг унагаад дараагийн Ерөнхий сайдын эрэлд гардгаа больё. Ийм зарчмыг дэлхийн нийтээр бүтээлчээр хариуцлага тооцох зарчим гэж үздэг. Олон орон яг ийм зарчмаар Засаг, Ерөнхий сайдтайгаа хариуцлага тооцдог.
19 гишүүн гарын үсэг зураад Ерөнхий сайдад хариуцлага тооцож болно. Харин ингэхдээ дараагийн сайдын нэрийг л хамт оруулж ирж байх хэрэгтэй. Өмнөхөө унагах бус дараагийн сайдыг томилох талаар санал хурааж баймаар байна. Төрийн ажил тасалдалгүй залгамж чанартай байх ёстой.
Үндсэн хуулийн зарчмаа барьж, Засгийн газар, УИХ-ын дэгийн хуульд өөрчлөлт оруулъя. УИХ бол ард түмний төлөөлөл. Хамгийн том хариуцлагыг ард түмэн сонгуулиар шийддэг. Ард түмнийг төлөөлж УИХ Засагтай хариуцлага тооцдог. Өнөөдөр энэ хуралдаанаас гарахдаа Монгол Улс бүтээлчээр Засагтайгаа хариуцлага тооцдог боллоо гэсэн мессежийг түгээх ёстой. Энэ хуучин жишгийг одооны санал хураалтаараа цэг тавья. Ард түмэндээ итгэл өгье.
Та бүхний хэлсэн зүйлсэд хүндэтгэлтэй хандаж байя. Шүүмжлэл хэлэх эрх гишүүдэд нээлттэй. Гэхдээ бүтээлчээр хамтарч ажиллая гэсэн санал хэлэх байна” гэлээ.
Н.Гантуяа
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих